Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 74

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шинжээч Ц.Түвшинцэнгэл,

шүүгдэгч А.Болорцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Өөлд овогт Агвааны Болорцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000700028 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Бүтээлч-Үйлс ХХК-нд оёдолчин ажилтай, ам бүл 5, нөхөр, 4-19 насны 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 02 дугаар хороо, Нарлагийн 5-3 тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, регистрийн УЕ83030408, Өөлд овогт Агвааны Болорцэцэгт нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 02 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян-Налайх караоке барны 4 дугаартай өрөөнд үйлчлүүлж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлчлэгчтэй төлбөрийн улмаас маргалдаж архи, пивоны шил шидэж тус төвийн зурагт, толь зэрэг эд зүйлийг хууль бусаар устгасан, гэмтээж бусдад 748.430 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Болорцэцэг нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө Налайх  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян Налайх” караокены 4 номерын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэн үйлчлүүлж байхдаа 02 цагийн орчим зөөгчтэй тооцоон дээр маргалдан улмаар архи, пивоны шил шидэж тус төвийн эд хөрөнгө болох зурагт, толийг хагалж гэмтээсэн үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Болорцэцэг мэдүүлэг өгөхгүй гэсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Дашдондогийн өгсөн: “2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг миний эзэмшлийн Баян-Налайх төвийн караоке дотор 4 номерын өрөөнд үйлчлүүлж байсан иргэн Болорцэцэг гэгч нь 02 цагийн орчим манай бармен, ресепшн ажилтай Жононг манайх хаах гэж байна тооцоогоо хий гэж шаардлага тавихад нь өөдөөс эсэргүүцэж архи, пивоны шил авч шидэж уг өрөөний зурагт болон толийг эвдэлж хагалсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад А.Болорцэцэгийн яллагдагчаар өгсөн: “би нэг хэсэг нэлээн муудаад 00 орох хооронд манай нөхөр Дашням, Энхтүвшин, Мөнхсүлд нар бүгд яваад өгсөн байсан харин өрөөнд Гантулга буйдан дээр тасарчихсан хэвтэж байсан, тэгтэл гаднаас бармен нь орж ирээд тооцоо нэхэхээр нь би тооцоогоо төлчихсөн гээд маргалдсан тэгээд тухайн үед согтуу бас маргалдсан уурандаа болоод ширээн дээр байсан шилэн лонхыг аваад шидсэн чинь эхлээд зурагтыг нь оночихсон, тэгээд дахиад бухимдсандаа шил шидчихсэн чинь толийг нь оночихсон юм” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 42-43 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч У.Жононгийн өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Баян-Налайх төвийн караокед бармены ажил гүйцэтгэх үед шөнийн 02-03 цагийн үед 4 номерын өрөөнд ороод манайх хаалаа т нар тооцоогоо хий гэж шаардлага тавьсан чинь тооцоогоо хийчихсэн ш дээ одоо гарлаа гэж хэлсэн, тэгэхээр нь үлдэгдэл тооцоо байгаа гэтэл яахаараа үлдэгдэл байдаг юм гээд уурлаад байсан тэгээд би та тооцоогоо төлж байж гар 30.500 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа нийт тооцоо 80.500 төгрөг болсон гэтэл нэг бол тооцоог чинь хийчихсэн, эсвэл мөнгө байхгүй гээд согтуурхаад байсан. Тэгээд би та тооцоогоо хийж байж гараа гэж хэлсэн чинь та нар яахаараа согтуу хүн дээр ажиллах гэдэг юм илүү тооцоо авах гэлээ гээд над руу ширээн дээр байсан архины шил аваад шидсэн боловч намайг онолгүй зурагтыг онож дэлгэцийг нь хагалсан, дахиж пивоны шил шидээд хажуу талын жижиг толь онож хагалсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 23 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл,

/хх-ийн 24-25 дугаар хуудас/

“Дамно” үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-36 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судалсан дээрх үйл баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч А.Болорцэцэг нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө Налайх  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян Налайх караокены 4 номерын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэн үйлчлүүлж байхдаа 02 цагийн орчим зөөгчтэй тооцоон дээр маргалдан улмаар архи, пивоны шил шидэж тус төвийн эд хөрөнгө болох зурагт толийг хууль бусаар хагалж гэмтээн бусдад 717.930 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдлоо.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Болорцэцэгт холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 717.930 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Дашдондогт олгуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт Агвааны Болорцэцэгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Болорцэцэгт  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Болорцэцэгт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Болорцэцэгт мэдэгдсүгэй.

5. А.Болорцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

6. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар А.Болорцэцэгээс 717.930 /долоон зуун арван долоон мянга есэн зуун гуч/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.Дашдондогт олгуулсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар А.Болорцэцэгт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Болорцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ