Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

П.*******эд холбогдох эрүүгийн

  хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******үү /цахимаар/

          Шүүгдэгч                                                                                  П.*******э

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                 Ч.*******үү /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч П.*******ийн давж заалдах гомдлоор П.*******эд холбогдох 2309000000781 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, /*******/, ******* овогт *******гийн *******э

Шүүгдэгч П.*******э нь Монгол Улсын Боловсролын Их сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр суралцсан боловч, төгсөлтийн шалгалтад орж төгсөөгүй байж 2010 онд төгссөн гэх дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

           Анхан шатны шүүх

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан буюу хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.*******эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.*******э нь 6 сарын хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг дурдаж, Шүүгдэгч П.*******эд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолж хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Шүүгдэгч П.*******э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч П.*******ээс 82,646,905 /наян хоёр сая зургаан зуун дөчин зургаан мянга есөн зуун тав/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2010 оны дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн диплом, Монгол улсын багшийн их сургууль гэсэн ромбыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.*******э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Намайг тухайн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн тухайн дипломыг хуурамч буюу боловсролын яамд давхардсан эсэх талаар мэдэх боломжгүй тухайн диплом өгсөн хүн нь чи хамгийн гол нь сургалтын төлбөрөө бүрэн хийх ёстой гээд сургалтын төлбөрийг авсан. Тухайн дипломыг хуурамч, ямар ч хүчингүй, боловсролын яаманд бүртгэлгүй гэж анхнаасаа мэдсэн бол би сургалтын төлбөрөө шилжүүлэхгүй байсан. Миний бие 11 жил төрд зүтгэж түмэн олны хүүхдийг сурган хүмүүжүүлж амьдралын гараанд хөтлөн оруулах ажлыг өдөр шөнөгүй, өөрийн амьдралын 10 жил залуу насаа үрэн байж, хөдөлмөрлөн өглөөнөөс орой хүртэл хичээл орж ажиллаж байж авсан цалинг минь улсад хохирол учруулсан гэж буцаан гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би төрд хохирол учруулсан зүйл байхгүй. Би Үндсэн Хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж төрийн ажил, үйлчилгээг гүйцэтгэснийхээ төлөө өөрийн хийж бүтээсэн хөлсөө буюу цалингаа авсан. Хэрэв ажилдаа очиж ажлаа хийхгүй бол надад цалин хөлс олгогдохгүй, би ажиллаж байж цалин хөлсөө авсан. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхэлж оролцож байна. Яагаад хэрэг үүссэн бэ? гэхээр Боловсрол Шинжлэх ухааны яамнаас дотоодын шалгалт хийх ажлын хэсэг гараад хяналт шалгалт явуулсан. Энэ баримтыг шалгаж өгөөч гэж Боловсрол Шинжлэх ухааны яам гомдол гаргасан. Гэтэл энэ хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Завхан аймаг руу шилжүүлсэн. Хэргийг шилжүүлсэнтэй санал нэгдэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Боловсрол Шинжлэх ухааны яам байна. Нутаг дэвсгэрийн харьяаллаар хэргийг шилжүүлсэн гэх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг солих ёсгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тухайн сургуулийн захирал гэх утгаар нь биш иргэн Ч.*******үү гэх хүнийг татсан байдаг. Энэ үйлдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 2-р хуудаст хэргийг харьяаллын дагуу сольсон талаар баримт авагдсан. Хавтаст хэргийн 9-р хуудаст Ч.*******үү гэх иргэн хүнийг татсан байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн гомдол мэдээллийн талаар гомдол гаргасан Боловсрол Шинжлэх Ухааны яамны хүнийг хохирогчоор тогтоосон бөгөөд тухайн байгууллага хууль ёсны төлөөлөгчөө тогтоосон байгаа. Боловсрол Шинжлэх ухааны яамнаас ямар нэгэн албан тушаалтанд эрх олгосон талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. П.*******эд холбогдох энэ хэрэг дээр хэргийг тусгаарласан ч гэсэн хууль ёсны төлөөлөгчийг дахин томилох юм уу, давхар хууль ёсны Боловсрол Шинжлэх ухааны яамны томилсон хууль ёсны төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаад явах ёстой байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шууд иргэн хүнийг татсан. Хавтаст хэргийн 9-р хуудаст Ч.*******үү гэх хүнийг томилсон. Яагаад, ямар шалтгаанаар томилсон нь тодорхойгүй. Боловсрол Шинжлэх ухааны яамнаас энэ хүнийг томилсон ямар нэгэн баримт байдаггүй. Мөн сургуулиас энэ хүнийг томилсон талаарх шийдвэр байхгүй. Хууль ёсны төлөөлөгчөөр иргэн хүнийг томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж тус тус хуульчилсан. Бусад газруудад Боловсрол, шинжлэх ухааны яам нь хууль ёсны төлөөлөгчөө томилон оролцуулж байна. Сургуулийн захирлыг хохирогчоор татсан. Яагаад сургуулийн захирлыг татсан нь тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хохирогч хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэнэ” гэж хуульчилсан. Хохирогч байгууллагыг төлөөлсөн хууль ёсны төлөөлөгч байхгүй байна гэж харж байна. Сургууль, яамнаас Ч.*******үүд итгэмжлэл олгоогүй байна. Иргэн хүнд хохирол учруулсан бөгөөд тухайн иргэн оролцох боломжгүй тохиолдолд өөр нэг иргэнд итгэмжлэл олгоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой. Хохирогч нь хуулийн этгээд байна. Хууль ёсны төлөөлөгчийг томилоогүй ноцтой зөрчил гарсан байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад ч яригдах боломжтой асуудал байсан. Энэ байдлыг засаж залруулаагүй өдий хүрсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох өөрчлөхтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилсон талаарх баримт байхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс залруулж, албан ёсны хууль ёсны төлөөлөгчийг оролцуулж өгөөсэй гэх хүсэлтийг гаргаж байна. Хоёрт, хохиролтой холбоотой асуудал яригдаж байна. Тухайн байгууллагад анх багшаар ажилд орохдоо дипломыг ашигласан уу? гэх асуудал үүснэ. Хавтаст хэрэгт авагдсан захирлын тушаал байна. 2012 онд П.*******ийг багшаар ажилд авахдаа түр ажлын байран дээр авсан байна. Өмнө ажиллаж байсан багш нь жилийн чөлөөтэй байсан бөгөөд багшлах хүч дутмаг байсан тул багшаар ажилд авсан байна. Дипломыг үндэслэн ажилд авсан нөхцөл байдал харагддаггүй. Дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэсэн асуудал яригдаж байгаа. Дараа нь жинхлэн томилогдохдоо дипломоо ашигласан эсэх нь тодорхойгүй. Жинхлэн томилогдож байж, Боловсролын тухай хуульд заасан шаардлагыг хангах ёстой. Түр томилсон асуудал дээр заавал мэргэжил, ур чадварын дипломыг шаардахгүй. Сул орон тоог захирлын зүгээс багшийн нөөц хомс байгаа тул түр томилох бүрэн эрх нь байгаа. Энэ хугацааны цалин хөлсийг хүртэл хохиролд тооцсон. Нийт 12 жилийн хугацааны цалин хөлсийг төрд хохирол учруулсан гэх байдлаар тооцсон. Хууль ёсны төлөөлөгчийн асуудлыг яагаад ярьсан бэ? гэхээр Боловсрол Шинжлэх ухааны Яамны газраас Завхан аймагт яагаад ингэж шийдвэрлээд байгаа юм бэ? Улаанбаатарт Боловсрол Шинжлэх ухааны Яамыг хохирогчоор тогтоосон. Манай зүгээс хохирол нэхэмжлэхгүй байгаа. Учир нь багшлах боловсон хүчин дутуу байгаа учир, төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхгүй байгаа. Бид нар өөрсдөө шүүх хуралдаанд ормоор байна. Бид нарыг оруулахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Бид нар анх гомдол гаргасан. Манайх дотроосоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөө томилж байхад, иргэн хүнийг хохирогчоор тогтоосон асуудал байна. Бид нар шүүх хуралдаанд биечлэн оролцох саналтай байна гэж ярьсан учраас энэ талаар тайлбар гаргаж байна. П.*******э өөрийнхөө дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, ашигласан гэх үйлдэлдээ ялаа авсан. Хохирол, хор уршгийн асуудал дээр эргэлзээтэй байна. Төрд учирсан хохирол мөн эсэх дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэх байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сургуульд П.*******э биеийн тамирын багшаар 10 гаруй жил ажиллаж байна. Би сургуулийн захирлаар 2014 онд томилогдсон. Намайг ажиллаж байх хугацаанд биеийн тамирын багшийн ажлаа үр дүнтэй, ажилдаа хариуцлагатай хандаж байсан багш.  Би дипломыг нь хуурамч эсэхийг нь нягталж үзэж байгаагүй. Боловсрол Шинжлэн Ухааны Яамнаас хяналт шалгалт хийсэн, энэ шалгалтаар П.*******ийг хуурамч дипломтой байна гэж дүгнэсэн. П.*******э нь 12-13 жил биеийн тамирын багшаар ажиллаж байгаа. Сайн багшийн нэг. Тэмцээн уралдаанд хүүхдүүдээ хариуцлагатай, удирдан авч явдаг. Олон уралдаан тэмцээнд амжилт гаргаж байсан. Дунд сургуульд эрэгтэй багшийн хомсдол их байдаг. Болсон үйл явдалд харамсаж байна. Манай сургуулийн багшийг холбогдогчоор татаад, намайг хохирогч гэж тогтоогоод байгаа нь нэг талаараа эмзэглэмээр зүйл. Би сургуулийн багшаасаа болоод хохироод, хохирол нэхэмжлээд байгаа юм шиг. Хохирол төлбөрийг жинхэнэ хохирсон хүн нь нэхэмжлэх нь зүйтэй. Ерөнхий боловсролын сургуулийн захирал өөрийн сургуулийн багшаас буюу тухайн сургуульд 12-13 жил багшилсных нь төлөө хохирол нэхэмжилж байгаа нь зохимжгүй зүйл юм гэв.

Прокурор Б.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах гомдолтой холбогдуулж тайлбар байна. П.*******ийн гаргаж буй давж заалдах гомдолдоо их сургуулийн диплом  албан ёсоор гараагүй ч хууль ёсны дагуу хүнээс авсан гэж тайлбарладаг. Эхний 2 жил их сургуульд сурчихаад амар хялбар аргаар сургуулиа төгсөхийг бодож, хүнд жилийн төлбөрөө төлөөд хууль бусаар ямар нэгэн сургуулийн бүртгэлгүй, дипломын дүнгүйгээр, сургуулийн төгсөх судалгаанд ороогүй байж байгаад их сургуулийн дипломыг авч байгаа гэдгээ мэдэж байсан. Диплом худалдаж авсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад хэлсэн. Диплом худалдаж авсан үйлдэлдээ маргахгүй гэсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчийг татан оролцуулаагүй байна гэж ярьж байна. Сургуулийн захирлын зүгээс би сургуулийн багшаасаа мөнгө нэхмээргүй байна гэж байна. Ч.*******үү захирлын тухайд төрийн ажил хийж байгаа бол хуулийн этгээдийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдээр сонгогдсон тохиолдолд хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж оролцох ёстой. Түүнээс хувийн ашиг сонирхлоо илэрхийлж, сургуулийн багшаасаа хохирол нэхэмжлэхгүй өөр хүн томилуулж өгөөч гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад ч ярьж байсан. Хийсэн ажлынхаа хөдөлмөрийн хөлсийг авч байсан. П.*******ээс цалинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэж ярьж байсан. П.*******эд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хийсэн хөдөлмөрийн хөлсөнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож шүүгдэгчид олгож, үлдсэн хэсгийг төрд учруулсан хохирол гэж улсын төсөвт төвлөрүүлэх нь зөв гэсэн Улсын дээд шүүхийн жишиг шийдвэр гарсны үндсэн дээр тухайн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Тухайн хэрэг дээр Ч.*******үүг хохирогчоор тогтоохдоо Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газарт П.*******э холбогдох хэрэгт Боловсрол Шинжлэх ухааны яамыг төлөөлж оролцох эрхтэй этгээдийг томилж ирүүлнэ үү гэх албан бичгийг хүргүүлсэн. дарга Ч.*******үүг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж ирүүлсэн байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох тухайд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал байхгүй.  Ч.*******үү нь мөрдөн шалгах ажиллагаанд идэвхгүй байр суурьтай оролцож байгаа ч гэсэн нэг талд төрийн ашиг сонирхол зөрчигдөж байна. Төрд учирсан хохирлыг Ч.*******үү гэх хүн төрийг төлөөлж байгаа хүний хувьд төрийн эрх ашгийг эхэнд тавьж ажиллах ёстой. Шүүгдэгчтэй 12-13 жил хамтын ажиллагаатай байсан гэх үндэслэлээр төрийн эрх ашиг, сонирхолд харш үйлдэл гаргах нь ёс зүйд нийцэхгүй байна. П.*******ийг түр ажилд ороход дипломгүй байж болно гэж тайлбарлаж байна. 2010 онд хуурамч диплом авсан. Тэрнээс хойш ажлын байр хайж байгаад 2012 онд ******* сумын ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшийн орон тоо гарсан тул П.*******э өөрт холбогдох баримтаа бүрдүүлээд төрийн албан хаагчийн анкет бөглөөд, холбогдох материалуудыг бүгдийг нь бүрдүүлж байж ажилд орох хүсэлтээ гаргана. Мэргэжлийн үнэмлэхгүй хүнийг төрд ажиллуулдаггүй. Тиймээс тухайн тушаал дээр дипломын дугаар тэмдэглээгүй учир дипломыг ашиглаж, ажилд орсон нь тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тушаал дээр дипломын дугаар тавих шаардлагагүй. Тэр тушаалыг гаргасан эрх бүхий сургуулийн захирал П.*******э гэх хүний бүрдүүлж өгсөн төрийн албан хаагчийн анкет, 3 үеийн товч намтар, боловсрол эзэмшсэн дипломын хуулбар, дүнгийн голч зэргийг харгалзах нь тодорхой. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр анх ажилд авсан тушаал дээр диплом дурдагдаагүй байна гэж асуудал яригдах нь зохимжгүй юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв дүгнэсэн. Анхан шатны шүүхээс П.*******ийг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.*******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр П.*******эд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

  1. Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч *******э нь Монгол улсын Боловсролын их сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр суралцсан боловч төгсөлтийн шалгалтад орж төгсөөгүй байж 2010 онд төгссөн гэх дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн  дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2012 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар ажилд орохдоо ашиглаж, тус сургуулийн биеийн тамирын багшийг одоог хүртэл хийж байсан үйл баримт тогтоогджээ.

Энэхүү үйл баримт нь хохирогч Ч.*******үүгийн “...Одоогоос 2 хоногийн өмнө Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын дарга над руу залгаад “танай сургуулиас нэг багш хуурамч дипломоор ажилд орсон асуудал Тосонцэнгэл суманд шалгагдаж байгаа юм байна, та очиж уулзаад мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би ямар багш байгаа талаар асууж сураглаагүй, дараа нь над руу Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газраас дахин залгаад “танай сургуулийн биеийн тамирын эрэгтэй багш энэ асуудалд холбогдсон байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь *******э багш юм байна гэж мэдсэн...Сургуулиа төгсөж ирээд манайд орсон байхаа тэр үед би багш байсан учраас яг яаж ажилд орсон талаар сайн мэдэхгүй байна.Энэ асуудлаас болж Боловсролын яам, Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газарт болон манай байгууллагад ямар нэгэн учирсан хохирол байхгүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. П.*******э багшийн хувьд мэргэжлийн диплом аваагүй гэдэг асуудал байгаа болохоос ажил мэргэжлийн хувьд болон хувь хүний хувьд ухамсартай, чадвартай, элдэв хорт зуршилгүй маш сайн багш байгаа юм...” гэсэн,

Гэрч Д.гийн “....Тэгээд Улаанбаатар хот руу МУБИС-н биеийн тамирын сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр сурахаар явсан. Тэгээд 2010 онд байхаа сургуулиа төгсөөд эргэж ирсэн. Тэрнээс хойш гэртээ байж байгаад 2012 онд Завхан аймгийн ЕБ-н сургуульд биеийн тамирын багшаар ажилд ороод одоо болтол ажиллаж байна...Манай хүү П.*******э нь 3 жил сурсан байхаа, би одоо сайн санахгүй байна. Нэг жилийн өмнө сургуулиа төгссөн байсан. Яагаад нэг жилийн өмнө сургуулиа төгссөн талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй. Сургуулиа төгсөөд ирлээ гээд ромбо, дипломоо аваад ирсэн...Хонхны баяр гэж хийгээгүй байхаа...” гэсэн,

Гэрч Х.ын “...Би сургуулийн бүртгэлийн системээс уг хүний талаарх мэдээллийг шүүж үзэхэд ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй байна. Харин урьд ажиллаж байсан хүний үлдээсэн файлаас шүүж үзэхэд П.*******э гэх хүн 2008-2009 онд дасгалжуулагчийн 2 дугаар курсийн дүнгийн хавтгай дээр 8 хичээлээс 2 хичээлийн дүн гарсан харагдаж байна. П.*******э гэгч нь МУБИС-ын БТС-д суралцаж элссэн эсэхийг 2007-2008 оны элсэлтийн тушаалыг архиваас шүүж үзэх боломжтой...Мөрдөгчөөс үзүүлсэн дугаартай бакалаврын дипломын дугаараар дээд байгууллагын удирдлага мэдээллийн систем /Боловсролын яам/-ээс хайлт хийж үзэхэд дээрх дугаартай диплом бүртгэгдээгүй байна...” гэсэн,

Гэрч Ч.гийн "...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжинд шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг PDF татаж авах, архивын архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон...Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэсэн,

Гэрч Я.ийн “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ESIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу PDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэсэн,

Гэрч А.ийн “...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан...Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн...зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэсэн,

Гэрч Б.ийн “...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм..." гэсэн,

 Гэрч Н.ийн “...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг...EISIS систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь HEMIS буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний pdf, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан...Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...” гэсэн,

 Гэрч Д.агийн “...Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...” гэсэн,

 Гэрч С.ын “...Тухайн *******гийн *******э гэх хүнийг танихгүй юм байна. Уул нь би манай сургуулийн төгсөгч нарийн нэр царай зүсийг сонсвол мөн харвал шууд таньдаг энэ хүнийг бол би танихгүй сонсож байгаагүй хүн байна...Тухайн үед манай биеийн тамирын сургууль нь нийт төгсөгчдийн нэрсийг гаргаж төв буюу МУБИС-д хүргэж тухайн сургуулийн захирал тушаал гаргаж төгсгөдөг байсан...Тухайн үед манай сургуульд түргэвчилсэн байдлаар төгсгөж диплом олгож байсан удаа байхгүй...” гэсэн,

Гэрч Д.гийн “...Миний хувьд манай МУБИС-ын сургуулийн төгсөгчдийн тоо болон судалгааг боловсролын яаманд өгдөг байсан ба тус боловсролын яам дипломын дугаарыг тус үнэт цаас хэвлэдэг байгууллагад хууль ёсны дагуу өгч хийлгэдэг байсан. Миний санаж байгаагаар 2010 онд ХХК-д хийлгэж захиалга өгч байсан санагдаж байна...Би тухайн *******гийн *******э гэх хүнийг танихгүй юм байна...” гэсэн,

Гэрч Ө.ийн “...Манайд тухайн жилийн төгсөлтийн талаар хувь хүний нууцтай холбоотой ямар нэгэн ном хэвлэмэл бичиг байхгүй болно...” гэсэн мэдүүлгүүд,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000000084 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн П.*******ийн Монгол улсын боловсролын их сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж 2010 онд төгссөн гэх №дугаартай диплом нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн диплом дээр байх бичвэрүүд болон төгсөлтийн шалгалтын комиссын дарга проф. Ц.ь, Ректор проф Б.аа эрх бүхий албан тушаалтан Д., С., Н. гэх хүмүүсийн гарын үсэг болон дөрвөлжин, дугуй хэлбэрийн улаан, ягаан өнгийн тэмдгийн дардас нь өнгөт хэвлэлээр хэвлэсэн байна. Шинжилгээд ирүүлсэн диплом нь үнэт цаас биш байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна...” гэсэн дүгнэлт,

Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/4489 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалтын хуулбар,

Монгол улсын боловсролын их сургуулийн захирлын 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 178 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар,

Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай тушаалын хуулбар,

 “...Монгол Улсын иргэн ******* овогтой *******э 2006-2010 онд Монголын Улсын боловсролын их сургуульд БИЕИЙН ТАМИРЫН БАГШ-ДАСГАЛЖУУЛАГЧ/ мэргэжлээр төгссөн тул төгсөлтийн шалгалтын ерөнхий комиссын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг үндэслэн боловсролын БАКАЛАВР-ын зэрэг олгов...” гэсэн Монголын Үндэсний дээд сургуулийн № гэсэн дугаартай бакалаврын дипломын хуулбар,

Монголын Үндэсний Их сургуулийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №3/1262 дугаартай “...Тус т байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан ******* овогтой *******э /*******/нь МУБИС-д 2007 онд спортын дасгалжуулагч  багш элсэн суралцсан бөгөөд 2010 онд төгссөн тухай мэдээлэл олдоогүй болно. дугаартай диплом нь өөр хүн дээр бүртгэлтэй байна. МУБИС-ийн захирлын 2007 оны 259 тоот элсэлтийн тушаал 2010 оны 178 тоот төгсөлтийн тушаал тус сургуулийн 2008-2009 оны хичээлийн жилийн 1 дүгээр улирал, 2009-2010 оны хичээлийн жилийн 1 дүгээр улирлын шалгалтын нэгдсэн дүн, 2010 оны Архангай аймаг дахь багшийн сургуулийн 51 тоот тушаалыг хавсаргав...” гэсэн албан бичиг баримтууд,

Монгол Улсын Боловсрол Их сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/1700 дугаартай “...Тус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсаны дагуу 2010 онд Биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн төгсөгчдийн зургийн цомог болон төгсөлтийн тушаалын хуулбарыг хүргүүлж байна...” гэсэн албан бичиг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

2. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх  шүүгдэгч  П.*******эд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд тэдгээрийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний  үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч П.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.*******ээс “ ...тухайн дипломыг Боловсролын яаманд бүртгэлгүй гэж мэдээгүй, мэдсэн бол би сургалтын төлбөрөө шилжүүлэхгүй байсан. Миний бие 11 жил төрд зүтгэж, түмэн олны хүүхдийг сурган хүмүүжүүлж амьдралын гараанд хөтлөн оруулах ажлыг өдөр шөнөгүй, өөрийн амьдралын 11 жил залуу насаа үрэн байж хөдөлмөрлөн өглөөнөөс орой хүртэл хичээл орж ажиллаж байж авсан цалинг улсад хохирол учруулсан гэж буцаан гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж төрийн ажил үйлчилгээг гүйцэтгэснийхээ төлөө өөрийн хийж бүтээсэн хөлс, цалингаа авсан...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтаар  шүүгдэгч П.*******э нь 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар ажилд орохдоо бакалаврын дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж ашиглаж, улмаар тус сургуульд 10 жил 10 сар ажиллаж 120.031.705 төгрөгийн цалин хөлс авч төрд 120.031.705 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай тогтоогдсон байна.

Гэвч анхан шатны шүүх Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т зааснаар “ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтэй  тохирсон цалин хөлс авах эрхтэй” гэсэн хүний хөдөлмөрлөх эрхийн суурь зарчмуудыг удирдлага болгон ажилтны ажиллаж байсан хугацаанд хамаарах хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөдөлмөрийн хөлс тооцож, нийт 37.384.800 төгрөгийг шүүгдэгчийн төрд учруулсан хохирлын хэмжээнээс хасаж тооцсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАМХАЙДОРЖ

            ШҮҮГЧИД                                                     Б.АРИУНБАЯР

                                                                                    Ж.БАТТОГТОХ