Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 64

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганхуяг,

шүүгдэгч Б.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:      

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Цагаан туг овогт Батаагийн Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний 36 дугаар магадлалтай эрүүгийн 201601080143 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 34-234 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УЕ69030875 дугаартай, Цагаан туг овогт Батаагийн Баярсайхан нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 12-оос 13 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 56-19 тоот хашаанд иргэн Э.Бат-Эрдэнийг зүүн нүүрэн тус газар цохисноос зүүн нүдийг сохолж хараагүй болгон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баярсайхан нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 56-19 тоотод оршин суух Т.Лхагвасүрэнгийнд Э.Бат-Эрдэнэ, Б.Цагаанбаяр нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа 13 цагийн орчимд Э.Бат-Эрдэнэ Б.Цагаанбаяр нар хоорондоо маргалдан гэрээс гарч зууралдахад Э.Бат-Эрдэний нүүр рүү цохисны улмаас түүний зүүн нүд сохорсон үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баярсайханы өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би хохирогч Бат-Эрдэнэ, Цагаанбаатар нартай хамт архи уусан. Би Бат-Эрдэнийг цохиж зодоогүй. Тухайн өдөр Бат-Эрдэнэ намайг эмнэлэгт дагуулж очоод ээждээ “намайг зодсон” гэж хэлсэн байсан. Хэрэг гарсны дараа хохирогч цагдаагийн байгууллагад Лхагвасүрэнгийн дүү нарын хамт очиж мэдүүлэг өгөхдөө “намайг цохисон” гэж мэдүүлсэн. Үүний дагуу эрүүгийн хэрэг үүссэн” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Бат-Эрдэний өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ...архи арай дуусаагүй байхад Баярсайхантай би хамаатныхаа хүнээс болж бага зэрэг маргалдсан юм. Гэтэл гэнэт Цагаанбаяр босож ирээд над руу дайраад чи муу яах гээд томроод байгаа юм бэ үзэх үү чи муу гээд босоод ирэхээр нь би барилцаад автал Лхагваа гэрт зодолдохгүй шүү гар гээд тэгэхээр нь би бид нар гараад гэрийнх нь баруун талд очоод Цагаанбаяр бид хоёр барилцаж аваад намайг цохих гээд чадаагүй ингээд байж байтал миний зүүн талаас Жоноо буюу Баярсайхан ирэхээр нь би Цагаанбаяр бид хоёрыг салгах гэж байна гэж дотроо бодоод байж байтал шууд миний нүдний шилтэй зүүн талын нүд рүү гараараа цохиод авсан энэ үед миний зүүн нүд юу ч харахгүй харанхуй болоод юм урсаад би доошоо тонгойход цустай шингэн зүйл гоожоод нөгөө нүднээс нулимс гараад сайн харагдахгүй би орилоод байж байхад Цагаанбаяр миний толгой руу хальт 2, 3 удаа өшиглөхөд Лхагваа ирж салгаад намайг нүдээ дарж байхад гаднаас эмэгтэй цагдаа орж ирсэн ба энэ үед Баярсайхан зугтаагаад явчихсан байсан” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 12-18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Т.Лхагвасүрэнгийн өгсөн: “Бат-Эрдэнэ Цагаанбаяр хоёр хоорондоо барилцаад авчихсан байхад  Баярсайхан хажуугаас нь очоод Бат-Эрдэний нүүр рүү нь цохичихсон тэгтэл нүдний шил нь газар унаад нүдээ дараад орилоод доошоо суухад зүүн талын нүднээс цус гоожиж байсан. Баярсайханы цохилтоос болоод нүд нь эвгүй болчихсон” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 19-20 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мягмартуяагийн өгсөн: “эргүүлийн үүрэг гүйцэтгэж Нисэхийн 56-р гудамж 19 тоотод очиход хашаан дотор хүмүүс зууралдаад байхаар нь яваад ортол Бат-Эрдэнэ машин налаад суучихсан зүүн нүднээс нь цус гарчихсан нүд харахгүй байна гэсэн ба Жоноо хэмээх Баярсайхан нүд рүү нь цохичихоод таныг хараад хашаа даваад зугтаачихлаа гэсэн” гэх мэдүүлэг,

            / 1хх-ийн 24-25 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад Б.Цагаанбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Бат-Эрдэнэ бид хоёр барьцалдаж аваад хоорондоо цохилцсон тэр үед Жоноо буюу Баярсайхан ах хажуугаас орж ирээд Бат-Эрдэний нүүр рүү цохиод авахад Бат-Эрдэнэ нүүрээ дараад доошоо суусан. Нэг харахад Бат-Эрдэний зүүн талын нүднээс цус гарч байсан ба хаалгаар цагдаа ороод иртэл Жоноо ах гэрийн араар ороод зугтаачихсан юм” гэх мэдүүлэг,                                                 

            /1 хх-ийн 67-68,71-73 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08шэ/169 дугаар:

“1. Бат-Эрдэнийн биед зүүн нүдний салст нэвтэрч цөцгий урссан шарх, зүүн нүдний алимыг авах мэс заслын дараах байдал /2016.03.30 хагалгааны дараах байдал/ зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн нүдний салст нэвтэрч цөцгий урссан шарх, зүүн нүдний алимыг авах мэс заслын дараах байдал /2016.03.30 хагалгааны дараах байдал/ гэмтэл нь ир ирмэг бүхий хатуу зүйлийн үйлчлэлээр, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтлийг тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой.

4. Бат-Эрдэнийн биед зүүн нүдний салст нэвтэрч цөцгий урссан шарх, зүүн нүдний алимыг авах мэс заслын дараах байдал /2016.03.30 хагалгааны дараах байдал/ зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт,

            /1 хх-ийн 113 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1134 дүгээр:

“1. Шинжээч эмч С.Төгсбуянгийн 2016.04.05-ны өдрийн №08 шэ/169 тоот дүгнэлттэй санал нэг байна.

2. 3. Э.Бат-Эрдэний биед зүүн нүдний салст нэвтэрч цөцгий урссан шарх, зүүн нүдний алимыг авах мэс заслын дараах байдал /2016.03.30 хагалгааны дараах байдал/ зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

4. 7. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нүдний шилний нуух болон нуухыг тогтоосон төмөр хэсгээр  /хавтас хэргийн материалын 7-р хуудас/ дээрхи гэмтэл үүсэх боломжтой.

5. 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

8. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.” гэх дүгнэлт,

/1 хх-ийн 156-157 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 642 дугаар:

“1. Урьд гаргасан №08 шэ/169, нэмэлтээр гаргасан №08 шэ/169, бүрэлдэхүүнтэй гаргасан №1134 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. Э.Бат-Эрдэнийн биед зүүн нүдний эвэрлэгийн урагдал, урагдсан шарханд судсан бүрхүүл, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, эвэрлэгийн урагдсан шархыг хайчлан авч судсан бүрхүүлийг чөлөөлж, нүдний доторх агуулагдахууныг авсан хагалгааны дараах байдал /2016.03.30/, зүүн нүдний алимгүйдэл /анофтальм/, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь 2016.04.08-ны өдрийн МRI-н шинжилгээнээс үзэхэд 2016.03.29-ний өдөр үүссэн байх боломжтой байна.

5. Дээрх зүүн нүдний эвэрлэгийн урагдал, урагдсан шарханд судсан бүрхүүл, солонгон бүрхүүлийн хавчуулагдалт, эвэрлэгийн урагдсан шархыг хайчлан авч судсан бүрхүүлийг чөлөөлж, нүдний доторх агуулагдахууныг авсан хагалгааны дараах байдал /2016.03.30/, зүүн нүдний алимгүйдэл /анофтальм/ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх зүүн нүдний алимгүйдэл /анофтальм/ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

            /2 хх-ийн 31-33 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад шинжээч С.Төгсбуянгийн өгсөн: “Э.Бат-Эрдэнэд үзлэгээр зүүн нүдний салст нэвтэрч цөцгий урссан, шарх, зүүн нүдний алимыг мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдсон. Энгийн үгээр хэлбэл хохирогчийн зүүн талын нүд бүрэн авагдаж хараагүй болсон. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Энэ гэмтэл нь нүдний шилний нуух хэсгийн ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 32-33 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 4-7 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт судалсан хохирогч Э.Бат-Эрдэнэ, гэрч Т.Лхагвасүрэн, Б.Цагаанбаяр, Ц.Мягмартуяа нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Баярсайхан нь 2016 ны 03 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 56-19 тоотод 13 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Б.Цагаанбаяртай маргалдан барьцалдаж байсан Э.Бат-Эрдэний нүүрэн тус газар цохиж  зүүн нүдийг сохолж түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон, түүний үйлдлийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар оногдуулах ялын доод хэмжээг хөнгөрүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх болсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн дүгнэлтэндээ гэрч нарын мэдүүлгийн зөрүү арилаагүй, хэний үйлдлээс бусдын биед гэмтэл учирсан нь эргэлзээтэй, шүүгдэгч гэм буруугийн талаарх эцсийн мэдүүлэг болгон тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэсэн боловч эрүүгийн хариуцлагын дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэг тохиролдлын шинжтэй үйлдэгдсэн, түүнд хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч нь би хариуцлагаа хүлээнэ, миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хөнгөн ял оноож өгнө үү гэснийг харгалзан Б.Баярсайханд эрүүгийн хариуцлага оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хохирогч Э.Бат-Эрдэний гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт баримтаар эмчилгээний зардалд 745.865 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Баярсайханаас гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан туг овогт Батаагийн Баярсайханыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Баярсайханд 4 /дөрөв/  жил хорих ял  шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт зааснаар  Б.Баярсайханд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Баярсайханы урьд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нүдний шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Баярсайханаас  745.865 /долоон зуун дөчин таван мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Бат-Эрдэнэд олгосугай.

7. Хохирогч Э.Бат-Эрдэнэ нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баярсайханд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ