Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 71

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч Л.Жаргалбаяр,

шүүгдэгч Ө.Гандөш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Өөдөсийн Гандөшид холбогдох эрүүгийн 1807001740044 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Говь- Алтай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Багахангай дүүрэгт байрлах “Монгол 8888” компанид хэвлэгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, Цайдамын 02 дугаар гудамж 01 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн ДН84022236 дугаартай, Боржигон овогт Өөдөсийн Гандөш.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ө.Гандөш нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн үед Багахангай дүүргийн 2 дугаар хороо Цайдамын 2-1 тоотод согтуугаар эхнэр Л.Жаргалбаяртай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож нүүр, нуруу, өгзөг, баруун зүүн гуянд зулгаралт, нүүр, баруун нүдний салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ө.Гандөшид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Гандөш нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн үед Багахангай дүүргийн 2 дугаар хороо Цайдамын 2 дугаар гудамж 01 тоотод согтуугаар эхнэр Л.Жаргалбаяртай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож нүүр, нуруу, өгзөг, баруун зүүн гуянд зулгаралт, нүүр, баруун нүдний салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Гандөшийн өгсөн: “Тухайн өдөр манай ажлыхан цэргийн баярыг тэмдэглэхээр манайд ирсэн. Эхнэр урьд өдөр нь архи уусан. Би тухайн өдөр эхнэрээ битгий уугаарай гэж хэлсэн. Эхнэр өдөр надруу залгаж “би нэг пиво уучих уу” гэж асуухаар нь би “тэг, нэмж битгий уугаарай” гэж хэлсэн. Ажлаа тараад гэр лүүгээ залгахад охин утсаа аваад “ээж согтуу байна” гэж хэлхээр нь би гэртээ очихгүй, ажлын дүүгийн гэрт очиж 8-лаа 4 шил архи уусан. Тэгээд Авирмэд гэж хүний гэртээ очиход эхнэр тасраад унтаж байсан. Манай ажлын хүмүүсийг ороход эхнэр сэргэсэн. Дахиж 2 шил архи нэмж уусан. Тэгээд би эхнэрээ авч явсан. Эхнэр харих замдаа гудамжид суугаад босч чадахгүй байсан. Би буцаад Авирмэдийн гэрт очсон. Намайг гэртээ ороход эхнэр гэртээ харьсан байсан. Би хардаад эхнэрээ зодсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Жаргалбаярын өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр ажилтай байсан. Би 14 цагийн үед дүүтэйгээ хамт 1 пиво уусан. Тэгээд дүүгийн хамт гэрээс гарч Туулийн эгчийн гэрт очиж, 5-лаа 1 шил архи, 3 пиво уусан. Би нэлээн согтсон. Нөхрийн ажлын ах Батцэнгэлийн гэрт орж унтсан. Сэрэхэд гадаа нэлээн харанхуй болсон байхаар нь Авирмэд дүүгийнхээ гэрт очсон. Тэгтэл манай нөхөр ажлын хүмүүсийн хамт орж ирсэн. Би гэртээ хариад 3 хүүхдийн хамт байхад нөхөр гаднаас согтуу ирсэн. Намайг хардаж, нүүр лүү 3 удаа цохиж, өшиглөж, газраар чирсэн. Тэгээд гарч яваад өглөө ирсэн. Манай дүү цагдаа дуудсан. Би эмнэлэгт очиж тариа хийлгэсэн. Нөхрийг маань цагдаа ирээд авч явсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Болорцэцэгийн өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 9 цагийн үед нэг хашаанд хамт амьдарч байгаа төрсөн эгч Жаргалбаярын гэрт ороход манай эгч Жаргалбаяр газар хэвтсэн нүүр ам нь битүү хавдартай, хөх няц болсон ёолсон хэвтэж байсан. Би “хэн зодсон юм” гэж асуусан чинь “манай нөхөр Гандөш намайг өнгөрсөн шөнө хардаж зодоод Нуурын гэр хорооллоос гэр ортол чирч явсан, миний бие өвдөөд байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №08шэ/178 дугаар:

  1. “Л.Жаргалбаярын биед нүүр, нуруу, өгзөг, баруун зүүн гуянд зулгаралт, нүүр баруун нүдний салстад цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 24 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 40 дүгээр тал/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

          /хх-ийн 41 дүгээр тал/

          Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

          /хх-ийн 29 дүгээр тал/

          Аюулын зэргийн үнэлгээний маягт,

          /хх-ийн 07-18 дугаар тал/

          Хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 30-35 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ө.Гандөшид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Жаранбаярт хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “миний биеийн байдал одоо зүгээр ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Ө.Гандөш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ө.Гандөшийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Л.Жаранбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ө.Гандөш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Өөдөсын Гандөшийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Гандөшийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Гандөшид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ө.Гандөшид мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ө.Гандөш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Гандөшид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ