Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 102/2020/03298/И |
Дугаар | 210/МА2021/01685 |
Огноо | 2021-11-22 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2021/01685
2021 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2021/01685 |
О ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
О ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ат холбогдох
7 725 525.72 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 127/1 дүгээр байрны зоорийн давхрын 522 м.кв талбай, 000/0 дугаар байрны зоорийн давхрын 272 м.кв талбайг нэхэмжлэгч Очгялс өргөө ХХК ашигласан болохыг тогтоолгох, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогод 19 440 000 төгрөг, шинжээчийн хөлс 110 000 төгрөг, нийт 19 555 000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн өмчлөлийн узелийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг, хариуцагч Д.А, түүний өмгөөлөгч Б.Нансалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд О ХХК нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай албан ёсны гэрээг байгуулж, мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс холбогдох зөвшөөрлийг авдаг. Иргэн Д.Аийн өмчлөлд 2017 оноос эхлэн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/1 байрны зоорийн давхарт байрлах, 522 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 000/0 байрны зоорийн давхар, 1,2,3,4,13,14,15,16 тоот хаягт байршилтай, 272 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд бүртгэгдсэн. Харин дурдсан хөрөнгүүдийг О ХХК нь тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцан ус дулаанаар хангаж, дамжуулдаг гэрээтэй байдаг. Хариуцагч Д.А нь манайхаас үйлчилгээ авч, ус дулаанаар бүрэн хангуулж ирсэн боловч тэрээр хуулийн дагуу төлөх төлбөрөө огт төлөхгүй явсаар ирсэн. Гэтэл бид цаашаагаа гэрээт байгууллагууд руугаа төлбөрөө төлөөд, эргээд өөрсдөө алдагдалд орж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид өөрийн шаардлагаа ихэсгэсэн. Ингээд хариуцагч Д.Ааас дараах зүйлийг шаардаж байгаа. 2017 оны 9 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны ус, дулааны төлбөрт нийт 7 725 525.72 төгрөгийг хариуцагч Д.Ааас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өмчилж эхэлсэн. Гэтэл миний өмчлөлийн талбайд тус байрны дулааны шугам сүлжээний узель байрладаг. Тус узель нь нийтийн эзэмшлийн газарт байрлах ёстой атал миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дээр байрлаж, О ХХК нь уг узелийг өнөөдрийг хүртэл ашигласнаас болоод өөрийн өмчлөлийн хөрөнгийг бүрэн ашиглах боломжгүй байдалтай 4 жил болсон. Мөн нэхэмжлэгч нь миний өмчлөлийн талбайд холбогдох засвар үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүйгээс болж өнгө зүсээ алдаж, эвдрэл гэмтэл их гарч байгаа. Уг нь би нэхэмжлэгчийг нэхэмжилж буй төлбөрөө багасгаад өгвөл төлбөрийн зарим хэсгийг төлөөд, өөрийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтэй байсан. Гэхдээ нэхэмжлэгч төлбөрөө бүрэн нэхэмжилж байгаа учраас би шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. Мөн үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Төлбөрийн тооцоолол, мөн нэхэмжлэгчээс тодорхой хэмжээний үйлчилгээ авдаг дээр маргахгүй гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний өмчлөлийн газар дээр тус байрны дулааны шугам сүлжээний узель байрладаг. Гэтэл тус узель нь нийтийн эзэмшлийн газарт байрлах ёстой атал миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дээр байрлаж өнөөдрийг хүртэл ашигласнаас болоод өөрийн өмчлөлийн хөрөнгийг ашиглах боломжгүй байдалтай 4 жил болсон бөгөөд ашиглалтын зардал төлөөгүй зөвшөөрөлгүйгээр байрлаж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсгүүдэд зааснаар шүүхэд дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Үүнд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 127/1 дүгээр байрны зоорийн давхрын 522 м.кв талбай /автозогсоолын зориулалттай/, 000/0 дугаар байрны зоорийн давхрын 272 м.кв талбай /автозогсоолын зориулалттай/-н 22 м.кв талбайг нэхэмжлэгч О ХХК тус тус ашигласан болохыг тогтоолгох, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 22 м.кв талбайгаас олох ёстой байсан орлогод 19 440 000 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлсөн 110 000 төгрөг, нийт 19 555 000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн өмчлөлийн хэсгээс дулааны узелийг 22м.кв талбайд байрлах албадан чөлөөлүүлнэ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анхбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Аийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.А нь зоорийн давхрын 522 м.кв, 272 м.кв талбайн өмчлөгч бөгөөд уг талбайг гараашийн зориулалтаар ашиглаж байгаа. Иймд тэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэг хүлээнэ. Д.Аийн өмчлөлийн талбайд тус байрны дулааны узель байрладаггүй, харин нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байгаа бөгөөд Д.Аийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч ямар ч саад учруулаагүй. Д.Аийг анх талбайг худалдан авахад уг узель байсан. Бид нэмж байрлуулаагүй. Иймд Д.А нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.5-д заасны дагуу холбоо, хангамжийн шугам сүлжээг байршуулахтай холбогдсон зайлшгүй арга хэмжээг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй бөгөөд узель байршуулсантай холбоотойгоор ямар нэгэн төлбөр мөнгө нэхэмжлэх, нүүлгэн, чөлөөлөхийг шаардах эрхгүй гэжээ.
ШҮҮХ: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ааас 7 725 525.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 127/1 дүгээр байрны зоорийн давхрын 522 м.кв талбай /автозогсоолын зориулалттай/, 000/0 дугаар байрны зоорийн давхрын 272 м.кв талбай /автозогсоолын зориулалттай/-н 22м.кв талбайг нэхэмжлэгч О ХХК тус тус ашигласан болохыг тогтоолгох, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 22м.кв талбайгаас олох ёстой байсан орлогод 19 440 000 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлсөн 110 000 төгрөг, нийт 19 555 000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн өмчлөлийн хэсгээс дулааны узелийг /22м.кв талбайд байрлах/ албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.Аийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 169 494 төгрөг, хариуцагч Д.Ааас төлсөн нийт 325 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ааас 169 494 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Д.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 000/0 дугаар байрны зоорийн давхрын 272 м.кв талбайн болон Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 127/1 дугаар байрны зоорийн давхрын 522 м.кв талбайн өмчлөгч болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204063132, Ү-2204032492 дугаар гэрчилгээгээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхдээ өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь эд хөрөнгийн эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүдийг бүрдэх ёстой гэж зөв дүгнэсэн атлаа тухайн узельд байрлах 22 м.кв талбай нь хэний өмчлөлийн хөрөнгө болохыг шалгахгүйгээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Д.Ааас ус, дулааны төлбөрт 7 725 525.72 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 127/1 дүгээр байрны зоорийн давхрын 522 м.кв талбай, 000/0 дугаар байрны зоорийн давхрын 272 м.кв талбайг нэхэмжлэгч О ХХК ашигласан болохыг тогтоолгох, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогод 19 440 000 төгрөг, шинжээчийн хөлс 110 000 төгрөг, нийт 19 555 000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн өмчлөлийн узелийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч О ХХК нь хэргийн 11, 13, 80, 159 дугаар талуудад авагдсан Иргэн Д.Аийн гараж төлбөрийн тооцооны задаргаа гэсэн бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.А нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/1 байрны зоорийн давхарт байрлах, 522 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 000/0 байрны зоорийн давхар, 1,2,3,4,13,14,15,16 тоот хаягт байршилтай, 272 м.кв талбайтай, авто зогсоолын өмчлөгч, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу О ХХК нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд тус компанийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд цахилгаан дулаанаар хангах эрхийг авсан үйл баримт тогтоогджээ. /хх.49-50/
О ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж, хариуцагч Д.Аийн өмчлөлийн авто зогсоолуудыг ус, дулаанаар ханган ажиллаж байгаа үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.А нь ...халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүргийг хуулиар хүлээдэг.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Д.Аийн хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа боловч хариуцагчаас 2020 оны тооцоонд дулаан хэрэглээгүй 6, 7, 8 дугаар сарын төлбөрийг, мөн нэхэмжлэлд дурдагдсан хугацааны 5, 9 дүгээр сарын төлбөрийг бүтнээр нь тооцож гаргуулсан нь зөрчилтэй болжээ. /хх.159/
Учир нь, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2017-2020 оны Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай 112, 109, 170 дугаар тушаалд зааснаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотууд, дүүргүүдийн төвлөрсөн ...орон сууцны халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр, бусад аж ахуй нэгж байгууллагуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр, дуусах хугацааг 5 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоосон байна.
Нэхэмжлэгч талаас гаргасан Иргэн Д.Аийн гараж төлбөрийн тооцооны задаргаа гэсэн баримтыг үндэслэн дээрх тушаалын дагуу тооцоход хариуцагч байгууллагаас 5 753 607 төгрөг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, үлдэх 1 971 918 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдсэн нь зөв болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэг хүлээдэг.
Хариуцагчийн ...узельд байрлах 22 м.кв талбай нь хэний өмчлөлийн хөрөнгө болохыг шалгахгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж заасан тул узель нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөл байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/02021 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...7 725 525.72... гэснийг ...5 753 607... гэж, мөн заалтад ...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 971 918 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...Д.Ааас 169 494... гэснийг ...Д.Ааас 107 007... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 138 559 төгрөгийг хариуцагчид буцааж олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.ИЧИНХОРЛОО