Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01579

 

 

 

 

 

 

 

 

 

А.Х-, Б.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/01971 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Х-, Б.Б- нарын хариуцагч Э.Н-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 162 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Н- 2012 оны 10 сарын 10-ны өдрөөс 2013 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл 30 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр, барьцаагүйгээр зээлж авсан байдаг. Зээлдэгч 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн 3 сарын хүү гэж 2 700 000 төгрөгийг бэлнээр төлсөн байдаг. Ингээд цаашид зээлийн гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 3 сараар, 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сараар, 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сараар, 8 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл 2 сараар, 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 1 сараар гэх мэтчилэн сунгах хүсэлтүүдийг зээлдэгч талаас гаргаж, зээлдүүлэгч тал хүлээн зөвшөөрч тухай бүр хүүг тооцон авч сунгаж байсан байдаг. Ингээд 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зээлдэгч нь нийт 16 сарын хүүг бэлнээр, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 3 сарын хүүг дансаар авсан байдаг. Энэ талаарх зээлдүүлэгч Б.Б-гийн Хаан банкны дансны гүйлгээний баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Зээлдэгч Э.Н- нь 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 19 сарын хүүгийн төлөлтөд сар бүрийн хүү болох 900 000 төгрөгийг төлж явсаар нийт 17 100 000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Зээлдэгч тал 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш үндсэн зээлийг 20 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 50 000 000 төгрөг болгож өгөх хүсэлт гаргасныг зээлдүүлэгч тал зөвшөөрч 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгчид 20 000 000 төгрөг нэмж зээлдүүлсэн бөгөөд энэ зээлийг баталгаажих үүднээс Иргэний хуульд заасны дагуу хоорондоо бэлэн мөнгөний зээлийн гэрээг үйлдсэн байдаг. Зээлдэгч талын зээлийн гэрээнд заасан 50 000 000 төгрөгийн 3 хувийн хүү болох 1 500 000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр дансаар төлж барагдуулсан байдаг. Мөн энэ талаарх зээлдүүлэгч Б.Б-гийн Хаан банкны дансны гүйлгээний баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Дээрх хугацаанд зээлдэгч нь 7 сарын зээлийн хүү болох нийт 10 500 000 төгрөгийг төлсөн. Гэвч зээлдэгч тал 2015 оны 01 сараас эхлэн зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчин зээлийн хүүг хугацаандаа төлөхгүй хугацаа хоцроож, янз бүрийн шалтгаан тоочиж, үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 3 сараас эхлэн зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн үндсэн төлбөр болон хүүг буцааж төлөхийг шаардаж эхэлсэн байдаг. Үүний хариуд зээлдэгч нь төлбөрөө бүрэн төлнө гэж байнга тайлбар гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Хамгийн сүүлийн байдлаар 2019 онд Э.Н- нь нэхэмжлэгч нар дээр ирээд зээлсэн мөнгөө, хүүгийн хамт 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж бичгээр амлалт бичиж өгсөн байдаг. Энэхүү бичгийг хэрэгт хавсаргасан болно. Зээлдүүлэгч тал зээлдэгч талд үүргээ биелүүлнэ үү гэж удаа дараа шаардлага тавьсны дагуу Э.Н- нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч А.Х-т элэгний хавдрын шинж тэмдэг илрээд эмчлүүлэх шаардлага гарсан учир Э.Н-д гэрчээр оролцож буй Ш.Хавиволдагаар дамжуулж зээлсэн мөнгө төлнө үү гэж хэлүүлж байсан байдаг. 2015 оны 01 сараас 2020 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэл нийт 72 сарын хүү болох 108 000 000 төгрөгөөс дээрх 21 000 000 төгрөгийг төлсөнд тооцож суутгавал хүүгийн үлдэгдэл төлбөр нь 87 000 000 төгрөг болж байгаа юм. Иймд зээлдүүлэгч Э.Н-ээс зээлийн гэрээний 2, 3 дугаар зүйлд заасны дагуу зээлдүүлсэн мөнгө 50 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 87 000 000 төгрөг, мөн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцож буй алданги болох 25 000 000 төгрөг, нийт 162 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, хэтэрхий өндөр тооцоо гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгийг төлөх тооцоог гаргасан. Э.Н- нь нэхэмжлэгч А.Х-, Б.Б- нараас 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Нэхэмжлэгч А.Х-, Б.Б- нь дээрх зээлийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр 30 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан гэх зээлийн гэрээ огт байхгүй. Нэхэмжлэгч нар зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тохироогүй байж хүү авна гэж шаардаад байгаа нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Э.Н-ийн зүгээс нэхэмжлэлд дурдсанчлан 30 000 000 төгрөгөөс 17 100 000 төгрөгийг төлсөн нь үнэн. Мөн нэхэмжлэгч нарын тооцоонд ороогүй байгаа төлбөр байгаа. Энэ нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.Н- нь нэхэмжлэгч нарт 900 000 төгрөгийг өгсөн бөгөөд энэ талаарх баримтыг өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн байдаг. Тэгэхээр хариуцагч нь нэхэмжлэгч нараас зээлсэн 30 000 000 төгрөгөөс 18 000 000 төгрөгийг нь төлсөн учир 12 000 000 төгрөг үлдсэн байна. 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр талууд зээлийн гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний дүн нь 50 000 000 төгрөг байгаа юм. 50 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр хугацаагүйгээр зээлж авлаа гэж зээлийн гэрээ байгуулсан. Бодит байдал дээр нэхэмжлэгч тал хариуцагчид 50 000 000 төгрөг өгөөгүй, 20 000 000 төгрөг л өгсөн юм. Хариуцагч тал 20 000 000 төгрөг авсан дээр маргахгүй, энэ үнийн дүнгийн хүүг ч төлөх дээрээ маргахгүй байгаа. Ийнхүү 2 дахь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 10 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нар хариуцагчаас авсан гэж нэхэмжлэгч тал тооцоолсон байгаа. Энэ тооцооноос гадна 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Тэгэхээр 31 500 000 төгрөгийг сүүлийн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан цаг үеэс хойш Э.Н- нь А.Х-, Б.Б- нарт өгсөн байгаа юм. Нэхэмжлэгч тал хариуцагчийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн тул 2015 оны 03 сараас эхлэн зээлээ төл гэж шаардсан гэж тайлбар гаргасан. Тэгэхээр хугацаагүй байгуулсан зээлийн гэрээ маань 2015 оны 3 сараас буюу зээлдүүлэгч тал зээлийн үүргээ шаардаж эхэлсэн цаг үеэс эхлэн цуцлагдсан гэж үзэж байна. Хариуцагч нь шударга ёсны үүднээс энэхүү гэрээний үргэлжлэх хугацааг 2014 оны 5 сараас 2015 оны 3 сар хүртэл 10 сарын хугацаанд үргэлжилсэн гэж үзэн, зээлийн гэрээгээр бодитоор шилжүүлсэн 20 000 000 төгрөгөөс сарын 3 хувийн хүү тооцож төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хариуцагч нь дээрх тооцооллын дагуу нэхэмжлэгчид 26 000 000 төгрөг төлөх ёстой боловч 31 500 000 төгрөг буюу нэмж 5 500 000 төгрөг төлсөн байгаа юм. Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлийн гэрээний хүү тооцсон байдаг. Хариуцагч талаас харин 2015 оны 5 сараас хойш хүү тооцох эрхгүй гэж үзэж байгаа юм. Зээлдэгч Э.Н- 2012 оны зээлийн гэрээний төлбөрт 18 000 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл нь 12 000 000 төгрөг болж байна. Дээрх гэрээ байгуулагдсанаас хойш зохигчид 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийн зээлийг хугацаагүйгээр, сарын 3 хувийн хүүтэйгээр бичгээр байгуулсан боловч зээлдүүлэгч А.Х-, Б.Б- нар нь зээлдэгч Э.Н-д 50 000 000 төгрөг биш 20 000 000 төгрөгийг л бодитоор шилжүүлж өгсөн. Харин 2014 онд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтөд 26 000 000 төгрөг төлөх ёстой байсан боловч 31 500 000 төгрөг төлж, илүү 5 500 000 төгрөг төлсөн байна. Хариуцагч тал энэхүү илүү төлсөн 5 500 000 төгрөгийг 2012 оны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 12 000 000 төгрөгөөс хасаж суутгаж буй учир өнөөдрийн байдлаар хариуцагч Э.Н- нь нэхэмжлэгч А.Х-, Б.Б- нарт 6 500 000 төгрөг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 208 дугаар зүйлийн 208.2-д заасныг баримтлан Э.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт 18 500 000 төгрөг гаргуулж, А.Х-, Б.Б- нарт олгож нэхэмжлэлээс 143 700 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 968 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 250 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 30 000 000 төгрөгийн 3 хувьтай тэнцэх зээлийн хүү болох 900 000 төгрөгийг Э.Н- 2012 оны 10 сараас эхлэн 2014 оны 5 сар хүртэл нийт 19 удаа бэлнээр болон дансаар 3 хувийн хүүгийн хэмжээгээр төлсөөр ирсэн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж буйн хувьд хүү тооцон төлүүлэх эрхийг алдаагүй. Улмаар 2014 оны 5 сард зээлийн хүү төлөх нэмж нэгтгэсэн үүргийн үнийн дүнгээр буюу 50 000 000 төгрөгийн 3 хувьтай тэнцэх 1 500 000 төгрөгийг хариуцагч 2014 оны 12 сар хүртэл хугацаанд нийт 7 удаа төлсөн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3 дахь хэсгүүдэд ниицсэн. Мөн 50 000 000 төгрөгийн зээлийг тохирсон ёсоор хүүгийн хамт төлж барагдуулах болохыг хариуцагч өөрөө дахин баталгаажуулж баримт үйлдэж өгсөн. Гэтэл ийм илт тодорхой үйл баримтуудыг зөв дүгнэлгүйгээр хүү төлөх үүрэг үүсээгүй мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй шийдэл болжээ. Талууд өөрсдөө сайн дураар тохиролцож тогтоосон зээл, хүү болон үндсэн зээлийн алдангийн хэмжээг анхан шатны шүүх ямар үндэслэлээр давуу байдал үүсгэн хууль бусаар ашигласан, их хэмжээний хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон. А. Хурцбилэг, Б. Болормаа нар нь банкин дахь хүүтэй хадгаламжаа цуцлан Э.Н-д түүний хүсэлт, саналын дагуу мөнгө зээлдүүлсэн ба хүүгүй зээлсэн гэх дүгнэлт бодит байдалд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Э. Нарангэрэл нийт 26 удаа яг тохирсон хүүгийн хэмжээгээр сар тутам төлж байсан үнийн дүнг үндсэн зээлийн эргэн төлөлт гэж үнэлж, ингэхдээ, хариуцагчийн өөрийн хүү төлөх үүргээ хүлээн зөвшөөрсөн хэлцэл, дахин баталгаажуулсан баталгаа хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулсан. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг үндэслэлгүйгээр авч өгөхөөс татгалзаж, хариуцагч талд давуу байдал олгосон, хэргийн бодит үнэнд нийцэхгүй байдлаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдолтой байдаг. А.Х-, Б. Болормаа нараас Э. Нарангэрэл өөрөө удаа дараа хүсэлт, гуйлт тавьж, үр хүүхдүүдийнхээ ирээдүй, боловсролд зориулан өөрсдийн зардлаа арвилан хэмнэж олон жил цуглуулж хураасан мөнгийг нь зээлдэн авч ашигласныхаа дараагаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан мөнгө хүүлэгч этгээдүүд мэтээр шүүхэд мэдүүлж, үүргийг шударгаар гүйцэтгэхээс зайлсхийж байгаад гомдолтой байна. Алдангийн хувь хэмжээг илтэд багасгах, эвлэрэн хэлэлцэх боломжтой, уг асуудалд хүн ёсоор хүлээцтэй хандахыг чухалчилж байгаа тухайгаа шүүх хуралдааны үеүүдэд удаа дараа нэхэмжлэгч талаас хариуцагчийн төлөөлөгчид хандан уламжлан хэлсэн боловч хариуцагч тал эвлэрэх саналыг төлөөлүүлэгчдээ огт дамжуулаагүй . Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Иргэн Э.Н- 2012 оны 10 сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөгийг А.Х-, Б.Б- нараас зээлийн гэрээ байгуулахгүйгээр, хүүгүйгээр зээлж авсан бөгөөд 2013 оны 01 сарын 12-ны өдрөөс 2014 оны 5 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 14 удаагийн гүйлгээгээр бэлэн болон бэлэн бус хэлбэрээр нийт 18 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлсөн. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх 18 000 000 төгрөгийг зээлийн хүүд авсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар 2012 оны 10 сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөгөөс хүү тооцож авах эрхгүй бөгөөд хариуцагчаас төлсөн 18 000 000 төгрөгийг үндсэн зээлэнд тооцож 12 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч нартай 2014 оны 5 сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, 1 сарын 3%-ийн хүүтэй, хугацаагүй байгуулсан. Гэвч нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 20 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 сарын 13-ны өдрийн бэлэн мөнгөний зээлийн гэрээ нь хугацаагүй байгуулагдсан бөгөөд зээлдүүлэгч тал 2015 оны 3 сард зээл төлөхийг шаардсанаар уг зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа бөгөөд 2014 оны 5 сарын 13-ны өдрөөс гэрээ цуцлагдах хүртэл буюу 2015 оны 3 сар хүртэл нийт 10 сарын хугацаанд зээлдэгч Э.Н- нь 20 000 000 төгрөгөөс сарын 3%-ийн хүүг тооцож нийт 6 000 000 төгрөгийг хүүнд төлөх үндэслэлтэй гэж үзэхийн сацуу зээлийн гэрээний дагуу нийт 26 000 000 төгрөгийг төлөхөөр байна. Зээлдэгч нь 2014 оны 5 сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 8 удаа бэлэн болон бэлэн бус хэлбэрээр нийт 31 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлсөн бөгөөд зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс 5 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт илүү төлжээ. 2012 оны 10 сарын 10-ны өдрийн 30 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөг бөгөөд 2014 оны 5 сарын 13-ны өдрийн бэлэн мөнгөний зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 5 500 000 төгрөгийг хасаж тооцсоноор нэхэмжлэгч нарт нийт 6 500 000 төгрөгийг төлөх тооцоо гарч байна. Гэвч анхан шатны шүүх тооцооллыг огт хийлгүй, хэрхэн ямар аргаар 18 500 000 төгрөгийн үнийн дүнг гарган ирсэн нь тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэрээр гарсан 18 500 000 төгрөгөөс хариуцагчийн төлөх 6 500 000 төгрөгийг хасаж илүү тооцсон 12 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Х-, Б.Б- нар нь хариуцагч Э.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 162 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Э.Н- нь 2 удаагийн зээлийн гэрээгээр нийт 50 000 000 төгрөгийг, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлж, төлбөрийг бүрэн төлөөгүй, иймд үндсэн зээл, хүү, алдангид нийт 162 000 000 төгрөг гаргуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч эхний зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, тул хүү шаардах эрхгүй, хоёр дахь зээлийн гэрээгээр бодитоор 50 000 000 төгрөг аваагүй, мөн 2015 оны 3 сард зээлийн төлбөрийг шаардсанаар гэрээ цуцлагдсан гэж үзнэ, иймд энэ хугацаанаас хойш хүү, алданги шаардах эрхгүй гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Зохигчид 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А.Х-, Б.Б- нар нь 30 000 000 төгрөгийг хариуцагч Э.Н-д зээлдүүлсэн бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгө болох 30 000 000 төгрөгийг хариуцагч Э.Н- хүлээн авсан эсэх үйл баримтад талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нар нь дээрх 30 000 000 төгрөгийг, нэг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний хугацааг 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан тул хүү, алданги нэхэмжилнэ гэх боловч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Э.Н-ээс шаардах эрхтэй.

 

Хариуцагч Э.Н- нь 2012 оны зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч тал хүү шаардах эрхгүй гэх боловч хариуцагч нь 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 30 000 000 төгрөгийн 3 хувийн хүү болох 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч нийт 18 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 2, 45-р тал/ Тодруулбал, 2013 оны 1 сарын 12-ны өдөр 3 сарын хүү болох 2 700 000 төгрөг, 2013 оны 4 сарын 9-ний өдөр 3 сарын хүү болох 2 700 000 төгрөг, 2013 оны 5 сарын 10-ны өдөр 1 сарын хүү 900 000 төгрөг, 2013 оны 6 сарын 10-ны өдөр 3 сарын хүү болох 2 700 000 төгрөг, 2013 оны 9 сарын 17-ны өдөр 900 000 төгрөг, 2013 оны 10 сарын 18-ны өдөр 900 000 төгрөг, 2013 оны 10 сарын 21-ний өдөр 900 000 төгрөг, 2013 оны 11 сарын 15-ны өдөр 900 000 төгрөг, 2013 оны 12 сарын 9-ний өдөр 900 000 төгрөг, 2014 оны 1 сарын 11-ний өдөр 900 000 төгрөг, 2014 оны 2 сарын 12-ны өдөр 900 000 төгрөг, 2014 оны 3 сарын 10-ны өдөр 900 000 төгрөг, 2014 оны 4 сарын 11-ний өдөр 900 000 төгрөг, 2014 оны 5 сарын 12-ны өдөр 900 000 төгрөгийг тус тус төлжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү шаардах эрхгүй болохыг зохицуулсан болохоос зээлдэгч тал хүүг зөвшөөрч төлсөн тохиолдолд төлөгдсөн хүүг үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна. Иймд хариуцагч Э.Н-ийн хүүнд гэж зөвшөөрч төлсөн 18 000 000 төгрөгийг үндсэн зээл 30 000 000 төгрөгөөс хасахгүйгээр зээлийн хүүд тооцох үндэслэлтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А.Х-, Б.Б- нар нь 50 000 000 төгрөгийг, 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч Э.Н- нь зээлийг шаардсанаас хойш нэг сарын дотор зээлийн мөнгийг ногдох хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон байна. Гэвч зээлдүүлэгч нар нь бодитоор 20 000 000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 10-р тал/. Иймд 50 000 000 төгрөгөөс хүү тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох талаар зохицуулсан тул 20 000 000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Зохигчид дээрх зээлийн гэрээнд хугацаа заагаагүй байх ба Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх-ээр зохицуулсан. Иймд талуудын тайлбарласнаар зээлдүүлэгч нар 2015 оны 3 сард зээлээ төлөхийг шаардсан байх тул энэ хугацаанд зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч Э.Н- нь нийт 31 500 000 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч үндсэн зээл, хүү, алдангийг хэрхэн тооцсон үндэслэлээ тодорхой заагаагүй байна. Тус зээлийн гэрээний хүүг тооцвол, 20 000 000 төгрөгийн сарын хүү 600 000 төгрөг /20 000 000 х 3% = 600 000/, хоногийн хүү 20 000 төгрөг /600 000 : 30 хоног = 20 000/ болно. Зээлийн гэрээний хугацааг тооцохдоо 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс гэрээ цуцлагдсан хугацаа болох 2015 оны 3 дугаар сар дээр Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан 1 сарын хугацааг нэмж, 2015 оны 4 сарын 30-ны өдөр хүртэл хүүг тооцох нь зүйтэй.

 

Зээлийн гэрээ байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс гэрээний үүргийг биелүүлэх хүртэлх хугацаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 11 сар 17 хоног, түүний хүү нийт 6 940 000 төгрөг /600 000 х 11сар 6 600 000, 20 000 х 17хоног = 340 000, 6 600 000 + 340 000 = 6 940 000/, үндсэн зээл 20 000 000 төгрөг буюу хоёр дахь зээлийн гэрээний нийт үүрэг 26 940 000 төгрөг болж байна. Үүн дээр эхний зээлийн гэрээний үүрэг 30 000 000 төгрөгийг нэмээд /30 000 000 + 26 940 000 = 56 940 000/ 56 940 000 төгрөг болно. Үүнээс хариуцагч Э.Н-ийн төлсөн 31 500 000 төгрөгийг хасвал 25 440 000 төгрөгийн үүрэг үлдсэн байна. Иймд хариуцагч Э.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 25 440 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Х-, Б.Б- нарт олгож, нэхэмжлэлээс 136 560 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Алданги 25 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 2, 3 дахь заалтад алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус хүүгийн 2 хувиас болон гэрээний үнийн дүнгээс тус тус тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн агуулгад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар дээрх хуулийн заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул уг тохиролцоонд үндэслэн нэхэмжлэгч А.Х-, Б.Б- нар нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/01971 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Н-ээс 25 440 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Х-, Б.Б- нарт олгож, нэхэмжлэлээс 136 560 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ... хариуцагчаас 250,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид ... гэснийг хариуцагч Э.Н-ээс 285 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Х-, Б.Б- нарт гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 967 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Г.ДАВААДОРЖ