| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2209032142342 |
| Дугаар | 2024/ДШМ/577 |
| Огноо | 2024-05-16 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/577
2024 05 116 2024/ДШМ/577
Д.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Булганчимэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б-ын өмгөөлөгч Ц.Баярмаа,
шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Д.Пүрэвбаатар, Н.Цэцэгмаа,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Н.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Г-т холбогдох 2209032142342 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г-,
Шүүгдэгч Д.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цагийн үед С дүүргийн тоотод Ч.Я-тай шалтгаангүйгээр маргалдаж нүүрэн тус газар нь цохих, зүүн газрын бугалга болон цээжин тус газарт нь хутгалж, амь хохирогч Ч.Я- нь цээжний зүүн талд өвчүүний зүүн доод хэсэгт 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд, ар хана, уушгины 10 дугаар сегментийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 120 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйл, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирол болох 24.649.986 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 63.000.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б-т олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие прокурор, мөрдөн байцаагч нарын намайг мөрдөн байцаасан ажиллагаанд үнэхээрийн сэтгэл дундуур байгаа бөгөөд үүнийгээ анхан шатны удаа дараагийн шүүх хуралдаан дээр бодитой, баримттайгаар хэлсэн боловч хүлээн аваагүй. Хилс ял оноож хэлмэгдүүлж байна. Миний буруудаж байгаа гол зүйл хэрэг үйлдэгдсэн үед тасраад унтчихсан байсан учраас хэргийг хэн үйлдсэнийг мэдэхгүй байгаа. Энэ байдлыг ашиглан Ч.Б- өөрийнхөө үйлдсэн хэргийг над руу түлхэн, худлаа гүтгэж байна гэхэд болно. Ч.Б-гийн өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдээс өөр намайг буруутгах нэг ч баримт байхгүй. Ганцхан гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдийн мэдүүлгээр намайг хилсдүүллээ. Анх цагдаагийн байгууллагат мэдүүлэг авах үеэс л 3 цагдаагийн хүн шууд л “та хэргээ хүлээ” гээд тулгасан. Ч.Б- нь намайг юу ч мэдэхгүй байна гэж хэлснийг далимдуулан хэргийг надад тохох оролдлого хийж, надад бурууг үүрүүлэхийг хичээж байна.
Ч.Б-гийн бүх мэдүүлэг зөрүүтэй, дандаа намайг буруутгаж, өөрийгөө ариун цагаан хүн болгон харуулахад зориулж мэдүүлэг бүрээ өөрчилж өгсөн байдаг. Хамгийн гол нь мөрдөгч энэ зөрүүтэй байдлыг арилгаж засахыг огт оролдоогүй, дээр нь нэмээд хэлэхэд Ч.Б-гийн цамц урагдсан, гар болон цамцан дээрээс нь амь хохирогчийн цус илэрсэн, халааснаас нь цустай хөвөн гарч ирсэн, хуруу нь зүсэгдэж цус гарсан зэрэг нь Ч.Б-гийн энэ хэргийг үйлдсэн байж болох сэжигтэй бусад байдлуудыг түүнээс огт байцааж шалгалгүй орхигдуулсан. Шүүх хурал дээр манай өмгөөлөгч Ч.Б-гаас “Яагаад талийгаачийн цус таны гар болон цамцанд байгаа юм бэ” гэж асуухад “Г- намайг цустай гараараа барьсан” гэж худал хариулж байсан. Гэтэл миний бие, хувцсан дээрээс амь хохирогчийн болон өөр хэн нэгний цус огт илрээгүй нь хэрэгт тодорхой байгаа, шинжээчийн дүгнэлтээр энэ байдлууд нь тодорхой гарсан байгаа ч энэ чухал асуудлыг шүүгч лавшруулан асууж тодруулалгүй орхисон. Талийгаач зүрхэндээ хутгалуулснаас гадна бугалгынхаа ард хутгалуулсан, нүд хөмсгөндөө цохиулсан, цамц нь урагдсан. Өөрөөр хэлбэл зүрхэндээ хутгалуулахаас өмнө хэн нэгэнтэй ноцолдож, зодолдсон байж болохоор байгаа. Тэгвэл ингэж ноцолдож, зодолдсон хүн хэн байж вэ гэдгийг огт шалгаагүй. Ч.Б- болохоор амь хохирогчид огт хүрээгүй гэдэг. Гэтэл Ч.Б-гийн цамц урагдсан, гар болон хувцаснаас нь амь хохирогчийн цус илэрсэн нь яахын аргагүй Ч.Б- ноцолдож, зодолдсон болохыг шууд гэрчилж байгаа. Ч.Б- нь насаараа цагдаагийн ажилтан байсан болохоор мэдүүлгээ яаж өгөх, ямар үг хэлэх зэргээ мэддэг. Тиймдээ ч мэдүүлэг өгсөн үг хэллэгийг нь та бүхэн анзаарч хараарай гэж хүсэх байна. Найз нөхөд гэж Ч.Б-тай уулзаж ярьж явсан хүний хувьд Ч.Б- нь шүүх хурал дээр яаж жүжиглэж байгааг хараад үнэхээр сонин санагдлаа. Сонсгол муутай нь үнэн боловч хүнээр дамжуулан ярьж жүжиглэх хэмжээний байгаагүй, зүгээр ярилцаж суугаад сонсож байсан. Хэргийн ээдрээтэй байдлыг үнэн зөв тогтооход чухал ач холбогдолтой, онцгой сэжигтэй асуудлыг огт шалгаагүй орхигдуулсан. Энэ талаар Ч.Б-гийн хувцасны урагдал, цустай хувцас, гарын цус, хэлсэн ярьснаа олон янзаар мэдүүлсэн байдал гэх мэтийг шалгасан нэг ч үг өгүүлбэр миний танилцсан хавтас хэрэгт байгаагүй. Ч.Б- ч энэ сэжигтэй байдлаа тайлбарлаж чадахааргүй байгаа тул мөрдөгч асууж шалгалгүй санаатай орхигдуулсан гэж бодож байна. Энэ асуудлыг шалгуулах миний болон өмгөөлөгч нарын хүсэлт, гомдолд мөрдөгч, прокурор, тэр байтугай шүүгч нар чихгүй толгойтой хүн шиг л хандсанд үнэхээр гомдолтой байна. Шүүх хурал дээр иргэдийн төлөөлөгч Мөнхзаяа гэх эмэгтэй “Би энэ хүнийг хэрэг үйлдсэн гэхэд итгэхгүй байна” гэж шууд хэлсэн. Ямар ч хуулийн мэдлэггүй хүмүүс ингэж ойлгоод байхад мөрдөгч, прокурор, шүүгч нар ойшоохгүй, Ч.Б-гаас санаатай асууж шалгаахгүй, шалгаж мөрдөхгүй тас орхиж байгааг эдгээр хүмүүсийн мэдлэг боловсрол нимгэн, дулимаг гэхээсээ илүүтэй авлигад автчихсан байх гэж хардаж сэрдэхээс өөр арга алга. Энэ хэрэг Ч.Б-гийн гэрт гарсан, энд би Ч.Б-гийн нүдэн дээр хувцас хунар, гар нүүр, хүн хутгалсан хутган дээрээс хурууны хээгээ арилгаад угаагаад хэргийн ул мөрөө баллаад зогсож байх боломжгүй. Шүүхээс хэргийн эргэлзээтэй байдлуудыг тухайлбал, амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд, хувцасны урагдалтын шалтгааныг нэг мөр болгох 2 сарын хугацааг прокурорт өгсөн. Би энэ хугацаанд Ч.Б-гийн сэжигтэй байдлыг шалгаж нэг мөр болгох байх гэж итгэж байсан боловч прокурор Булганчимэг юу ч хийгээгүй атлаа “Г- шалтгаангүйгээр маргалдаж, хөмсгөн тус газар нь цохисон” гэж хэрэгт хаана ч байхгүй, нөгөө олон янзаар мэдүүлдэг Ч.Б- хүртэл ингэж мэдүүлээгүй үг, өгүүлбэрийг санаанаасаа зохион намайг буруутгасныг шүүх огт нягтлахгүйгээр шууд хүлээн авсанд гомдолтой байна. Хэрэг үйлдэгдэх үед бид гурваас гадна өөр хүн ирсэн байх магадлалтайг батлах баримтуудыг огт шалгаагүй. Хэргийн газраас олдсон хурууны хээнүүд дотроос архины шил, хундган дээрээс олдсон, бидний хэнийхтэй ч тохирохгүй “4” хурууны мөр хэнийх болохыг тогтоогоогүй, хэрэг гарсан байрны гаднах болон орцны камерын бичлэгийг авсан гэдэг боловч хэрэгт хавсаргаагүй. Гаднаас анх орж ирэхдээ малгайгаа тавьсан шүүгээ дээр юу ч байгаагүй. Гэтэл хэргийн газрын тэмдэглэл дээр чернилэн ягаан өнгийн ноосон бээлий байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Шинээр вино бий болсон, Ч.Б-, амь хохирогч хоёр ярьж байгаад Ч.Б- хэн нэгнийг дуудсан, вино, бээлий зэргээс бодоход эмэгтэй хүн ирсэн байж болохоор байгаа. Хутган дээрээс хурууны хээ илрээгүй нь эргэлзээтэй санагдаж байна. Ч.Б-гийн гэрчилж байгаагаар би хутгалаад хутгаа шууд шидчихсэн юм бол миний хурууны хээ байх ёстой. Гэтэл байгаагүй, энэ нь би хүн алсан хутгыг бариагүйг, өөрөөр хэлбэл хүн алаагүйг нотлож байгаа баримт юм. Шийтгэх тогтоолд миний болон өмгөөлөгч нарын хэлсэн үгнүүдээс миний дээр дурдсан баримтуудын талаар ярьсан хэсгүүдийг оруулалгүй хасаж бичсэн нь намайг гэм буруутай гэж харагдахаар, Ч.Б-г ямар ч сэжиггүй болгож харагдуулж байна. ...Иймд дээрх сэжигтэй байдлуудыг үнэн зөв, бүрэн шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатайг харгалзан хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Н.Цэцэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Шүүгдэгч Д.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 04 тоотод Ч.Я-тай шалтгаангүйгээр маргалдаж нүүрэн тус газар нь цохих, зүүн гарын бугалга болон цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь санаатайгаар хохироосон хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл “... Б-гийн биед үзлэгийг явуулахад биеийн дээд хэсгээр хар өнгийн куртиктэй, түүний дотор талд цагаан өнгийн, улаан, хөх өнгийн хүрэмтэй, хүрмийн баруун хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, түүний дотор талын хувцас нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хүрмийн дотор цэнхэр өнгийн бичиглэлтэй малгайтай цамцны энгэр хэсэг нь урагдсан байна. Б-гийн биеийн баруун гарын долоовор хурууны хэсэгт 1 см өнгөц зүсэгдсэн” шинэ гэмтэл” байна. Биеийн бусад хэсэгт өөр гэмтэл шархгүй” гэх тэмдэглэл,мөрдөгчийн тэмдэглэл “...Ч.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өглөөний 09 цаг 45 минутад үлээлгэн шалгахад 1,28 тоон үзүүлэлт заасан” гэх тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “...Д.Г-ын биед явуулав. ...Өмссөн хувцсыг тайлж үзэхэд толгой, цээж болон хөлийн хэсгээрээ ямар нэгэн шинэ болон хуучин шарх сорвигүй, ямар нэгэн шивээсгүй, баруун гарын чигчий хурууны дотор талын 3 дугаар үе дээр 1.5 см-ийн урттай хурц ирмэгтэй зүйлээр зүсэгдсэн мэт шинэ шархтай эргэн тойронд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба криминалистикийн шинжээч арчдас бүхий дээж мөн гарын арван хуруунаас хумсны дээж авсан, өөр ямар нэгэн шарх сорвигүй байлаа...” гэх тэмдэглэл,мөрдөгчийн тэмдэглэл “ ... Д.Г- нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өглөөний 09 цаг 40 минутад үлээлгэн шалгахад 1.34% тоон үзүүлэлт заасан...” гэх тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч Я.Б-ын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг, яллагдагч Д.Г-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, дуудлага мэдээлэл хүлээн авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын генетик мэдээллийн сан хариуцсан шинжээч Б.Шинэбаярын 6021, 6022 дугаар дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд болно. Хэрэгт цугларсан дээрх баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 04 тоотод Ч.Я-тай шалтгаангүйгээр маргалдаж нүүрэн тус газар нь цохих, зүүн гарын бугалга болон цээжин тус газарт нь хутгалж хохирогчийн биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд, ар хана, уушгины 10 дугаар сегментийг гэмтээсэн, гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд цусан хураа, зүүн уушигны авчилт, зүүн бугалгын зүсэгдсэн шарх, зулгаралт, баруун хөмсгөнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий гэмтлийг учруулж, улмаар амь хохирогч Ч.Я- нь цээжний зүүн талд өвчүүний зүүн доод хэсэгт 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд, ар хана, уушигны 10 дугаар сегментийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж амь насыг нь санаатайгаар хохироосон болох нь нотлогдсон байна” гэж дүгнэжээ.
Шүүхээс хийсэн дээрх дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж үнэлж дүгнээгүй, аль нотлох баримт нь чухам юуг нотолж байгаа талаар дүгнэлт хийгээгүй, прокурорын яллах дүгнэлтэд бичсэн нотлох баримтуудыг зүгээр л жагсааж, хуулбарлаж бичсэн дүгнэлт болсон гэж үзэж байна. Тэр байтугай, прокурорын яллах дүгнэлтэд алдаатай бичигдсэн бичилт бүхий /шийтгэх тогтоолын 6 дугаар хавтасны эхэнд/ хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлийг “сору раst” хийж тавьсан байна.
Дээрх нотлох баримтуудаас, тухайлбал сэжигтэн /тухайн үедээ/ Ч.Б-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, Ч.Б-гийн согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл зэргээр “Д.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх нөхцөл байдлын чухам юуг нь нотлоод байгаа нь ойлгомжгүй байна. Нөгөөтээгүүр Ч.Б-гийн биеэс илэрсэн хэргийн ул мөрүүдийг ямар нотлох баримтуудаар хэрэгт хамааралгүй гэж шүүх үзсэн нь тодорхойгүй, прокурор ч шүүх хуралдааны явцад энэ асуултад хариу өгөөгүй, огт мэтгэлцээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан. Шүүх хуралдаанд яллах тал болох прокурор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөх тал болох шүүгдэгчийн өмгөөлөгч нар оролцсон. Анхан шатны шүүх, шийтгэх тогтоолынхоо 8-11 дүгээр хуудаст: “...шүүх хуралдаанд талууд дараах байдлаар мэтгэлцсэн болно. Үүнд: шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар ...гэж тус тус мэтгэлцсэн болно.
Мөн иргэдийн төлөөлөгч Б.Мөнхзаяа нь “Шүүх хуралдаанд сууж шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргаж байгаа дүгнэлтүүдийг сонсоод эргэлзэж байна. Тиймээс би шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байна. 3 өмгөөлөгчийн хэлсэн саналтай адил хэргийг дахиж шалгах шаардлагатай гэж бодож байна” гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч Ч.Б-гийн мэдүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын мэтгэлцсэн байдал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэрэг нь бүрэн няцаагдаж байна” гэж дүгнэжээ.
Өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Д.Эрдэнэцэцэг, Д.Пүрэвбаатар бид шүүх хуралдаанд өөрсдийн үйлчлүүлэгч Д.Г-т өмгөөллийн үйлчилгээ үзүүлж оролцохдоо өөр хоорондоо мэтгэлцээгүй, гагцхүү хэргийн яллах тал болох улсын яллагчтай мэтгэлцсэн.
Шүүхийн дээрх дүгнэлтээс харахад, яллах тал хэрхэн мэтгэлцсэн болох, талуудын мэтгэлцээнд шүүх хэрхэн үндэслэж хэргийн бодит байдлыг тогтоож дүгнэлт хийсэн талаар нэг үг, үсэг ч байхгүй. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь өмгөөлөгч нарын мэтгэлцэж оролцсон асуудлуудад огт хариу тайлбар гаргаагүй, тухайлбал:
хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаж шалгагдсан Ч.Б-гийн хувцас болон гарын алганаас хохирогч Ч.Я-ын цус яагаад илрэх болсон, Ч.Б-гийн хүрмэн дотроо өмссөн байсан цамцанд хэний үйлдлээс шинэ урагдал бий болсон болох, дээшээ хараад хэвтэж байсан Ч.Я-ын цээжин тус газарт Д.Г- /Б-гийн мэдүүлснээр/ хутгалсан гэж үзвэл гарын бугалганы ар хэсэгт хэзээ хутгалсан болох, хэн хэрхэн гэрчилж байгаа, Д.Г- нь Ч.Я-тай шалтгаангүйгээр маргалдсан, улмаар нүүрэн тус газар нь цохисон, зүүн гарын бугалганд хутгалсан гэх үйлдлүүдийг хэн хэрхэн гэрчилсэн болох талаар улсын яллагч нотлох баримтад тулгуурлаж ямарваа нэгэн байдлаар огт мэтгэлцээгүй. Ер нь эдгээр асуудлыг огт шалгаж тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг хэргийн байдалтай нийцээгүй, худлаа дүгнэлт болсон гэж үзэхээс гадна “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж улсын яллагчийн зүгээс, өмгөөлөгч нарын дүгнэлтийг няцаагаагүй, огт мэтгэлцээгүй байхад илт нэг талыг барьж, миний үйлчлүүлэгчийг “хүн алах” гэмт хэрэг үйлдсэн гэж худлаа дүгнэлт хийж, хилсээр ял оногдуулсан гэж үзэж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл хэсэг /16.3, 16.5/-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар гаргасан бөгөөд уг тайлбарын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино. Түүнчлэн гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, хэл яриа, нас, согтуурал, мансуурал зэрэг дотоод шалтгаан, мөн цаг агаар, хугацаа, бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гадны нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах, тогтоох, илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа болон хэрэг гарах үед байсан эсэхийг шалган үзнэ” гэж заасныг ч мөрдөн шалгах ажиллагааны явцад анхаарч шалгаагүй, шүүх ч шүүх хуралдааны явцад гэрч Ч.Б-гийн, “хэрэгт хувийн сонирхолтой байгаа”, нөгөөтээгүүр санаатайгаар “сонсгол хэт муудсан мэт дүр эсгэж” шүүх хуралдаанд оролцсон зэрэг нөхцөл байдлыг анхаараагүйд гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаагаагүйгээс, шүүх хуралдаанаас хэргийг ямарваа нэгэн байдлаар шийдвэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрч, ийнхүү ухвар мөчид нотлох баримтад үндэслэн, шууд тулгаж гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэлээ. Хэдийгээр эрдэнэт хүний амь нас хохирсон үр дагавар бүхий гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдсон боловч дээрх үндэслэлүүдээр миний үйлчлүүлэгч Д.Г-ыг шууд гэм буруутайд тооцох боломжгүй, гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар эргэлзээгүй “нотлогдож тогтоогдоогүй” байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж дахин шалгуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв гэжээ. Шүүх ийнхүү дүгнэхдээ хэрэгт ач холбогдол бүхий бодит байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай асуудлууд байгаа гэж үзэж, энэ талаар шүүх хуралдааны явцад гаргасан өмгөөлөгч нарын дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаасан дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Харин мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч Я-ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл хэзээ, хэний үйлдлээс, ямар байдлаар үүсэв, түүний гадуур цамцны гогодсон шинэ урагдалт хэзээ, юунаас үүсэв, Б- нь амь хохирогчид огт хүрээгүй гэж мэдүүлэхээс гадна өөрөө бичгээр би огтхон ч хүрээгүй гэж бичиж өгсөн байхад түүний гар болон хувцас яагаад Я.Я-ын цусаар бохирлогдов, түүнээс хураан авсан амь хохирогчийн цустай хөвөн ямар учиртай болох, Б-гийн гарын алган дээрээс илэрсэн цус талийгаачийнх байхад энэ байдлыг яагаад тодруулж шалгаагүй вэ, түүний хурууны шинэ зүсэгдэлт юунаас үүсэв, яагаад зүсэгдэв, ямар мэдүүлгийг нь газар дээр нь шалгаж байгаа вэ, гэрч Б- нь хэрэг болсон гэх үйл баримтыг яг хаанаас харсан юм, олон янзаар мэдүүлээд байгаа мэдүүлгийнх алийг нь, яагаад үндэслэл бүхий гэж үзэж байгаа, Б-гийн хумснаас яагаад шинжилгээ аваагүй, Б-гийн урагдсан хувцсыг яагаад хурааж аваагүй, яагаад шинжилгээ хийлгээгүй, гарын мөрийн шинжилгээ яагаад зөрүүтэй байгаа, яагаад нэг гэрт хамт байсан хүмүүс хоорондоо утсаар ярив, зүүн гараараа дараад унасан байсан амь хохирогчийн гарын арын шуунд ямар байдлаар хутгаар зүсэгдсэн гэмтлүүд учрав, нүд нь яагаад хөхрөв, хавдав, яагаад цус хуралт үүсэв, энэхүү хөнгөн зэргийн гэмтлийг хэн үүсгэв, хэрвээ Б-гийн мэдүүлснээр Г- хутгыг 2 дүрээд шидчихсэн юм бол хутганы иш яагаад цус болов гэх мэт маш олон ээдрээтэй байдлуудыг эцэслэн шалгаж байж хэргийг шийдвэрлэх байхад хангалттай биш баримтаар хэргийг шийдвэрлэлээ. Хэргийн үйл баримтыг бүрэн нотолж байж хэргийн бодит байдлыг тогтоох, үүний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийгдэх юм. Хэргийг хэн үйлдсэн нь бүрэн нотлогдож тогтоогдсон, гэмт хэрэг гарсан байдал эргэлзээгүй батлагдсан байх шаардлагатай. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Шүүх шүүгдэгч Д.Г-ыг гэм буруутайд тооцохдоо зөвхөн гэрч Б-гийн тогтвортой биш байдлаар өгсөн мэдүүлгийг гол үндэслэлээ болгон дурдсан ба шүүх “гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь тогтвортой, ноцтой зөрүүгүй байна” гэсэн нь хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлаагүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон байна. Б- нь хэрэг үйлдэгдсэн байдлыг харсан байрлалаа өрөөний хоймор талаас харсан, эсвэл өрөөнөөс гарч явахдаа харсан гэх мэтээр олон янзаар мэдүүлдэг, мөн Г-ын хутга хаанаас авч хутгалсныг тодорхой заагаагүй, өөрийнх нь хувцас цус болсныг Г- нь хутгалсан гараараа надад хүрсэн гэж мэдүүлдэг боловч Г-ын хувцас болон биеэс амь хохирогч Я-ын цус илрээгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Амь хохирогчийн хэвтэж байсан байрлалыг гал тогооны өрөөний голд буюу ширээний урд хэсэгт байснаар зааж мэдүүлсэн, гэтэл хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр амь хохирогч нь өрөөний үүд хэсэгт байрлалтай байсан ба түүнийг зөөвөрлөсөн, хөдөлгөсөн ул мөр илрээгүй. Ийнхүү Б- нь тогтвортой мэдүүлэг өгч чадаагүй. Гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар батлагдах ёстой, гэтэл ийм байдал тогтоогдоогүй байхад шүүх зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүх алдаагүй, эргэлзээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хууль ёсны зарчим алдагдсан байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх Д.Г- нь “...Ч.Я-тай шалтгаангүйгээр маргалдаж нүүрэн тус газар нь цохих, зүүн гарын бугалга болон цээжин тус газар нь хутгалж амь насыг нь санаатайгаар хохироосон нь хэргийн үйл баримт нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна” гэсэн нь нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт болсон. Д.Г-, Ч.Я- нар шалтгаангүйгээр маргалдсан гэх нэг ч баримт хэрэгт байхгүй, энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй, Г- нь Я-ын нүүрэнд цохисон, зүүн гарын бугалгад нь хутгалсан гэх байдал нотлогдоогүй байхад шүүх хийсвэрээр дээрх дүгнэлтийг хийлээ. Амь хохирогчийн нүдэнд цус хуралдаж хавдсан, зүүн бугалгын ард зүсэгдэж өөхөн эд ил гарсан шарх үүссэн гэмтлүүд байгаа юм чинь Г- л үүсгэсэн байгаа гэсэн таамгаар шүүгдэгчийг баримтгүйгээр буруутгасан. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ...Шүүх нь шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан зайлшгүй шалгах шаардлагатай асуудлуудын талаар гаргасан саналууд болон иргэдийн төлөөлөгчийн ...шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг ямар баримтуудаар үгүйсгэж байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. ...Хэргийн үйл баримтыг бүрэн нотолж байж хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг гарсан байдал эргэлзээгүй батлагдсан байх, хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол энэ шаардлагуудыг хангаагүй байна. Иймд Д.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож хууль зүйн дүгнэлт хийж шүүхэд ирүүл гэсэн боловч уг ажиллагаа хийгдээгүй. Өлгүүр дээр байгаа ягаан өнгийн бээлий хэнийх гэдэг нь тодорхой биш, мөн гадна талын камерын бичлэг гэж огт байхгүй. Орсон, гарсныг шалгаж болох байсан ч энэ ажиллагааг хийгээгүй, бугуйнд зүүсэн байсан цаг алга болсон байдаг. Эдгээр нь жижиг мэт боловч хэрэгт ач холбогдолтой байсан гэж үзэж байна. Амь хохирогч дээшээ хараад хэвтэж байгаа тохиолдолд гадагшаа ямар ч цус гарахгүй. Мөн дээшээ хараад хэвтэж байсан хүний цээжин тус газар нь хутгалсан бол бугалгад шарх үүсгэхийн тулд нэлээд олон механик үйлдэл хийж байж үүснэ. Хөмсөгний язралт болон духан дээр бий болсон гэмтлүүдийн талаар огт шалгаагүй болохыг анхаарч үзнэ үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б-ын өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Я.Б- ирж чадсангүй. Нэг зүйлийг дамжуулаад хэлээд өгөөч гэж хэлсэн. Нэг нь аавыгаа, нөгөө нь ханиа алдаад жилийн хугацаанд шүүхэд итгээд хүлээж байгаа. Ийм ч учраас анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгсөн гэж үзэж бид нарын зүгээс гомдол гаргаагүй. Дээд шатны шүүх хэргийн хянах байх гэдэгт итгэж байна. Нэгэнт эрдэнэт хүний амь нас эргэж сэргээгдэхгүй өнөөдрийг хүртэл сэтгэл санааны болон оршуулгын зардал гэж нэг ч төгрөг хохиролд аваагүй, настай ээж минь тэтгэврийн зээл авч, аавын тэтгэврийн зээлийг хаасан, өөрөө ч тэтгэврээ авч чадахгүй байгаа. Иймд үнэхээр их гомдолтой байна гэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дутуу хийгдсэн ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх боломжтой гэж ярьж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учир энэ талаар шийдвэрлэх байх. ...” гэв.
Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэг гарах үед амь хохирогч, Д.Г-, Ч.Б- нарын 3 хүн байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Г-, Ч.Б- нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоохын тулд тодорхой ажиллагаануудыг хийсэн. Ч.Б-гийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Ч.Б- хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгож, улсын яллагчаас Д.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Ч.Б-гийн хувцаснаас илэрсэн цус болон хурууны өндөгний зүсэгдсэн шархыг улсын яллагч няцаадаггүй гэж ярьж байгаа боловч Ч.Б- хувцас дээрх цусыг Г- цустай гараараа намайг барьсан, мөн баруун гарын долоовор хурууны өнгөц зүсэгдсэн шарх нь тухайн өдөр гурвуулаа мах чанаад идэж байхад зүссэнээс үүссэн гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Ч.Б-гийн өгсөн мэдүүлэгтэй харьцуулж харахад дээрх байдлаар үүссэн байх боломжтой. Сэргээн дүрслэх үүднээс мэдүүлгийг газар дээр нь шалгасан. Шүүгдэгч Д.Г- нь цагдаа болон прокурор хийх ёстой ажиллагаа хийгээгүй, хэрэг хүлээхийг тулгасан гэдэг асуудал ярьдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаараа хүсэлт гаргаад шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хурууны хээ хутган дээрээс олдоогүй нь хүн алаагүй гэсэн нотлох баримт болохгүй. Тухайн өдөр хутгыг 3 хүн ашигласан учир тэдний хурууны хээ гэх ул мөр гарч ирэхгүй. Шүүгдэгч Д.Г-ыг энэ хэргийг үйлдсэн гэдгийг улсын яллагчаас ямар нотлох баримтаар хэлээд байгаа вэ гэхээр шүүгдэгч Д.Г-ын баруун гарын чигчий хурууны гуравдугаар үе дээр 1.5 см зүсэгдсэн, тэрээр их хэмжээний согтолттой юу болсон талаар санадаггүй талаараа мэдүүлэг өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлын хувьд, анхан шатны шүүхийн шийдвэрийг жагсаах байдлаар хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай заасан анхан шатны шүүхийн шийдвэр байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа яллах дүгнэлт дээр бичигдсэн 15 баримт нотолж чадаж байгаа юм уу гэж байна. Эдгээр нотлох баримтаар шүүгдэгч Д.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхэд шилжүүлсэн. Эхлээд гомдол гаргахдаа шүүгдэгчийг цагаатгаад, хэргийг хэрэг бүртгэлд буцааж өгнө үү гэсэн одоо бол нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж гомдлоо өөрчиллөө. Бугалгын арын хэсэгт хэзээ хутгалсан талаар олж тогтоогоогүй гэдэг. Өнгөц зүсэгдсэн шарх болохоос хутгалсан гэж үзээгүй. Шарх болон хутгалсан үйлдэл нь ул мөрөөрөө өөр. Гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байна гэдэг дээр гэрчийн ой тогтоолт, насыг нь бодохоор зөрүүтэй байх боломжтой. Гэхдээ эхний мэдүүлэг дээрээ хутгалсан гэж хэлсэн бол дараагийн мэдээлэг дээрээ мөн адил хутгалсан гэж мэдүүлдэг. Энэ хэрэг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болсон тухайн үед хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хийсэн учраас нэмэлтээр хийх зүйл байхгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж үйл баримт дээр хууль зүйн дүгнэлт хий гэсэн, үйл баримт дээр хууль зүйн дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Н.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.
Прокуророос 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Д.Г-ыг согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7 дугаар байрны 04 тоотод хохирогч Ч.Я-ын цээжин тус хэсэгт хутгалж амь насыг нь санаатайгаар хохироосон хэмээн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, “...прокуророос яллагдагч Д.Г- нь хохирогчийн цээжин тус газар хутгалсан үйлдлийн улмаас Ч.Я-ын амь нас хохирсон шалтгаант холбоотой байна. ...” гэж дүгнэсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгээс талуудын гаргасан тайлбар, дүгнэлтийг дүгнэвэл шинжээчийн дүгнэлтээр “зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлтэд прокурор хууль зүйн дүгнэлт хийж ирүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 24-ны өдөр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулжээ. /4хх-161/
Шүүгчийн захирамжийн дагуу прокурор /ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр/ 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “...яллагдагч Д.Г- нь ... Ч.Я-тай шалтгаангүйгээр маргалдаж нүүрэн тус газар нь цохих, зүүн гарын бугалга болон цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь санаатайгаар хохироосон” гэж хэргийн үйл баримтыг өөрчлөн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж, мөн өдрөө яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “...шүүгдэгч Д.Г- нь ... Ч.Я-тай шалтгаангүйгээр маргалдаж нүүрэн тус газар нь цохих, зүүн гарын бугалга болон цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь санаатайгаар хохироосон” үйл баримт нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэн Д.Г-ыг хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.
Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ч.Б- нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, нөхцөл байдлын талаар нийт 4 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний өгсөн мэдүүлэгт шүүгдэгч Д.Г-ыг Ч.Я-тай шалтгаангүйгээр маргалдаж нүүрэн тус газар нь цохих, зүүн гарын бугалга хэсэгт хутгалсан талаар огт мэдүүлээгүй байна. /1хх 42-45, 176-178, 187-188, 190-191/
Гэтэл прокурор Ч.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас хэргийн үйл баримтыг дээрх байдлаар тодорхойлсон гэх тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүйгээс гадна анхан шатны шүүх амь хохирогч Ч.Я-ын зүүн бугалгын зүсэгдсэн шарх, ...баруун хөмсгөнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлийн талаар прокурор хууль зүйн дүгнэлт хийж ирүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа нь энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй гэж үзэхээр байна.
Үүнээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-18/, Ч.Б-гийн биед үзлэг хийсэн “...хүрэмний баруун бугалга хэсэг дээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, энгэрийг онгойлгоход хүрэмний дотор хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. ...малгайтай цамцны энгэр хэсэг урагдсан байдалтай, ...Ч.Б-гийн өмсөж явсан гэх хувцасны халаасанд үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд улаан хөх өнгийн баруун энгэр дээрээ “ORION” гэх бичиглэлтэй хальсан хүрэмний баруун халааснаас цагаан өнгийн сальфетик улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсонг хураан авав. ...биед үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд баруун гарын долоовор хуруу хэсэг 1 см өнгөц зүсэгдсэн шинэ гэмтэл байдалтай байсан. ...” гэх тэмдэглэл /1хх 24-29/,
“...Ч.Б-гийн өмсөж явсан цагаан, хар, улаан өнгийн алагласан нимгэн силкен материалтай цамцан дээрх цусны ДНХ-н тогтоц нь Ч.Я-ын ДНХ-н тогтоцтой тохирсон. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6022 дугаар дүгнэлт /2хх 140-141/,
“...Ч.Б-гаас авсан гэх савхан дээрх цусны ДНХ-н тогтоц нь холимог тогтоцтой байна. Уг холимог тогтоц нь Ч.Б-, Ч.Я- нарын ДНХ-н тогтоцтой тохирсон. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6004 дүгээр дүгнэлт /2хх 148-149/ зэрэг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Ч.Б-гийн үйлдлийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон болох нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн прокурорын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоол үндэслэл муутай байна. /2хх 182-183/
Нөгөөтээгүүр, шүүгдэгч Д.Г-, гэрч Ч.Б- нар нь энэ гэмт хэрэгт хоёул яллагдагчаар татагдан өөрсдийн тайлбар, мэдүүлгийг гарган өөрийгөө гэм буруугүй, харин нэгнийгээ энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг тус тус нотлохыг хичээх байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад сэрдэгдэн шалгагдаж байсан нь тэднийг хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой этгээдүүд гэж үзэхэд хүргэж байна.
Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан байхаар үнэлэгдэх бөгөөд хэргийн оролцогчтой харилцан эсрэг сонирхол бүхий этгээдээс авсан нь мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогддог болохыг шүүх анхаарах учиртай.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт ялангуяа хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход дан ганц нотлох баримтаар, ялангуяа тухайн нэг гэмт хэрэгт хамт шалгагдаж байсан харилцан эсрэг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлнө гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Н.Цэцэгмаа нарын “...хэргийн үйл баримт эргэлзээтэй, Д.Г-ыг амь хохирогчийг алсан гэх шууд нотлох баримт байхгүй, Д.Г- нь Ч.Я-ын нүүрэн тус газар нь цохисон, зүүн гарын бугалганд хутгалсан гэх үйлдлийг хэн хэрхэн гэрчилсэн болох талаар нотлоогүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН