Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/565

 

 

 

 

 

      2024         05            15                                       2024/ДШМ/565

“****” ХХК-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын өмгөөлөгч Г.Энхжавхлан,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн “****” ХХК-д холбогдох эрүүгийн 2305028932570 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            “****” ХХК,

 

“****” ХХК нь 2020 оноос 2023 оны 7 дугаар cap хүртэл үргэлжилсэн үйлдлээр Б дүүргийн 0 дүгээр хороо, тоотод өөрсдийн үйлдвэрлэж буй арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-н 448 дугаарт багтсан Аммонийн персульфат /Ammonium persulfate/ 500 граммын хэмжээтэй 6 сав, 881 дугаарт багтсан Этаноламин /Ethanolamine/ 500 мл хэмжээтэй 53 шил, 854 дугаарт багтсан Этанол /Ethanol/ 500 мл хэмжээтэй 21 ширхэг шил, 506 дугаарт багтсан калийн гидроксид /КОН/ 500 граммын савлагаатай 3 сав, 114 дугаарт багтсан азотын хүчил /НИОз/ 500 мл савлагаатай 3 шил зэрэг 5 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: “****” ХХК-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч "****" ХХК-ийг үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог “Материалын үйлдвэрлэл” эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 50.000 /тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, эрх хасах албадлагын арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.М- давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолын 2.2-т “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй" гэжээ. Гэтэл шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийнхээ талаар анх мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас эхлэн бодит нөхцөл байдлыг хэлж хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хэн нэгэнд болон байгаль орчинд ямар нэгэн хохирол, сөрөг нөлөө учруулаагүй зэрэг нөхцөл байдлыг шүүх огт харгалзан үзээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэснийг огт харгалзан үзээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч "*****" ХХК нь 100 гаруй үндсэн ажилтнууд, гэрээт 50 гаруй ажилтнуудын цалин хөлс, банкны өндөр зээл зэргийг зөвхөн энэхүү үйлдвэрлэлийн орлогоор санхүүжүүлдэг болно. Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр бууруулж, материалын үйлдвэрлэл эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хассаныг 6 cap болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын өмгөөлөгч Г.Энхжавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“****” ХХК нь үйлдвэрлэж буй арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор тухайн бодисыг ашигласан бөгөөд зориулалтын дагуу устгах газар байхгүй байсан учраас хадгалж байсан. Уг хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргадаггүй. Тус компани нь барилгын арматур үйлдвэрлэдэг, 100 гаруй үндсэн ажилтантай. Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсноор үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, үйлдвэрлэл нь зогсонги байдалд орсон. Компанийн үндсэн болон гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, банкны өндөр зээл зэргийг зөвхөн энэхүү үйлдвэрлэлийн орлогоор санхүүжүүлдэг тул уг үйл ажиллагаа нь зогссоноор хүндрэлтэй нөхцөл байдалд орсон. Анхан шатны шүүх хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Давж заалдах шатны шүүх компанийн нөхцөл байдал, ажилтнууд, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн хэмжээг 20.000 нэгжээр сольж өгнө үү. Мөн зөвхөн арматур үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага тул материалын үйлдвэрлэл эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хассаныг 6 cap болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхээс тус компанийг гэм буруутайд тооцож зохих эрүүгийн хариуцлага оногдуулсан. Ингэхдээ тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу барилгын тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар хасаж, торгох ял оногдуулсан нь хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзэж байна. Шүүх эрх хасах албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлд зааснаар 1-8 жилийн хугацаагаар оногдуулах бөгөөд шүүхээс хамгийн бага буюу 1 жилийн хугацаагаар үйл ажиллагаа явуулах эрхийг нь хассан. Нөгөөтээгүүр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, химийн хорт аюултай бодисын шинж, нөхцөл байдлаас шалтгаалж 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хуулийн этгээдэд оногдуулах 6 сарын хугацаагаар эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь хуульд тусгагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар “****” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч “****” ХХК нь 2020 оноос 2023 оны 7 дугаар cap хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Б дүүргийн 0 дүгээр хороо, тоотод өөрсдийн үйлдвэрлэж буй арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-н 448 дугаарт багтсан Аммонийн персульфат /Ammonium persulfate/ 500 граммын хэмжээтэй 6 сав, 881 дугаарт багтсан Этаноламин /Ethanolamine/ 500 мл хэмжээтэй 53 шил, 854 дугаарт багтсан Этанол /Ethanol/ 500 мл хэмжээтэй 21 ширхэг шил, 506 дугаарт багтсан калийн гидроксид /КОН/ 500 грамм савлагаатай 3 сав, 114 дугаарт багтсан азотын хүчил /НИОз/ 500 мл савлагаатай 3 шил зэрэг 5 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

             гэрч БНХАУ-ын ны “...Би БНХАУ-с 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсад “****” компанийн урилгаар лабораторид лаборант хийхээр ирсэн. Ирснээс хойш арматурын төмөр хийх дээж бүтээгдэхүүнийг авчирч ирэхээр нь төхөөрөмжөөр шинжилгээ хийж, холбогдох үзүүлэлтийг гаргаж, Монгол хүмүүст үзүүлдэг. ...Би гэрэл зургийг үзлээ. Энэ зургаас 06 дугаар сарын 08-ны өдөр ирснээс хойш хуучин лаборатори гээд байгаа газарт 07 дугаар сарын дунд хүртэл 15, 16, 17 дахь зураг дээр байгаа бодисуудыг ашигладаг байсан. Зургийн 17 дахь бодисоос 4 шилийг, 15 дахь бодисоос 120 мл-г холиод төхөөрөмжид оруулаад арматурын төмрийн чанарыг тодорхойлох шинжилгээ хийдэг байсан. Өмнө нь уг бодисуудаар шинжилгээ хийдэг байсан юм шиг болохоор нь би үргэлжлүүлээд хийж байсан. Тэгээд байж байтал Монгол захирлууд шинэ тоног төхөөрөмж авчраад тэр төхөөрөмж дээр ажиллах болсон. Шинэ төхөөрөмж дээр ямар нэгэн бодис ашигладаггүй. Энэ 9 төрлийн бодис нь арматур төмрийн чанарыг шалгадаг бодисууд. ...” /1хх 24/,

             гэрч М.Ж-ы “..манай үйлдвэр хаягдал төмрийг цуглуулан авчирч ялгадаг. ...Төмрийг хайлуулж байх хугацаанд дээж авч, дамжуулах цехийн байх цэнхэр контейнерт чанарыг шалгадаг. Арматурын чанарыг шалгахдаа цэнхэр тагтай хүрэн шилтэй шингэн зүйлээр шалгаад байх шиг байдаг юм. Цэнхэр тагтай хүрэн шилтэй шингэнийг бага хэмжээгээр хятадаас ирсэн эмэгтэй ашиглаж байгаа харагддаг. Тэгээд чанарыг үзээд тэр нь ихэдсэн байна, энэ нь ихэдсэн байна гээд байдаг. ...” /1хх 26-27/,

             шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын гэрчээр өгсөн “... цэнхэр өнгийн контейнерыг хуучин лабораторийн зориулалтаар ашиглаж байгаад 2023 оны 07 сараас шинэ спектер анализ гэх нэршилтэй багаж авчран шинэ лаборатори байгуулаад ажиллаж байна. Цэнхэр өнгийн контейнерт байсан бодисуудыг 2020- 2021 оны үед арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор захиалаад каргогоор ирдэг. Тухайн үед ковид-н нөхцөл байдалтай холбоотойгоор бодис оруулж бодисуудыг ашиглахгүй байж байгаад 2021 оны 04 сараас эхлэн ажиллахдаа бага хэмжээгээр бодисуудыг ашигладаг байсан. Хэрэглэхдээ арматур үйлдвэрлэхийн тулд тогоонд төмрийг хайлж байх үед гангийн найрлагыг хувийн жингийн аргаар тооцохын тулд хайлмагаас дээж аваад хөргөж хатуу биет болсны дараа үртэс болгоод хүрэн өнгийн шилтэй бодис, ус зэрэгтэй холиод жигнэж үзээд найрлагыг тодорхойлж арматурын чанарт манганыг ямар хэмжээтэй хийх эсэхийг тодорхойлдог. ...Манай компанид химийн бодисын зөвшөөрөл байхгүй. Мөн тухайн бодисыг хадгалах зориулалтын агуулах, сав байхгүй. ...” /1хх 30/ гэсэн мэдүүлгүүд,

 

             “...Аммонийн персульфат нь ...Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 448 дугаарт багтсан. ...Этаноламин нь ...Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 881 дугаар багтсан. ...Этанол нь ...Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 854 дугаарт багтсан. ...Аммонийн персульфат нь галыг эрчимжүүлэх болзошгүй, исэлдүүлэгч. Залгихад хортой. Нүдэнд ноцтой цочрол үүсгэдэг. Арьсыг цочроох шалтгаан болдог. Арьсны харшлын урвал, амьсгалын замын цочрол үүсгэж болзошгүй. Харьцсаны дараа нүүр, гар, ил гарсан арьсыг сайтар угаана. Усны организмд хортой. ...Этаноламин нь амьсгалах болон арьсаар нөлөөлж болно. Залгих, арьсанд хүрэх, амьсгалсан тохиолдолд хортой. Арьсны хүнд түлэгдэлт, нүдийг гэмтээдэг. Амьсгалын замын цочрол үүсгэж болзошгүй. Их хэмжээгээр өртөх нь мэдрэлийн системд нөлөөлж магадгүй. ..Этанолыг залгисан тохиолдолд бөөлжих, хэвлийн өвдөлт, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Нүдэнд орсон тохиолдолд нүдийг үрэвсүүлнэ. Амьсгалбал толгой эргэх, муужрах, амьсгалахад бэрхшээлтэй болохыг тогтоосон. ...” Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх 41-43/,

             “...“Potassium hydroxide KOH” гэх бичиглэлтэй хуванцар саванд цагаан өнгийн нунтаг дээжээс кали ион /К/ илэрсэн. Усан уусмал нь хүчтэй шүлтлэг орчинтой байх тул калийн гидроксид гэж тодорхойлов. ...“СНзСН2ОН Ethonal absolute” гэх бичиглэлтэй шилэн савтай өнгөгүй шингэн дээж нь спиртлэг үнэртэй, нягт нь 0,791 г/см3, 99,6 %-н этилийн спирт агуулсан бодис байна. Nitric acid HNO3” гэх бичиглэлтэй шилэн савтай өнгөгүй шингэн нь хүчтэй хүчиллэг орчинтой. Уг бодисын нягт нь 1,373 г/см3 байх бөгөөд найрлагаас нь нитрат ион /N03/ илэрч байх тул азотын хүчил гэж тодорхойлов. ...“Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-н дугаар 506-т калийн гидроксид /КОН/, дугаар 854-т этилийн спирт / СНзСН2ОН/, дугаар 114-т азотын хүчил /НИОз/ багтаж байгаа болохыг тогтоосон ...” Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4426 дугаар дүгнэлт /1хх 44-49 дэх тал/,

             “...****” ХХК нь тус яамнаас химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл авч байгаагүй байна” гэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07/5343 дугаартай албан бичиг /1хх 73/,

 

             хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 05-13/, “...UREA гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай цагаан өнгийн савтай бодис 6 сав, “Potassium hydroxide” гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай цагаан өнгийн савтай бодис 3 сав, “Ammonium persulfade” гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай цагаан өнгийн бодис 1 сав, Starch soluble гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай цагаан өнгийн савтай бодис 2 сав, ханз бичиглэлтэй цэнхэр өнгийн тагтай, хүрэн өнгийн шилэн савтай 500 мл савлагаатай, таган дээрээ HS гэсэн бичиглэл бүхий бодис 4 шил, Potassium iodide гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай, цагаан өнгийн савтай бодис 1 сав, Ethonal absolute гэх бичиглэл бүхий 500 мл савлагаатай, хүрэн шил цэнхэр тагтай бодис 21 шил, Nitric acid гэх бичиглэл бүхий 500 мл савлагаатай, хүрэн шил цэнхэр тагтай бодис 30 шил, Ethanolamine гэх бичиглэл бүхий 500 мл савлагаатай, хүрэн шил хар тагтай бодис 53 шил зэргийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх 14-15, 2хх 19/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх 17-18/, “****” ХХК-инй улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргүүд /1хх 85-250, 2хх 1-10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч “****” ХХК ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч “****” ХХК-н химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч “****” ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж  хуульчилжээ.

 

Харин анхан шатны шүүх “...“****” ХХК нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан Барилга хот байгуулалтын яамны ****** дугаартай “Материал үйлдвэрлэх” эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа хэрэгжүүлэх явцдаа Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хасах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байх тул энэ талаар зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “****” ХХК-ийг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог “Материалын үйлдвэрлэл” эрхлэх эрхийг 1 “нэг” жилийн хугацаагаар хасаж, 50.000 /тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН