Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 118/ШШ2025/0029

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: овогт гийн  

Хариуцагч: Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга хоорондын төрийн албан хаагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагч С. /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:  Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, дээрх тушаалыг үндэслэж албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан болон 2025 оны ээлжийн амралтын нөхөн олговрын дүнг тооцохдоо мөн адил бууруулсан дүнгээр тооцсон тул зөрүү 2.011.867 төгрөгийг олгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Прокурорын газрын прокурорын 02 дугаар албан шаардлагаар нэхэмжлэгч эрх бүхий албан тушаалтан А.г  Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шийтгэл ногдуулсан гэж дүгнэн арга хэмжээ тооцуулахаар хариуцагчид хүргүүлснээр хариуцагч Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаас нэхэмжлэгчид албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж маргаж байна.

3. Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие А. нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт Захиргаа хяналтын хэлтсийн даргаар ажилладаг бөгөөд Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Зөрчлийн тухай хууль зөрчин, хуульд нийцээгүй шийдвэр гаргаж төрийн албан хаагчид торгууль ногдуулсан. Мөн торгуулийг гомдол гаргагч буюу даатгуулагч төлж хохирсон гэх үндэслэлээр албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж миний хууль ёсны эрх ашигт халдсан гэж үзэж ... шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ... Надтай холбоотой сөрөг нөлөөлөл бүхий Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" захиргааны акт гаргахдаа Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаартай тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д заасны дагуу зөрчил гаргасан эсэхийг судлан дүгнэлт гаргаагүй, Захиргааны ерөнхий хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актад заасны дагуу сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй зэрэг болно. ... Иймд Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож ... дээрх тушаалыг үндэслэн миний албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан болон тухайн саруудад олговол зохих хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын зөрүү 1.850.212 төгрөг, 2025 оны ээлжийн амралтын олговол зохих нөхөн олговрын зөрүү 161.855 төгрөг, нийт 2.011.867 төгрөг нэхэмжилж байна гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны Б/40 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заагдсан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан үндэслэлээр энэ захиргааны акт хэрэгжсэн. ... Сахилгын шийтгэл ногдуулах тухай маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Монгол ******* засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг үндэслэн гэж бичих байсан байх. Захиргааны акт утга агуулгын хувьд алдаатай байхыг зөвшөөрдөггүй боловч уг захиргааны актад тухайн хуулийн заалтыг үндэслэсэн эсэх нь эргэлзээтэй байна. Маргаан бүхий захиргааны акт 1 дэх заалтаараа тус газрын захиргаа хяналтын хэлтсийн дарга А. нь Зөрчлийн тухай хуулийг зөрчин хуульд нийцээгүй шийдвэр гарган төрийн албан хаагчид торгууль ногдуулсан. Мөн торгуулийг гомдол гаргагч буюу төрийн албан хаагч төлж хохирсон тул албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулсугай гэсэн. Зөрчлийн тухай хуулийг зөрчсөнийг хэн тогтоосон нь эргэлзээтэй байна. Үндэслэл тодорхой дурдаагүй байдаг. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Прокурорын газарт албан шаардлагын хариуг өгөх байсан. Хууль цаазын шадар зөвлөх М.ийн гарын үсэгтэй албан шаардлагыг биелүүлсэн гэж хариуцагч талаас тайлбарладаг. Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг тогтоох эрх нь Завхан аймгийн Нийгмийн  даатгалын газрын даргад байхгүй. Утга агуулгын хувьд алдаатай байна. Захиргааны актын хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн захиргааны акт байна. Мөн торгуулийг гомдол гаргагч төлж хохирсныг хариуцагч өөрөө тогтоосон эсэх нь мөн тодорхойгүй. Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалд хэрвээ сахилгын хариуцлагыг оногдуулах гэж байгаа бол хариуцлага гарцаагүй байна. Тус журмын 1.4.1-т хариуцлага гарцаагүй байна, 1.4.2-т сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байна, 1.5.2-т албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахдаа журмын 3.3-т  сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ. Үүнд зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр, албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал, өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдал, зөрчлийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авсан эсэх, 3.4-т Сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна. Зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн эсэх үүнийг баримт дүгнэлт үйлдэхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хуульд нийцээгүй зөрчил биш. Хуульд нийцсэн боловч журмаар зохицуулсан зүйлсийг орхигдуулсан байна гэж албан шаардлага ирүүлсэн байдаг. Хуулийн хүчин төгөлдөр журмыг зөрчин дүгнэлт гарган, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэдгийг нотолж байна. ... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд маш тодорхой дурдаж өгсөн. Сонсох ажиллагааг хийх талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зохицуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивд хадгална гэж заасан. Дээрх заалт хангагдаагүй. Хууль, журамд заасан зүйлүүдийг зөрчин гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах явцад маргаан бүхий акт гарахаас 2 хоногийн өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга н.аас 01/1197 тоот албан бичгийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад хүргүүлсэн албан тоотод ажилтан, албан хаагчтай холбоотой сөрөг нөлөөлөл бүхий эрх зүйн акт гаргахдаа зөрчил гаргасан эсэхийг судлан дүгнэхдээ Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актад үндэслэх, сонсох ажиллагааг зохион байгуулах, албан хаагчийн тайлбар гаргах боломжоор хангах, хариуцлага нь албан хаагчийн гаргасан зөрчилтэй нь дүйцэхүйц байх хэрэгтэй. Нийгмийн даатгалын газрын дарга нь хэлтсийн даргатай төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулдаг. Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахад хяналт тавих, мэргэжил арга зүй, удирдлагаар ханган ажиллах үүрэг нь танд байна. Энэхүү асуудлаар та мөн хариуцлага хүлээх үндэслэлтэй тул цаашид өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагатай хандана уу? гэх албан бичгийг маргаан бүхий захиргааны акт гарахаас 2 хоногийн өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас ирүүлсэн байхад өөрөө дур мэдэн сахилгын шийтгэл ногдуулсныг хувийн ашиг сонирхол байна гэж үзэж байна. ... Маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасны дагуу хууль бус захиргааны акт гэж тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.7-д тус тус заасны дагуу шийдвэрлэж хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

5. Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А. нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт Захиргаа хяналтын хэлтсийн дарга, улсын *******аар ажилладаг. Тус газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг дараах үндэслэлээр гаргасан болно. Үүнд Завхан аймгийн Прокурорын газраас 2025 онд тус газрын зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтэд шалгалт хийж дүгнэлт гарган 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар албан шаардлагыг ирүүлсэн болно. Уг албан шаардлагад хуулийн хэрэгжилтийг дахин хянаж буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож хариу ирүүлэхийг даалгасан бөгөөд шаардлагын хүрээнд нотлох баримтуудыг шалган үзэхэд иргэн М. нь "Завхан аймгийн сумын ийн төв 2024 оны 11, 12 дугаар сарын эхийн чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй" нөхөн төлүүлэх тухай өргөдөл гаргасанд Захиргаа хяналтын хэлтсийн дарга А. нь зөрчилд холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаар шийтгэлийн хуудсаар сумын ийн төвийн ******* ******* Б.т 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 (Хоёр зуун тавин мянган) төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга, улсын ******* А. нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан мөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д "Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, эсхүл нэмэгдүүлэх эсэх" гэж, 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна" гэж тус тус хуульчилсан байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ" гэж заасныг зөрчсөн болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон болно. ... А. нь сонсох үйл ажиллагаа явуулж буй ажилтнуудыг үл хүндэтгэн, эсэргүүцэж үйл ажиллагаанд нь саад учруулсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар захиргааны актын талаар А.д мэдэгдэх ажиллагааг явуулсан болно. Энэ талаар тэмдэглэл хөтлөн баримтжуулсан болно. Тухайлбал 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* *******, хуулийн мэргэжилтэн Д.******* нь А.д сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдэж, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сонсох үйл ажиллагаа явуулахаар уулзах гэхэд ажлын байран дээрээ байгаагүй. А.тай утсаар холбогдож сонсох үйл ажиллагааг утсаар мэдэгдэхэд ээж эмчилгээнд явсан холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхээр явж байна гээд үдээс хойш ажилдаа ирээгүй. Ингэж ярихдаа А. ******* *******, хуулийн мэргэжилтэн болон бичиг хэргийн ажилтан нар сонсох ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан мөн үү. Үүнийгээ судлах нь зөв байхаа. Холбогдох хууль, дүрэм, журмаа сайтар уншиж судалсан нь дээр байх аа. Хэн дуртай нь сонсох ажиллагаа хийнэ гээд хийдэг асуудал биш гэж үзэж байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй ээ.. гэсэн. Үүнээс хойш ажлын 10 хоногийн дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сарын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээний талаар дахин мэдэгдэхэд Захиргаа хяналтын хэлтсийн дарга А. нэмэлт тайлбар байхгүй гэж хэлсэн. А. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтны хувьд гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас түүний ногдуулсан торгуулийг гомдол гаргасан иргэн буюу даатгуулагчаар төлүүлсэн нь даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн, цаашид нийгмийн даатгалын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай. Тэрээр өөрийн гаргасан шийдвэрийнхээ биелэлт, хэрэгжилтэд хяналт тавьсан бол даатгуулагчийг хохироохгүй байсан. А.д сахилгын шийтгэл ногдуулахдаа өмнө нь зөрчил гаргаж байсан бөгөөд гаргасан зөрчилдөө дүгнэлт хийдэггүй, мэдлэг чадвараа дээшлүүлээгүй зэрэг байдлыг харгалзан үзсэн. А.д эдгээр нөхцөл байдлыг харгалзан хууль, хяналтын байгууллагын дүгнэлт буюу Завхан аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот албан шаардлага, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн сарын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд эрх зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн үйл баримт нэхэмжлэгчийн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчсөн эсэхтэй холбоотойгоор Завхан аймгийн Прокурорын газраас албан шаардлага ирүүлснээр үүссэн. Иргэн н.ын гаргасан гомдолд Завхан аймгийн сумын ийн төвийг татан шалгасан байдаг. н.т юм уу, сумын ийн байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан. Тухайн зөрчилд хуулийн этгээд хариуцлага хүлээхээр байсан бөгөөд хуулийн этгээдэд холбогдуулан торгууль ногдуулсан. Зөрчлийн торгуулийг гомдол гаргагчаар өөрөөр төлүүлсэн байдаг. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд улсын *******ийн шалган шийдвэрлэх зөрчлийг тусгасны дагуу улсын ******* А. нь тус зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ гэж заасны дагуу хөнгөрүүлэн төлөгдөх боломжтой зөрчил байсан. Үүнд хяналт тавьж ажиллаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэл оногдуулахдаа зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, эсхүл нэмэгдүүлэх эсэх гэж заасныг хэрэгжүүлээгүй, 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна гэж заасны дагуу хяналт тавьж ажиллах ёстой байсан. ******* ******* А. нь хуульд заасан болон албан тушаалын тодорхойлолтод заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй. Гомдол гаргагч этгээдээр зөрчилд оногдуулсан торгуулийг төлүүлсэн нь хүний эрхийг зөрчиж байна. Цаашлаад Нийгмийн даатгалын байгууллагын нэр хүндэд  сөрөг нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргасан. Завхан аймгийн Прокурорын байгууллагаас албан шаардлагыг ирүүлсний дагуу хариу өгсөн. Мөн удирдах албан тушаалтны зүгээс сахилгын зөрчилтэй үйлдэл илэрсэн тул хууль тогтоомжид заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцлага ногдуулсан байна. Зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоосны дараа Прокурорын байгууллагад хариуг хүргүүлсэн байна. Прокурорын албан шаардлагыг үндэслэн хариуцлага хүлээлгэсэн гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.  ... Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар Монгол ******* Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн, хүндэтгэн сахиж биелүүлэх, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх, хийсэн ажлын үр дүнгийн талаар бүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй. Албан тушаалын тодорхойлолтод заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ. Албан тушаалын тодорхойлолтод хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглодог. ... Томилох эрх бүхий этгээд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 39.1-д зааснаар шийтгэл оногдуулсан. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны үйл ажиллагаа, шийдвэр зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зэрэг зарчмуудыг хуульчилсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч нь өөрийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар бүрэн хариуцлага хүлээх, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангах үүргийнхээ хувьд хангалттай ажиллаагүй, алдаа дутагдал гаргасан байх тул нөхцөл байдалд тохирсон шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа нотлох баримтыг үндэслэн хуульд заасны дагуу шийтгэл ногдуулсан. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангах талаар зохицуулсан. Оролцоог хангаагүй гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчтэй өөр хүнээр дамжуулан хэд хэдэн удаа холбогдсон. Сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдэж, тайлбарыг авсан. Хэргийн материалтай танилцах, тайлбар гаргах эрх байгаа боловч идэвхтэй хандаагүй нэхэмжлэгчийн үйлдэл байна. Сонсох ажиллагаа явуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байдаг. Тодорхой санал хүсэлт байхгүй гэх хариуг өгч байсан байдаг. Өнөөдөр надад мэдэгдээгүй, тайлбар авах боломжоор хангаагүй гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3-т төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна. Тус журмын 1.3.1-д Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн, 1.3.2-т Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Зөрчил тогтоогдсон тохиолдолд хариуцлага гарцаагүй байна. ******* эрх зөрчсөн, хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн алдаа дутагдал гаргасан бол хариуцлага гарцаагүй байна. Тухайн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Прокурорын байгууллагаас ирүүлсэн албан шаардлагын үндсэн дээр эрх бүхий албан тушаалтан шалгаж тогтоосны эцэст зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн тус журмын 2 дугаар зүйлд заасан ажиллагаанууд байгаа. Захиргаа зохион байгуулалтын хэлтсийн дарга А.гийн хувьд өөрт холбогдолтой асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд түүний удирдах албан тушаалтан шалгах зайлшгүй шаардлага үүссэн. Журмын 2.4.1-д гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах гэж заасны дагуу тайлбар авсан. Гомдол гаргагч н., н., төрийн сантай холбогдон холбогдох тайлбар, баримтыг авсан байна. Холбогдох ажиллагаануудыг хийсний дагуу дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б/40 дүгээр тушаалыг гаргасан. Өөрөө шалгасан тохиолдолд дүгнэлтийг заавал гаргах шаардлагагүй байж болох юм. Дүгнэлтэд А.г албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасан хориглосон гаргаж болохгүй шийдвэрийг гаргасан гэж дүгнэсэн. Нийгмийн даатгалын газрын даргын Б/40 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөөч гэх хүсэлттэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулж тус газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, дээрх тушаалыг үндэслэж албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан болон 2025 оны ээлжийн амралтын нөхөн олговрын дүнг тооцохдоо мөн адил бууруулсан дүнгээр тооцсон тул зөрүү 2.011.867 төгрөгийг олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нь анх маргаан бүхий Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дараа үргэлжлүүлэн хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт … бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгчийн маргаж буй үндэслэл, үйл баримтад дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Маргааны үйл баримтын тухайд: Хариуцагчаас нэхэмжлэгчид аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 02 дугаар албан шаардлагын дагуу 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/40 дүгээр тушаалаар Монгол ******* засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хууль зөрчин хуульд нийцээгүй шийдвэр гаргасан тул албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан байна.

4.1 Прокурорын албан шаардлагад: … иргэн М.ын  “ сумын ийн төвөөс 2024 оны 11, 12 дугаар сарын эхийн чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй" гэх өргөдөлд сумын ийн төвийн ******* ******* Б.ийг 2025 оны ******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4-т заасан “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтын дагуу торгохдоо мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ гэж заасан байхад хөнгөрүүлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоолгүй хуулийн этгээдийн төлөөллийг шийтгэлийн хуудсанд бичсэн зэрэг зөрчил дутагдал илэрсэн гэжээ.

4.2 Хариуцагч нь аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 02 дугаар албан шаардлагыг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан. Сонсох ажиллагааг 2 удаа явуулсан. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах ажлын хэсгийг томилсон боловч ажлын хэсэг ажиллахаас татгалзсан тул дээд шатны албан тушаалтны хувьд сахилгын хэргийг шалгаж ажиллан дүгнэлт гаргаж холбогдох арга хэмжээг авсан гэж,  нэхэмжлэгч нь прокурорын албан шаардлагад дурдсан зөрчил, дутагдлыг гаргасан эсэх талаараа маргахгүй байх ба уг албан шаардлагын дагуу  зөвхөн өөрт нь хамаатуулж арга хэмжээ авсан нь үндэслэлгүй. Хариуцагчаас сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам зөрчсөн гэж маргаж байна. 

5. Нэхэмжлэгчийн Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага,  сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны  журам зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

5.1 Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж зааснаар Монгол улсын  сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаартай тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам” нь маргаан бүхий энэхүү харилцаанд илүү нарийвчилсан зохицуулалт төдийгүй уг журмаар тодорхойлсон үйлдлийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах ажиллагааг явуулснаар эрх зүйн дагуу байх /due process of law/ зарчим хангагдахаар байна.

5.2 Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.1 “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар …, мэдээлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно”, 2.2 “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид "шалгагч" гэх/ шалган тогтооно” гэж заасан ба хариуцагчаас 2025 оны А/25 дугаар “Ажлын хэсэг томилох тухай” тушаалаар А.гийн зөрчилд дүгнэлт гаргах ажлын хэсгийг гурван албан хаагчийн  бүрэлдэхүүнтэй байгуулсан боловч ажлын хэсгийн гишүүд А.тай адил болон албан тушаалын ангилал, зэрэглэл доогуур гэх шалтгаанаар дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн тул дээд шатны албан тушаалтны хувьд өөрөө шалгаж дүгнэлт гаргахаас өөр аргагүй болсон гэж тайлбарлаж байна.

5.3 Гэвч хариуцагч нь “А.д сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар гаргасан дүгнэлт” нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.4.1 “гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах”, 2.6 “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргах”, 2.7 “Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах” эрхийг хангаагүй, эрх зүйн зөрчилтэй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

5.4 Түүнчлэн хариуцагчийн “А.д сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар гаргасан  дүгнэлт”-ийг нотлох баримтын хувьд эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх үндэслэл муутай байна. Учир нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 165 дугаар албан бичгээр Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу хариуцагчаас нэхэмжлэгч А.д сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдох баримтыг шаардахад огт баримт ирүүлээгүй ба шүүх хуралдаанд дээрх дүгнэлт гэх баримтыг хариуцагчаас гаргаж байх боловч уг дүгнэлтэд холбогдох нэхэмжлэгчийн зөрчлийн нөхцөл байдлыг тогтоосон, нэхэмжлэгчид танилцуулсан, гомдол гаргах эрхээр нь хангасан бусад баримт байхгүй байгаа нь дээрх дүгнэлт журамд заасан үйл ажиллагааны бүрдлийг хангаагүй, түүнчлэн тухайн цаг хугацаанд гарсан эсэх нь эргэлзээтэй болохыг дурдах нь зүйтээ байна.

5.5 Нэхэмжлэгчээс “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/40 дүгээр тушаалыг хариуцагчаас гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26-29 дүгээр зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргаж байх боловч хариуцагчаас тус газрын хүний *******, хуулийн мэргэжилтэн Д.*******оор сонсох ажиллагааны мэдэгдлийг мэдэгдсэн. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай гадуур явж байна гэсэн хариу өгсөн. Дараа нь тайлбаргүй гэсэн санал хэлсэн гэж тайлбарлаж байх ба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т утсаар санал авах хэлбэрээр сонсох ажиллагааг явуулах талаар заасан тул сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй боловч энэ нь эрх зүйн зөрчилтэй “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/40 дүгээр тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй.

5.6 Хариуцагч Б/40 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасан нэхэмжлэгчийг сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт гаргах ажиллагаанд оролцуулаагүй, түүнээс тайлбар, аваагүй, сахилгын шийтгэл ногдуулах эсэх дүгнэлтийг бичгээр танилцуулаагүй, дүгнэлтэд гомдол гаргах эрхээр хангаагүй,  журамд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйлдлүүдийг хэрэгжүүлээгүй зөрчсөн нь хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг бүрэн шалгаж тогтоосон гэх үндэслэл болохгүй ба энэхүү нөхцөлөөр Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй боловч маргаан бүхий тушаал нэгэнт хэрэгжээд дууссан байх ба түүнийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн эрх ашиг байгаа тул хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгчийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/40 дүгээр тушаалыг үндэслэж албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан болон 2025 оны ээлжийн амралтын нөхөн олговрын дүнг тооцохдоо мөн адил бууруулсан дүнгээр тооцсон тул зөрүү 2.011.867 төгрөг олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1 Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заажээ.

6.2  Нэгэнт “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/40 дүгээр тушаал хууль бус байсан болох нь тогтоогдож байх тул уг тушаалын улмаас нэхэмжлэгчид учирсан албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан болон тухайн саруудад олговол зохих хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын зөрүү 1.850.212 төгрөг, 2025 оны ээлжийн амралтын олговол зохих нөхөн олговрын зөрүү 161.655 төгрөг, нийт 2.011.867 төгрөгийн учирсан хохирлыг Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.7, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, уг тушаалын улмаас учирсан хохирол 2.011.867 төгрөгийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД-ОЧИР