Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 700

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Хашхан” ХХК

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороонд

Гуравдагч этгээд: “Харшийн гэгээ” ХХК

Нэхэмжлэгчийн шаардлага: “Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/356 дугаартай дүгнэлт үндэслэлтэй болохыг тогтоолгох, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/2832 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, хариуцагчаас гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэжээ.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгч “Хашхан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ишжамц, Б.Цолмонтуяа, Б.Отгонсүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батмөнх нар тус шүүх хуралдаанд оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хашхан” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:  “Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр зарласан III.1.3.1 “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төвийн тоног төхөөрөмж (Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг) нэр бүхий Багц 4: “Сургалтын төвийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж”-тендерт манай “Хашхан” ХХК нь оролцохоор шийдвэрлэсэн. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр уг тендерийн ажлыг 142,517,000 /нэг зуун дөчин хоёр сая таван зуун арван долоон мянган/ төгрөгөөр уг тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр материал бүрдүүлж өгсөн.

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Худалдан Авах Ажиллагааны Газрын 1/356 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг манай компанид хүргүүлсэн. Мэдэгдэлд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ

худалдан авах тухай хуулийн 29.2-т заасны дагуу энэхүү мэдэгдэлийг хүлээн авсанаас

хойш ажлын 5-с доошгүй хоногийн дараа гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх заалт тусгагдсан байсан. Гэтэл Худалдан Авах Ажиллагааны Газар “Харшийн гэгээ” ХХК-ний гомдлыг хянаад 2016 оны 05 дугаар сарын 3-ны өдрийн 5/2832 дугаар мэдэгдэлээр тендер шалгаруулалтын үнэлгээгээр дахин хийлгэх тухай Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтын гарын үсэгтэй албан тоот ирүүлсэн байна. Үүнийг үндэслэж Худалдан Авах Ажиллагааны Газрын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/451 дугаар албан бичгээр:... танай компаний ирүүлсэн тендер шаардлагад нийцэж байгаа

боловч “хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийг хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.78.3-т заасны дагуу татгалзаж байна гэсэн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэч Н.Отгонбаярын гарын үсэгтэй албан бичиг ирсэн.

Уг 1/451 дугаар мэдэгдэлд дурдсанаар “Харшийн гэгээ”ХХК нь 2014 онд тухайн

тендертэй ижил төстэй гүйцэтгэсэн 2 ажлын (“Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн

биеийн тамирын техник хэрэгсэл, самбар нийлүүлэх 26,9 сая, “Тэмүүжин өрлөг” бүрэн

дунд сургуулийн тавилга хэрэгсэл нийлүүлэх-24,9 сая төгрөг нийт 51,8 сая төгрөг)

нийлбэр дүн нь тухайн тендерийн шалгуурт тавигдсан болзлыг хангаж байна гээд

“Харшийн гэгээ” ХХК-ийг шалгаруул гэсэн байна.

Энэ нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны

(ТОӨЗ)-ны 18.1-ийн (г)-д “ Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын аль нэг жилд багц

тус бүрт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байна” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад хангасан мэтээр илт нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Хашхан” ХХК-ийг тендерт шалгарч гэрээ байгуулах эрх олгох тухай Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/356 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлтэй болохыг тогтоож, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/2832 дугаар, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/451 дугаар тендер шалгаруулалтын тухай тус тус дүгнэлтийг хүчингүйд тооцож, Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/356 дугаар мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Худалдан авах ажиллагааны газар /хуучнаар/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/22 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо III.1.3.1 “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төвийн тоног төхөөрөмж (Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг) төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарлаж. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 10 минутанд нээлт хийхэд Багц 4 тендерт “Хашхан” ХХК, “Сүвэн Уул" ХХК, “Таван наран арвижих” ХХК, “Женерал Теч” ХХК, “Хасу Энержи Интернэшнл” ХХК, “Харшийн гэгээ" ХХК-иуд тендер ирүүлсэн.

Үнэлгээний хороо 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж Багц 4 тендерт Хашхан ХХК-ийг хуулийн 28.7.4-т заасны дагуу “хамгийн сайн үнэлэгдсэн” тендер гэж үзсэн үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн саналтайгаар хурлын шийдвэр гарч, тайлан, зөвлөмжийг бэлтгэн захиалагчид хүргүүлж, 2016 оны 04 сарын 18-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн боловч Сангийн яаманд 2016 оны 04 сарын 26-ны өдөр гомдол гарч холбогдох материалыг хүргүүлэхэд 2016 оны 05 сарын 03-ны өдөр дахин үнэлэх тухай шийдвэрийг манайд ирүүлсэн. Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлгээний хороо 2016 оны 05 сарын 10-ны өдөр дахин хуралдаж “Харшийн гэгээ” ХХК нь ижил төстэй ажлын шаардлагыг хангаж байсан тул хамгийн бага харьцуулах үнэтэй “Харшийн гэгээ” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн саналтай хурлын шийдвэр гарч, 2016 оны 05 сарын 10-ны өдөр захиалагчид тайлан зөвлөмжийг хүргүүлж, 2016 оны 05 сарын 18-ны өдөр гэрээ байгуулагдсан.

“Хашхан” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер оролцогчоос  өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу татгалзаж шийдвэрлэсэн болно.

Дээрх тайлбар болон нотлох баримтуудыг үндэслэн “Хашхан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хариу тайлбартаа: “...Худалдан авах ажиллагааны газраас зарласан ХААГ/2016/111.1.3.1 дугаар бүхий “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ нийлүүлэх” нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон “Харшийн гэгээ” ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол ирүүлснийг захиалагчийн тендерийн баримт бичиг, оролцогч компаниудын ирүүлсэн тендер, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл зэрэг холбогдох бусад материалд үндэслэн хянан үзээд “Харшийн гэгээ” ХХК-ийн 2014 онд тухайн тендертэй ижил төстэй гүйцэтгэсэн 2 ажил (“Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн биеийн тамирын техник хэрэгсэл, самбар ниййлүүлэх-26.9 сая, “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн тавилга хэрэгсэл нийлүүлэх-24.9 сая төгрөг нийт 51.8 сая төгрөг)-ын нийлбэрийг тооцож үзэхэд тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны 18.1-ийн (г)-д “Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын аль нэг жилд багц тус бүрт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байна” гэж заасан шаардлагыг хангаж байх тул тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй байх тул дээрх тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журмын дагуу дахин хийхийг Захиалагчид Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 5/2832 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Мөн захиалагчийн зүгээс дахин үнэлгээ хийсэнтэй холбогдуулан “Хашхан” ХХК-иас гомдол ирүүлсэн бөгөөд дээрх тендер шалгаруулалтын талаарх гомдлыг хянан үзээд үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 5/2832 тоотоор мэдэгдсэн нь тус яамны эцсийн шийдвэр бөгөөд хуулийн 56.1-д заасны дагуу тендер шалгаруулалттай холбогдох асуудлаар шүүхэд хандахыг 2016 оны 5 дугаар сарын 17-ныөдрийн 5/3228 тоот албан бичгээр зөвлөсөн билээ.

Хуулийн 19.2-т “Захиалагч тендерийн баримт бичигт тендер оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож

байгаа гэрээний нөхцлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтуудыг тусгана” гэж заасан бөгөөд тендерийн жишиг бичиг баримтын дагуу тендерт оролцогчид материалаа ирүүлэх ёстой байдаг. Хуулийн 27.3-т заасны дагуу тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үздэг.

Харин энэ тендер шалгаруулалтад оролцогч хамгийн сайн гэж үнэлэгдэн гэрээ байгуулах эрх олгогдсон “Хашхан” ХХК нь захиалагчийн дахин үнэлгээгээр шаардлага хангахгүй байсан.

Иймд дээрх компани нь тендерийн баримт бичигт заасан бүх нөхцөл шаардлагыг нэгэн зэрэг хангахгүй тул шаардлагад нийцсэн тендер гэж үзэхгүй бөгөөд хуулийн 27.4-т заасны дагуу уг тендерээс татгалзах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Харшийн гэгээ” ХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний үндэслэлдээ: “...Харшийн гэгээ ХК нь Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зарласан ХААГ-2016/ III.1.3.1 дугаар бүхий 1.3.1 “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төвийн тоног төхөөрөмж (Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг)-ийг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах /Багц4- Сургалтыи төвийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж/ тендерт оролцсон болно.

Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны 1/350 дугаар бүхий мэдэгдлийн дагуу манай компанийн тендерээс “тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30%-иас /48 сая төгрөг/ багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх шаардлагыг хангаагүй” гэсэн шалтгаанаар татгалзсан албан тоот ирсэн. Бид тухайн тендерт хамгийн бага үнийн санал буюу 141 013 800 /нэг зуун дөчин нэгэн сая арван гурван мянга найман зуун/ төгрөг хүргүүлсэн ба 2014 онд Тэмүүжин өрлөг дунд сургуульд техник, тоног төхөөрөмж нийлүүлэх нэг тендерийн 2 багцыг гүйцэтгэсэн /багц тус бүр дээр гэрээ байгуулсан/ тэрхүү багцуудын үнийн дүн /26,920,000 + 24,885,000 = 51,805,000 төгрөг/ нийлээд тухайн тендерийн ТОӨЗ 18.1 (г)-д заасан “Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын аль нэг жилд багц тус бүрт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30%-иас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байна” гэсэн шаардлагыг бүрэн хангаж байсан бөгөөд дээрх албан тоотын татгалзсан шалтгаан нь үндэслэлгүй байсан тул 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 120/2016 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан. Тус гомдлыг Сангийн яам хүлээн авч манай компанийн тендерээс татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/2832 тоот албан бичгийг хүргүүлсэн тул, Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1/453 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл ирүүлсэн.

Тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор “Хашхан” ХХК-ийн Нийслэлийн

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэхэд ТОӨЗ 18.1 (г)-д заасан

“Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын аль нэг жилд “багц тус бүрт” тендерт санал

болгож буй үнийн дүнгийн 30%-иас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай

байна” гэдэг нь тухайн тендерийн багц /тус тендер нь 5 багцтай/ тус бүрийг хэлж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл энэхүү шаардлага нь тус тендерийн 5 багцын ерөнхий заалт тул 1 компани хэдэн ч багцад орсон “тухайн багц бүртэй санал болгож буй үнийн дүнгийн 30%-иас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна” гэсэн утгатайг “Хашхан” ХХК нь гүйцэтгэсэн ажлын багц тус бүрийн үнийн дүн хэмээн эндүүрсэн байна. 

Иймд “Хашхан” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас гаргасан  хүсэлт зэргийг шинжлэн судалж үнэлээд  дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Хашхан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Хашхан” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Алтанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тодруулж “Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/356 дугаартай дүгнэлт үндэслэлтэй болохыг тогтоолгох, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/2832 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, хариуцагчаас гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага гаргасан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Харшийн гэгээ ХХК-ийн 2014 онд хийж гүйцэтгэсэн ажил нь нийлбэр дүнгээрээ 51,8 сая төгрөгийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэх боловч энэ нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1.г хэсэгт заасан “сүүлийн 2 жил буюу 2014 2015 онуудын аль нэг жилд багц тус бүрт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байна” гэсэн шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан...” гэж, хариуцагч нар болон гуравдагч этгээдээс “...Харшийн гэгээ ХХК нь дээрхи шаардлагыг хангаж байгаа...” гэж тодорхойлон тус тус маргав.

Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/22 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооноос Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ төсөл, арга хэмжээний  нийлүүлэгчийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зарлаж 4 дүгээр сарын 01-ний өдөр нээлт хийхэд Багц-4 тендерт Хашхан ХХК 142 517 000 төг,  Сүвэн Уул ХХК 144 250 733 төг, Таван наран арвижих ХХК 147 542 010 төг, Женерал Теч ХХК 146 636 435 төг, Хасу энержи интернэшнл ХХК 151 803 300 төг, Харшийн гэрээ ХХК 141 013 800 төгрөгийн үнийн санал бүхий тендер ирүүлжээ.

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ ажлын багц-4- Сургалтын төвийн тавилга эд хогшил, тоног төхөөрөмж, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын үнэлгээний хорооны тайлан, Үнэлгээний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаар хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл уг тендерийн Багц-4т Хашхан ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн, хамгийн бага үнийн саналтай тендер ирүүлсэн гэж үзэж гишүүдийн 100 хувийн саналаар шалгаруулснаар Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орон гүйцэтгэгч Н.Отгонбаярт 4 дүгээр сарын 13-ны өдөр 01 дугаар бүхий Зөвлөмжийг хүргүүлж улмаар Харшийн гэгээ ХХК-ийг “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1-ийн “г” Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзан байна.

Үүнийг үндэслэн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Отгонбаяр 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/356 дугаар бүхий “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг Хашхан ХХК-д, 1/350 дугаар бүхий “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Харшийн гэгээ” ХХК-д татгалзсан тухайгаа тус тус мэдэгджээ. 

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Харшийн гэгээ ХХК-иас Сангийн яаманд хандаж гомдол гаргасны дагуу хянаад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/2832 дугаар “Тендер шалгаруулалтын тухай” албан бичгээр “Харшийн гэгээ ХХК-ийн 2014 онд тухайн тендертэй ижил төстэй гүйцэтгэсэн ажил /Тэмүүжин өрлөг  бүрэн дунд сургуулийн биеийн тамирын техник хэрэгсэл, самбар нийлүүлэх-26,9 сая, тус сургуулийн тавилга хэрэгсэл нийлүүлэх-24,9 сая төгрөг нийт 51,8 сая төгрөгийн нийлбэр нь Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1-ийн “г” Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын аль нэг жилд багц тус бүрт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байна” гэсэн шаардлагыг хангаж байх тул тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй байна” гээд тендерийн үнэлгээг дахин хийхийг мэдэгджээ.  

Нэхэмжлэгч уг албан бичгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн дагуу мөн зүйлийн 52.1.7-д зааснаар гомдлыг хянаад мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар гаргасан шийдвэр байх бөгөөд дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрхи мэдэгдлийн дагуу Үнэлгээний хорооны гишүүд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж Багц-4 төсөл арга хэмжээний үнэлгээг дахин хийснээр Харшийн гэгээ ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж шалгаруулан Хашхан ХХК-ийг шаардлагад нийцэж байгаа боловч тендерт оролцогчдоос өндөр үнийн санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзаж энэ тухай 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/453 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл”-ийг Харшийн гэгээ ХХК-д, мөн өдрийн 1/451 дугаар албан бичгээр Хашхан ХХК-д тус тус мэдэгдэл хүргүүлсэн байна.

Түүнчлэн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Онцгой байдлын Ерөнхий газар Харшийн гэгээ ХХК-ийн хооронд Худалдан худалдан авах гэрээ байгуулагдан улмаар гэрээний хэрэгжилт дууссан үйл баримтууд тогтоогдов. 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Тендерийн баримт бичиг болон Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1.г “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын аль нэг жилд багц тус бүрт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байна, бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн акт, захиалагч байгууллагын тодорхойлолтыг хавсаргаж ирүүлнэ” гэж заажээ.

Харшийн гэгээ ХХК нь 2014 онд Тэмүүжин өрлөг  бүрэн дунд сургуулийн биеийн тамирын техник хэрэгсэл, самбар нийлүүлэх-26,9 сая, тус сургуулийн тавилга хэрэгсэл нийлүүлэх-24,9 сая төгрөг, нийт 51,8 сая төгрөгийн үнэ бүхий нэг тендерийн 2 багц ажлыг гүйцэтгэсэн байх ба уг ажлын нийлбэр нь Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1-ийн “г” заалтын “сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын аль нэг жилд багц тус бүрт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байна” гэсэн шаардлагыг хангаж байсан нь тогтоогдсон, тухайн тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн байх тул энэ үндэслэлээр “Харшийн гэгээ” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “багц тус бүр” гэдгийг Харшийн гэгээ ХХК-ийн 2014 онд хийж гүйцэтгэсэн 2 ажил нь тус бүрдээ 30 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй гэж мэтгэлцэж байх боловч тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1.г-ын “багц тус бүр” гэх заалт нь 5 багцтай одоогийн маргаж буй тендерийн тухайд яригдах асуудал болохын хувьд 2014 онд Харшийн гэгээ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 51,8 сая төгрөгийн ажил нь Багц-4-ийн үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байх шаардлагыг хангаж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Онцгой байдлын Ерөнхий газар болон Харшийн гэгээ ХХК-ийн хооронд байгуулагдсан “Худалдан худалдан авах гэрээ” нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хашхан” ХХК-иас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хороо, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН