Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2016/0960/З |
Дугаар | 221/МА2017/0466 |
Огноо | 2017-06-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2017/0466
2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 221/МА2017/0466 | Улаанбаатар хот |
М Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0294 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0294 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.1, 35.1.2, 35.1.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ баталсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 00000-№00/2016 дугаар бүхий зөвшөөрөл хууль бус болохыг тогтоож хүчингүй болгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: М Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0294 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт, хууль журмыг буруу дүгнэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны зөрчин техникийн ерөнхий нөхцөлийг бүрдэл дутуу гэж үзэн шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын А хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 6 дугаар зүйлийн 6.3-т заасан бүрдлийг хангасан тохиолдолд зөвшөөрлийг олгодог.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 6 дугаар зүйлийн 6.12-д зааснаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг захиалагчийн хүсэлтийг үндэслэн барилга угсралтын ажлыг үе шатаар олгож болно гэж заасан байдаг.
Иргэн Ж.Г нь №63/2016 дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахдаа дээрх тогтоол, журамд дурдсан бүрдлийг бүрдүүлэн ирсэн тул холбогдох зөвшөөрлийг авсан болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
М Н ХХК-аас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 00000-№36/2016 дугаар бүхий зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ... газрын хил хязгаар давхцаагүй боловч Ж.Г барилга барихдаа суурийн хэсгээр 1,27 мкв, агаарт тагтны хэсгээр 4,81 мкв хэмжээгээр хөрш М Н ХХК-ийн эзэмшил газрын хил хязгаарыг зөрчсөн болохыг тогтоосон. Ингэж зөрчих болсон шалтгаан нь баригдах барилгын байршлыг дур мэдэн өөрчилсөнтэй холбоотой ... гэж, хариуцагчаас ... иргэн Ж.Г-д олгосон зөвшөөрөл нь холбогдох хууль, дүрэм, журамд нийцэж гаргасан захиргааны акт ... хэмээн тайлбарлан маргасан байна.
Нийслэлийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай 301 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 39 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунган баталгаажуулсан бөгөөд хавсралтын 38-д Ж.Г-д олгосон Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0,0988 га газар хамаарч байна.
Ж.Гансүх нь тухайн байршилд 24,8х12,8 м хэмжээтэй зоорь, 12 давхар орон сууцны барилга барих 2014/1094 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөө, эх загвар зургийг батлуулж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хуульд заасан шаардлага хангасан гэж үзэн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгожээ.
Тус зөвшөөрлийн үндсэн дээр иргэн Ж.Г-ийн захиалгаар Б Ө ХХК 88 айлын 12 давхар орон сууцны барилга барихаар газар шорооны ажил эхлүүлснээр нэхэмжлэлд дурдагдсан зөрчлүүд илэрсэн тул М Н ХХК-аас Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын захиалагч, гүйцэтгэгч нар нь дур мэдэн барилгын тэг тэнхлэг өөрчилснөөс болсон гэх гомдлыг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлэхэд хариуцагчаас ... танай компанийн газрын суурь хэсгээр 1,27 мкв, агаарт тагтны хэсгээр 4,81 мкв талбай орсон болохыг Б Ө ХХК ойлгосон бөгөөд нураасан хашаа болон бусад зөрчөө арилган 2 компани хоорондоо тохиролцох 10 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн болох нь хариу хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна.
Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ: 7.1.1.барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна: ... 14.1.4.зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй гэж тус тус заажээ.
Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02-07-092/1002 дугаартай дүгнэлтээр ... Батлагдсан ажлын зураг төслөөр барилгын суурь нь тэнхлэгээрээ 24.80х12.80 м хэмжээтэй, баганан суурийн хэмжээ Х1-У1-У3, Х6-У1-У3 тэнхлэгээс гадагш тус бүрэлдэхүүн 1.10 м, зоорийн давхар гадна талаараа 25.0х13.40 м, зоорийн давхраас дээш дагуугийн чиглэлд 2 талдаа тус бүр 2.0 м өргөнтэй консоль гаргаснаар барилгын 1-3 дугаар давхар нь гадна талаараа 24.80х16.80 м, барилгын нийт давхар буюу 2-12 дугаар давхарт консолиос гадагш 1.20 өргөнтэй тагтыг барилгын хөндлөн дагуу 2 талдаа гаргасан байна. Энэ нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнээд, иргэн Ж.Г-ийн барилгын ажил гүйцэтгэгч Б Ө ХХК-д зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн байна.
Түүнчлэн тухайн барилгын тэг тэнхлэгийг, барилгажих талбайн өөр хэсэгт шилжүүлэхдээ эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөл шийдвэргүйгээр гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байхад хариуцагчаас Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.1.нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих; 35.1.2.барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх; 35.1.3.барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих; бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
М Н ХХК-аас Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 00000-№36/2016 дугаар бүхий зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс маргаан бүхий акт нь хуульд заасан журмын дагуу гарсан эсэхийг шалгаж, уг барилгын ажлыг эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай техникийн нөхцөл бүхий магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй гэж дүгнэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт гэж үзэхээргүй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0294 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ