Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01580

 

 

 

 

 

 

 

 

 

Р- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/01919 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р- ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол болон үнийн санал авах, мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагаа, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эрх сэргээж, эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа, мөн өдрийн эрх сэргээж, өмчлөх эрх шилжүүлэх ажиллагаа, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн эрх түдгэлзүүлэх ажиллагаа, мөн өдрийн эрх сэргээж эзэмших эрх шилжүүлэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах, 6444 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Х- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, 5336 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, С.Бямбарагчаа, Д.Өлзийсайхан, гуравдагч этгээд Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, гуравдагч этгээд Х- ХХК-ийн төлөөлөгч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р- ХХК нь Х- ХХК-ийн нийт энгийн хувьцааны 50 хувь буюу нийт 324 249 850 төгрөгийн үнэ бүхий 249 ширхэг энгийн хувьцаа эзэмшдэг бөгөөд нийт 3 хувьцаа эзэмшигчтэй, төлөөлөн удирдах зөвлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг, эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал юм. Х- ХХК-ийн нийт хөрөнгө нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 596 286 590 төгрөг ба төлбөр төлөгч Х- ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнийн дүн нь 24 891 073 965 төгрөг байсан нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д зааснаар их хэмжээний хэлцэл мөн. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 62 дугаар зүйлийн 62.1.10-т тус тус заасны дагуу их хэмжээний хэлцлийг байгуулах эрх нь Х- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Б- нь хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулж, зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар Голомт банк-тай зээлийн болон ипотекийн гэрээ байгуулж хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлээр Х- ХХК-ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн, 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоот хаягт байрлах 6444 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 5336 м.кв талбайтай, эзэмших гэрчилгээтэй газруудыг тус тус барьцаалсан боловч Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар ипотекийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир тус гэрээний хуулийн хүчин төгөлдөр байдал нь алдагдана. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон 653 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан ипотекийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болж буй барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд түүнийг үндэслэн явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь адил хүчин төгөлдөр бус болно. Х- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б- нь хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 36 дугаар зүйлийн 36.4 болон бусад холбогдох заалтуудыг зөрчиж байна. Дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагаанд үнийн саналыг Х- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б- 25 000 000 000 төгрөгийн санал гаргасан нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн ба шийдвэр гүйцэтгэгч нь эрх бүхий этгээд тус үнийн саналыг өгсөн эсэхийг шалгаагүй бөгөөд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг төлбөр авагчид шилжүүлсэн ажиллагаа нь хууль зөрчсөн. Иймд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол болон үнийн санал авах, мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагаа, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эрх сэргээж, эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа, мөн өдрийн эрх сэргээж, өмчлөх эрх шилжүүлэх ажиллагаа, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн эрх түдгэлзүүлэх ажиллагаа, мөн өдрийн эрх сэргээж эзэмших эрх шилжүүлэх ажиллагааг тус тус хүчингүй болгож, 6444 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Х- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, 5336 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахыг хариуцагчид даалгаж, Р- ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 653 дугаар шийдвэрээр Х- ХХК-иас 24 828 887 671 төгрөг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн. Төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг заасан бөгөөд үндэслэх хэсэгтээ Голомт банкны барьцаанд Х- ХХК-ийн маргаан бүхий хоёр обьект байгааг дурдсан байдаг. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Х- ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, 12 тоот хаягт байрлах 6444 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 2/0031 дугаарын бүртгэлтэй 5336 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг битүүмжлэн, хураасан. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу ажиллагааны талууд болох Голомт банк ХХК, төлбөр төлөгч Х- ХХК-иас үнийн санал авахад талууд 25 000 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож, үнийг тогтоон дуудлага худалдаа зохион байгуулсан боловч худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгөнд төлбөр төлөгч болон авагчийн саналыг үндэслэн 25 000 000 000 төгрөгөөр тооцон Голомт банк ХХК барьцааны хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлд авахыг зөвшөөрч, хариуцагч Х- ХХК шилжүүлэхийг зөвшөөрсөн тул эд хөрөнгө битүүмжилсэн болон хураасан тогтоолыг хүчингүй болгож байр, газрыг Голомт банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Бид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль ёсны дагуу явуулсан бөгөөд ажиллагааны бүх шатанд Х- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б-тай уулзаж, түүнийг оролцуулж явсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэхийг шалгах үүрэг бидэнд хуулиар байхгүй. Мөн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бол Х- ХХК болон Голомт банк ХХК хоёр л байдаг. Х- ХХК-ийн барьцааны хөрөнгө Голомт банкны зээлийн барьцаанд байгаа нь шийдвэрт нэгэнт тусгагдсан байгаа, үүний дагуу ажиллагаа хийж байгаа. Мөн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр мөн эсэх талаар бид дүгнэлт хийхгүй, энэ бол шүүхийн ажиллагаа, бид шүүхийн шийдвэрийг л биелүүлдэг. Нэхэмжлэгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргасан байдаг бөгөөд үүнийг холбогдох эрх мэдэл бүхий хүмүүс шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Х- ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 653 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэх зарчмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан ажиллагаа явагдан, мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэлд дурьдсан асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаа төлбөл зохих тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээр төлөөгүй. Мөн дээрх 6 нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 70 200 төгрөгийг төлсөн, шаардлага тус бүрээр нь улсын тэмдэгтийн хураамжаа төлөөгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Түүнчлэн уг хэрэгт процессын 2 том алдаа байгаа, нэгдүгээрт, Р- ХХК-ийн дүрмийн 6.3-т зааснаар гүйцэтгэх захирал нь тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан. Мөн дүрмийн 9.1, 9.5-д зааснаар компанийн үйл ажиллагааг ерөнхий захирал удирдана заасан. Мөн дүрэмдээ ерөнхий захирал нь шүүхэд төлөөлж оролцох эрхтэй гэсэн мөртлөө 2018 оны компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн гүйцэтгэх удирдлагаар Ван Пэй Мүн гэх гүйцэтгэх захирлаар 2019 онд томилогдсон байгаа. Уг хүн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэлийг олгосон байгаа. Гэтэл шүүх хуралдаанд төлөөлөх итгэмжлэлийг уг компанийн дүрмээр ерөнхий захирал олгохоор заасан. Гэтэл гүйцэтгэх захирал өнөөдөр итгэмжлэл олгох, шүүхэд төлөөлөх эрхгүй байхаар өөрсдөө компанийн дүрэмдээ зохицуулсан. Х- ХХК-ийн дүрэмд тусгайлсан заалт ороогүй байсан учраас 2018 оны шүүх хуралдаанд ч, өнөөдрийн шүүх хуралдаанд ч Х- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б- оролцож байгаа нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х- ХХК болон Голомт банк ХХК нарын хооронд 2016 оны 12 сард зээлийн гэрээ байгуулан 22 800 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг нэхэмжлэлд дурдагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу зээлийг эргэн төлөөгүй тул банк үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг шалган шүүхийн ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа. Ийнхүү шүүхийн ажиллагаа явагдаж 2018 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч зээлээ төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хүчин төгөлдөр шүүгчийн захирамж гарсан. Хариуцагч тал нь шүүхийн шийдвэрийн сайн дураараа биелүүлээгүй тул банк шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Шүүхийн гүйцэтгэх газар нь хууль заасан ажиллагааг шат дараалан гүйцэтгэж хөрөнгийг битүүмжилсэн, хөрөнгийн үнэлгээг талуудаас аван 2 шатны дуудлага худалдаа хийгдсэн боловч худалдан авах үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг Голомт банк ХХК-д 25 000 000 000 төгрөгөөр санал болгож, уг төгрөгийн төлбөр тооцоонд шилжүүлэхээр талууд харилцсан тохиролцож, уг үл хөдлөх хөрөнгүүдийг Голомт банк ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар процессын дагуу мэдэгдэх хуудсыг эхэлж өгсөн байгаа. Мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийг удирдах албан тушаалтан болох гүйцэтгэх захирал Б.Б-т гардуулсан хэрэгжүүлсэн. Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй талаар заасан байгаагаас дүгнэвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан байна. Мөн Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө гэж заасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ ард талд нь уг компанийг төлөөлөх эрх бүхий хүнийг Б.Б- гэж тодосгож бичсэн байгаа. Иймээс гүйцэтгэх захирал Б.Б- нь бүх эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж үзэж байгаа. Энэхүү нэхэмжлэл нь гуравдагч этгээд болох Голомт банк ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2018.12.27-ны өдрийн 1/1427 тоот албан бичгийн дагуу явуулсан эрх сэргээж, эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа, мөн өдрийн 1/1428 тоот албан бичгийн дагуу явуулсан эрх сэргээж, өмчлөх эрх шилжүүлэх ажиллагаа, 2019.01.07-ны өдрийн 2/1889 тоот албан бичгийн дагуу явуулсан эрх түдгэлзүүлэх ажиллагаа, мөн өдрийн 2/1888 тоот албан бичгийн дагуу явуулсан эрх сэргээж, эзэмших эрх шилжүүлэх ажиллагаануудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгч Р- ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 653 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96, 49 дүгээр зүйлд заасны дагуу дурдсан эд хөрөнгүүдийг битүүмжэх ажиллагааг мөн хуулийн 14, 21, 44 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр төлөгч Х- ХХК, төлбөр авагч Голомт банк ХХК-ний эдлэх эрх, үүргийн 33 дугаар зүйлд зааснаар эдлүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад 25 000 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон тул дуудлага худалдааг зохион байгуулсан. Гэвч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлаар дээрх хөрөнгийг 25 000 000 000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож, дээрх хөрөнгийг төлбөр авагч Голомт банк ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүх шатанд төлбөр төлөгчийг итгэмжпэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захирал Б.Б-ыг оролцуулж, мэдэгдлийг гаргуулж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан болно. Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг явуулсан бөгөөд, төлбөр төлөгч Х- ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувь эзэмшигч, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчиддаа мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Х- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б- нь эрх хэмжээгээ хэтрүүлэн, хувьцаа эзэмшигч нарын эрхийг зөрчиж, их хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-өөс олгосон зөвшөөрөлгүй хийж, хохирол учруулсан гэж тайлбарлаж байгаа нь тус компаний дотоод үйл ажиллагаатай холбоотой бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдлыг гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэдэгдэх худсыг Х- ХХК-ийн гүйцэтгэх захирал болох Б.Б-т гардуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан ажиллагааг шат дараалан гүйцэтгэж хөрөнгийг битүүмжлэн, хөрөнгийн үнэлгээг талуудаас авснаар 2 шатны дуудлага худалдаа гүйцэтгэсэн боловч худалдан борлогдоогүй тул хөрөнгийг Голомт банкинд санал болгосноор 25 000 000 000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль ёсны дагуу явагдсан бөгөөд ажиллагааны бүх шатанд Х- ХХК-г улсын бүртгэлийн гэрчилгээнд уг компанийг төлөөлөх этгээдээр тэмдэглүүлсэн Б.Б-ыг оролцуулж, ажиллагааг түүнд мэдэгдэж байсан. Энэ нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдийг хууль тогтоогч, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө гэж заасанд нийцэж байна. Гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал авах байсан. Хувьцаа эзэмшигчдийг мэдээллээр хангах болон компанийн эрх ашгийг хамгаалж шийдвэр гаргах зэрэг үүрэг нь гүйцэтгэх удирдлагын хариуцлага болно. Хэрэв нэхэмжлэгч гүйцэтгэх удирдлагыг зохих зөвшөөрлөөр хэлцэл хийгээгүй гэж үзэж байгаа бол түүний компанид учруулсан хохирлыг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт тус тус зааснаар гүйцэтгэх удирдлагын хөрөнгөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдийн эрхийг хөндсөн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Р- ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол болон үнийн санал авах, мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагаа, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эрх сэргээж, эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа, мөн өдрийн эрх сэргээж, өмчлөх эрх шилжүүлэх ажиллагаа, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн эрх түдгэлзүүлэх ажиллагаа, мөн өдрийн эрх сэргээж эзэмших эрх шилжүүлэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах, 6444 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Х- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, 5336 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч Х- ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Р- ХХК-ийг оролцуулалгүйгээр компанийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч Р- ХХК нь төлбөр төлөгч Х- ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг байх бөгөөд Х- ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Б- бүртгэгдсэн болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргээр тогтоогджээ. /хх-ийн 15-25-р тал/.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00653 дугаар захирамжаар төлбөр төлөгч Х- ХХК-иас 24 828 887 671.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 85-р тал/. Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

 

Төлбөр төлөгч Х- ХХК нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Голомт банк ХХК-ийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 400 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 83-р тал/

 

Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Х- ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 40, 50 мянгатын /15171/, Төмөрчний гудамж, 12 тоот, үйлчилгээний зориулалттай, 6444 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 5336 м.кв талбайтай газар зэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр битүүмжилж, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдсан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн хх-ийн 88, 92-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Х- ХХК нь барьцаа хөрөнгийг нийтэд нь 25 000 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Голомт банк ХХК зөвшөөрснөөр анхны болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн байна. /хх-ийн 93-95, 101-104, 112-119-р тал/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19/01 дугаартай албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоолоор анхны болон хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолуудыг эд хөрөнгийг төлбөрт тооцож шилжүүлэхээр харилцан тохиролцсон үндэслэлээр тус тус хүчингүй болгосон байх тул анхны болон хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна. /хх-ийн 134-р тал/. Мөн анхан шатны шүүх 6444 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Х- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, 5336 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар зохигч гомдол гаргаагүй болно.

 

Харин анхан шатны шүүх эрх сэргээж, эзэмших, өмчлөх эрх шилжүүлэх, эрх түдгэлзүүлэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж заасан. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа ажиллагааны бүхий л үе шатанд төлбөр төлөгч Х- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Б.Б-ыг оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

Анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө худалдан борлогдоогүй байх тул хариуцагч Н- нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг зөрчөөгүй, улмаар талууд дээрх хөрөнгүүдийг төлбөртөө тооцож авах талаар тохиролцож, төлбөр төлөгч Х- ХХК-ийн гүйцэтгэх захирал нь хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагч Голомт банк ХХК-д шилжүүлэх тухай хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан байна. /хх-ийн 129-132-р тал/

 

Хариуцагч Н- нь дээрх хүсэлтийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эрх сэргээж, эзэмших эрх шилжүүлэх тухай албан бичгийг Чингэлтэй дүүргийн газрын албанд, эрх сэргээж өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус хүргүүлснээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, өмчлөх эрх төлбөр авагч Голомт банк ХХК-д шилжсэн байх бөгөөд хариуцагч байгууллагыг хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлгүй. /хх-ийн 134-135-р тал/

 

Анхан шатны шүүх барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа явуулахдаа хариуцагч байгууллагыг компанийн хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй гэж дүгнэсэн бөгөөд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.10, 76 дугаар зүйлийн 76.1.6, 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсгүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, Компаний тухай хуулийн дээрх заалтууд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шууд хамаарах зохицуулалт биш юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.7 дах хэсэгт Төлбөр төлөгч хуулийн этгээд энэ хуульд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зээлдэгч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч, үүсгэн байгуулагчид мэдэгдэх үүрэгтэй ... гэж заасан. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэг нь төлбөр төлөгч Х- ХХК-ийн үүрэг байх бөгөөд нэхэмжлэгч компани шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүйд хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүйгээс гадна энэхүү үндэслэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч болон гуравдагч этгээд Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Н-т холбогдуулан гаргасан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол болон үнийн санал авах, мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагаа, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эрх сэргээж, эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа, мөн өдрийн эрх сэргээж, өмчлөх эрх шилжүүлэх ажиллагаа, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн эрх түдгэлзүүлэх ажиллагаа, мөн өдрийн эрх сэргээж эзэмших эрх шилжүүлэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах, 6444 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Х- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, 5336 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Р- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/01919 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н-т холбогдуулан гаргасан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол болон үнийн санал авах, мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагаа, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эрх сэргээж, эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа, мөн өдрийн эрх сэргээж, өмчлөх эрх шилжүүлэх ажиллагаа, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн эрх түдгэлзүүлэх ажиллагаа, мөн өдрийн эрх сэргээж эзэмших эрх шилжүүлэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах, 6444 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Х- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, 5336 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Р- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээд Голомт банк ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Г.ДАВААДОРЖ