Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/40

 

 

                                

 

 

 

                                                     Д.Ц-д холбогдох эрүүгийн

                                                                хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор М.Хэрлэнчимэг

            Шүүгдэгч Д.Ц

            Шүүгдэгчийн Д.Ц өмгөөлөгч А.Мөнхтулга /цахим сүлжээгээр/

            Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Ц-д холбогдох эрүүгийн 2034004490198 дугаар хэргийг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 24-нд Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 28 настай, дээд боловсролтой, Газрын тосны мэргэжилтэй, ам бүл 5, ээж, дүү, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 112 дугаар байрны 36 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Ц

Д.Ц нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Т” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “.. Ойл” ХХК-ийн ШТС-.. дүгээр салбарт эрхлэгчээр 2019 оны 5 дугаар сард ажиллаж байхдаа 12.000 литр, нэг литр нь 2400 төгрөгийн үнэ бүхий 28.800.000 төгрөгийн түлшийг хувийн дансаар авч дутагдуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

   Анхан шатны шүүх: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 26-ны өдрийн 2023/ДШМ/74 дугаар магадлалын тодорхойлох хэсгийн 6-д Ж.Д, Д.О нар тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо байгаа эсэхийг шалгаж, магадлалын 8-д заасан ажиллагааг гүйцэтгэж, хэргийн холбогдогчийг яллагдагчаар татан, яллах дүгнэж, хуульд зааснаар шүүхэд ирүүлэх. 

Мөн 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог гэж,

8 дахь заалтад Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гаргахад чиглэгдэн цугларсан нотлох баримтууд нь хоорондоо шууд болон шууд бусаар харилцан холбоотой байж, хэрхэн хэргийн үйл баримтыг тодорхойлон илэрхийлж байгаагаар нь нотлох баримтын цогц байдлыг үүсгэдэг хэмээн үздэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлж авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд 2 дахь хэсэгт уг хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлон хуульчлан тогтоосон байдгийг анхаарвал зохилтой гэж тус тус заасныг анхаарах нь зүйтэй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хуульд заасан дээрх зөрчлийг арилгуулахаар Д.Ц-д холбогдох эрүүгийн 2034004490198 дугаар хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг 2024 оны 3 дугаар 13-ны өдөр бичсэн 5 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүгчийн 165 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүх 2034004490198 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан 74 дугаартай магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр байх тул нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэхдээ, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр прокурорт буцааж магадлалд заасан дараах ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Үүнд: “...магадлалын тодорхойлох хэсгийн 6-д Ж.Д, Д.О нар тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо байгаа эсэхийг шалгаж, магадлалын 8-д заасан ажиллагааг гүйцэтгэж, хэргийн холбогдогчийг яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хуульд зааснаар шүүхэд ирүүлэх,

8 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь хууль эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлж авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд 2 дахь хэсэгт уг хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлон хуульчлан тогтоосныг анхаарвал зохилтой гэж тус тус заасныг анхаарах нь зүйтэй.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хуульд заасан зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцаасан гэж дүгнэсэн.

Шүүгчийн захирамжтай танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: 1. Д.Ц-д холбогдох хэрэгт 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шүүгдэгч Ц цагаатгаж шийдвэрлэсэн.

Цагаатгасан тогтоолд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны, төлөөлөгч Б.Оюунсувдын гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/205 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 423 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байна.

Харин анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар дахин хэлэлцэж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэснийг ноцтой зөрчсөн байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана хэмээн тодорхойлсон.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.

Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт гэрч Ж.Д, Д.О нарыг гэмт хэрэгт оролцсон оролцоо байгаа эсэхийг шалгаж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээр заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж хуульчилсны дагуу шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол дээрх хуулийн дагуу хэрэг хэлэлцэх ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулж, хийж гүйцэтгүүлэх боломжтой ажиллагаа юм.

Анхан шатны шүүхээс дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр болсон гэж дүгнэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга /цахимаар/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон учир анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийж хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлтэй, зөв болсон. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянан үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах үүрэгтэй.

3. Давж заалдах шатны шүүх Д.Ц-д холбогдох хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2023/ДШМ/74 дугаар магадлалаар хянан хэлэлцэж, цагаатгах тогтоолд дурдсан үндэслэлүүд хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасан нь буруу гэж дүгнэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ингэж шийдвэрлэхдээ тус шүүхээс магадлалын “Тодорхойлох нь” хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн хэргийн үйл баримтуудын талаар дурдаж, хэргийн зүйлчлэлийг мөрдөн шалгах, прокурорын шатанд үнэн зөв тогтоосон эсэх талаар дүгнэлт хийн хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж мөн шүүхэд буцаасан байдаг. /хх-ийн 2-р хавтас 212-220-р тал/

3.1. Гэтэл анхан шатны шүүх дээрх магадлалын зарим заалтыг буруу ойлгон тайлбарлаж тухайн хэргийн гэрч Ж.Д, иргэний хариуцагч Д.О /хх-ийн 2-р хавтас 193-р тал/ нарыг яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэсэн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй болжээ.

3.2. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасан байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

3.3. Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

4. Харин давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-тай холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн шийдвэрийн хүчингүй болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний дүгнэлт зэргийн агуулгыг сайтар судалж хэргийг дахин хэлэлцэхдээ яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эсхүл гэм буруугийн шүүх хуралдааны аль үе шатнаас хэлэлцэх талаар шийдвэрлэн гаргасан шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар болон хуулийн ноцтой зөрчилд орохгүй болохыг тэмдэглэв.

5. Шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг “...1 дэх хэсгийн 1.2 дэх хэсэг...” гэж бичин хэрэглэж байгаа нь Монгол Улсын Их Хурлаас баталсан “Хууль тогтоомжийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлд заасантай нийцээгүй, шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Д.Цэцэгсүрэн” гэх тухайн хэрэгт огт хамааралгүй хүнд хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон зэргийг дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаар эсэргүүцлийг хүлээн авч ханган, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т тус тус зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Ц-д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

 

                             ШҮҮГЧИД                                                  А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                М.МӨНХДАВАА