| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0062/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Г.Болд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шангас овогт Гомбын Болдод холбогдох эрүүгийн 1807001270032 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эх барих бага эмч мэргэжилтэй, Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвд статикч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, 02 дугаар хороо, Нуурын 03 дугаар гудамж 15 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн ОЭ88050712 дугаартай, Шангас овогт Гомбын Болд.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Г.Болд нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 6-6 тоотод эхнэр Г.Солонготой маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.Болдод эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Болд нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 6-6 тоотод эхнэр Г.Солонготой “янхан гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар нүүрэн тус газарт цохин баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун зүүн бугалганд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Болдын өгсөн: “Тухайн өдөр би 24 цагаар ээлжид ажиллаад өглөө 11 цагийн үед гэртээ ирэхэд гэр орон заваан байхаар нь эхнэрээсээ “чи яагаад хоолоо хийдэггүй юм бэ” гэж асуухад “чи одоо ажилгүй юм чинь хоолоо өөрөө хий” гэж хариулсан. Тэгээд хэрүүл болсон. Эхнэр караоке ажиллуулдаг юм. Эхнэр “хүүхдээ ажил руугаа авч явна” гэхээр нь би өгч явуулахгүй гэсэн санаагаар хүүхдээ тэвэрсэн байхад эхнэр намайг хэдэн хэд удаа цохиод, араас чаргууцалдаад байхаар нь би “боль” гээд гараа түлхэхэд эхнэрийн нүд рүү тохойдсон байсан. Тэгээд эхнэр эмнэлэг, би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Солонгийн өгсөн: “...Болд хүүхэд өгөхгүй гэж булаацалдаж байгаад Болд намайг нүүр рүү юугаар цохисон нь мэдэхгүй миний нүүрэнд тас буугаад явсан. Би нүүр өвдөөд байхаар нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 04 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Т.Цэндсүрэнгийн өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 26-ны өглөө гэртээ унтаж байтал 11 цагийн үед Г.Солонго, Г.Болд хэрэлдээд дуу нь чангараад байсан. Тэгээд би тэсэхээ байгаад өрөөнд яваад ортол Болдоо хүүхдээ тэвэрсэн Солонго орон дээр суусан уйлсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №08шэ/136 дугаар:
/хх-ийн 24 дүгээр тал/
Аюулын зэргийн үнэлгээний маягт,
/хх-ийн 07-18 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 27 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар,
/хх-ийн 28 дугаар тал/
Нийслэлийн Эрүүл мэндийн газар Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн албан бичиг /хх-ийн 29 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Болдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Солонгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “миний биеийн байдал одоо зүгээр ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Г.Болд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Болдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Г.Солонгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Болд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Болдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Болдыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Болдод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Болдод мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Болд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Болдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ