Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/42

 

                                          Д.Б-д холбогдох эрүүгийн

                                                            хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Л.Наранхүү

            Шүүгдэгч Д.Б

            Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-д холбогдох эрүүгийн 2134000720188 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Жаргалант суманд 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, 2 хүүхэд, 5 дүүгийн хамт Улаанбаатар хот, ... дүүрэг, ..... дүгээр хороо .... 17 дугаар гудамж ../А тоот оршин суух хаягтай, урьд:

         Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

         Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих,

         Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Д Б,

Д.Б нь фэйсбүүк чат болон 89070952 дугаарын утсаар иргэн Д-тэй холбогдон “идэшний үхэр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 5009901089 дугаар дансаар 2020 оны 10 дугаар сарын 05-аас 06-ны өдрийн хооронд 350.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 217 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б-аас нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дд олгож, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх, Л.Наранхүүгийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 223/Б дугаар яллах дүгнэлтийг хүлээн авч танилцахад нотлох баримтыг хуурамчаар үйлдэж яллах дүгнэлт үйлдсэн, хэрэгт авагдсан нотлох баримттай асар их зөрүүтэй байдаг. Хуурамч нотлох баримт бүрдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 жилийн хорих ялыг тулгаж сонсгосонд миний бие үнэхээр гомдолтой байгаа тул гомдлыг минь хүлээн авна уу.

 

1. Яллах дүгнэлт дээр бичигдсэн гэрч болох А.Т гэх хүнээс мэдүүлэг авсан байдаг. Би Д.Б-ын данс руу идэшний үхэр авах зорилготой түлшний мөнгө явуулаад өгөөч гэхээр нь 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр над руу буцаагаад 125.000 төгрөг шилжүүлсэн. Д.Б нь 125.000 төгрөг шилжүүлэхээс өмнө надтай ерөөсөө холбогдоогүй байж байгаад би тус мөнгийг нэхэж авсан. Уг нь бол би 150.000 төгрөг Д.Б руу шилжүүлсэн өдөр Д.Б надад үхэр авч ирж өгөх байсан гэсэн  мэдүүлэг өгсөн байдаг.

1.1 Гэрч А.Т-ын хэлж яриад мэдүүлэг өгөөд байгаа зүйлүүд бүгд худлаа байдаг. Д.Б-ын Хаан банк дахь 5009901089 тоот данснаас Хаан банкны 51390765565 тоот харилцах данс руу 2 удаагийн гүйгээгээр 175.000 төгрөг орсон байдаг. Хаан банкны 5139076556 тоот харилцах дансны эзэмшигч нь О.Отгончимэг байдаг атал энэ хэрэгт ямар ч хамааралгүй А.Т гэх хүнээс мэдүүлэг авч байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн байдаг. Гэрч А.Т нь худлаа яриад байгаа нь тодорхой байдаг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас тэс өөр зүйл яриад байгаа нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байдаг.

Үүнд: 1.2. 1 дүгээр хавтаст хэргийн 68, 69 хуудсанд байгаа Д.Б-ын Хаан банк дахь 5009901089 тоот дансны хуулга дээр 2022 оны 10 дугаар сарын 06-ны 14 цаг 50 минутад 5139076556 тоот данс руу үхэр Д.Баас гэсэн гүйлгээний утгатай 125.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны 18 цаг 14 минутад 5139076556 тоот харилцах данс руу үхэр Д.Б-аас гэсэн гүйлгээний утгатай 50.000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдон тогтоогдож байхад хуурамч нотлох баримтаар хүн яллаж байгаад гомдолтой, энэ гэрчийн яриад байгаа зүйл нь худлаа гэдэг тогтоогдож байдаг.

О.Отгончимэг гэх хүний данс руу 175.000 төгрөг орсон нь нотлогдож байхад прокурор яллах дүгнэлт дээр хуурамч нотлох баримт бичиж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байгааг анхан шатны шүүх хянан үзэж засуулаагүй, шууд хорих ял шийтгэсэнд гомдолтой байгаа тул гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Гэрч А.Т нь 150.000 төгрөгийг Д.Б руу шилжүүлсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг атлаа А.Т гэх хүний данснаас ямар гүйлгээний утга болон Д.Б-ын Хаан банкны ямар дансанд мөнгө шилжүүлсэн гэдэг нь тодорхой бус байдаг болон мөнгө шилжүүлсэн гэх нотлох баримт энэ хүнд огт байдаггүй. Гэрчийн хэлээд байгаа Хаан банкны 5139076556 тоот харилцах дансны эзэмшигч О.Отгончимэгээс 175.000 төгрөг ямар учиртай мөнгө вэ гэдгийг шалгаж асууж мэдүүлэг авалгүй орхигдуулсан байдаг. Миний бие А.Т гэх хүнээс 150.000 төгрөгийг авлаа гэж бодоход буцаагаад 20.000 илүү хийхгүй байсан, А.Т гэх хүн ямар учиртай хүн болчхоод 125.000 төгрөг нэхэж явсан гээд худлаа яриад байгааг тогтоох шаардлагатай байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон А.Т-ын хэлж яриад байгаа зүйлүүд хоорондоо асар зөрүүтэй байдаг нь нотлох баримтуудаар тогтоогдож байхад прокурор худал хуурмаг зүйл бичин нотлох баримт болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

 

Прокурор, мөрдөгч нар дансанд үзлэг шалгалт хийсэн атлаа нотлох баримтыг дутуу үлдээж шалгасан байдаг. Д.Б-ын Хаан банкны 5009901089 тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхдээ О.Отгончимэгийн Хаан банкны 5139076556 тоот харилцах данс руу 2 удаагийн гүйлгээгээр хийсэн үхэр Д.Баас гэсэн утгатай 125.000 төгрөг болон үхэр Д.Баас гэсэн утгатай 50.000 төгрөгийг шалгаж үзэхдээ 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 14 минутад О.Отгончимэгийн 5139076556 тоот данс руу шилжүүлсэн үхэр Д.Б гэсэн утгатай 50.000 төгрөгийг орхигдуулсан байдаг. Прокурор, мөрдөгчид н.Отгончимэг гэх хүний данс руу 175.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлээд байхад тийм баримт байхгүй байна, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон дансанд үзлэг хийхэд чиний данснаас 125.000 төгрөг н.Отгончимэг гэх хүний данс руу шилжүүлсэн байна гээд худлаа яриад байдаг. Анхан шатны шүүхэд хүсэлт гаргаад хавтаст хэргийн материалтай танилцахад О.Отгончимэг, Т.Гэрэл гэх хоёр хүний данс руу нийт 275.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Дээрх мөнгө шилжүүлсэн гэх хоёр хүнээс мэдүүлэг аваагүй байж энэ хэрэгт ямар ч хамааралгүй болон хэд хэдэн удаагийн гүйлгээгээр мөнгө шилжиж орсныг хүртэл мэдэхгүй хүнээс мэдүүлэг авч нотлох баримт болгож байгаад гомдолтой байна.

 

Эрүүгийн 2134000720188 дугаар хэрэгт хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Л.Наранхүү нь гэрчийн мэдүүлэг нь хуурамч, нотлох баримт хангалтгүй байхад яллах дүгнэлт үйлдэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Прокурорын яллах дүгнэлт дээр бичигдэж байгаа нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай асар их зөрүүтэй болон гэрчийн хэлж ярьж байгаа мөнгөн дүн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас тэс өөр байдаг тул үүнийг үнэн зөвөөр шалган тогтоож өгнө үү. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шударга ёсны зарчим огт хэрэгжихгүй, нэг талыг баримталж шүүх шийдвэр гаргаж байгаад гомдолтой байгаа тул гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

 

Төв аймаг дахь Цагдаагийн газар болон Төв аймгийн Прокурорын газарт хэргийг нэгтгэж өгөөч гэсэн хүсэлт, гомдол гаргахад хариу өгөөгүй болон Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч руу залгахаар утсаа авахгүй яллагдагчаар татах саналаа прокурорт өгсөн гэж худлаа ярьсаар байгаад хэргийг авч үлдээн хорих ангиас дуудлагаар авч ирж дахин хорих ялаар шийтгэж, эрх зүйн байдлыг минь дордуулж 2 удаа хорих ял шийтгэж байгаад гомдолтой байна.

 

2. Шийтгэх тогтоолын Удиртгал хэсэгт 2029 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 100 дугаартай гэж бичсэн болон анхан шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрмөрөн даргалж гэж бичсэн атлаа шийтгэх тогтоолын 13 дахь хуудсанд даргалагч шүүгч Ж.Дэлгэрмөрөн гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийг зөрчсөнд гомдолтой байна.

 

3. Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 217 хоног хоригдсон байдаг байхад анхан шатны шүүхийн 2029 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэж шийтгэх тогтоол дээр бичигдэж байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөлийг бий болгож байгаад гомдолтой байна. Цагдан хоригдсон хоногийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2029 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тоолох юм бол нийт 5 жил 7 сар 24 хоног хоригдсон байх хугацаатай байхаар бичигдсэнд миний бие гомдолтой байгаа бөгөөд анхан шатны шүүхийн 2029 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хурал дээр нотлох баримтаар гаргаж өгөхөө илэрхийлж байна.

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байна гэх хуулийн шаардлага хангаагүй. Дээрх алдаа зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

4. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар захирамж гарч шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн 2134000720188 дугаар хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гээд 14 хоногийн хугацаатай нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамжаар шүүх хурлыг хойшлуулсан байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой М.Бат-Эрдэнэ явуулж дуусгаад 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 47/022-1109 дугаар албан тоотоор мөрдөн байцаах тасгийн дарга Цагдаагийн хошууч С.Эрдэнэбилэгийн гарын үсэг, тамга тэмдэгтэй хавсралт 188 хуудас нэмэлт ажиллагаа хийсэн материалыг Төв аймгийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор хууль цаазын шадар зөвлөх М.Буяннэмэхэд хүргүүлсэн байдаг. 3 дугаар хавтаст хэргийн хамгийн арын хуудсанд 3 гэсэн номертой байдаг болно.

 

Төв аймгийн Прокурорын газраас 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/441 дугаар албан тоотоор Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаад 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар шүүгчийн захирамжид заагдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлж, хийсэн ажиллагааны талаарх 173 хуудас материалыг хүргүүлэв гэсэн албан тооттой болон гарын үсэг, тамга тэмдэгтэй баримт бичгийн хамт шилжүүлсэн байдаг. Үүнийг нотолсон нотлох баримт 3 дугаар хавтаст хэргийн хамгийн арын хуудсанд 1 гэсэн номертой байдаг.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн материал Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргын албан тооттой хуудсан дээр хавсралт 188 хуудастай гэж бичиж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан материалыг Төв аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн байдаг. Төв аймгийн Прокурорын газар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан материалыг хүлээн аваад Ерөнхий прокурор нь гарын үсэг, тамга тэмдэгтэй албан тоот бичиж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн материалыг хүргүүлэхдээ материал 173 хуудастай гэж бичиж явуулсан байдаг. Нэмэлт ажиллагаа явуулсан материал дотроос 15 хуудас баримт бичиг алга болсон, дутуу байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны материал дотроос 15 хуудас баримт бичиг алга болсон ноцтой зөрчил гаргаж байгаа тул дээрх гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг болгосон хуулийн заалт биелэгдээгүй байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Баас гаргасан хүсэлтүүдэд хуулийн хугацаанд хариуг нь өгч байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Б-ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,  3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Д.Б нь фэйсбүүк чат болон 89070952 дугаарын утсаар иргэн Д-тэй холбогдон “идэшний үхэр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хаан банк дахь өөрийн нэр дээрх 5009901089 дугаар дансаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 06-ны өдөр 150.000 төгрөг буюу нийт 350.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаарх үйл баримт тогтоогдож байна.

3.1. Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д “...би идэшний үхэр сонирхоод явж байна гэхэд О.Д надад нэг сайн таньдаг хүн байгаа би тэр хүнээсээ асууж үзээд танд эргээд хариу хэлнэ гэж хэлсэн. Тэгээд удалгүй 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай ажил дээр О.Д ирээд надад гоо сайхны бараа өгөнгөө надад хандаж би нөгөө хүнээсээ асуусан шүдлэн үхэр зарна гэж байна гээд миний хажууд нөгөө үхэр зарж байгаа хүнтэйгээ холбогдоод шууд чатаар үхрийн зураг аваад надад харуулаад байхаар нь би нөхрөөсөө асуугаад хариу хэлье, би бол өөрөө хараад сайн мэдэхгүй байна гэж хэлээд тэр өдрийн оройн нь өөрийн нөхөртэйгөө уулзаад үзэхэд манай нөхөр найдвартай бол авчих, гэхдээ ийм хямдхан үхэр зарж байгаа нь сонин юм даа гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нөгөө үхэр зарах хүн над руу 89070952, 96052272, 95749876 дугаарын утсаар залгаад зөндөө юм ярьж байснаа эгчээ та надад 200.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 5009901089 гэсэн дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь бас нөгөө үхэр зарах хүн холбогдоод эгч та мөнгөтэй бол дахиад 150.000 төгрөг шилжүүлээч би малын гарал үүслийн бичиг авах гэсэн юм гээд хэлэхээр 5009901089 данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд үхэр авчирч өгөөгүй нөгөө хүний утасны дугаар нь холбогдохгүй байгаа..., ...би маш их гомдолтой байна, яасан ч хэргээ хүлээдэггүй хүн юм..., ...надад огт мөнгө төгрөг, хохирол өгсөн асуудал байхгүй...” /хх-ийн 1-р хавтас 30-32, 34-35, 3-р хавтас 158-р тал/ гэх,

Гэрч О.Д-гийн “...Д.Б надад хандаж үхэр зарж байгаа, үхэр авах хүн байвал мэдэж байгаарай гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гоо сайхны бараа өгөх гээд би Д эгчийн ажилладаг үсчин ороод би Д.Бын дугаар руу залгаад манай ажлын эгч үхэр авах гээд байна гэсэн чинь Д.Б үхрийн зураг миний фейсбүүк чат руу явуулсныг би Д эгчид үзүүлсэн чинь нөхрөөсөө асуугаад эргээд хариу хэлье гэсэн. Тэгээд удалгүй үхэр авахаар болохоор нь би Д.Бын дугаарыг өгч хооронд нь холбуулж өгсөн. Удалгүй Д эгч надад нөгөө Д.Б гэдэг хүн чинь үхрээ өгсөнгүй, одоо дугаар нь холбогдохгүй байна гэж хэлсэн...” гэх /хх-ийн 1-р хавтас 36, 43-44-р тал/,

Гэрч О.Т-ын “...Би Д.Б-ын данс руу идэшний үхэр авах зорилготой түлшний мөнгө явуулаад өгөөч гэхээр нь 150.000 төгрөг шилжүүлсэн. Тус өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр над руу буцаагаад 125.000 төгрөг шилжүүлсэн. Д.Б нь 125.000 төгрөг шилжүүлэхээсээ өмнө надтай ерөөсөө холбогдохгүй байж байгаад би тус мөнгийг нэхэж авсан. Уг нь бол би 150.000 төгрөг Д.Б руу шилжүүлсэн тэр өдөр надад үхэр авч ирж өгөх байсан...” гэх /хх-ийн 3-р хавтас 163-р тал/ мэдүүлгүүд,

Хохирогч Д нь Хаан банк дахь өөрийн 5721243926 тоот данснаас шүүгдэгч Д.Бын Хаан банк дахь 5009901089 тоот данс руу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 150.000 төгрөг буюу нийт 350.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулганууд /хх-ийн 1-р хавтас 68, 3-р хавтас 26-р тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр бусдад ойлгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох, эсхүл өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлэн эд хөрөнгийг нь өөртөө цахим хэрэгсэл болон бусад өөр арга хэрэгслээр шилжүүлэн авсан идэвхтэй хууль бус үйлдлээр илэрч тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хохирогчид буцаан өгөхгүй, хариу төлбөрийг төлөхгүй байх санаа зорилгыг агуулж байдгаараа өмчлөх эрхийн бусад хэргүүдээс ялгагдах онцлогтой.

Шүүгдэгч Д.Б нь гэрч О.Д-тай найзын харилцаатай болсон урьдын үйл явдлыг ашиглан өөрт байхгүй зүйл болох “...үхэр зарж байгаа, авах хүн байвал мэдэж байгаарай...” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж түүнд итгүүлэн О.Д-гаар дамжуулан түүнтэй ажил хэргийн холбоотой хохирогч Д-д Facebookээр /фэсбүүк/ үхрийн зураг үзүүлэн Д-өөс 350.000 төгрөгийг залилан авсан байх тул Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. 

5. Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлж, шүүгдэгч Д.Б-ыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох төрөл хэмжээний дотор ял оногдуулдаг учиртай.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д түүний үйлдсэн, прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний хүрээнд 2 жил хорих ял оногдуулан, уг ялд нь түүний өмнө нь буюу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44 тоот шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн хорих ялаас эдлээгүй үйлдсэн хугацаа болох 4 /дөрөв/ жил, 4 /дөрөв/ сар, 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг тогтоон, цагдан хоригдсон 217 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, үлдэх хэсгийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

7. Шүүгдэгч Д.Б “...анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шударга ёсны зарчимтай нийцээгүй, нэг талыг баримтлан шийдвэр гаргасан, би О.Отгончимэг гэх хүний данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 175.000 төгрөг шилжүүлсэн байхад тухайн хүнээс огт мэдүүлэг авалгүйгээр тухайн хэрэгт огт хамааралгүй гэрч А.Т-аас 150.000 төгрөг авсан гэж хуурамч нотлох баримт бүрдүүлэн мэдүүлгийг нь үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин ялласан, энэ үйлдэл холбогдлоо нэгтгүүлэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэхээр цагдаа, прокурорын байгууллагад хүсэлт гаргасан ч хүлээн авч шийдвэрлэн өгөөгүйгээс эрх зүйн байдал минь дордсон, шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт 2029 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 100 дугаартай гэж болон шүүх хуралдаан даргалагч шүүгч “Д.Дэлгэрмөрөн” гэж бичигдсэн атлаа тогтоох хэсэгт “Ж.Дэлгэрмөрөн” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг түр завсарлуулсан захирамжийн дагуу цагдаагийн байгууллагаас нэмэлт ажиллагаа хийж гүйцэтгэсэн 188 хуудас материалыг прокурорт хүргүүлсэн байхад прокуророос шүүхэд 173 хуудас материал хүргүүлж 15 хуудас нотлох баримт дутагдсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

7.1. Дээр дурдсанчлан шүүгдэгч Д.Б-ын үйлдэл, холбогдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба анхан шатны шүүх “...Д.Б нь бусдыг залилж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна...” гэж дүгнэн Д.Б-ыг гэм буруутайд тооцон, хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал, шударга ёсны зарчимтай нийцсэн байна.

7.2. Тухайн хэрэгт авагдсан гэрч А.Т-ын мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 163-р тал/, бусад бичгийн нотлох баримт болох дансны хуулгануудаас үзвэл Д.Б нь А.Т-т идэшний үхэр өгнө гэж түүнээс 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч үхрийг нь өгөөгүй учир түүнээс өгсөн мөнгөө буцаан нэхсэний дагуу Д.Б нь Хаан банк дахь өөрийн 5009901089 тоот данснаас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр А.Т-ын эхнэр О.Отгончимэгийн нэр дээрх Хаан банк дахь 5139076556 тоот данс руу 175.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн /хх-ийн 3-р хавтас 109-р тал/ нь үйл баримт тогтоогддог.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл прокуророос Д.Б-ыг дээр дурдсанчлан бусдаас 150.000 төгрөг авсан гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдээгүй байх тул хуурамч нотлох баримт бүрдүүлэн ялласан гэж үзэхгүй бөгөөд мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан прокурорын “...О.Отгончимэг нь гэрч А.Т-ын эхнэр бөгөөд эхнэрийнхээ дансаар дамжуулан хохирлоо буцаан авч хохирол төлөгдсөн учир түүний энэ үйлдэлд яллах дүгнэлт үйлдээгүй...” гэх тайлбарыг ч буруутгах хууль зүйн боломжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

7.3. Д.Б нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/44 тоот шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлэх үедээ Д-өөс 2020 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд 350.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдлээ нэгтгэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж байсан гэх нотлох баримт энэ хэргийн материалд авагдаагүй байх тул цагдаа, прокурорын байгууллагаас түүний гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэлгүй эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

7.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нөхцөл байдал нь дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээс зөрсөн тохиолдолд шүүх, прокурор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар тооцно гэж заасан.

Давж заалдах шатны шүүхээс хуульд заасанчлан шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг шүүхийн Тамгын газраас гаргуулан авч үзвэл шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр батлагдсан журам, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу томилогдсон /хх-ийн 2-р хавтас 41-р тал/ шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалан 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хянан шийдвэрлэсэн байх ба, шийтгэх тогтоолынхоо удиртгал хэсэгт огноог алдаатай бичин, шүүх хуралдаан даргалагч шүүгчийг “Д.Дэлгэрмөрөн” гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гаргасан ч энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй болно.

7.5. Шүүхээс шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 20-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хойшлуулсны дагуу хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 211-250-р талд прокурорын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 223/Б дугаар яллах дүгнэлт, түүний хавсралт, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл,

мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол,

Хаан банкнаас ирүүлсэн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 5721/24/219 дугаар албан бичиг, Д.Б-ын эзэмшлийн 5009901089 дугаар депозит дансны хуулга зэрэг 40 хуудас,

3 дугаар хавтасны 01-148 дугаар талд Д.Б-ын эзэмшлийн 5009901089 дугаар депозит дансны хуулга,

Хохирогч Д эзэмшлийн 5721243926 дугаар депозит дансны хуулга,

О.Бат-Амарын эзэмшлийн 5756079394 дугаар депозит дансны хуулга,

О.Д-гийн эзэмшлийн 5062096806 дугаар депозит дансны хуулга ,

З.Эрдэнэбаярын эзэмшлийн 50038213936 дугаар депозит дансны хуулга,

О.Отгончимэгийн эзэмшлийн 5139076556 дугаар депозит дансны хуулга,

Т.Гэрэлийн эзэмшлийн 5099511888 дугаар депозит дансны хуулга,

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Мэдээлэл /баримт бичиг/ гаргуулан авах тухай мөрдөгчийн санал,

Мэдээлэл /баримт бичиг/ гаргуулан авах тухай прокурорын зөвшөөрөл,

Өвөрхангай аймгийн Шүүхийн тамгын газарт хүргүүлсэн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 43г/1134 дугаар “Д.Бд холбогдох хэргийн материал ирүүлэх тухай” албан бичиг,

Эд зүйл, /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д болон цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт,

Д.Б-ын эзэмшлийн 5009901089 дугаар депозит дансны хуулга,

Хохирогч Д-д хохирогчийн эрх, үүрэг тайлбарлан, хууль сануулсан баталгаа,

Хохирогч Д-өөс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл,

Гэрчид эрх, үүрэг тайлбарлан, хууль сануулсан баталгаа, О.Дгаас гэрчээр дахин мэдүүлэг авсан тэмдэглэл,

Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч З.Буян-Ундрахаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол,

Гэрч О.Т-т эрх, үүрэг тайлбарлан, хууль сануулсан баталгаа, түүнээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл,

Мэдээлэл /баримт бичиг/ гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол,

Шүүгдэгч Д.Б-ын иргэний үнэмлэх, гэрлэсний бүртгэл, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанууд,

Хаан банканд шүүгдэгч Д.Б-ын эзэмшдэг 5009901089 дугаар дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг 148 хуудас буюу нийт 188 хуудас бүхий нотлох баримт авагдсан байх тул прокурорын шатанд 15 хуудас нотлох баримтыг дутаасан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 47/022-1109 тоот албан бичигт дурдагдсан 188 хуудас материал нь бүрэн гүйцэд хэргийн материалд авагдсан байх тул шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээрээ өмнөх буюу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жил хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоон шийдвэрлэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор түүнд 4 /дөрөв/ жил, 4 /дөрөв/ сар, 16 /арван зургаа/ хоногийн хорих ял оногдуулсныг нэмж нэгтгэсэн мэт ойлгогдохоор бичсэн, ингэхдээ тухайн шүүхийн нэршлийг буруу бичсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, хэсэг заалтыг хэрэглэхгүй орхигдуулсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

9. Шүүгдэгч Д.Б нь энэ үйлдлээ оролцуулан 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 17 удаагийн үйлдлээр бусдыг залилсан гэмт хэрэг үйлдэн 16 удаагийн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар хорих ял шийтгүүлсэн нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 116-142-р тал/-оор тогтоогдон уг ялаа эдэлж байсан учир уг үйлдлүүдээс энэ шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн нэг үйлдлүүдийг нь тусдаа шийдвэрлэгдэж байгаа гэж дүгнэн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамруулан шийдвэрлэх нь хуулийн буруу хэрэглээ болох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчилд тооцогддог болохыг дурдав.

 

10. Шийтгэх тогтоолд магадлалд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулан шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.Б-ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Д Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Өвөрхангай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овогт Д Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх буюу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил, 4 /дөрөв/ сар, 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил, 4 /дөрөв/ сар, 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай...” гэж,

7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д Баас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгэр баг 20-2-11 тоотод оршин суух Б овгийн Б Д/-д олгосугай...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б овогт Д Баас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 20-2-11 тоотод оршин суух Б овгийн Б Д-д олгосугай...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЦЭРЭНХАНД

 

 

                             ШҮҮГЧИД                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА