Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 63

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг (ҮД:1280),

шүүгдэгч А.Эрдэнэхуяг, А.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хүүхэн хонгор овогт Алтансүхийн Эрдэнэхуяг, Хонгор хүүхэн овогт Алтансүхийн Эрдэнэбаатар нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000350019 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Монгол 8888” ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 15 тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ШЖ86121917 дугаартай, Хүүхэн хонгор овогт Алтансүхийн Эрдэнэхуяг,

2.  Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Монгол 8888” ХХК-д туслах ажилтай, ам бүл 2, эхийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хангамжийн 1-19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн НЦ85050975 дугаартай, Хонгор хүүхэн овогт Алтансүхийн Эрдэнэбаатар нар нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 23 цагийн орчимд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 31 тоотод оршин суух Д.Бат-Очирын гэрт нэвтрэн орж хув хөөрөг, шинэ цагийн манан хөөрөг тус бүр 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, 0.5 литрийн Сархад архи 2 шил, Корн 2 шил, 1 литрийн Хар Чингис 1 шил, Завхан брэнд гэсэн дарс 1 шил, дээлийн ягаан дурдан бүс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 11.563.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч А.Эрдэнэхуяг, А.Эрдэнэбаатар нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 23 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 31 тоотод оршин суух иргэн Д.Бат-Очирын гэрт нэвтрэн орж хув хөөрөг, шинэ цагийн манан хөөрөг тус бүр 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, 0.5 литрийн Сархад архи 2 шил, Корн 2 шил, 1 литрийн Хар Чингис 1 шил, Завхан брэнд гэсэн дарс 1 шил, дээлийн ягаан дурдан бүс 1 ширхэг зэргийг хулгайлан авч 11.563.000 төгрөгийн хохирол учруулан Өмчлэх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эрдэнэхуягийн өгсөн: “... Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эрдэнэбаатарын өгсөн: “... Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарч байна ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бат-Очирын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “... Би тухайн үед байхгүй байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Манай эхнэр өчигдөр хүмүүстэй архи уугаад гэртээ согтуу орж ирээд унтсан хойгуур нь хулгай орсон байна гэсэн. Оюу дэвсгэртэй шүрэн толгойтой алтан нуухтай зааны хэлбэртэй шар хув хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн шар манан хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын 3 мөнгөн аяга, жижиг архи хийдэг мөнгөн аяга бас нэг жижиг аяга байсан. Нэг жижиг архи хундагаладаг аяга, нэг дунд гарын аяга нь яг мөнгөн аяга биш гадуураа мөнгөөр бүрсэн аяга байсан. 0.5 литрийн сархад нэртэй архи 2 шил, нэг шил дарс, завханы шилэн дээрээ Монголын газрын зурагтай Завхан брэнд гэж бичсэн нэг шил дарс, дөрвөлжин шилтэй корн гэдэг архи 2 шил, хайрцагтай 1 литрийн хар чингис архи 1 ширхэг, дээлний ягаан өнгийн дурдан бүс тус тус алга болсон байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... Надад ямар нэгэн санал гомдол байхгүй, шүүх хуралдааны ажиллагаанд оролцох шаардлага байхгүй. Би учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч А.Эрдэнэбаатарын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... орцоор нь буцаад буугаад явж байхдаа би ганцаараа нөгөө онгорхой хаалгатай айлд яваад орсон, тэгсэн Түмэнбаяр гэдэг настай эгч гал тогооны өрөөнд нь шалан дээр согтуу унтаж байсан. Гэрийн эзэн нь гэх эмэгтэй голын өрөөнд орон дээрээ мөн согтуу унтаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би гэрт нь архи хайж явж байгаад хойд талын жижиг өрөөнд нь орсон чинь өрөөний буланд хаалганы хажууд нэг модон авдар байсан. Тэр авдарын цоожийг нь гараараа татаж үзсэн чинь зүгээр зүүгээд орхисон байсан би авдарыг онгойлгоод харсан чинь дотор нь хэдэн шилтэй архи байсан, мөн давхарлаад өрсөн хэдэн мөнгөн аяганууд байсан. Авдарын дотор талын тавиур дээр нь хоёр хөөрөг ил байсан. Тэгэхээр нь эхлээд мөнгөн аягануудыг нь хөөрөгнүүдтэй нь хамт авдран дотор нь байсан ороолт шиг яагаан өнгийн зүйлээр боож аваад орцонд байсан өөрийн дүү Эрдэнэхуягт гаргаж өгчихөөд буцаж ороод авдранд байсан архинуудыг нь авсан. Эрдэнэхуягийн хамт уг байрнаас гарч ээжийнхээ байшингийн үүдэнд байдаг хогийн саванд архинуудыг нь хийчихээд мөнгөн аяга хөөрөгнүүдийг нь аваад Эрдэнэхуягийн байранд оруулж, мөнгөн аягануудыг нойлын өрөөний таазан дээр агааржуулагчийн нүхээр оруулж нуусан. Хөөрөгнүүдийг гал тогооны тавилганы дээр байдаг агааржуулагчийн нүхээр оруулж таазан дээр тавьж нуусан. Тэгээд буцаж гараад хогийн саван дотор хийсэн архинуудаасаа дөрвөлжин том шилтэй архийг нь авч ээжийнх рүү орж ууцгаасан. Тэгээд тэндээ тасарсан байсан. Надад сонсгож байгаа ял болон Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорын 2018.02.20-ны өдрийн 1807000350019 дугаарт тогтоолтой хэрэгт бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 11.563.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч А.Эрдэнэхуягийн 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... Тэгээд тэр хоёрыг сэрээх гэж үзээд сэрэхгүй байхаар гараад явсан. Тэгсэн Батболдын орцны 3 давхарт байх онгорхой хаалга дэлгээтэй байсан, би тэр айлыг хараад шатаар түрүүлж буугаад орцны үүдэнд тамхи татаж байсан. Намайг тамхи татаж байх хооронд Эрдэнэбаатар гарч ирээгүй би хэсэг хүлээж байгаад гарч ирэхгүй байхаар “энэ нөгөө айлд архи ууж байна даа” гэж бодоод араас нь орц руу яваад ортол өмнөөс хүрэн өнгийн алчуурт боосон нэг зүйл өгсөн би “юу юм бэ” гэж асуусан “за чамд хамаагүй дуугүй аваад л яв” гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбаатар буцаад тэр айл руу орсон, би орцноос гараад гадаа нь хүлээж байтал Эрдэнэбаатар таван шил архи барьж гарч ирсэн. Тэгээд бид хоёр архинуудыг ээжийн байшингийн хогийн саван хийгээд манай гэрт орж ууттай эд зүйлийг нээж үзэхэд мөнгөн аяга таван ширхэг, хөөрөг хоёр ширхэг, тахиан толгойн дүрс бүхий мөнгөн эдлэл байсан. Тэгээд Эрдэнэбаатар “энэ юмыг нуухгүй бол болохгүй” гээд хөөрөгнүүдийг гал тогооны өрөөний таазны нүхэнд, мөнгөн аягануудыг 00-н өрөөний таазны нүхэнд хийж нуусан байсан. Эрдэнэбаатар өөрөө нуусан, би уул нь наадахаа ванны доор хийчих гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр ээжийнд очиж нөгөө архинуудыг уусан, тэнд ямар архи байсан талаар хараагүй, ээжийнд орохдоо би эхлээд орсон, тэгсэн миний араас Эрдэнэбаатар орж ирэхдээ хогийн саван дотроос дөрвөлжин шилтэй нэг архи авч ирээд гэрт байсан гүцэнд хийж шилийг нь хаясан бид хоёр шууд гүцнээс нь уусан тэгж байгаад би гэртээ ирээд унтаад өгсөн. Би эхлээд хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй сүүлд мөнгөн аяга болон хөөрөгнүүдийг нуух гэж байхдаа мэдсэн, тэгээд Эрдэнэбаатарт уурлаж “чи архи хайж байсан юм бол архиа л авахгүй ямар юмаа хийж илүү дутуу юм авч байгаа юм” гэж хэлсэн. Эрдэнэбаатар “нэгэнт л авсан юм чинь” гэж хэлж байсан. Надад сонсгож байгаа ял болон өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 3-32,  дүгээр тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35 дугаар тал/,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн эд зүйлсийн зах зээлийн үнэлгээ /хх-ийн 56 дугаар тал/,

А.Эрдэнэхуягийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 60-74, 82, 86-87, 88-89, 96, 99, 103-105 дугаар тал/,

            А.Эрдэнэбаатарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 75-81, 85, 87, 97-98 дугаар тал/,

            А.Эрдэнэхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/,

            А.Эрдэнэбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр тал/,

            А.Эрдэнэбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар тал/,

          А.Эрдэнэбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судалсан дээрх үйл баримтуудаар шүүгдэгч А.Эрдэнэхуяг, А.Эрдэнэбаатар нар нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар 23 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 31 тоотод оршин суух иргэн Д.Бат-Очирын гэрт бүлэглэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар санаатай хулгайлан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх тул тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Харин Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь шүүгдэгч нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид заагдаагүй, ерөнхий ангид  “бүлэглэж” гэмт хэрэг үйлдэх гэсэн нэр томьёог журамласан нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч А.Эрдэнэхуяг, А.Эрдэнэбаатар нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тэдэнд ял шийтгэл оногдуулж,

мөн шүүгдэгч нарын дээрх нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 

шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Бат-Очир “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 литрийн Сархад архи 1 ширхэг, Корн нэртэй архины шил 1 ширхэг, Маутон кадет гэсэн бичигтэй дарсны хагарсан шил, Чингис архины бөглөө 1 ширхэг, 1 литрийн Хар Чингис архины шил 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хүүхэн хонгор овогт Алтансүхийн Эрдэнэхуяг, Хонгор хүүхэн овогт Алтансүхийн Эрдэнэбаатар нарыг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Алтансүхийн Эрдэнэхуяг, Алтансүхийн Эрдэнэбаатар нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 1 (нэг) жил 5 (тав) хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Эрдэнэхуяг, А.Эрдэнэбаатар нарт тус бүр оногдуулсан 1 жил 5 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Эрдэнэхуяг, А.Эрдэнэбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Бат-Очир “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 литрийн Сархад архи 1 ширхэг, Корн нэртэй архины шил 1 ширхэг, Маутон кадет гэсэн бичигтэй дарсны хагарсан шил, Чингис архины бөглөө 1 ширхэг, 1 литрийн Хар Чингис архины шил 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч А.Эрдэнэхуяг, А.Эрдэнэбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.Эрдэнэхуяг, А.Эрдэнэбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ