| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2025/0025/З |
| Дугаар | 109/ШШ2025/0044 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 109/ШШ2025/0044
109/ШШ205/0044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Д
Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” . дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н (цахим), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгч С.Д-с Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” . дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/219 дүгээр захирамжийн “1 дүгээр хавсралтаар иргэн С.Д-н 6508002205 дугаар нэгж талбарын дугаартай 10000 м.кв хэмжээтэй, аялал жуулчлалын зориулалттай газрыг 1 жилийн хугацаагаар сунгасан байна.”
2.2. Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/345 дугаар захирамжаар “С.Д-д . усанд аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаар шийдвэрийг аймгийн архиваас татан үзэхэд Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар захирамж Эцгийн нэр, нэр өөрчлөх тухай” гэсэн байна гэх үндэслэлээр сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн “Газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай” А/219 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.
2.3. С.Д Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/345 дугаар захирамжийг эс зөвшөөрч Монгол Улсын Ерөнхий сайдад 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хандаж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 879 дүгээр албан бичгээр “...холбогдох шатны шүүхэд хандана уу” гэсэн хариуг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-д хүргүүлсэн байна.
2.4. Улмаар нэхэмжлэгч С.Д Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/345 дугаар захирамжийг эс зөвшөөрч дээрх албан бичгийн дагуу тус шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
2.5. Нэхэмжлэгч С.Д-н гаргасан дээрх нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлд шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний газар эзэмших эрхийг сунгасан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/219 дүгээр захирамжийг Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны А/345 дугаар захирамжаар хүчингүй болгосныг эс зөвшөөрөн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар МУ-ын Ерөнхий сайдад хандан 2025 оны 6 дугаар сарын 27-нд гомдол гаргасан. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Ж/879 тоот албан бичгээр хариуг авсан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т үндэслэн тус шүүхэд хандан зөрчигдсөн үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхээ сэргээлгэхээр дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны 11 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2.-т "... шүүхийн үзлэгийн явцад газрын цахим системээс иргэн С.Д-д газар эзэмших эрх олгосон 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай захирамжийн хуулбар гарсан, тус оны архивын баримтад байхгүй, 80 дугаарт өөр агуулга бүхий захирамж байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах шууд үндэслэл болохгүй ...” гэжээ. Нэрлэн буй зөрчлийг шүүх зөрчил хэмээн үзээгүйгээс гадна иргэний буруу биш хэмээн шууд дүгнэсэн. Мөн шийдвэрийн 3.29.-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэсэн. Дээрх нь надад газар эзэмших эрх олгосон 2007.10.18-ны өдрийн 80 дугаар захирамжийг дүгнэсэн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны 223 дугаар шийдвэр, түүнийг хэвээр үлдээсэн магадлал хүчин төгөлдөр байгаа тул 80 дугаар захирамж хуульд нийцсэн эсэхийг дахин нотлохгүй, түүнчлэн талууд энэ талаар маргахгүй шүү хэмээн хуулийн заалт эш татан тайлбарласан явдал юм. Өөрөөр хэлбэл 80 дугаар захирамжтай холбогдуулан захиргааны зүгээс маргах эрхгүй хэмээн шууд ойлгогдохуйцаар бичсэн байна. Энэ талаарх тайлбараа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2024 оны 12 дугаар сарын 27-нд бичгээр холбогдох шүүхийн шийдвэр, магадлал өгсөн. Гэвч тайлбарыг үл тоосон байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.18-ны 392 дугаар магадлалын Хянавал хэсгийн 7.-д "... хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг захиргааны байгууллага үндэслэлгүйгээр дуусгавар болгосныг энэ хэсгийн 3.2-т заасан шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон” гэжээ. Хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрх надад үүссэн хэмээн шат шатны шүүхээс хэд хэдэн удаа тогтоосон. Цэнхэр сумын Засаг даргын 2007.10.18-ны өдрийн 80 дугаар захирамжийг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/219 дүгээр захирамж гараагүй. Харин захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сумын Засаг дарга биелүүлж, миний газар эзэмших эрхийг А/219 дүгээр захирамжаараа сунгасан. Тэгэхээр А/219 дүгээр захирамжийг хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр аймгийн Засаг дарга хүчингүй болгох нь хуул бус гэжээ.
3.2. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.Д нь Ар. гэх газарт байрлах Шивээт манхан жуулчны баазаас дээш 20 метрийн зайд аялал жуулчлалын зориулалтаар 10.000 м.кв газрыг Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаартай захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон гэж тайлбарладаг. Гэтэл С.Д-д олгосон 1 га газар нь 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, дуудлага худалдаанд ороогүй бөгөөд 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаар захирамж нь архивд огт байхгүй баримт юм. Харин архивд хадгалагдан үлдсэн 2007 онд гаргасан 80 дугаартай захирамж нь 2007 оны 8 дугаар сарын 28 гэсэн огноотой “Эцгийн нэр, нэр өөрчлөх тухай” захирамж байдаг. Дээрх газрын зөрчилтэй холбогдуулан тус сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас аймгийн Засаг даргад хандан өргөдөл, хүсэлтийг гаргах болсон. Ийнхүү аймгийн Засаг даргаас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А/626 дугаар захирамжаар ажлын хэсэг томилсны дагуу ажлын хэсгээс тус газарт хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрыг эзэмшүүлэхдээ хуулийн дагуу олгодоггүй, баримт бичгийн бүрдэл дутуу, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүй, захирамж гаргалгүй шууд гэрчилгээ бичиж өгсөн, уг хууль бус гэрчилгээг үндэслэн газар эзэмших эрхийг сунгасан, сунгасан газрыг нь захирамж гарган баталгаажуулж өгсөн болохыг мэргэжлийн байгууллагуудаас тогтоосон байдаг. Тухайлбал ажлын хэсгийн дүгнэлтэд “Цэнхэр сумын ИТХ-ын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот тогтоолоор сумын 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Цэнхэр суманд аялал жуулчлалын зориулалтаар 11 га, ... аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг хасаж баталсан байхад иргэн С.Д-д 1 га газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг зөрчсөн. Үйл ажиллагаа явуулаагүй 10 жил болсон” гэсэн байдаг. Аймгийн Засаг даргын зүгээс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/171 дүгээр албан бичгээр Цэнхэр сумын Засаг дарга М.Га-д хандан дээрх дүгнэлтэд дурдсан зөрчлийг арилгаж, хууль бусаар олгогдсон газрыг хүчингүй болгох, байгаль орчин, усны талаар дүрэм журам, зааврыг биелүүлэх арга хэмжээг 2019 оны 03 дүгээр сарын 04-ний өдрийн дотор авч, хариуг ирүүлэхийг үүрэг болгосон байдаг. Цэнхэр сумын Засаг дарга тус газарт олгогдсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын газрын зөрчлийн талаар хяналт, шалгалтыг хийлгэхээр 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/149 тоот захирамжаар ажлын хэсэг томилсон байх бөгөөд ажлын хэсгийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр С.Д-д 1 га газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг дурдсан байдаг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна” гэж, 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, 25 дугаар зүйлийн 25.4-т “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1,2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ... газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан. Дээрхээс үзвэл, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших хүсэлтэд дурдсан газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан байх бөгөөд төсөл шалгаруулах эсхүл дуудлага худалдаа явуулах журмаар олгогдсон байх хуулийн шаардлагатай байна. Гэтэл С.Д-д олгосон 1 га газар нь 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, төсөл шалгаруулсан, дуудлага худалдаа явуулсан баримт байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн нь газар эзэмших эрх олгосон гэх үйл ажиллагаа бүхэлдээ хууль бусаар явагдсан болохыг харуулж байна. Мөн түүнчлэн С.Д нь эзэмшил бүхий газартаа огт үйл ажиллагаа явуулаагүй болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон байдаг. Улмаар Цэнхэр сумын Засаг даргаас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжаар “С.До-д олгосон 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаартай захирамжийг хүчингүй болгосон” байдаг. Иргэн С.Д нь тус захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0622 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа дахин С.Д Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан "... газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0392 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Цэнхэр сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” А/219 дугаартай захирамж гарган С.Д-д олгосон газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан байна. Нэгэнт С.До-д газар эзэмших эрх олгох ажиллагаа хууль бусаар явагдсантай холбоотойгоор үүссэн дээрх зөрчлүүд байсан тул дээд шатны захиргааны байгууллагаас уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/345 дугаар захирамжийг гаргасан болно. Тус захирамж гаргахаас өмнө Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1108 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсон тухай мэдэгдсэн дугаар сарын 27-ны өдөр сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн. Мөн Цэнхэр сумын Засаг дарга нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/480 дугаар албан бичгээр С.Д-д газар эзэмших эрх олгох ажиллагаатай үүссэн зөрчлүүдийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг " гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;” гэж тус тус заасан. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, нэхэмжлэл гаргах болсон шалтгаан, үндэслэлээ тодорхойлох эрхтэй байна. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/345 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон атлаа ямар үндэслэлээр тухайн захирамжийг үндэслэлгүй үзэж байгаа болохоо тайлбарлаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж буйгаа нэхэмжлэлд тусгаагүй байна. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан, үндэслэл тодорхойгүй байх бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь ойлгомжгүй, тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авсан нь үндэслэлгүй буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл бий болжээ. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ, “Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0011 дүгээр шийдвэрийн 3.29-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг эш татаж, Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаартай захирамжтай дахин маргах эрхгүй гэх агуулгаар тайлбарлажээ. Архангай аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 0023 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т “Хэрэв захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийг хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгээр зохицуулагджээ. Гэтэл уг хэргийн маргаан бүхий А/180 дугаар захирамж, түүний үндэслэлд дээрх хуульд заасан захиргааны актыг хүчингүй болгох аль нөхцөл бүрдсэн үзэж үзсэн, ямар үндэслэлийг зааж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь тодорхойгүй, хуулийн эл үндэслэлээр маргаж, маргаан бүхий актад эл үндэслэлийг дурдаагүй болно” гэж, харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0622 дугаар магадлалын хянавал хэсгийн 3-т нэхэмжлэл хангагдсанаар давж заалдах гомдолд дурдсанчлан иргэн С.Д-г "...Газрын тухай хуулийг зөрчиж болно...” гэсэн дүгнэлтэд огт хүргэхгүй, мөн хариуцагчаас өмнө гаргасан хууль бус шийдвэрээ зөвтгөх эрхгүй ч гэж үзээгүй..." дүгнэсэн байх бөгөөд эл дүгнэлт нь одоо маргаж буй үйл баримтын талаар дүгнэсэн дүгнэлт биш байна. Харин Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0392 дугаар магадлалд С.Д-д олгосон гэх 1 га газар нь 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдааны баримт байхгүй, газар эзэмшүүлсэн захирамж гаргаагүй зэрэг үйл баримтын талаар дүгнээгүй байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан хугацааг зөрчиж нэхэмжлэл гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж, 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ, "... Архангай аймгийн Засаг даргын 2025.06.25-ны өдрийн А/345 дугаар захирамжийг хүчингүй болгосныг эс зөвшөөрөн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар МУ-ын Ерөнхий сайдад хандан 2025.06.27-нд гомдол гаргасан” гэжээ. Монгол Улсын Ерөнхий сайд нь аймгийн Засаг даргын шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага биш бөгөөд нэхэмжлэгч нь дээрх захиргааны актыг эс зөвшөөрч буй талаарх гомдлоо аймгийн Засаг даргад өөрт нь хандаж шийдвэрлүүлэхээр байсан. Гэтэл нэхэмжлэгч гомдлыг шийдвэрлэх чиг үүрэггүй байгууллагад гомдол гарган, улмаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/345 дугаар захирамж хууль бус, үндэслэлгүй. Дээрх захирамжид Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын А/219 дүгээр захирамж нь хууль зөрчсөн гэдэг боловч ямар хуулийг зөрчсөн талаар тодорхой дурдаагүй бөгөөд хууль бус гэдгийг нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Д-д Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар захирамжаар анх газар эзэмшүүлсэн байдаг. Дээрх захирамж нь аймгийн архивд эх хувиараа байхгүй. 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар захирамж “Эцгийн нэр, нэр өөрчлөх тухай” захирамж байдаг. Архангай аймгийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 345 дугаар захирамжаар “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг сунгах тухай” А/219 дугаартай захирамжийг” хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны хяналт, шалгалтаар С.Д-д анх газар эзэмших эрх олгохдоо захирамж, шийдвэргүй олгосон болохыг тогтоосон. С.Д газар эзэмших эрхтэй эсэхийг шалгаж тогтоох байтал түүний газар эзэмших эрхийг сунгаж Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 204 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/219 дүгээр захирамж гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 345 дугаар захирамжаар дээрх захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий сайдад хандсан байна. Ерөнхий сайд гомдол шийдвэрлэх субъект биш буюу захирамжтай холбоотой гомдлоо Архангай аймгийн Засаг даргад өөрт нь хандаж шийдвэрлүүлэх боломжтой. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож үндэслэлтэй байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 345 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:
1.1. Шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч С.Д нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй талаар утсаар мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг байлцуулахгүй хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй болохоо шүүхэд илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
2. Хариуцагчийн: “нэхэмжлэгч гомдлыг шийдвэрлэх чиг үүрэггүй байгууллагад гомдол гарган, улмаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлийн тухайд
2.1. Иргэн С.Д нь маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/345 дугаар захирамжийг эс зөвшөөрч Монгол Улсын Ерөнхий сайдад 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хандсан байна.
2.2. Улмаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 879 дүгээр албан бичгээр “... гомдолд дурдсан Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/345 дугаар захирамжийг хүчингүй болгох асуудлаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.-т ... эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу холбогдох шатны шүүхэд хандана уу” гэсэн хариуг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-д хүргүүлжээ. (Хавтатс хэргийн 9 дэх тал)
2.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.”гэж заасан нь тухайн асуудлаар эрхийн гэрчилгээ эзэмшигчид гомдол гаргах эрх олгосон зохицуулалт гэж үзнэ.
2.4. Мөн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2. дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэж газартай холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэх журмыг тухайлан зохицуулсан бөгөөд гомдол гаргагч нь дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүхэд гомдол /нэхэмжлэл/ гаргаж маргааныг шийдвэрлүүлж болохоор сонгох боломж олгожээ.
2.5. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.” гэж, 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж, 94 дүгээр зүйлийн 94.1. дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж тус тус заасан байна.
2.6. Ийнхүү хуульчлан зохицуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь газрын маргаан бүхий асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж маргаан бүхий аймгийн Засаг даргын шийдвэрийг хянуулахаар зайлшгүй Монгол Улсын ерөнхий сайдад хандаж гомдол гаргаж шийдвэрлүүлэх шаардлагагүй боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргын гаргасан шийдвэртэй холбогдуулж шүүхэд шууд нэхэмжлэлийг гаргалгүйгээр дээд шатны албан тушаалтан гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайдад хандан гомдол гаргаж шийдвэрлүүлэн хариуг авсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах хууль үндэслэлгүй, маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
2.7. Иймд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 879 дүгээр албан бичгийн дагуу Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/345 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.8. Түүнчлэн С.Д-с Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1., 52.2.-т заасан шаардлагыг хангасан, хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй учраас тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 109/ШЗ2025/0226 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3. Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/345 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/345 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7.-д “Газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах;” гэж заасныг үндэслэжээ.
3.2. Хэрэгт авагдсан баримтаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/219 дүгээр захирамжид “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2024/0392 магадлалыг үндэслэсэн буюу шүүхийн шийдвэрийг биелүүлж иргэний газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 144-145 дахь тал)
3.3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан.
3.4. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субьектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг.
3.5. Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2024/0392 магадлалыг үндэслэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгаж, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлж гарсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/219 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгож буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1-д заасан зарчмын агуулгад нийцэхгүй байна.
3.6. Хариуцагч нь маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байх бөгөөд хариу тайлбар татгалзалдаа иргэн С.Д- олгосон 1 га газар 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, дуудлага худалдаанд ороогүй гэж тайлбарлажээ.
3.7. Тогтоогдсон үйл баримтын тухайд, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 109/ШШ2022/0023 дугаар шийдвэрээр “Нэхэмжлэгч С.Д-йн хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан тус сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжийн С.До-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 147-155 дэх тал)
3.8. Дээрх шийдвэрийн үндэслэх хэсгийн дэс дугаар 7-д “иргэн С.Д-д газар эзэмшүүлэх шийдвэрийг анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар захирамжаар гаргасан гэх бөгөөд газар эзэмших эрхийн 0095321 дугаартай гэрчилгээг 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 000319418 дугаартай газар эзэмших эрхийн шинэчилсэн гэрчилгээ зэрэгт дээрх 2007 оны 80 дугаартай захирамжийг үндэслэн 10.000 м.кв газрыг эзэмших эрхийг олгож баталгаажуулснаар нэхэмжлэгч иргэний хувьд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаж гэж үзэж газар эзэмших эрхийг баталгаажуулсан гэж ойлгохоор байна.” 11 дэх дэс дугаарт “...гэх үйл баримтаас үзвэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаанд оруулаагүй гэх тайлбар нь захиргааны байгууллага өөрийнхөө эзэмших эрх олгосон үйлдлээ үгүйсгэсэн, захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байхын зэрэгцээ, захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа үр дүнг өөрөө хариуцах үүрэгтэй”, 12 дахь дэс дугаарт “Иргэний хувьд захиргааны байгууллага хуулийн хүрээнд ажилласан гэдэгт итгэх итгэлтэй байх эрхтэй төдийгүй эл үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах, газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй”…гэж тус тус дүгнэжээ. (Хавтаст хэргийн 151-152 дэх тал)
3.9. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2022/0622 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, мөн Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 156-164 дахь тал)
3.10. Мөн маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын А/345 дугаар захирамжид Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаартай захирамжаар иргэн С.Д-д Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Халуун усанд аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн шийдвэрийг аймгийн архиваас татан үзэхэд Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай “Эцгийн нэр, нэр өөрчлөх тухай” захирамж байх тул сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн “Газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай” А/219 дугаартай захирамжийг хүчингүй болгосон гэж үндэслэжээ. (Хавтаст хэргийн 8 дахь тал)
3.11. Гэтэл хэрэгт авагдсан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 109/ШШ2024/0011 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2 дахь дэс дугаарт "... шүүхийн үзлэгийн явцад газрын цахим системээс иргэн С.Д-д газар эзэмших эрх олгосон 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай захирамжийн хуулбар гарсан, тус оны архивын баримтад байхгүй, 80 дугаарт өөр агуулга бүхий захирамж байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах шууд үндэслэл болохгүй бөгөөд иргэн С.Д-д газар эзэмших эрх олгосон 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар захирамжийг хуурамч буюу хууль бусаар үйлдсэн талаар эрх бүхий байгууллага шалгаж, шийдвэр гараагүй байх тул хариуцагчаас гаргасан энэ үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй”, мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.30 дахь дэс дугаарт: “...Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 109/ШШ2022/0023 дугаар шийдвэр түүний үндэслэх хэсэгт тухайлбал, үндэслэх хэсгийн 6-12 дахь дэс дугаартай хэсэгт нэгэнт дүгнэгдсэн байх тул эл асуудлаар шүүх дахин нотлох, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ” гэж мөн дүгнэсэн үйл баримт тогтоож байна. (Хавтаст хэргийн 175, 180 дэх тал)
3.12. Дээрх тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж тус тус заасан.
3.13. Өөрөөр хэлбэл Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэр, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 109/ШШ2024/0011 дүгээр шийдвэр зэрэгт нэгэнт дүгнэгдсэн байх тул эл асуудлаар шүүх дахин нотлох, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
3.14. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.
3.15. Гэтэл хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас маргаан бүхий актыг гаргахдаа шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг нягтлан шалгаж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчим, мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна гэж үзлээ.
3.16. Дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалаар хариуцагчийн маргаан бүхий актад үндэслэл болгосон үйл баримт, хариу тайлбар татгалзлын үндэслэлийн талаар шүүхээс нэгэнт дүгнэлт өгч шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад хариуцагчаас эдгээр үндэслэлийг дахин зааж маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус байх тул шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэлээ.
4. Маргаан бүхий актад үндэслэсэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасныг үндэслэсэн тухайд
4.1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:” гэж, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;” гэж тус тус заажээ.
4.2. Энэ хэргийн тухайд, тодруулбал “Анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар захирамжийг үндэслэн 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийн . дугаартай гэрчилгээ, С.Д-д олгох захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд С.Д-н зүгээс хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн эсэхийг шүүх шийдвэрлээгүй, гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй, тухайн баримтыг хуурамч эсэхийг тогтоогоогүй, хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа тохиолдолд түүнийг шууд буруутган газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох, энэ маргаан бүхий хэрэгт шууд хамааралтай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
4.3. Хэрэгт “... бүртгэлийн 1197 дугаартай Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга болон газрын даамал нар нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж тус сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай хуурамч захирамжийг ашиглан 1 га газрыг нэр бүхий иргэнд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хууль бусаар эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн, хууль бусаар олгосон газраа одоог хүртэл эзэмшүүлж ашиглуулж байгаа гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгч комиссар Э.Э-н 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 241200303 дугаар тогтоол авагдсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал)
4.4. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;” гэсэн үндэслэл маргаан бүхий тохиолдолд хэрхэн бүрдсэн, бодит байдалд хэрхэн тогтоогдсон нь тодорхойгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
4.5.Ийнхүү хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгасан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/219 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмын агуулгыг зөрчсөн байна гэж шүүхээс үзлээ.
4.6.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/345 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.12, 106.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.2.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.До-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/345 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 48.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА