| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2305025062019 |
| Дугаар | 2024/ДШМ/578 |
| Огноо | 2024-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/578
2024 05 16 2024/ДШМ/578
Б.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Эрдэнэзаяа,
хохирогч Ж.О-,
шүүгдэгч Б.Э-,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2305025062019 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э-,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;
Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ** хотхоны 104 дүгээр байрны зогсоолд тавьсан байсан Ж.О-ийн эзэмшлийн “Toyota Prius 30” загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд крыло, баруун урд крыло, баруун урд хаалга, урд гупер, хормойн эмжээр, баруун урд гэрлийг хугалах, өшиглөх зэргээр гэмтээж 885.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгө гэмтээсэн гэмт хэрэгт,
мөн тухайн газар, тухайн цаг хугацаанд буюу 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ** хотхоны 104 дүгээр байрны зогсоолд Ж.О-тэй маргалдан түүний хоолойг боох, зүүн талын шанаа руу нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хүзүүнд ором, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-г “үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас нийт 885.000 /найман зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ж.О-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.О- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Э-гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ** хотхоны 104 дүгээр байрны зогсоолд тавьсан Ж.О-ийн эзэмшлийн “Toyota Prius 30” загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд крыло, баруун урд крыло, баруун урд хаалга, урд гупер, хормойн эмжээр, баруун урд гэрлийг хугалах, өшиглөх зэргээр гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 885.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгө гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан ба шүүхээс намайг дээрх хэрэгт гэм буруутайд тооцож, 1000 буюу 1.000.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тухайн цаг хугацаанд Ж. О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан ба шүүхээс дээрх хэрэгт гэм буруутайд тооцож, 500 буюу 500.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн.
Ж.О- өмнө нь удаа дараа байрны автомашины зогсоолын асуудлаар хүмүүстэй маргаан үүсгэж байсан ба надтай ч маргалдаж зогсоол орох замыг хааж тавьчихаад хэрэлдэж байсан хувийн зан чанар таагүй, ааш муутай хүн байсан. Миний хувьд 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 104 дүгээр байрны зогсоол дээр Ж. О-ийг боож унагасан нь үнэн, харин Ж.О-ийн мэдүүлснээр түүнийг элэгдэж өшиглөсөн гэдэг нь худал гүтгэлэг. Мөн Ж. О-ийн мэдүүлснээр 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр намайг түүний машин дээр гарч зогсчихоод дээрээс нь дэвсэлж байсан, тээврийн хэрэгслийн зүүн хойд крыло, баруун урд крыло, баруун урд хаалга, урд гупер, хормойн эмжээр, баруун урд гэрлийг хугалах, өшиглөх зэргээр гэмтээсэн гэдэг нь ор үндэслэлгүй худал. Би 95 кг жинтэй хүн Prius загварын машины хамар дээр гараад дэвсэхэд логикоор бодож үзсэн ч хонхойгоод ул мөр үлдэнэ шүү дээ. Миний хувьд салхины шил арчигчийг нь хугалсан түүнийгээ хүлээн зөвшөөрнө. Хохирлыг нь барагдуулах гээд өөрөө санаачлагаараа дэлгүүрийн эзэн Ш.А-ийн утсыг гуйж авч яриад хохирлыг чинь төлж өгье гэж хэлж байсан. Ш.А- ч үүнийг гэрчилж өгсөн. Энэ хэргийн мөрдөн шалгах явцад цугларсан нотлох баримтууд нь гол төлөв хохирогчийн гаргасан гомдол, түүний таньдаг хүн болох Б.А-гийн өгсөн мэдүүлгүүд түүн дотроо намайг О-ийн машин руу пиво шидсэн гэдэг нь худал мэдүүлгүүд байдаг. Би Ж.О-ийн машин дээр пиво өрж тавьсан асуудал байхгүй. Миний хувьд Ж.О-ийг боож унагаасан нь үнэн, мөн салхины шил арчигчийг хугалсан нь үнэн. Бусад асуудалд намайг хилсээр гүтгэж байгаад гомдолтой байна. Байрны доод дэлгүүрийн камерт Ж.О-ийн машин харагдаж байсан. Бичлэг бичигдсэн байсан, хорооны цагдаа тэр бичлэгийг хуулбарлаж явуулахгүй байсаар бичлэг устсан. Тэр бичлэг хэрэгт хавсаргагдсан бол намайг Ж.О-ийн машиныг эвдээгүй гэдэг нь нотлогдох байсан, бичлэг байхгүй ч Ж.О-ийн машиныг эвдэж байсныг харсан гэрч байхгүй.
Камерын бичлэгийг сэргээж болдог эсэхийг би мэргэжлийн хүнээс асуусан. Сэргээж болдог маш өндөр үнэтэй гэсэн. Би мөрдөгчийн хариуцлагагүй байдалд маш их гомдолтой байна. Би Ж.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, энэ хэрэгтээ гэмшиж байгаа. Харин Ж.О-ийн эд хөрөнгийг гэмтээсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийг гэрчилж болох дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хэрэгт нотлох баримтаар авагдаж болох байсныг нотлох баримтаар тооцоогүй, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Мөрдөгч хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж шалгаж бэхжүүлнэ” гэснийг мөрдөгч зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь Д-раа нотлох баримт болохгүй. Ж.О- нь намайг түүний машиныг эвдсэн гэж мэдүүлсэн ч яг намайг өшиглөөд эвдээд зогсож байгааг харсан гэрч, камерын бичлэг байхгүй. /Камерын бичлэг байсан ч устсан/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна” гэснийг зөрчсөн, мөрдөгч камерын бичлэгийг устахаас өмнө хавтаст хэрэгт хавсаргах ёстой байсан. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэснийг зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Анхан шатны шүүхээс нотлох баримт хангалтгүй байхад зөвхөн хохирогчийн мэдүүлгээр, миний өмнө гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэргийг харгалзсан юм уу яасан юм ямар ч байсан Ж.О-ийн машинд хэзээ учирсан нь мэдэгдэхгүй хохиролд намайг буруутган ялласан нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би энэ байранд 2023 оны 6 дугаар сард нүүж ирсэн. Энэ залууд 3 удаа дээрэлхүүлээд 2 удаа цагдаад өгсөн. Эмийн сан орох үед энэ залуу өөр хэдэн согтуу хүнтэй байсан. 11 цагийн үед машины шил арчигчийг хугалаад, өдөр 1 цагийн үед дахиад миний машин дээр гарсан байхад нь би очоод “чи яаж байгаа юм бэ” гэхэд намайг зодсон. ...” гэв.
Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шаардлагатай хүмүүсээс мэдүүлэг авсан. Шүүгдэгч Б.Э- тухайн тээврийн хэрэгслийг эвдээгүй гэдэг боловч эвдэж, пиво шидэж бас хохирогчийн биед халдаж байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ** хотхоны 104 дүгээр байрны зогсоолд тавьсан байсан Ж.О-ийн эзэмшлийн “Toyota Prius 30” загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гуперыг гэмтээж 885.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг, мөн тухайн газар, тухайн цаг хугацаанд Ж.О-тэй маргалдан түүний хоолойг боох, зүүн талын шанаа руу нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хүзүүнд ором, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Ж.О-ийн “...би эмийн сангаас шарлалтын тос авах гээд явж байх үед миний машины урд хамар хэсэг дээр Э- гараад зогсчихсон байдалтай, урд салхины шил арчигчийг мушгиад, дээрээс нь дэвсэлж байсан. Би очоод “яаж байгаа юм бэ чи” гэхэд машин дээрээс буугаад “чиний энэ сэгийг яасан ч яадаг юм бэ” гэж хэлээд машины баруун талын хаалга крыло, гупер луу нэлээн хэдэн удаа цохиж, өшиглөсөн. Би “чи хүний эд хөрөнгөөс холд” гэхэд намайг “чи энэ байраас зайлаарай” гээд над руу хүрч ирээд миний хоолойноос боогоод зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиод миний цамцнаас зулгаагаад доош тонгойлгож байгаад зүүн мөр лүү нэг удаа өшиглөсөн. Надтай зууралдаад тавихгүй байхаар нь би цагдаа дуудсан. ...” /хх 30-32/,
гэрч Б.Ц-гийн “...тагтаараа харахад Э- 104 дүгээр байранд амьдардаг О- гэх хүний хоолойг нь боогоод хашлаганд шахаад зогсож байсан. ...Гэрээс гараад очиход О- “миний машиныг зурчихсан байна, урд гуперны дээд хэсэгт зурагдсан байна” гэж хэлж байсан. Би машиныг нь очиж харахад гуперны зүүн дээд хэсэгт нь нарийхан зурагдсан байсан... Би “Хас” үнэлгээний газрын 620 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэрэл зураг болон машины үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан гэрэл зургийг харлаа. ...Машины урд хэсгийн гуперын зүүн дээд хэсэгт нарийн зураас байсан. ...” /хх 34-35, 43-44/,
гэрч Б.Аийн “...би 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед хүүхдээ унадаг дугуй унуулахаар дагуулж гарсан. Тэр үед 103 дугаар байрны харалдаа цээж нүцгэн, биеийн тамирын өмдтэй эрэгтэй саарал өнгийн футболктой залууг хоолойноос нь боочихсон байдалтай төмөр хашаа руу шахаж байгаад толгойгоор нь хашаа мөргүүлж байснаа газар унагааж дахин хоолойг нь боосон. ...Цээж нүцгэн залуу хохирогч залуугийн “Toyota prius 30” загварын цэнхэр саарал өнгийн автомашин руу нь пиво /лааз, шил сайн анзаараагүй/ шийдээд байсан бөгөөд газар унасан пивыг дахин, дахин авч шидээд байсан. Уг автомашины урд талын копуд, гупер хоёр луу оносон. ...Намайг харахад “Toyota prius 30” загварын машины урд салхины шилний шил арчигчийг нь ханз татаад эвдсэн байсан. ...Би ирсэн цагдаа нарыг нь дагуулаад нөгөө хохирогч залууг зодож, машины эд зүйлийг нь эвдсэн гэх залуугийн гэрийг нь зааж өгсөн...” /хх 37-38/,
гэрч Д.Д-гийн “...** хотхоны 104 дүгээр байрны гадна “Эдэн” хүнсний дэлгүүрийн гаднах хяналтын камер шүүж үзэхэд тухайн шил арчигч эвдэлсэн гэх машины урд гупер хэсэг л харагдаж байсан ба шил арчигч болон тухайн хэрүүл маргаан хийсэн гэх хоёр хүний дүрс бичигдээгүй байсан тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд камерын бичлэгийг хуулбарлаж аваагүй...” /хх 176-177/,
гэрч Ш.А-ийн “...Э- хүрч ирээд надад “утсаа өгч байгаач, би утсаа гэртээ орхичихож, би хүний машины шил арчигчийг хугалчихлаа” гэхээр нь би утсаа өгөөд машины эзэмшигчийн дугаар луу залгаж дуудсан. Тэр хүн 104 дүгээр байрнаас гарч ирчихээд “чи энэ хүнтэй хамт явж байсан биз дээ, та хоёр шил арчигч хугалаад хаячихлаа” гээд маргалдаад байсан. Тэгээд Э- тэр хүнтэй барилцаж авахаар нь би салгасан. ...” /хх 179-180/,
гэрч Б.Д-ын “...манай нөхөр нэг хүнтэй “уучлаарай хөгшөөн гээд байж байсан ба нөгөө залуу уурлаад байсан, манай нөхөр тэр залууг боож унагаагаад тэр хоёр хоорондоо нэг нэгнийгээ цохиод байсан. ...” /хх 182-183/,
гэрч Т.Ж-ы “...автомашинд үзлэг хийхэд баруун урд хаалга нь хонхойсон, урд хоёр крыло нь зурагдаж халцарсан, урд гупер нь цуурч ирмэг хэсэг нь сэтэрсэн байдалтай, гэрлийн сэнс, хормой нь хугарсан байсныг хүн гэмтээсэн байх боломжгүй гэж үзээд үнэлээгүй. 4 деталийг нь эвдрэлийн зэргээс нь хамаараад засвар үйлчилгээ хийлгэхээр нь үнэлгээ 885.000 төгрөгөөр үнэлсэн. ...Тухайн тээврийн хэрэгслийн шил арчигч мултарсан байсан ба буцаагаад хийхэд асуудалгүй тул үнэлээгүй. ...Гэмтлүүд нь шинэ хуучин эсэхийг тогтоох боломжгүй. Хүн цохиж үүсэх боломжтой гэсэн эд ангиудад үнэлгээ гаргасан. Хөдөлгөөнд оролцоод удсан учраас дахин дүгнэлт гаргах боломжгүй. ...” /хх 185-188/,
Б.Э-н яллагдагчаар өгсөн “...би хохирогч гэх залуугийн биед учруулсан хөнгөн гэмтэл дээр маргах зүйл байхгүй. Тухайн үед автомашины зогсоол болон байрны орох, гарах автомашины гарцаас болж маргасан. Би хохирогч гэх залуугийн автомашины шил арчигчийг хугалсан. ...” /хх 69-70/ гэсэн мэдүүлгүүд,
“...Ж.О-ийн биед хүзүүнд ором, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8898 дугаар дүгнэлт /хх 21-22/,
“...буфер урд 385.000 төгрөг, будах зардал 500.000 төгрөг, нийт 885.000 төгрөг...” гэх автомашины эвдрэлийн үнэлгээ /хх 51-52/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 55-62/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Э- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.Э-н хохирогч Ж.О-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд гуперыг гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хохирогчтой маргалдан түүний хоолойг боох, зүүн талын шанаа руу нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянавал зохих дараах нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар “Б.Э- нь ...иргэн Ж.О-ийн эзэмшлийн *****улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийн эд ангийг хугалах, өшиглөх зэргээр гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 885.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгө гэмтээсэн” гэж гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойлсон бол анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Э-г иргэн Ж.О-ийн эзэмшлийн *****улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийн зүүн урд крыло, баруун урд крыло, баруун урд хаалга, урд гупер, хормойн эмжээр, баруун урд гэрлийг хугалах, өшиглөх зэргээр гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 885.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгө гэмтээсэн” гэх дүгнэлтийг хийжээ.
Гэтэл “Хас үнэлгээ” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар “гуперын урд хэсэгт гэмтэл тогтоогдсон байх ба /хх 51/ прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн гуперт гэмтэл учирсан эд зүйлийн үнэлгээгээр буюу бусдын эд хөрөнгийг гэмтээж 885.000 төгрөгийн хохирол учруулан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ** хотхоны 104 дүгээр байрны зогсоолд тавьсан байсан Ж.О-ийн эзэмшлийн “Toyota Prius 30” загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гуперыг гэмтээж 885.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэж хэргийн үйл баримтыг зөвтгөн тогтоосон болно.
Прокурор болон анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг ийнхүү зассанаар шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, хохирогчийн эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Шүүгдэгч Б.Э- “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэдийгээр, шүүгдэгч нь хохирогчийн тээврийн хэрэгслийн зүүн хойд крыло, баруун урд крыло, баруун урд хаалга, урд гупер, хормойн эмжээр, баруун урд гэрлийг хугалах, өшиглөх зэрэг үйлдэл хийгээгүй гэх боловч хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогчийн эзэмшлийн автомашиныг шүүгдэгч Б.Э- гэмтээсэн талаар гэрч Б.А-гийн “...цамцгүй цээж нүцгэн залуу нь хохирогч залуугийн “Toyota prius 30” загварын цэнхэр саарал өнгийн автомашин руу нь пиво /лааз, шил сайн анзаараагүй/ шийдээд байсан бөгөөд газар унасан пивыг дахин, дахин авч шидээд байсан. Уг автомашины урд талын копуд, гупер хоёр луу оносон. ...Намайг харахад “Toyota prius 30” загварын машины урд салхины шилний шил арчигчийг нь ханз татаад эвдсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг болон автомашины техникийн үнэлгээний тайлан, уг үнэлгээг гаргасан Т.Ж-ы “...тухайн автомашинд үзлэг хийхэд баруун урд хаалга нь хонхойсон, урд хоёр крыло нь зурагдаж халцарсан, урд гупер нь цуурч ирмэг хэсэг нь сэтэрсэн байдалтай, гэрлийн сэнс, хормой нь хугарсан байсныг хүн гэмтээсэн байх боломжгүй гэж үзээд үнэлээгүй. 4 деталийг эвдрэлийн зэргээс нь хамаараад засвар үйлчилгээ хийлгэх, эсхүл солихгүй нөхцөл байдлаас шалтгаалан 885.000 төгрөгөөр үнэлсэн. ...Тухайн тээврийн хэрэгслийн шил арчигч мултарсан байсан ба буцаагаад хийхэд асуудалгүй тул үнэлээгүй. ...Гэмтлүүд нь шинэ, хуучин эсэхийг тогтоох боломжгүй. Хүн цохиж үүсэх боломжтой гэсэн эд ангиудад үнэлгээ гаргасан. ...” гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, шүүгдэгч Б.Э-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр уг гэмт хэргийг Б.Э-гаас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, дээрх хугацаанд автомашинд техникийн үнэлгээ хийсэн мэргэжилтэн Т.Ж- болон камерын бичлэгтэй холбоотой асуудлаар тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа Д.Д-гаас гэрчээр мэдүүлэг авахад “...тухайн хэрүүл маргаан хийсэн гэх хоёр хүний дүрс бичигдээгүй байсан болохоор хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд камерын бичлэгийг хуулбарлаж аваагүй гэсэн. ...” гэж мэдүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах үед шүүгдэгчийн зүгээс нэмэлт ажиллагаа хийлгэх, мөрдөгчийн үйл ажиллагаатай ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.
Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Б.Э-г үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаагаас гадна шүүгдэгчид оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг, шүүгдэгч Б.Э-гаас хохирогч Ж.О-д учирсан эд хөрөнгийн хохирол төлбөрийг гаргуулахдаа Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримталсан байгааг зөвтгөж шийдвэрлэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,
4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж,
7 дахь заалтын “...505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН