Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01686

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01686

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/02499 дугаар шийдвэртэй

Л.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Мт холбогдох

Гэрээний үүргийн биелэлтэд 18 684 070 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.М Л.Бгаас 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 3 400 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Л.Б, Л.Мийн Хаан банкны данс руу 1 800 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1 600 000 төгрөг нийт 3 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Л.М өөрийн гараар 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1 800 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1 600 000 төгрөгийг өөрийн 5022-2521-29 дугаарын дансаар хүлээн авсан гэж бичиж гарын үсэг зурсан. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл зээлийн гэрээний үндсэн нөхцөлтэйгөөр гэрээг сунгаж өгөх хүсэлтийг Л.М гаргаж, үндсэн нөхцөлтэйгээр, 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлийн гэрээг сунгасан. Иймд уг гэрээг үндэслэж Л.Мээс үндсэн зээлийн 3 400 000 төгрөг, 20 сарын 6 хувийн хүү 4 080 000 төгрөг, алдангийг 50 хувиар тооцож 3 740 000 төгрөг нийт 11 220 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн Л.Б, Л.М нар 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1 230 ам.ам.долларыг сарын 6 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэл өгөх үеийн долларын ханш 2 849.69 төгрөг байсан бөгөөд 1 230 ам.долларыг Монгол улсын мөнгөн дэвсгэртээр бодож үзэхэд 3 500 000 төгрөг болсон. Гэрээг үндэслэж Л.Мээс үндсэн зээл 3 500 000 төгрөг, 6 хувийн 7 сарын хүү 4 976 070 төгрөг нийт 16 136 070 төгрөгийг нэхэмжилж байна. Л.Б ам.долларыг Л.Мт зээлэхдээ хариуцагч долларын дансгүй учраас ам.долларыг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч Л.М зээлсэн мөнгөө төлөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0.5 хувиар бодож 2 488 000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 3 400 000 төгрөгийн зээлийн гэрээн дээр алданги тооцсон байсан боловч доллараар зээлсэн гэрээнд алданги тооцоогүй тул одоо долларын зээлийн гэрээнд заасны дагуу алданги тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 18 684 070 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгч тал үзэж байна, хавтас хэрэгт ч мөн зээлийн гэрээ байдаг. 2020 онд хийгдсэн долларын зээлийн гэрээнээс хариуцагч Л.М зөвхөн үндсэн зээлийг хүлээн зөвшөөрдөг, зээлийн хүү, алдангийг төлөхгүй гэж маргаж байна. Зээлийн гэрээ тухайн цаг үед байгуулагдаагүй, 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Л.Б, Э.Дгийн гэрийн гадаа ирж зээлийн гэрээнд нөхөж гарын үсэг зуруулсан. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрүүдэд зээл авахад зээлийн гэрээ хийгдээгүй байсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээг нөхөж хийн гарын үсэг зуруулсан. Л.Б, Л.Мээр гарын үсэг зуруулахдаа эгч нь та хоёртой зөндөө харилцаж байсан болохоор 1230 ам.доллар дээр хүү, алданги тооцохгүй гэж хэлсэн болохоор Э.Д Л.М нар итгээд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэх огноотой нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд уг нотлох баримт дээр Э.Дгийн авсан мөнгө гэж жагсааж бичиж байгаад гарын үсэг зуруулсан байдаг. Хүү, алданги төлөхгүй байгаа шалтгаан нь Л.Бгийн хэлсэн үг нь дээр үндэслэж байна. Хавтас хэрэгт буй нотлох баримтад 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 33 минутанд Л.Бгийн 5240-0622-40 дугаартай данснаас Л.Мийн 5022-2521-29 дугаартай данс руу 1 800 000 төгрөг орж ирсэн бөгөөд энэ өдрийн 17 цаг 26 минут буюу 2 цагийн дараа Мөнгөө гэх гүйлгээний утгатай 1 800 000 төгрөгийг 5007037776 дугаартай данс руу шилжүүлсэн. Эхний 2240 гэж төгсөж буй данс Л.Бгийн данс, 7776 гэж төгсөж буй данс Х.Мын данс. 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 07 минутанд Л.Бгаас гэх гүйлгээний утгатай 1 600 000 төгрөг Л.Мийн дансанд орж ирээд 8 минутын дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 15 минутанд 1 600 000 төгрөг мөн 7776 гэж төгсөж буй Х.Мын данс руу шилжүүлсэн байдаг. Л.Бгаас 3 400 000 төгрөг орж ирэхдээ Л.Мийн дансыг ашигласан. Учир нь, Х.М, Л.Б нар өмнө нь мөнгө санхүүгийн харилцаатай байсан бөгөөд Х.М, америкт гэр бүлээрээ оршин суудаг. Х.М мөнгөний хэрэгцээ гарахаар Л.Бгаас мөнгө зээлдэг байсан. Л.Б 3 400 000 төгрөгийг Х.Мд зээлүүлэх үедээ би чамд гэрээ хийхгүйгээр мөнгө өгч болохгүй, тийм болохоор хэн нэг хүний нэр дээр энэ зээлийг ав гэдэг шаардлага тавьсан. Энэ үед Х.М миний 10 жилийн найз Э.Дгийн нэр дээр авъя гэж хэлэхэд нь Э.Д би өөрийнхөө дансаар дамжуулахгүй гэж хэлээд өөрийн эхнэр болох Л.Мийг танилцуулсан. Л.Бгаас Л.Мийн данс руу 2 удаа шилжүүлэгдсэн 3 400 000 төгрөг, Л.Мийн данс руу ороод Х.Мын данс руу шилжүүлэгдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан энэхүү гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийдэг. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Л.М, Л.Б нарын хийсэн 3 400 000 төгрөгийг зээлийн гэрээ дүр үзүүлсэн хэлцэл тул уг мөнгийг Л.М төлөх үндэслэлгүй. Х.Мд шилжсэн нь тодорхой харагдаж байгаа тул Л.Б уг мөнгийг Х.Маас нэхэмжлэх эрх нээлттэй. Харин Л.М 1 230 ам.долларыг хүү, алданги төлөхгүйгээр зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.М нөхрийнхөө найз Х.Мын хүсэлтээр хариуцагч Л.Бгаас 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1 800 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1 600 000 төгрөг нийт 3 400 000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5022-2521-99 дугаартай дансаар хүлээн авсан. Л.Мийн хувьд хариуцагч Л.Бгаас хүлээн авсан дээрх мөнгийг орж ирсэн тухайн өдөр бүр нь Х.Мын Хаан банкин дахь 5007-0377-76 дугаартай дансанд шилжүүлснээр энэ асуудлыг орхисон байдаг. 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Л.Б, Л.М нарын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан. Хариуцагч тухайн үед 3 400 000 төгрөгийг авах шаардлагагүй байсан. Л.Б, М нар олон жилийн турш бизнес болон зээлийн харилцаатай байсныг мэддэг, ийм зүйл болно гэдгийг бодоогүй учраас тусалсан. Иймд 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас 3 400 000 төгрөгийн шаардлагатай холбоотой мөнгийг хүчин төгөлдөр бус гэрээний шаардлага гэж үзэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ хууль ёсны дагуу хийгдсэн гэрээ бөгөөд үүнийг үгүйсгэх нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Х.М мөнгийг авсан бол Л.Мийн нөхөр Э.Д зээлсэн мөнгийг төлнө гэж баталгаа гаргаж өгөхгүй байсан байх. Мөн Х.М тухайн мөнгийг зээлсэн бол Л.М 2018-2019 онуудад Зээлийн гэрээ-г сунгахаар хүсэлт гаргахгүй байх байсан. Л.М тайлбартаа нэхэмжлэгч Л.Бгаас мөнгө зээлж авснаа хүлээн зөвшөөрч, гэрээг сүүлд нөхөж хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Зээлийн гэрээ-г дүр үзүүлж нөхөж хийсэн хэлцэл гэж байгаа боловч дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь нотлогдоогүй. Нэхэмжлэгч гэрээгүйгээр хүнд мөнгөө өгөхгүй, зүгээр 3 400 000 төгрөг, 1 230 ам.долларыг шилжүүлэхгүй гэж тайлбар бичсэн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Мээс 16 308 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 376 070 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 691 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 69 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 239 490 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 20 сарын хүү нэхэмжилсэн байхад шүүх өөрийн санаачилгаар 22 сарын хүү бодож байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Л.Бгийн Л.Мт зээлүүлсэн гээд байгаа мөнгө нь хариуцагч Л.Мийн дансаар ороод тэр дороо Х.Мын данс руу шилжсэн байгааг шүүх үнэлээгүй байна. Шүүх гэрч Э.Дгийн Хаан банкны 5030481578 тоот дансаар нэхэмжлэгч Л.Бгаас Х.М руу мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг шийдвэр гаргахдаа огт үнэлээгүй байна. Шүүх гэрч Э.Дгийн мэдүүлгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангахдаа үнэлсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ үнэлэхгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Л.Мт холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 18 684 070 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...Л.М нөхрийнхөө найз Х.Мын хүсэлтээр хариуцагч Л.Бгаас нийт 3 400 000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5022252199 тоот дансаар хүлээн авсан. Л.М 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Л.Б, Э.Дгийн гэрийн гадаа ирж зээлийн гэрээнд нөхөж гарын үсэг зуруулахдаа эгч нь та хоёртой зөндөө харилцаж байсан болохоор 1 230 ам.доллар дээр хүү, алданги тооцохгүй гэж хэлсэн учраас Э.Д Л.М нар итгээд гарын үсэг зурсан гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Л.Мтэй 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 3 400 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлүүлж, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сунгасан, мөн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 230 ам.долларыг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тус тус тохиролцсон байна. /хх.5, 7/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байдаг.

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд хариуцагч Л.Мийн Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд зээлдүүлэгч Л.Бгаас зээлдэгч Л.Мт зээлийн мөнгөн хөрөнгөд 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1 800 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1 600 000 төгрөг шилжүүлсэн, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч 1 230 ам.доллар авсан үйл баримт тогтоогдсон, /хх.58-59/ зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан талаар зохигчид маргаагүй.

Зээлдэгч Л.М зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Л.Б Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Гэрээний 5-д гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч Л.Мээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байгаа боловч нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 20 сарын хүү нэхэмжилсэн байхад 22 сарын хүү нийт 4 488 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3 400 000 төгрөг, 20 сарын зээлийн хүү 4 080 000 төгрөг, алданги 1 700 000 төгрөг, нийт 9 180 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3 500 000 төгрөг, 7 сарын хүү 1 470 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг нийт 6 720 000 төгрөг болж байна. Иймээс хариуцагч Л.Мээс 15 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 784 070 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...нэхэмжлэгч Л.Бгийн Л.Мт зээлүүлсэн гээд байгаа мөнгө нь хариуцагч Л.Мийн дансаар ороод тэр даруйдаа Х.Мын данс руу шилжсэн байгааг шүүх үнэлээгүй гэж заасныг хангах үндэслэлгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх гэрээ бөгөөд хариуцагч Л.М зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болох нь тогтоогдсон, өөрийн өмчлөлд авсан мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь өмчлөгчийн эрх юм.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч 2017 оны гэрээнд гарын үсгээ зурснаа зөвшөөрсөн, гэрээний хугацааг сунгах хүсэлтээ үгүйсгээгүй, зээлийн төлбөрийг өөрийн эзэмшлийн дансаараа шилжүүлэн авсан нь баримтаар нотлогдсон гэсэн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/02499 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...16 308 000... гэснийг ...15 900 000... гэж, ...2 376 070... гэснийг ...2 784 070... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...239 490... гэснийг ...237 450... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 238 931 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО