| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2025/0024/З |
| Дугаар | 118/ШШ2025/0030 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 118/ШШ2025/0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ванчигийн Чойжилдорж
Хариуцагч: Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Гуравдагч этгээд: Ц.Булганхангай, Ц.Батсүх
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сарантуяа түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч Идэр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхжаргал, гуравдагч этгээд Ц.Булганхангай, Ц.Батсүх тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхжаргал, гэрч С.Бямбацэрэн, Ж.Мөнхтогтох /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/44 дүгээр захирамжийн хавсралтын Гозгор өвөлжөө хэсэгт байх Ц.Булганхангай, Ц.Батсүх нарт холбогдох хэсгийг (газар эзэмших эрх, гэрчилгээг) хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/44 дүгээр захирамжийн хавсралтаар тус сумын Мануустай багийн Гозгорын өвөлжөө гэх газрыг нэхэмжлэгч В.Чойжилдорж, гуравдагч этгээд Ц.Булганхангай, Ц.Батсүх нарт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн ба нэхэмжлэгч В.Чойжилдорж нь Гозгорын өвөлжөөний газрыг Ц.Булганхангай, Ц.Батсүх нар эзэмшиж байгаагүй байхад хамтран эзэмшүүлсэн нь хууль бус гэж маргаан үүссэн байна.
3. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд нар Гозгорын буюу миний өвөлжөөнд эзэмшилгүй байж 2019 онд хамтран эзэмшигчээр орсон байна. Идэр сумын Засаг даргын зүгээс тухайн өвөлжөөнд нэг ч банзгүй, өмч хувьчлалаар аваагүй гуравдагч этгээд нарыг хамтран эзэмшигчээр оруулж захирамж гаргасанд гомдолтой гэж, гуравдагч этгээд Ц.Булганхангай нь өөрийн эхнэр Д.Энхтүвшин малчнаар ажиллаж байгаад Гозгорын өвөлжөөний хашааг өмч хувьчлалаар авсан. Манай ээжийг Б.Цэнд-Аюуш гэдэг. Ээжийн нэр дээрх хувьцааг манай дүү Ц.Батсүх авсан. Гозгорын өвөлжөөнд 1997 онд газар эзэмших эрхтэй болсон гэж, гуравдагч этгээд Ц.Батсүх би 1989 онд 8 дугаар анги төгсөөд ээжтэйгээ хамт мал малласан. 1992 онд ягаан тасалбараар манай ээж н.Цэнд-Аюуш өвөлжөөг авсан. 2017 онд хүртэл байнгын өвөлжиж татвараа төлдөг байсан маргаж байна.
4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Нэхэмжлэгч Ванчигийн Чойжилдорж миний бие 1958 оны 01 сарын 25-нд Завхан аймгийн Идэр сумын Мануустай бригадын Оргиу гэдэг газар төрсөн. Төрсөн цагаасаа хойш төрсөн нутгаасаа гараагүй, 1974-1977 онд Ховдын хөдөө аж ахуйн техникумд малын эмчээр төгсөж ирээд Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт бригадад малын бага эмчээр ажиллаж байгаад 1979 онд цэрэгт татагдсан. 1982 онд цэргээс халагдаж ирээд төрсөн нутагтаа буюу Завхан аймгийн Идэр сумын Мануустай, Дархан-Уул бригадад малын эмч, эмчилгээ тэжээлийн цэгийн эмч, Мал эмнэлэг, үржлийн тасагт Улсын байцаагч, эмч хийж байгаад 2014 онд тэтгэвэрт гарсан. 1990 оноос Гозгорын өвөлжөө нь миний ажиллаж байсан Эмчилгээ тэжээлийн цэгийн өвөлжөө байсан бөгөөд 1992 оны бага хувьчлалын үеэр хувьчилж авснаас хойш 33 жил тасралтгүй өвөлжиж, өвөлжөөний төлбөрөө жил бүр төлж одоог хүртэл мал маллан амьдарч байна. Гозгорын өвөлжөө нь 2 саравчтай хашаатай, төлийн байр 1, Эмчилгээ тэжээлийн цэгийн нядалж үхсэн малын түүхий эдийг боловсруулж хадгалдаг агуулах 1 ширхэг, хоёр тийшээгээ хаалгатай 2 айлын сууц 1, өвсний хашаа 1 ширхэг хөрөнгүүд байсан. 1 саравчтай өвөлжөөг Эмчилгээ тэжээлийн цэгийн малчин Банзрагч нь хүргэн Отгонбаяртай цуг ягаан тасалбараар авсан. 1 саравчтай өвөлжөөг нь би болон миний эхнэр Баасанжавын Амаржаргал, түүний ээж Даваагийн Ичинхорол, миний эхнэрийн эгч Баасанжавын Алтанцэцэг, Алтанцэцэгийн Ганзориг хүргэн, охин Бямбажавын Ариунаа нарын ягаан тасалбараар тухайн Гозгорын өвөлжөөг худалдаж авах гэсэн боловч өмнөх өвөлжөө нь шатаад дахиж барьсан шинэ өвөлжөө байсан учраас үнэ ихтэй эдгээр хүмүүсийн ягаан тасалбаруудыг нийлүүлсэн ч өвөлжөөний үнэ 3100 төгрөг дутаад байсан. Тэгээд Сэдийн Даваажаргал ахын ягаан тасалбарын илүү гарсан 2000 төгрөгийн тасалбарыг 4 хониор худалдан авч, нэмээд найз Сэнгэрагчаагаас тасалбараас нь илүү гарсан 1100 төгрөгийн тасалбарыг авч тухайн өвөлжөөний тасалбарыг гүйцээж хувьчлалаар худалдан авч байсан. Тухайн өвөлжөөний 2 айлын орон сууцыг Нэгдлээс Гавьяат эдийн засагч 3.Нямзагдад бэлэглэсэн. ЭТЦэгийн малчин Банзрагч, түүний хүргэн нар нь Гозгорын 2 өвөлжөөний нэгийг мөн түүхий эдийн байшин, төлийн байрыг хувьчилж авсан. Банзрагч хүргэнтэйгээ түүхий эдийн байшинг түлшинд хэрэглэсэн. Банзрагч нь нас барснаас хойш Банзрагчийн Алтангадас хүү нь тухайн 1 өвөлжөөг Сэнгэжавын Бямбацэрэнд зарсан байсныг 2003 онд С.Бямбацэрэнгээс 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Төлийн байрыг нь Батсуурийн Цэнд-Аюушийнх 2 жил дамнуулаад түлшинд хэрэглэсэн. Цэнд-Аюушийн Батсүхэд хандаж Бямбацэрэнгээс авсан 1 өвөлжөөг 600.000 төгрөгөөр авах уу гэхэд өвөлжөөгүй хэцүү байна авна гэж хэлээд өвөлжиж эхэлсэн. Тэгээд 600.000 төгрөгөө өгөхгүй явсаар өдий хүрсэн. Гэтэл Ц.Булганхангай, Ц.Батсүх нар нь надаас өвөлжөө худалдан аваагүй байж 2019 онд Гозгорын өвөлжөөнд буюу миний өвөлжөөнд нэг ч банзгүй байж өвөлжөөг хамтран эзэмшигчээр орсон байгаад зогсохгүй 25.000.000 төгрөгөөр Батаа гэх айлд зарсан байна. Өнгөрсөн жил тэр өвөлжөө худалдан авсан хүмүүс нь манай өвөлжөөнд өвөлжиж хаваржаад нүүсэн. Худалдаж авсан хүмүүс энэ бол манай өвөлжөө гээд болохоо байсан. Миний өвөлжөөгөө чөлөөтэй эзэмших эрхийг дээрх Ц.Батсүх, Ц.Булганхангай нар зөрчиж байна. Идэр сумын Засаг даргын зүгээс тухайн өвөлжөөндөө нэг ч банзгүй, өмч хувьчлалаар аваагүй хүмүүсийг хамтран эзэмшигчээр оруулж миний өмч хувьчлалаар авсан хөрөнгөө эзэмших эрхийг хясан боогдуулсан захирамж гаргасанд гомдолтой байна гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гозгор гэх өвөлжөөг манай ээж, нагац эгч, нагац эгчийн хүргэн, аавын найз, ээжийн төрлийн хүмүүс ягаан тасалбараа нийлүүлж шинэ хашаа авсан. Хашаа бууцаа засаж сэлбэн арчилж өнөөдрийг хүрсэн. Гозгор гэх нэршилтэй өвөлжөө нь 2 малын хашаатай байсан. Нэг хашааг нь н.Банзрагч, түүний хүргэн н.Батболд нар авсан. Хуучин хашаа байсан болохоор хямд байсан. Гозгорын өвөлжөөнд Идэр сумын Мануустай багийн муудсан малыг өвөлжүүлдэг багийн малын эмч, багийн дарга нар нь өвөлждөг өвөлжөө байсан. Өмч хувьчлал дуусах үед Б.Цэнд-Аюуш гэх айл өвөлжсөн. Б.Цэнд-Аюуш гуайнх төлийн хашааг 2 жил дараалаад түлсэн. Гозгор гэх нэршилтэй өвөлжөөг хамтран эзэмшдэггүй хэр нь яагаад төлийн хашааг түлээд байгаа талаар яригдаж байсан гэсэн. Гуравдагч этгээд Ц.Булганхангай, Ц.Батсүх нарынх манай аавынхтай айл саахалт Гозгорын өвөлжөөнд өвөлжиж, хаварждаг байсан. Нэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас сумын төвд амьдардаг болсон. Нөгөө нь өндөр насны тэтгэвэртээ гараад малаа тууштай маллах болсон. Манай өвөлжөөнд 2000 оноос хойш Ц.Булганхангай, Ц.Батсүх нар бууж өвөлжөөгүй. Намар болохоор Ц.Батсүхийнхээс өвөлжөөг нь худалдан авсан. Ц.Булганхангайн өвөлжөөний хувьцааг авсан гээд айлууд ирж намарждаг. Нөөцөлж байсан бэлчээрт ирж буудаг. Өвөлжөөнийхөө бэлчээрийг манай аав, ээж, ах 3 хамгаалж ирсэн. Өвөлжөөний бэлчээр лүү маш их адуу мал ордог байсан. Сүүлийн үед багассан. Өнгөрсөн жил манай өвөлжөөн дээр нэг айл ирж буусан. Манайх 25.000.000 төгрөгөөр Ц.Булганхангай, Ц.Батсүх нарын өвөлжөөний хувьцааг худалдан авсан. Үлдсэн танай хувьцааг худалдаж авмаар байна. Танайх хэдэн төгрөгөөр зарах вэ? гэж асууж байсан. Ц.Батсүх нь манайх өвөлжөөгөө зарна. Танайх энэ өвөлжөөг авахаар бол 5.000.000 төгрөг өг гэж 4 жил нэхсэн. Манай аав энэ өвөлжөөнд танай хувьцаа байхгүй гэж хэлдэг байсан. Манай ах эгч нар хоорондоо ярилцаад ах дүүс шиг болсон хүмүүс хэл ам хийгээд яах вэ? нэхээд байгаа мөнгийг нь өгье. Намар болохоор бэлчээрийг нь идэж, хадаад явчихдаг хүмүүсээс салъя гэж бодоод 10.000.000 төгрөг өгсөн. 10.000.000 төгрөг өгсөн нь гуравдагч этгээдүүдийн хувьцаа өвөлжөөнд байгаа гэдгийг нотолж байгаа баримт биш. Дараа нь 20.000.000 төгрөг нэхэхээр нь бид нар хувьцаа байхгүй хүмүүст 20.000.000 төгрөг өгч чадахгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлье гэж зорьсон. Өмнө жил манай өвөлжөөнд өвөлжсөн айл энэ жил манай өвөлжөөнөөс 1 километр хүрэхгүй зайд буусан байгаа гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар Гозгорын өвөлжөөг 3 хүнд эзэмшүүлэх захирамж гаргасан. Газар эзэмшүүлсэн 3 хүн газар эзэмших талаар өргөдөл өгсөн эсэх асуудал яригдаж байна. Мөн газрыг тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан эсэх асуудал эргэлзээтэй байна. 0.7 га талбайгаас их хэмжээгээр гэр бүлийн хэрэгцээнд газар олгож байгаа тохиолдолд дуудлага худалдаагаар сонгон шалгаруулах журамтай. Дээрх шаардлагууд хангагдаагүй байна. Захирамжийн агуулгыг харахад хөдөө аж ахуйн зориулалттай өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэх зорилготой байна. Бодит байдал дээр өвөлжөө байсан эсэх нь эргэлзээтэй байна. Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа бодит байдал болон хууль зүйн үндэслэлийг шалгах хэрэгтэй. Өвөлжөөний газрыг өвөлжих зориулалтаар олгож байгаа. 2002 оноос хойш тухайн өвөлжөөнд өвөлжөөгүй хүнийг газрын төлбөрөө төлж байсан тул газар эзэмших боломжтой байна гэж дүгнэсэн байна. Газрын тухай хуульд заасны дагуу эрх олгогдсон байх ёстой. Эрх нь хууль журмын дагуу олгогдсон байх ёстой. Хууль журмын дагуу газар эзэмших эрх олгогдсоны дараа газрыг зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөрөө зохих журмын дагуу төлөх 2 үүрэг үүсдэг. Газрыг хууль журмын дагуу эзэмших эрх нээгдээгүй байна. Хөдөө аж ахуйн зориулалтаар газар эзэмшээгүй тул газар эзэмших эрх олгосон захирамж хууль бус шинжийг агуулж байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна. Нэг бууцыг 3 хүнд эзэмшүүлсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
7. Хариуцагч Б.Батзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танай байгууллагаас ирүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 118/АБ2025/0161 дүгээр албан бичгийг хүлээн авч танилцаж холбогдох бичиг баримтыг явууллаа. Иргэн Чойжилдорж овогтой Сарантуяагийн гаргасан нэхэмжлэлийн дагуу В. Чойжилдорж, Ц.Булганхангай Ц.Батсүх нарын өвөлжөөний хувийн хэргийг судалж холбогдох бичиг баримтыг хуулбарлан нотариатаар батлуулан хүргүүлж байна. 2017 оноос өмнө албан ёсны эзэмшиж байсан иргэдийг цахим системд оруулж эхэлсэн боловч энэ өвөлжөө нь 2019 онд нөхөн бүрдүүлэлтээр цахим системд бүртгүүлсэн. 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Гозгорын өвөлжөө тусгагдаагүй тул ИТХ-ын хуралдааны тэмдэглэл байхгүй. Албан ёсны нөхөн бүрдүүлэлтийн ажил байсан тул газрын даамал зар хүргэж өвөлжөө эзэмшигчдээс иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг хүлээн авч нөхөн бүрдүүлэлт хийж байсан. Гозгорын өвөлжөө эзэмшигч В.Чойжилдорж, Ц.Булганхангай, Ц.Батсүх нарын бага хувьчлалын үеийн бичиг баримт байхгүй гэжээ.
8. Хариуцагч С.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн захирамжийг гаргахад В.Чойжилдорж, Ц.Булганхангай, Ц.Батсүх нар нь газрыг хамтран эзэмшиж байсан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байсан. Гэрээнд гуравдагч этгээдийн нэрс орсон байсан. 1997 оноос хойш хувьчлалаар авсан байсан. Гэрээг үндэслэн газрын төлбөрөө төлдөг байсан тул 2019 онд захирамж гарган гэрчилгээ олгоход ямар нэгэн маргаан байгаагүй. 2020 онд өгсөн өргөдөлдөө гуравдагч этгээдүүдийн нэрсийг мөн дурдсан байсан. Нотлох баримтад үндэслэн 2019 оны захирамжийг гаргасан гэв.
9. Гуравдагч этгээд Ц.Булганхангай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Ц.Булганхангай нь ээж, эгч дүү нарын хамт амьдарч байгаад 1972 онд Идэр сумын 8 жилийн сургуульд орж 1980 онд төгсөөд илгээлтээр мал маллаж эхэлсэн. 1982 онд цэрэгт явж 1985 онд цэргээс халагдаж ирээд Идэр суманд ажиллаж байгаад 1988 онд Баянтэс сумын Нисэх бригадад хүний эмчээр очиж ажиллаад 1990 онд Идэр суманд ирж Мануустай багийн эмчээр ажиллаж байгаад 2024 онд тэтгэвэртээ гарсан. 1990 оноос Гозгорын өвөлжөөнд өвөлжиж эхэлсэн. 1992 онд Л.Энхтүвшинтэй гэр бүл болж Гозгорт өвөлжиж байгаад ягаан тасалбар буюу өмч хувьчлалаар Гозгор өвөлжөөг 1992 онд авсан. 1992 оноос 2003 он хүртэл Гозгорт өвөлжиж байгаад 2003 оноос хойш Гозгорт өвөлжөөгүй болно. Гозгорын өвөлжөөний намаржаанд В.Чойжилдоржтой хамт хэд хэдэн удаа цуг намаржиж байсан. Гозгорт манай өвөө, ээж, ах нар нутаглаж байсан өвөлжөө тул зарах бодолгүй байсан. Манай 2 хүүхэд Б.Алтан-Очир, Б.Алтангэрэл нар нь одоо хүртэл үе залгаж мал маллаж байгаа. 2025 оны намраас В.Чойжилдорж айл буулгаж түрээсэлж байгаа бөгөөд 2024 оны намар Загастай багийн малчин Батаа өвөлжөөгөө зараач гэж ирсэн. Батаатай хамт В.Чойжилдоржийн гэрт очиж уулзсан Чойжоо өөрөө мэд гэсэн боловч эхнэр Амаржаргал нь шүүхдэнэ гэсэн. 2025 оны хавар В.Чойжилдоржийн том охин Цолмонтуяа, Одонтуяа, Лхагвабаатар эхнэрийн хамт ирж өвөлжөөг зараач гэсэн. Та нар үнэ өртгөө өгөөд аваарай гэсэн боловч 10.000.000 төгрөг дүүгийн дансанд хийсэн байсан. 1992 оноос Гозгор өвөлжөөний газрын татвар жил бүр төлж байсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
10. Гуравдагч этгээд Ц.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Ц.Батсүх нь 1989 оноос хойш малчин болж мал маллаж байсан. 1992 оны бага хувьчлалаар 3500 төгрөгийн ягаан тасалбараа хувьцаа оруулж энэ өвөлжөөг авсан ээж, бид нар авсан. 1992 оноос хойш 25 жил өвөлжсөн одоог хүртэл эзэмшиж байна. Ээж Батсуурийн Цэнд-Аюуш нь 1933 онд төрсөн өрх толгойлсон эмэгтэй байсан. Ээжтэй хамт амьдарч байгаад Батсүх миний бие нь 1996 онд эхнэр Отгонзаяатай гэр бүл болж үүнээс хойш мөн л энэ өвөлжөөндөө өнөөг хүртэл татвар тооцоогоо бүрэн төлж ирсэн. В.Чойжилдорж нь өвөлжих болгонд хөөж тууж хувь хувьцаа байхгүй гэдэг байсан. Гозгорын өвөлжөөн 3 хашаа, нэг төлийн байр байдаг байсан. Хамтран эзэмшиж байсан Банзрагч нь Чойжилдоржид зарсан. Нямсүрэн нь газрын төлбөр төлөөгүй улмаас хасагдсан байдаг. Ингээд 2019 оноос газрын шинэчлэгдсэн гэрчилгээ олгож кадастрын зураг хийлгэсэн. Ц.Булганхангай, Ц.Батсүх, В.Чойжилдорж нар эзэмшиж байгаа газрын гэрчилгээ гаргаж өгсөн. 2019 оны 6 сараас хойш миний бие Батсүх нь хүнд өвдөж маш том зүрхний хагалгаанд орж үүний улмаас мал аж ахуйгаа маллаж чадахгүй хөдөлмөрийн чадвараа алдаж өвөлжөөндөө мал өгч айл өвөлжүүлэх гэхээр танай хувиар байхгүй гээд сүүлийн жилүүдэд өвөлжүүлэхгүй болсон. Тэгээд өвөлжөөгөө зарна гэж хэлсэн чинь Чойжилдорж нь өөрөө авна гээд 3 жил хүлээлгэсэн. Дараа нь Чойжилдоржтой иргэдийн нийтийн хурал дээр уулзаж ярилцахад би авах боломжгүй гэж хэлсэн. 2024 оны 10 дугаар сард болсон багийн хурал дээр авах хүнээ аваад ир гэхээр нь авах хүнд нь зарах гэтэл хүүхдүүд нь ирээд манайх авна гэсэн. За ав гэхэд ахтайгаа нийлээд авъя гэсэн бөгөөд 10.000.000 төгрөгийг 5501010311 тоот дансанд хийсэн байсныг дараа нь буцааж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
11. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байна. ...Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаас харахад 3 хүнд 2019 онд газар эзэмшүүлэхээр эрх олгосон байхад Ц.Батсүх, Ц.Булганхангай нарт олгосон эрх нь хууль бус, манай эрх хууль ёсны гэж тайлбарлаж байгаа нь зарчимд нийцэхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гэж юуг хэлэх талаар хуульд зохицуулсан. Өөрөөр хэлбэл тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн эрх өөрөө хууль ёсны байх ёстой. Хууль ёсны эрх зөрчигдсөн байхыг шаарддаг. 2019 онд нэхэмжлэгч газар эзэмшүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргаагүй. Тэгсэн хэр нь Ц.Батсүх, Ц.Булганхангай нарын өмчлөх эрх хууль ёсны бус, миний эрх хууль ёсны гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрээг дүгнэсэн протокол дээр 1997 оны цагаан гэрчилгээг 3 айлд буюу Ц.Булганхангай,Ц.Батсүх В.Чойжилдорж нарын нэр дээр гэрчилгээ бичигдсэн талаар маргахгүй байна. Ц.Булганхангай, Ц.Батсүх нар газрын цагаан гэрчилгээг солиулахаар газрын даамалд өгсөн байна. 1997 онд өвөлжөөг хамтран эзэмшихээр гэрчилгээ олгогдож байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Ц.Булганхангай, Ц.Батсүх, В.Чойжилдорж нар гэрээг байгуулсан байна. Нэгт газар эзэмших эрх, хоёрт газар эзэмших гэрчилгээ, гуравт газар эзэмших гэрээг байгуулна.1998 онд гэрээ байгаа нь эдгээр хүмүүст гэрчилгээ байсан гэдэгт маргахгүй байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гаргаагүй нэг шалтгаан нь бид бүхэнд хамтран эзэмшүүлсэн газар дээр В.Чойжилдорж гуайн эзэмшлийн хууль бус гэж үзэх боломжгүй гэж үзсэн. Гозгорын өвөлжөөг эзэмших эрх нь 1997 оны захирамжаар үүссэн. 1998 онд байгуулсан гэрээ, протокол дээр газрыг эзэмшсэн нь тогтоогдож байна. Газрын төлбөрийг тухай бүр төлөөд явж байна. Дээрх баримтуудад тулгуурлан захиргааны байгууллага буюу Идэр сумын Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргасан нь хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны актыг бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулж, нотолбол зохих байдлаа бүрэн тогтоосны дараа захиргааны актыг гаргадаг. 2017 онд газрын даамлуудад цахим бүрдлийг хангуулах үүднээс чиглэл өгсөн байна. Өвөлжөө эзэмших эрх бүхий айлуудад 2019 оны захирамжаар эзэмших эрх олгосон нь хуулийг буруу хэрэглэсэн, Газрын тухай хуульд заагаагүй, эзэмших эрхгүй хүнд газрыг шинээр эзэмшүүлсэн зүйл байхгүй байна. Газрын төлбөрийг төлсөн нь эзэмшигч болохгүй гэж нэхэмжлэгч талаас маргаж байна. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д газар эзэмшигч, газар ашиглаж байгаа иргэн газрын төлбөрийг төлнө гэж заасан. Газрыг эзэмшиж байгаа хүн, захиргааны байгууллага энэ өвөлжөөг эзэмшиж байгаа этгээдүүдийг тодорхойлж мэдэж байгаа учраас төлбөрийг төлүүлж байна. Газар эзэмшүүлэх харилцааг Газрын тухай хуульд заасан. Газрын тухай хуульд өвөлжөөний газрыг хамтран эзэмшиж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Газар эзэмших хүсэлт гаргах, газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар зохицуулсан. Үүнд эзэмших эрхийн гэрээг удаа дараа зөрчсөн, эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшаар ашигласан, шилжүүлэн авсан мөн газрын байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнд тавигдах шаардлагыг биелүүлээгүй, газрын төлбөрийг төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор хуульд зохицуулсан...Хэрэгт авагдсан баримтаар төлбөрөө хувааж төлж байгаа нь хуульд нийцэж байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна. 2019 онд нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд хэн аль нь газар эзэмших талаар хүсэлт өгөөгүй. Захиргааны байгууллага өөрөө санаачлан газар эзэмших эрх олгосныг хууль бус гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдэд газрыг хамтран эзэмшиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/44 дүгээр захирамжаас Ц.Булганхангай, Ц.Батсүх нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/44 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн Хөдөө аж ахуйн барилга байгууламж өвөлжөөний хашааны зориулалтаар хавсралтад заагдсан нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсэн байна.
3.1 Дээрх Идэр сумын Засаг даргын 2019 оны А/44 дүгээр захирамжийн хавсралтын 18, 19, 20 дугаарт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт Идэр сумын Мануустай багийн нутагт Гозгорын гэх 10000 м/кв хэмжээтэй өвөлжөөний зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын кадастрын зургийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын нэрээр үйлдсэн байна.
3.2 Маргаан бүхий А/44 дүгээр захирамжийн үндэслэл болох Газрын тухай хуулийн 21.4 “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3 “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу …эзэмшүүлэх, ашиглуулах…”, 33.1.2 “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ…” гэж заажээ.
3.3 Хэдийгээр хариуцагч сумын Засаг дарга нь маргаан бүхий А/44 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуульд байхгүй 29 дүгээр зүйлийн 29.1.3 гэх заалтыг үндэслэсэн боловч хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй ба хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д зааснаар Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй байна.
3.4 Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд нарыг 2019 онд Гозгорын өвөлжөөний газрын хамтран эзэмшигчээр бүртгэсэн нь миний өвөлжөөгөө чөлөөтэй эзэмших эрхийг зөрчиж байна гэж, гуравдагч этгээд Ц.Булганхангай “миний эхнэр Л.Энхтүвшин ягаан тасалбараар уг өвөлжөөнд хувь эзэмшсэн” гэж, Ц.Батсүх “миний ээж Б.Цэнд-Аюуш уг өвөлжөөнд хувь эзэмшдэг байсан”. Би ээжтэйгээ амьдардаг байсан тул бидний эзэмшил ба газрын төлбөрөө жил бүр төлж ирсэн. 2019 онд газрын гэрчилгээ шинэчилж гэрээ хийж кадастрын зураг гаргуулсан гэж маргаж байна.
3.5 Хариуцагч “...2017 оноос өмнө албан ёсоор газар эзэмшиж байсан иргэдийг цахим системд оруулж эхэлсэн боловч энэ өвөлжөө нь 2019 онд нөхөн бүрдүүлэлтээр цахим системд бүртгүүлсэн. Нөхөн бүртгэхдээ А/44 дүгээр захирамж гаргаж Гозгорын өвөлжөөг эдгээр иргэд эзэмшдэг гэдгийг газрын төлбөр төлсөн баримт болон бусад баримтаар тодорхойлж бүртгэсэн” гэж тайлбарлаж байх ба газар эзэмшигчдийг цахим системд нөхөн бүртгэх зорилгоор өвөлжөөний газрыг бодит байдалд болон хууль ёсоор эзэмшиж байсан иргэдийн эрхийг баталгаажуулж гаргасан А/44 дүгээр захирамжийн нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд холбогдох хэсэг Газрын тухай хуульд заасан өвөлжөөний доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасантай нийцэж байна.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Мануустай багийн Гозгорын өвөлжөөг нэхэмжлэгч гуравдагч этгээд нарт анх эзэмшүүлсэн гэх Идэр сумын Засаг даргын 1997 оны 91 дүгээр захирамж аймаг, сумын архивд байхгүй байх ба нэхэмжлэгч В.Чойжилдорж нь 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0128630 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Гозгорын өвөлжөөг эзэмшдэг гэж тайлбарлаж байх ба уг гэрчилгээ нь Идэр сумын Засаг даргын 1997 оны 91 дүгээр захирамжийг үндэслэж 11 жилийн дараа нэхэмжлэгчид олгогдсон байна. Гэвч 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0128630 дугаар гэрчилгээнд холбогдох газар эзэмшүүлэх гэрээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алинд байхгүй байна.
4.1 Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “…газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, …тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дангаар газар эзэмших эрхийг тодорхойлохгүй ба газар эзэмшигчийн эрх гэрээг үндэслэж улсын бүртгэлд бүртгэгдэхээр байна.
4.2 Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заажээ.
4.3 Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт болох 1998 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 274 улсын бүртгэлийн дугаартай Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ нь Идэр сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр захирамжийг үндэслэж газрын асуудал хариуцсан албан тушаалтан Жүгдэр овогтой Мэндбаяр, газар эзэмшигчээр В.Чойжилдорж, Ц.Булганхангай, Б.Цэнд-Аюуш, Ц.Батсүх, Б.Алтангадас Ц.Батболд нарын хооронд Гозгорын өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр байгуулагдаж байсан ба 2002 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмшиж, ашиглах гэрээг дүгнэсэн протоколд В.Чойжилдорж, Ц.Булганхангай, Б.Цэнд-Аюуш, Ц.Батсүх, Б.Алтангадас нарын нэр дээрх 274 улсын бүртгэлийн дугаартай газар эзэмшүүлэх гэрээг дүгнэж байсан байна.
4.4 Түүнчлэн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Идэр сумын Мануустай багийн иргэдийн эзэмшлийн газрын бүртгэл, газрын төлбөр төлсөн баримтууд, 274 дүгээр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж дүгнэж байсан гэрч Ж.Мэндбаярын “нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь Гозгорын өвөлжөөг хамт эзэмшиж байсан. Гозгорын өвөлжөөнд Батсүх Булганхангай нар газрын гэрчилгээтэй байсан” гэх мэдүүлэг, гуравдагч этгээд нарт “өвөлжөөний мөнгө шилжүүлэв Чойжоо” гэх утгатайгаар 10.0 сая төгрөг шилжүүлсэн мөнгөн төлбөрийн баримт зэргээс үзэхэд Идэр сумын Мануустай багийн Гозгорын өвөлжөөний газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хамтран эзэмшиж ирсэн болох нь тогтоогдож байх тул гуравдагч этгээд нарыг Гозгорын өвөлжөөний газрыг эзэмших эрхгүй этгээдүүд гэж үзэх үндэслэлгүй байна.
4.5 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий захирамжийн үндэслэлээр Идэр сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Гозгорын өвөлжөөний газрыг эзэмшүүлэх асуудал тусгагдаагүй, уг газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй гэж тайлбарлаж байна. Гэвч энэхүү үндэслэлээр маргаан бүхий А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй. Учир нь А/44 дүгээр захирамж нь бодит байдалд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь дээр дурдсанаар тогтоогдож байна. Шүүх хууль зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй ба зөвхөн нэхэмжлэгчийн өөрт хамаарах эрхийг зөрчсөн тохиолдолд боломжтой болохыг дурдах нь зүйтээ байна.
4.6 Иймд Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/44 дүгээр захирамжийн хавсралтын Гозгор өвөлжөө хэсгээс Ц.Булганхангай, Ц.Батсүх нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх ба А/44 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өөрт хамаарах эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу Гозгорын өвөлжөөний газрыг дангаар эзэмших эрх болон дангаар эзэмшиж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул зөрчигдөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/44 дүгээр захирамжийн хавсралтын Гозгорын өвөлжөө хэсэгт байх Ц.Булганхангай, Ц.Батсүх нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч В.Чойжилдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР