| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 2234006700520 |
| Дугаар | 2024/ДШМ/31 |
| Огноо | 2024-04-11 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/31
Я.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Энхбат
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын
өмгөөлөгч Г.Оюунцэцэг/цахимаар/
Шүүгдэгч Я.Д/цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү/цахимаар/
Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Я.Д-д холбогдох эрүүгийн 2234006700520 дугаар хэргийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Төв аймгийн ... сумын ...-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт Я-н Д,
2. Шүүгдэгч Я.Д Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвийн асфальтан зам дээр 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хюндэй Портер-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 24.6 "Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0,4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт /овор ихтэй ачаа таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэснийг тус тус зөрчиж, амь хохирогч О.Б-ийн жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөсний улмаас зорчигч Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, О.Б-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас Я.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: 1.Шүүгдэгч Т Я-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од 16.544.205 төгрөг төлсөнг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч От 2.948.656 төгрөгийн төлсөнг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь үлдэх 5.894.716 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-ийн сэтгэл санааны хохирлын 141,625,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн 2234006700520 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “DVD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Я.Д-гийн эзэмшлийн “09-87 ТӨА” улсын дугаартай “Hyundai Porter-2” маркийн тээврийн хэрэгсэл, Н.Оюунбилэгийн эзэмшлийн улсын дугааргүй “Dayun” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшиг нарт нь буцаан олгож, шүүгдэгч Я.Д-гийн эзэмшлийн №634166 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг холбогдох газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгаж, шүүгдэгч Я.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Я.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
5. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.О миний бие амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Миний бие Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол болон 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар шүүгчийн захирамжаар иргэний нэхэмжлэл буюу сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь: Нэхэмжлэлээ нотлох баримтын шаардлага хангаж цаашид иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байгаа тул тус эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, тогтоох мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой харилцааг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдсэн гэмт хэргүүдэд үйлчлэхээр зохицуулсан. Үүнтэй холбоотой анхан шатны шүүх хуралдаанаар мөн нэхэмжлэлийн асуудал яригдсан. Гэмт хэрэг гарсан цаг хугацааны үйлчлэлд хамаарахгүй байгаа учраас энэ асуудлыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэх байр суурьтай байна гэв.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй” гэв.
8. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.Оюунцэцэг/цахимаар/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгуулахаар хэн ч шаардах эрхтэй. Нөгөө талаас хууль хэрэглээ, он цаг хугацаатай холбон тайлбарлаж байгаа хэдий ч энэ хэргийг шийдэхдээ сэтгэл санааны хохирлыг эрүүгийн шүүх шийдэх боломжгүй. Цаашид энэ хүний сэтгэл санаа, сэтгэл зүйд ямар өөрчлөлт өнөөдрийн нөхцөл байдалд гарсан, цаашид яах вэ гэдгээ нотлох баримтаа бүрдүүлэн шаардах эрхийг хэрэгсэхгүй болгож хааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Зөвхөн сэтгэл санааны хохирлоор хязгаарлагдаж байгаа зүйл биш. Д.О-ын хувьд сэтгэл санааны хохирол буюу үнийн дүнтэй хохирлыг хэрэгсэхгүй болгосон. Энэ гэм буруу болж өнгөрсөн байна. Үүнээс гарах өнөөдөрт байгаа сэтгэл санааны хохирлыг өнөөдрийн шинжлэх ухаанаар шалгуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг эрхтэй. Энэ асуудлыг Иргэний шүүх шийднэ. Эрүүгийн шүүх энэ хүний эрхийг хэрэгсэхгүй болгож хааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
9. Шүүгдэгч Я.Д-гийн өмгөөлөгч Х.Даваахүү/цахимаар/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний хувьд шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг дэмжиж байна. Хууль хэрэглээг хэрэглэж шийдвэр гаргаж байна. Хоёрдугаарт, миний үйлчлүүлэгч Я.Д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ хүсэлтийг дэмжиж оролцож байна” гэв.
10. Шүүгдэгч Я.Д/цахимаар/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би санамсаргүй, болгоомжгүй, анхааралгүйгээс болж хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Сэтгэл санааны хохирлын хувьд хуулийн заалт нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн хэргүүдэд хамааралтай, миний үйлдсэн хэрэг 2022 онд болсон учраас үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ар гэрийн байдал, биеийн байдлыг харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Я.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийг шаардлагыг хангаагүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэлбэр ба бүтцийн хувьд тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага тавигддаг. Энэ шаардлагыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хангаж гараагүй байна.
4. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоодог.
5. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Я.Д-д оногдуулах хорих ялын талаар дүгнэсэн боловч уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэлийг тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн ямар нөхцөл байдлыг үндэслэн, хаалттай эсхүл нээлттэй аль дэглэмд уг ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т “шүүгдэгч Я.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.
6. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.2-т заасан “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл”-ийг тусгана гэснийг зөрчсөн гэж үзнэ.
7. Улсын яллагчийн хүсэлтийг үндэслэн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар шүүгчийн захирамжаар 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3, 4 дэх заалтуудад залруулга хийжээ.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно.” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.
9. Анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 заалтад Эрүүгийн хуульд тусгагдсан хэрэглэвэл зохих үгийг орхигдуулж, 3 дахь заалтад хорих ялын хугацаа оногдуулсан ялаас зөрүүтэй, 4 дэх заалтад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж тус тус бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэсэн заалтаас үзэхэд дээрх шийтгэх тогтоолыг хууль зүйн ноцтой зөрчилтэй эрх зүйн акт гэж үзэхээр байна.
11. Анхан шатны шүүхийн дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.2, ... 36.7... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэх ноцтой зөрчилд хамаарах бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
12. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Я.Д-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
13. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул давж заалдах шатны шүүх хуралдаанаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг, шүүгдэгч Я.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Я.Д-д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
М.МӨНХДАВАА