| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0065/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Энхмэнд,
хохирогч Ц.*******,
шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807000800041 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн *******, ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* З******* тоотод хамтран амьдрагч Ц.*******тэй маргалдаж түүний тоосго шидэж толгойн тус газар нь цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б. нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *******, Замчин 17-119 тоотод оршин суух гэртээ найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 17 цагийн орчим тэдгээртэй маргалдах үедээ шидсэн тоосго нь эхнэр Ц.*******ийн толгойн тус газар онож цохисны улмаас түүний биед зүүн шанаанд шарх, зүүн дээд зовхи, зүүн шанаанд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ын өгсөн: “Гэртээ найзтайгаа хамт архи ууж эхнэр ******* рүү тоосго шидэж гэмтэл учруулсан нь үнэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******ийн өгсөн: “Тэр өдөр манай нөхөр гэртээ найзуудтайгаа нийлж архи уусан. Найзуудтайгаа маргалдаж байгаад тоосго шидсэн. Тэр өдөр бид хоёрт муудалцсан асуудал байгаагүй. Хамт архи ууж байсан хүмүүстэйгээ муудалцаж байгаад тоосго шидэхэд нь би оногдсон. Тэрнээс биш санаатай цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ийн өгсөн: “төрсөн охин Ц.******* манай гэрт 2 хүүхдээ тэвэрчихсэн толгой хэсэг нь нэл цус болчихсон ороод ирэхээр би сандраад шууд цагдаагийн байгууллагад ирсэн юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 26 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 90 дугаар:
“1.Ц.*******ийн биед зүүн шанаанд шарх, зүүн дээд зовхи, зүүн шанаанд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн бйх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Б. нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *******, Замчин 17-119 тоотод оршин суух гэртээ найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн тэдгээртэй 17 цагийн орчим маргалдах үедээ шидсэн тоосго нь эхнэр Ц.*******ийн толгойн тус газар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.т холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.т хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.т мэдэгдсүгэй.
5. Б. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.т оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ