2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/06117

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/06117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ******* ******* улсын гудамж, ******* *******, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, ******* ******* тоот хаягт оршин байрлах, ХХК //-д холбогдох,

Гэрээний үүрэгт төлсөн 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь ХХК-тай 2024 оны 4 сарын 30-ны өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх 08/23 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр өү ти ти ХХК нь манай компанийн бичиг баримтыг эмхэлж, холбогдох дүрэм журамд нийцүүлэхээс гадна, хөдөлмөрийн биржээс хүний нөөцийг бүрдүүлэх үүргийг хүлээж, бидний зүгээс уг үйлчилгээний төлбөрт нийт 35,000,000 төгрөг төлөхөөр болсон. Тодруулбал, хариуцагч ХХК нь гэрээний хавсралтад заасан 11 нэр төрлийн ажлуудыг хийж өгөх байсан. Хариуцагчийн хийж гүйцэтгэх ёстой 1-10 хүртэлх ажил нь манай байгууллага нь хүний нөөцтэй холбоотой ямарч баримт бичиг байхгүй байсан тул стандартад нийцэх бичиг баримтуудыг бүртгүүлэх шаардлагатай байна гэж үзээд гэрээ байгуулсан. 11 дугаарт авагдсан ажил нь хөдөлмөрийн биржээс хүний нөөцийг бүрдүүлж өгөх ажил байсан. Ингээд манай зүгээс гэрээний 4.2-т зааснаар 28 сая төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Гэвч хариуцагчаас 2024 оны 4 сарын 30-ны өдрийн гэрээний хавсралтад заасан ажлуудыг хийгээгүй. Баримт бичиг боловсруулахтай холбоотой ажил бол огт хийгээгүй.

Хүний нөөцтэй холбоотой үйл баримтын хувьд нийт таван ажилтан олж өгсөн.

Эдгээр хүмүүсийг ажилд зуучилж өгсөнтэй маргахгүй. Харин н.Баяндорж, н.Сундуйжав гэх хоёр хүнийг олж өгсөн гэж дурдаж байх боловч эдгээр хүмүүс ажилд ороогүй. Манай байгууллага дээр ирээгүй. Хэрэв хариуцагч тал эдгээр хүмүүсийг явуулсан гэж байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй.

Гэрээний дагуу олж өгсөн 5 ажилтан нь дандаа туслах ажилчид байсан бөгөөд хамгийн их шаардлагатай байсан инженерийн ажилтан олж өгөөгүй байгааг шүүх анхаарч өгнө үү. Гэрээ байгуулаад 4 сарын хугацаа өнгөрчихөөд байхад нэг ч бичиг баримт боловсруулж хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч тал эдгээр ажилтнуудыг олоход мөнгө зарцуулсан гэж байгаа бол санхүүгийн баримтуудыг гаргаж өгөөгүй, гэрээгээр хүлээсэн баримт бичиг олж өгөх ажлаа гүйцэтгээгүй. Харин олж өгсөн таван хүн нь шаардлага хангасан гэж үзэхэд учир дутагдалтай. Ажлын байрны шаардлага хангаагүй, ажлаа хаяаад явсан тул манай байгууллага ажлаас нь чөлөөлсөн буюу доголтой ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Бид дээрх нөхцөл байдлын улмаас гэрээнээс татгалзах тухай албан бичгийг хүргүүлсэн бөгөөд гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт өгсөн 28 сая төгрөгийн дийлэнх хэсэг буюу 17,500,000 төгрөгийг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагаанд, 10,500,000 төгрөгийг бичиг баримт боловсрлуулахтай холбоотой ажилд тус тус шилжүүлсэн байдаг. Иймд хариуцагч нь гэрээний хавсралтад заасан 10 төрлийн ажлыг огт хийгээгүй, 11 дүгээр талд авагдсан ажлыг дутуу хийсэн тул гэрээний үүрэгт шилжүүлсэн 28,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:

Энэ гэрээг байгуулсантай маргаан байхгүй. Талууд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч тал худал нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс ажлыг дутуу хийсэн гэж ярьж байх боловч 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ХХК-нд холбогдуулж гаргасан нэхэмжлэлдээ зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, нарийвчлан тохирсон ажлуудыг хийгээгүй гэж тодорхойгүй нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч талаас хийж гүйцэтгэсэн ажлаа нотлох зорилгоор тайлбар баримтаа өгч үзлэг хийлгэсэн бөгөөд үүний дагуу ажил хийсэн гэдэг нь нотлогдож байгаа.

Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу нэхэмжлэгч тал маань боловсон хүчний асуудал чухал байна гэж захиалгаа ирүүлсэн бөгөөд манай байгууллагаас нэр бүхий долоон хүнийг олоод нэхэмжлэгч компани руу явуулсан.

Энэ үйл баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан мэйл дээрээс тодорхой харагдана. Бид геодизи талбайн инженер, жолооч туслах ажилтан гэх мэт хүмүүсийг явуулсан. Ингээд нэхэмжлэгч нь эдгээр хүмүүстэй гэрээ байгуулаад туршилтын хугацаагаар ажиллуулаад энэ хүмүүсийн мэдээллийг нэхэмжлэгчийн хаяг руу илгээж байсан.

Нэхэмжлэгчээс хүний нөөцтэй холбоотой бусад ажлыг хийгээгүй гэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нэг жилийн хугацаатай, 4 сарын 30-ны өдөр байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч талаас 1 сар 28 хоногийн дараа гэрээгээ дуусгавар болгоё гэдэг зүйл хэлсэн. Үүний дагуу ХХК-ийн захирал 2024 оны 7 сарын 01-ний өдөр биеэр очиж уулзаад албан ёсны бичгээ өг гэдэг зүйлийг хэлсэн байдаг. Гэрээний хугацаа тухайн үед дуусаагүй байсан. 2 сар хүрэхгүй хугацаанд хариуцагч тал өөрсдийн хийх бүх зүйлийг хийсэн. Бид эхний ээлжинд хөдөлмөрийн гэрээний драфтыг хийж өгөөч гэсний дагуу хоёр ч хөдөлмөрийн гэрээний төсөл боловсруулж явуулсан.

Чанарын шаардлага хангахгүй ажлаа хаяад явдаг хүмүүсийг зуучилсан гэж байгаа нь үндэслэлгүй, ажилд авсан хойноо тэдгээр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх, ямар нөхцлөөр байгуулах нь энэ хүмүүсийн хоорондын асуудал.

Хэрэв ажлын байрны шаардлага хангаагүй хүмүүсийг ажилд зуучилсан гэж байгаа бол энэ талаар хариуцагчид мэдэгдэх ёстой байсан. йм зүйл нэг ч болж байгаагүй. Ажилтнуудынхаа замын зардлыг шилжүүлэх байтал шилжүүлдэггүй, цалин хөлсөө өгдөггүй, замын машинд суулгаад явуулахаар хоол ундны мөнгө өгдөггүй, тосож авдаггүй гэсэн зүйл яригдаж байсан бөгөөд үүний улмаас ажилтнууд нь ажлаасаа гарсан асуудал байдаг. Энэ асуудал нь нэхэмжлэгч болон ажилтан нарын гэрээтэй холбоотой болохоос манай байгууллагад хамааралгүй.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар 70 хувь болох 24,5 сая төгрөг нь зуучлалын ажлын хөлс байсан. Бид нар гэрээгээ цуцлаад мөнгийг өгөх боломжгүй гэх бичгийг явуулсан. Хариу ирүүлээгүй. Бидний хувьд 2 сар ажлаа гүйцэтгэж байсан. Харин нэхэмжлэгч талаас гэрээгээ үргэлжлүүлэхгүй гэсэн тул бид цаашид ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон.

Иргэн н.Сандуйжав, н.Баяндорж гэх хүмүүсийн хувьд бид эдгээр хоёр хүнийг зуучилж өгсөн. Хэрэв ажлын байран дээрээ очоогүй бол бидэнд эргээд мэдэгдэх ёстой. Огт мэдэгдэж байгаагүй. Дахиад захиалга өгөөгүй. Хэрэв ирсэн 5 ажилтан нь шаардлага хангахгүй ажилтнууд байсан бол эдгээр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй дахин ажилтан олж өгөх талаар манай байгууллагад хандаж болох байсан. Мэйлд үзлэг хийхэд нэхэмжлэгч талаас маргахгүй гэсэн. Гэтэл шүүх хуралдаанд дээр мэйл илгээсэн Гантөмөр гэх хүнийг танихгүй гэж байгаа бол энэ шүүх хурлыг хойшлуулж энэ хүнтэй холбоотой байдлыг тодруулах холбогдох баримтыг гаргуулах хүсэлт гаргаж байна. Мөн хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсээр байхад нэхэмжлэгч нь үндэслэлгүй гэрээнээс татгалзсан тул буцаан мөнгийг өгөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,

нэхэмжлэгчээс, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 4 сарын 30-ны өдрийн №08/23 дугаартай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрээний хавсралт, Голомт банкны төлбөрийн баримт, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 24/2-68 дугаартай гэрээнээс татгалзах тухай гэх албан бичиг, ******* монгол ******* ХХК-ийн захирлын 2024 оны 6 сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалууд,

хариуцагчаас, ажилд орохыг хүсэгчийн анкет, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээнүүд, 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн цахим шуудан, 2024 оны 5 сарын 8-ны өдрийн цахим шуудан, цахим шуудангаар илгээсэн албан бичиг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1.Нэхэмжлэгч ******* монгол ******* ХХК нь хариуцагч ХХК-нд холбогдуулан, гэрээний үүрэгт төлсөн 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн зарим ажил үүргээ огт биелүүлээгүй, хийж гүйцэтгэсэн ажил үүрэг нь доголдолтой учир гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.

Хариуцагчаас татгалзлын үндэслэлийг, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэрээний үүргийн зөрчилгүй байхад үндэслэлгүй гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэгт шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.

2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ЗҮ№08/23 тоот Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэг талаас хүний нөөцийн менежментийн тогтолцоог бүрдүүлж, гэрээний 1-10 дугаарт авагдсан бичиг баримтыг боловсруулах, хөдөлмөрийн гэрээ, ажлын байр, албан тушаалын чиг үүргийг тодорхойлж, шинэчлэх, нэхэмжлэгч талын захиалгаар хөдөлмөрийн биржээс хууль болон мэргэжил, мэргэшлийн шаардлага хангасан боловсон хүчин, хүний нөөцийг бүрдүүлэх, нөгөө талаас хэлэлцэх тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

3.Нэхэмжлэгчээс хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийн зөрчил гаргаагүй байхад боломжит хугацаа өгөөгүй гэрээ байгуулснаас хойш 2 сарын дараа буюу 2024 оны 6 дугаар сард гэрээ үндэслэлгүй гэрээ цуцалсан гэж маргасан.

Шүүх хуралдаан дээр талуудын гаргасан тайлбар болон 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 24/2-68 дугаартай албан бичгийн агуулгаар 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагчас 2024 оны 6 сард гэрээ цуцлагдсан гэж талбарлаж байх хэдий ч хэргийн 66 дугаар талд авагдсан цахим шуудангаар илгээсэн албан бичгийн агуулгаар 2024 оны 6 дугаар сард гэрээ цуцлагдсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

4.Нэхэмжлэгчээс хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээ цуцалсан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийн зөрчил гаргаагүй гэж маргасан.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгчийн захиалгаар хариуцагч нь хөдөлмөрийн биржээс мэргэжил, мэргэшлийн шаардлага хангасан боловсон хүчин, хүний нөөцийг бүрдүүлж өгөх үүрэг хүлээсэн.

Нэхэмжлэгчээс геодезийн инженер, талбайн инженер, крантай машины оператор, шланзын жолооч, замын туслах ажилчид гэх тав орчим ажлын байранд ажилтан авах хүсэл зоригийг илэрхийлсэн байх бөгөөд хариуцагчаас 2024 оны 6 сарын 17-ны өдөр н.Баяндорж, н.Сандуйжав, С.Түвшинтөгс, Б.Оюунбаатар, М.Нямлхагва, С.Мөнхтуяа, Ч.Мөнхдорж гэх нэр бүхий хүмүүсийн холбогдох мэдээллийг илгээсэн байна.

Нэхэмжлэгчээс нэр бүхий таван хүнийг илгээсэн үйл баримттай маргахгүй гэж тайлбарлаж байх бөгөөд гол ажлын байр болох геодезийн инженер, талбайн инженер зэрэг ажлын байранд хүн олж өгөөгүй. Н.Баяндорж, н.Сандуйжав гэх хүмүүс огт ирээгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдан хөдөлмөрийн гэрээ, ажилд орохыг хүсэгчийн анкет зэрэг бичгийн баримтаар нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэл бүхий байна гэж үзэхээр байна. Тодруулбал, хариуцагчийн илгээсэн гэх хоёр ажилтан болох н.Сандуйжав, н.Баяндорж нарын тухайд, тэдгээрийн ажилд орохыг хүсэл зоригийг илэрхийлсэн ажил хүсэгчийн анкет болон хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй байх бөгөөд хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл болсон мэйлээр илгээсэн нэрсийн жагсаалтаар дээрх хоёр ажилтанг ажилд зуучилсан гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна.

Хариуцагчаас хэрэв энэ хоёр ажилтан нь захиалагчийн ажлын байран дээр очоогүй бол энэ талаар илгээгчид холбогдох мэдээллийг ирүүлэх үүрэгтэй гэж тайлбарлаж байх хэдий ч зуучилсан ажилтнууд нь ажлын байран дээрээ очсон эсэх, ажлын байранд тавигдах шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодруулах үүргийг ажиллах хүчин нийлүүлэх үүрэг хүлээсэн энэ талаар үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий байгууллага болох хариуцагч тал илүү хүлээхээр байна.

Харин бусад нэр бүхий таван ажилтны тухайд гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажилтан олж өгөх үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

5.Нэхэмжлэгчээс хариуцагчийг гэрээний хавсралтын 1-10 дугаар талд авагдсан бичиг баримт боловсруулах ажил үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас хөдөлмөрийн гэрээ, хавсралт гэрээний загвар илгээсэн үйл баримт тогтоогдож байх хэдий ч бичиг баримт боловсруулах ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмлэлийн шаардлага, үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Иймд дурдсан үндэслэлээр хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан нь үндэслэл бүхий байна гэж үзэхээр байна.

6.Нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт төлсөн 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байх бөгөөд гэрээний 4.5-д зааснаар 10,500,000 төгрөг нь боловсон хүчин хүний нөөцийг бүрдүүлэхээс бусад ажлын хөлсөнд, 17,500,000 төгрөгийг ажиллах боловсон хүчин нийлүүлэх ажлын хөлсөнд тус тус шилжүүлсэн гэж тайлбарласан.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд шилжүүлсэн 28,000,000 төгрөг болон дээрх тайлбарт маргаагүй бөгөөд 10,500,000 төгрөг нь боловсон хүчин хүний нөөцийг бүрдүүлэхээс бусад ажлын хөлсөнд, 17,500,000 төгрөгийг ажиллах боловсон хүчин нийлүүлэх ажлын хөлсөнд тус тус төлсөн гэж мөн адил тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн бичиг баримт боловсруулах ажлыг бүрэн гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдож байх тул энэ ажлын хөлсөнд шилжүүлсэн 10,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Харин 17,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хариуцагчаас хүний нөөцийг бүрдүүлж өгөх ажил буюу нэр бүхий таван ажилтныг нийлүүлснээр гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг биелүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагчаас нэхэмжлэгчийн заасан зарим ажлын байран дээр зарим ажилтанг илгээгээгүй үйл баримт тогтоогдож байх хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд буюу ажлын хөлсөнд урьдчилан төлсөн 17,500,000 төгрөгийг хувьчлан тооцож нэхэмжлээгүй тул шүүхээс хувьчлан тооцох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 17,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 10,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 225 дугаар зүйлийн 225.1.-д заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 10,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* монгол ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.БАЯРМАА