Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/28

 

 

Ц.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                       Прокурор Ц.Эрдэнэбат /цахимаар/

       Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/

       Хохирогч Д.О /цахимаар/

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал

       Шүүгдэгч Ц.Б  

      Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор Ц.Б-т холбогдох эрүүгийн 2427000000015 тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, .... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан ... овгийн Ц.Б

Ц.Б нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн .....  сумын ...... баг .....ийн .... тоотод байрлах өөрийн гэртээ шалтгаангүйгээр Д.О-ийн нүүрэнд хатуу мохоо ирмэгтэй эд зүйлээр цохиж түүний биед 22 дугаар шүдний хугарал, 21, 32 дугаар шүд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, 23 дугаар шүдний эмтрэл, дээд урууланд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ...... овгийн Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ц.Б-аас хохиролд 241,822 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5, 280,000 төгрөг, нийт 5,521,822 төгрөгийг гаргуулж хохирогч ...... овогтой Д.О-т олгохоор, Д.О-ийн нэхэмжилсэн 8,560,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хавсаргаж ирсэн ягаан өнгийн флаш 1 ширхгийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 -т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар намайг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Би уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манайд уулзалдах үед бидний дунд хэрүүл маргаан болоогүй. Би машинаа засаад байж байхад Д.О нь иргэний үнэмлэх хэрхэн яаж сэргээх талаар ярилцаад сууж байсан. Тухайн үед сэлбэгийг үүдэнд дэлгэсэн байсан бөгөөд сэлбэгүүд рүү шидэх үед санаандгүй, болгоомжгүй байдлаар шидэж Отгонцэцэгийг онож таарсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг манай эхнэр Саранчимэг гэрчилдэг. Хохирогч энэ тухай мэдүүлэгтээ дурдсан байдаг. Мөн миний утсанд хадгалдагдаж үлдсэн voice бичлэгт санаатай цохиогүй талаар хохирогч Д.О дурдсан байдаг. Би Д.О-ийг гэмтээснээ хүлээн зөвшөөрч байсан. Тухайн гэмтлийг санаатай учруулаагүй болгоомжгүйгээр учруулсан. Гэтэл анхан шатны шүүхээс хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож ял оногдуулсанд гомдолтой байна. Би Д.О-ийн хохирлыг барагдуулна. Тухайн үйл явдлыг гуйвуулан санаатай цохисон мэтээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.О-тэй тухайн үед маргалдсан зүйл байхгүй. Санаандгүй байдлаар л шүдэнд нь гэмтэл учруулсан. Тэрнээс хойш бид харилцаа холбоотой байсан. Би санаандгүй байдлаар гэмтэл учруулсан болохоор гомдлыг чинь барагдуулж өгье, шүдийг чинь хийлгээд өгье гэхэд Д.О эгч намайг загнаад, эмчлүүлэхгүй гэдэг. Ярьж хэлж байснаасаа өөр болж намайг уурлаж цохисон гэж худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Би санаатай цохиж, зодсон зүйл байхгүй. Санамсаргүй байдлаар ийм зүйл болсон гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч энэ талаар мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Гэтэл шүүхийн шийдвэрт хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэдэг. Харин болгоомжгүйгээр хүний биед хөнгөн хохирол учруулсан гэдэг нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байна. Тухайн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэгт /хх-ийн 13-14/  тодорхой дурдагдсан. Прокуророос та өмнө нь мэдүүлэг өгөхдөө гэнэт уурлаад над руу юм авч шидсэн гэж хэлсэн байсан. Энэ талаар ярина уу гэж асуухад тийм юм ерөөсөө болоогүй. Гэнэт миний нүүрэнд хүрээд ирсэн, ямар нэгэн шалтгаан байхгүй гэдэг. Гэнэт уурласан байдлаа өөрөө ингэж тайлбарласан байдаг. Хохирогчийн анхны өгсөн мэдүүлэгт гэнэт уурласан, хэрүүл маргаан болоогүй, ямар нэгэн хэрэлдсэн зүйл байгаагүй гэдэг. Тэгээд хэрүүл маргаан болоогүй, гэнэт уурлаад гэсэн ийм зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Тийм болохоор хохирогч үнэн зөв зүйлийг одоо гуйвуулж ярьж байх магадлалтай. Хохирогчийн 3-н удаагийн мэдүүлэг гурвуулаа хоорондоо зөрүүтэй учраас эргэлзээ төрөөд байна. Гэнэт уурласан гэх зүйл гомдолд дурдагдсан байна. Тэр гомдолд Д.О-ийн өөрийнх нь гарын үсэг мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан флашны бичлэгийг үгүйсгэж байгаа гэрч Л.С-ийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг байна. Шүүгдэгч Ц.Б-ын мэдүүлгээр хохирол бол учирсан болох нь харагддаг. Ц.Б-ын зүгээс хохирогчид хохирлыг төлье гэдгээ хангалттай илэрхийлдэг. Хохирлыг нь төлье, шүдийг чинь янзлуулъя, би чамайг гэмтээсэн нь буруу. Чиний шүдийг хүссэнээр нь эмчлүүлээд өгье. Мөн 5,000,000 төгрөг өгье гэсэн. Тэгэхэд 10,000,000 төгрөг өг гэж хэлсэн. Хохирогч шүдээ хийлгэхгүй зайлсхийгээд байдаг. Энэ хэргийг эргэлзээгүйгээр бодит үнэн байдлыг нь тогтоогоогүй. Энэ байдлыг хангалттай шалган тогтоох хэрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хамгийн сүүлд өгсөн /хх-ийн 99/ мэдүүлгийг гол үндсээ болгож санаатайгаар гэмтэл учруулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3.3-д зааснаар мэдүүлэг өгөгч нь мэдүүлэг бүхий эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь нотлох баримт болохгүй гэж заасан. Гэтэл хавтаст хэрэгт болгоомжгүй гэдгийг нотолчихсон, хангалттай нотлох баримт өөрийнх нь мэдүүлэг ч хүртэл байгаа. Энэ хэрэг хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна. Гэтэл энэ хуульд хуульчлагдаагүй байгаа учраас гэмт хэргийн шинжгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гэж үзвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын шинж нь хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг. Субьектив талын шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг буюу шүүгдэгч нийгэмд аюултайг мэдэж, хүсэж үйлдсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогчид учирсан хохирол нь шүүгдэгч барьсан төмөр эд зүйл шидсэн гэдэг. Энэ нь тодорхой болсон. Энд хохирогч сандал дээр сууж байсан, өөр тийшээ босоогүй нөхцөл байдлууд байдаг. Шүүгдэгч гэрийнхээ үүдэнд байсан. Хохирогч сандал дээр сууж байсан. Шүүгдэгч тухайн төмрийг засаж, янзалж байсан гэсэн зүйлийг ярьдаг. Төмрийг гэртээ шидээд байгаа нь шүүгдэгчийн хэлж байгаа нөхцөл байдал. Ийм логик уялдааны нөхцөл байдал байгаа. Шүүгдэгчээс 2 удаа мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй. Зөвхөн хохирогчийн анхны өгсөн гэнэт уурлаад шидсэн гэдгийг дэлгэрүүлж өгсөн ийм мэдүүлэг байгаа. Тэгэхээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хоёр зүйлийг зөрүүтэй тайлбарлаад байна. Эхний удаад хэрүүл маргаан болоогүй гэдэг. Гэхдээ гэнэт уурлаад шидсэн, дараагийн удаад гэнэт уурлаад, тухайн нөхцөл байдал гэрт юу нь болсон юм бэ гэдгийг хохирогч дэлгэрүүлж мэдүүлсэн. Энэ хэрэгт байгаа гэрэл зургийн үзүүлэлтийг харахад шулуун шугамаар буюу 180 градус нь 90 градусын тэгш хэмтэй байсан гэдэг байдлаар тайлбарлаад байдаг. Шүүгдэгч тухайн зүйлийг шидэхэд хохирогч өндийж таарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн санаа зорилго болгоомжгүй байсан байж магадгүй гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Яллагдагч гэм буруутай гэдэг нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогчийн мэдүүлгийн зөрүүгээр хэрүүл маргаан болоогүй гэдэг нь уурлаагүй гэсэн шалтгаан биш. Шалтгаангүй гэдэг үгийг болгоомжгүй гэдэг үгтэй холбож тайлбарлах нь ойлгомжгүй. Гэхдээ тухайн зүйлийг авч шийдэж байгаа нь санаатай үйлдэл байгааг хэлнэ. Болгоомжгүй гэдэг нь тухайн нөхцөл байдалд шидэх зүйлийг санаа зорилго байхгүйгээр буюу өөр тийш нь шидэх замд таарсан болгоомжгүй үйлдлийг хэлнэ. Тэгэхээр шалтгаангүй, болгоомжгүй гэдэг нь ялгаатай ойлголт. Гэрчийн мэдүүлгийг үнэлэх асуудал яригдана. Тухайн нөхцөл байдлыг харсан ганц гэрч бол шүүгдэгчийн эхнэр байгаа. Тухайн гэрчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн гэр бүлийн хүн буюу ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байна. Нотлох чадварын хувьд гэрчийн мэдүүлэгт ийм нөхцөл байдал болсон гэдгийг шүүгдэгч, гэрч нар харилцан зөрүүгүй мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болгоомжгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирол учруулсан үйлдэл нь мэдүүлгийн зөрүүгүйг нотолдог. Шүүгдэгч хохирогч руу залгаж ярьсан ярианыхаа бичлэгийг хадгалж авсан байдаг. Шүүгдэгч гэм буруугүй байсан бол ингэх байсан уу гэсэн дүгнэлт өгөх нөхцөл байдал харагдаж байна.

            Мөн хохирогч шүүгдэгчийн хашаанд амьдарч байсан. Шүүгдэгч өмнө нь мөнгө зээлүүлээд одоо болтол тэрийгээ авч чадаагүй гэсэн зүйл ярьдаг. Гэхдээ маргаан бүхий байдлыг шүүгдэгч болон гэрч нар маргаж байсан нөхцөл байдлаар тайлбарладаг. Шүүгдэгчээс тухайн эд зүйлийг янзалж байсан гэдэг. Тэгэхээр анх энэ 3 хүн уулзсанаас хойш ямар хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн, уухын хажуугаар сэлбэг хэрэгслийг засах боломжгүй. Мөн засаж янзалж байсан зүйлээ хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн ширээ, сандлын өндөр ямар хэмжээнд байсан, тэр хэмжээнд засаж янзалж байсан зүйлээ шийдэх нөхцөл байдал байсан уу гэдэг асуудал яригдана. Эдгээр нөхцөл байдлуудыг харахад шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогддог. Хохирогчийн мэдүүлэг үзэхэд хохирогч гэнэт уурлаад гэдэг агуулгыг дэлгэрүүлж тайлбарласан байсан. Анхан шатын шүүх нотлох баримтыг хууль ёсны гэж үнэлсэн. Шүүгдэгч флашийн бичлэгийг өөрөө гаргаж өгсөн учраас шүүхэд хэргийн хамт хүргүүлэх нь зүйтэй. Үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд ярьсан яриаг бэхжүүлж авсан бичлэг байгаа. Уг бичлэгт шүүгдэгчийн ээжийнх нь ажиллуулдаг шүдний эмнэлэгт хохирогч эмчлүүлэхгүй өөр эмнэлэгт эмчлүүлэх санаа зорилготой тухай ярьсан байдаг. Хохирогч бие эрүүл мэндээрээ хохирсон байдаг.

            Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Хохирогч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байна. Эхлээд би найз нөхдийн хувьд яах вэ гээд ярьж хөөрөөд явсан. Би одоогоороо шүдээ хийлгээгүй ингээд л явж байна. Намайг эхлээд тохиролцъё гэж дуудсан. Тэгээд л тохиролцох гэсэн чинь тэр үедээ өөрсдөө тохиролцохгүй тэгээд бөөн маргаан болоод дууссан. Би энэ хоёр хүнийг найз нөхдийн хувьд өчнөөн олон сар харлаа. Өөрсдөө худлаа үнэн юм ярьж худал мэдүүлэг өгсөн. Энэ хүмүүс намайг эхэлж дуудчихаад пиво аваад ир гэж мөнгийг нь шилжүүлсэн. Ц.Б-ын эхнэр нь анх эхэлж дуудсан. Намайг худлаа мэдүүлэг өгсөн гээд байгаа. Би гомдолтой байна гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч тухайн үйл баримт нь субьектив талын шинжийг хангаагүй учраас гэмт хэргийн шинжгүй байна гэдэг. Анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, шүүгдэгчийн гэм буруутайг тогтоосон. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолсон. Хаана, хэзээ, хэн тухайн гэмт хэргийг үйлдсэн нотолсон. Хохирогчийн өгсөн 3-н удаагийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй зүйл байдаггүй. Уг мэдүүлгийг өгөхөд өмгөөлөгч би байлцсан. Харин сүүлд өгсөн мэдүүлэгт тухайн үйл баримтыг мөрдөгч тодруулж асуусан учраас илүү тодруулж ярьсан. Тухайн мэдүүлэгт Л.С бид 2 Ц.Б-ыг Од зоогийн газар очиж авах үед Ц.Б нэлээн ууртай гэртээ ирсэн. Гэртээ ирээд агсам тавих гээд байсан. Эхнэр С-гээ маргалдаад надад бас уурлаад байсан. Тухайн үеийн таарамжгүй харилцаа, уур амьсгалыг дэлгэрэнгүй илэрхийлж мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгийг хууль сануулж авсан мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд нүүрэлдүүлж мэдүүлэг авах талаар зохицуулсан байдаг. Хохирогчийн хувьд нүүрэлдүүлж мэдүүлэг өгмөөргүй байна гэдэг. Хохирогч эмчилгээг нь хийж өгөхгүй, эмчилгээний мөнгө зардлыг нь өгөхгүй байхаар нь хэргээ үнэн зөвөөр шийдүүлмээр байна гэдэг байдлаар хандаж мэдүүлэг өгсөн, мэдүүлгүүд нь зөрүүтэй биш. Шүүгдэгчээс утасны бичлэг бүхий баримтыг гаргаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн бичлэгт үзлэг хийлгээд шинжээч томилуулж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн яриаг шүүгдэгч, хохирогчийн яриа мөн эсэхийг тогтоолгох шаардлагатай. Нотлох баримтын шаардлага хангаагүй бичлэгийг нотлох баримтаар тооцох шаардлагатай гэж ярьж байна. Хохирлын хувьд шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөдөлмөрийн чадвараа тогтмол 20% алдагдуулж байгаа. Хохирогчийн шүд нь хугараад хиймэл шүд хийлгээд эсвэл имплант шүд суулгасан ч хөдөлмөрийн чадварын 20% алдалтад нь сэргэнэ гэсэн үг биш. Насан туршдаа 20%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай болж байна. Ийм учраас сэтгэцэд учирсан хохирлыг дээд хэмжээгээр нь тогтоож өгөөч гэсэн. Анхан шатын шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон. Тухайн үйл явдал 19-н цагаас пиво ууж эхэлсэн. Тэр дундуур нь шүүгдэгч нэг тийшээ явж засвар хийж байгаад дараа нь бааранд очиж найзтайгаа архи уусан, буцаад гэртээ ирсэн. 12 дугаар сарын 21-ны өдрийн 19-н цагт харанхуй болчихсон байсан тодорхой. Машин тэрэг засвар нөхцөл байдал байсан уу. Логикийн хувьд шөнийн 11:12 цаг болж байхад согтууруулах ундааны эд зүйл хэрэглэчихээд гэртээ ирээд машин засна гэж байх уу. Хүнд жинтэй төмрийг гэрийнхээ үүдэнд шидэх үү. Эхнэр хоол хийж байсан шөнийн 11:12 цагт одоо ингээд согтуу 3 хүн хоол хийгээд сууж байдаг ийм нөхцөл байдал байх уу. Ийм ийм логикийн алдаатай зүйл байдаг. Хэргийн газрын нөхөн үзлэгээр хийсэн гэрэл зураг, төмөр шидээд замд нь сууж байсан зүйл байхгүй. Яг хажуу талд нь байсан ширээ, сандлын байршлыг харахаар шал өөр газар байгаа.    

            Иймд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, хууль ёсны зарчимд нийцүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Прокуророос шүүгдэгч Ц.Б-ыг хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ...... овгийн Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Ц.Б-аас ... 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д.О-тэй манайд уулзалдах үед бидний дунд хэрүүл маргаан болоогүй. Би машинаа засаад байж байхад Д.О нь иргэний үнэмлэх хэрхэн яаж сэргээх талаар ярилцаад сууж байсан. Тухайн үед сэлбэгийг үүдэнд дэлгэсэн байсан бөгөөд сэлбэгүүд рүү шидэх үед санаандгүй, болгоомжгүй байдлаар шидэж О-ийг онож таарсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг манай эхнэр С гэрчилдэг. Би Д.О-ийг гэмтээснээ хүлээн зөвшөөрч байсан. Тухайн гэмтлийг санаатай учруулаагүй болгоомжгүйгээр учруулсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Ц.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Хохирогч Д.О-ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Ц.Б эхнэр Л.С рүүгээ залгаад ирээд аваадхаач гэхээр нь Л.С бид хоёр Ц.Б-ыг очиж аваад эргэж гэрт нь ирээд ширээ тойроод сууцгааж байтал Ц.Б гэнэт уурлаад над руу юм авч шидсэн. Шидсэн зүйл нь миний ам хэсгийг онож миний уруул сэтэрч, үүдэн 3-н шүдийг унагасан. Яагаад над руу юм шидэх болсныг мэдэхгүй байна. Тухайн үед хэрүүл маргаан хийсэн, маргалдсан асуудал огт болоогүй...гэх, /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн...тухайн үед Ц.Б, Л.С бид гурвын дунд хэрүүл маргаан, зодоон цохионы асуудал болоогүй. Зүгээр юм яриад сууж байтал гэнэт ам руу нэг юм ирж цохиод амнаас цус гарч үүдэн шүднүүд унасан...гэх мэдүүлгүүд /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч Л.С-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Б стартераа засаад би гал тогоонд буруу харчихсан хоол хийгээд О пиво аягалаад сууж байтал гэнэт О ёо ёо гээд дууд алдаад явчихсан. Эргээд хартал О амаа дарчихсан, амнаас нь цус гоожсон байдалтай зогсож байсан. Юу болов яав гээд асуутал Б би засаад сууж байсан стартераа үүд рүү шидтэл О-ийг оночихлоо гэж хэлсэн. Тухайн үед хэрүүл маргаан огт болоогүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

Яллагдагч Ц.Б-ын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...гэрт очоод С хоолоо хийхийн хажуугаар ойр зуурын юм ярьж О-тэй пиво уугаад би машиныхаа стартерийг засварлах гээд суусан. Тухайн үед миний машины стартер эвдэрчихсэн байсан бөгөөд би өөрөө засварлах гээд задалчихсан оролдож сууж байгаад болохгүй болохоор нь болиод үүдний хэсэгт дэлгэсэн байсан авто сэлбэгийн хог руу тус статерийг шидтэл О-ийн ам хэсэгт оносон. Би санаатайгаар онох гэж шидээгүй. Намайг стартераа засварлаад сууж байх үед О өндийж таараад оногдсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.О-ийн биед хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэр нь эргэлзээтэй байна.

            Иймд хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч Ц.Б-ын хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг ханган Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овгийн Ц.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.НЯМДОРЖ

             ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА                

                                                                                Б.ЦЭРЭНПҮРЭВ