Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 68

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгч А.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Алтанхараагийн Эрдэнэчимэгт холбогдох эрүүгийн 1707003410039 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчид хувьцаат компанийн Налайх дүүрэг дэх иргэдэд үйлчлэх төвд бичилтийн техникч ажилтай,  ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66-14 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн УЕ80033104 дугаартай, Монгол овогт Алтанхараагийн Эрдэнэчимэг.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч А.Эрдэнэчимэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Seil баранд иргэн Ц.Даваадоржтой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар маргалдан зодож зулайн хуйх, зүүн бугалганд цус хуралт, цээж хэвлий, зүүн шуу, зүүн бугуйн үе, нуруунд зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.Эрдэнэчимэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Эрдэнэчимэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Seil” баранд иргэн Ц.Даваадоржтой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар маргалдан зодож зулайн хуйх, зүүн бугалганд цус хуралт, цээж хэвлий, зүүн шуу, зүүн бугуйн үе, нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эрдэнэчимэгийн өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай ажлын хүмүүс уулзъя гэхээр нь би 22 цагийн үед хүүхдээ унтуулаад “Сээл” бааранд очсон. Ажлын хүмүүстэй хамт сууж байхад манай нөхөр, хохирогч Даваадоржийн ажлын хүмүүстэй хамт орж ирсэн. Би хохирогч Даваадоржийг ичнээ танина. Бид хоёр нэг баранд өссөн надаас дүү эмэгтэй байдаг юм. 24 цагийн үед баарнаас гарахдаа нөхрөө аваад явъя гэж бодоод очиж нөхрөө асуухад Даваадорж байхгүй гэж хэлсэн. Тухайн үед нөхөр маань надаас нуугдсан байсан. Би манай нөхөр энд байсан гэж хэлэхэд хохирогч намайг “байхгүй гэж хэлж байна, балай авгай минь” гэж хэлсэн. Өмнөх хоёр өдөр нөхөр маань архи уусан. Би стерэсстэй, пиво уугаад жаахан халамцуу байсан. Миний уур хүрч хохирогчийг алгадсан. Тэгээд хохирогч бид хоёр үсдэлцсэн. Миний бие том учир хохирогчийг илүү маажсан байсан. Цагдаа ирсэн. Би нөхрөө аваад харьсан. Хохирогч Даваадоржийн охин манай ангид сурдаг. Нөгөөдөр би хохирогчтой уулзаж уучлалт гуйж эвлэрсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Даваадоржийн өгсөн “А.Эрдэнэчимэг нь намайг сууж байх үед “манай нөхөр хаана байна” гэж асуугаад шууд л миний баруун талын шанаа орчимд нэг удаа алгадаж, улмаар үсдэж аваад зууралдаж байх үедээ зүүн гарын шуу, гэдэс, уруул хавьд хумсаараа маажсан байсан юм. Миний биеийн зулайн хуйх, зүүн гарын дотор хэсэгт цус хуралт, цээж хэвлий, зүүн гарын бугуй нуруунд зулгарсан шархтай байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунсүрэнгийн өгсөн “...Эрдэнэчимэг орж ирээд “манай нөхөр хаана байна” гэж хэлээд манай ажлын Даваадоржтой маргалдаад үсдээд зууралдаад байхаар нь салгасан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Хорлоогийн өгсөн “...Эрдэнэчимэг гэх эмэгтэй үл таних 2 эмэгтэйн хамтаар орж ирээд “манай нөхөр хаана байна” гэж асуугаад байхаар нь Даваадорж “энд байхгүй мэдэхгүй” гэж хэлтэл Эрдэнэчимэг нь Даваадоржийг үсдэж зулгааж эхэлсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Энхтуулын өгсөн “...Гэтэл Эрдэнэчимэгийн уур нь хүрсэн бололтой “энд сууж байсныг мэдэж байна” гэж хэлээд Даваадоржийн баруун хацар хавьд нэг удаа алгадсан. Энэ үед Даваадорж нь босож ирээд зууралдаад байхаар нь Содном бид 2 салгаж Эрдэнэчимэгийг салгаад аваад гарсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 26 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Т.Содномын өгсөн “...Тэгээд нэг ширээн дээр очоод сууж байсан 4-5 хүнээс Эрдэнэчимэг “энд сууж байсан манай нөхөр хаана байна” гэхэд Даваадорж гэх хүүхнийг нүүрэн тус газар нь нэг удаа алгадаж үсдэж авсан, нөгөө хүүхэн ч мөн адил Эрдэнэчимэгийн үснээс зулгааж авсан, ноцолдож эхэлсэн юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №08шэ/610 дугаар:

  1. Ц.Даваадоржийн биед зулайн хуйх, зүүн бугалганд цус хуралт, цээж хэвлий, зүү шуу, зүүн бугуйн үе, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх зулайн хуйх, зүүн бугалганд цус хуралт, цээж хэвлий, зүү шуу, зүүн бугуйн үе, нуруунд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт,

/хх-ийн 44 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/хх-ийн 54 дүгээр тал/

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

/хх-ийн 58 дугаар тал/

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 61 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас А.Эрдэнэчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Даваадоржид хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй А.Эрдэнэчимэгтэй сайн дураараа эвлэрсэн байгаа учир хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна” гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан А.Эрдэнэчимэгийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас А.Эрдэнэчимэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.Эрдэнэчимэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эрдэнэчимэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Эрдэнэчимэгт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.Эрдэнэчимэгт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Эрдэнэчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Эрдэнэчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ