Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01687

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01687

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/02350 дугаар шийдвэртэй

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Т, Ж.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 95 371 607.87 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Г ХХК-ийн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б, Т.Т нар нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Гтай ЗГ/2205047046 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж 98 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ипотекийн гэрээгээр Ж.Б, Т.Т нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, залуус гудамж 10 байр 53 тоот 78,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Ж.Б, Т.Т нар нь ЗГ/2205047046 тоот зээлийн гэрээний хавсралтын дагуух эргэн төлөлтийн графикийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байна. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 84 023 592.29 төгрөг, хүүний төлбөр 5 752 412.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 478.71 төгрөг хугацаа хэтэрсэн хоног 281 хоног, нийт 89 794 483.60 төгрөг, нийт 95 371 607.87 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хувьд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөд зээл хойшлуулах тухай өмнөх өдөр нь мэдэгдсэн. Түүний дараагаар салбар банкнаас харилцагчтайгаа нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулах ёстой байсан. Тус зээл нь гэр бүлийн маргааны улмаас төлөгдөөгүй нь үнэн. Өмнөх үүссэн өрөө төлөөд, зээлийн төлөлт хойшлуулалтдаа хамрагдаарай гэсэн боловч нэмэлт өөрчлөлтийн гэрээнд зээлдэгч нар ирж гарын үсэг зураагүй. Ж.Бт гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Зээлдэгч нар ирэхгүй байсан тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлд зааснаар нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах нь зүйтэй байна. 2020 оны 9 дүгээр сараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн, хэрэв цахимаар хүсэлт ирүүлсэн байвал мэдэх байсан. 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүү тооцооллын хүснэгтээр зээлдэгч нар үндсэн зээлд 98 000 000 төгрөг авсан. Хуримтлагдсан хүү 52 000 000 төгрөг, 106 485.66 төгрөг төлөхөөс 55 234 887.79 төгрөг төлөөд одоо зээлдээ төлөх төлбөр нь 95 371 607.87 төгрөг байгаа 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл төлөгдөөгүй. Түүний дагуу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3 999 999.22 төгрөгийг төлсөн. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10 407 358 төгрөг төлсөн гэжээ.

Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд Т.Ттай хамтран амьдарч байсан. 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Гнаас авсан зээлд хамтран зээлдэгчээр орсон. Тухайн үед нийт 148 000 000 төгрөгийн байрыг урьдчилгаа 49 000 000 төгрөгийг Ж.Б би төлсөн, 98 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээр Т.Т, хамтран зээлдэгчээр би гарын үсэг зурсан. Орон сууцны зээлийн гэрээг 20 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд сарын 820 500 төгрөг төлөх хуваарь гаргаж, Т.Т нь би өөрөө төлнө гэж авсан байдаг. 2018 онд Т.Т бидний хооронд шүүхийн маргаан үүсэж үүнээс шалтгаалж зээлийн төлбөрөө төлөхгүй, хугацаа хэтэрсэн. 2019 оны 12 дугаар сард Г надаас зээлээ төлөхийг шаардаж 12 000 000 төгрөг нэхэж ирэхэд нь би 12 400 000 төгрөг төлж зээлээ хэвийн болгосон. Зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлтийг хэвийн болгоод 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээл төлөх байсан боловч Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 30 дугаар тогтоол, Монгол банкны журам гарч ипотекийн зээлийн төлөлт хийх хугацааг хойшлуулах, төлөхгүй байхаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А руу яриад би одоо зээл төлөх ёстой байгаа яах вэ гэхэд Монгол банкнаас журам ирээгүй байна ирэхээр нь ярина гэсэн. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтээ явуул 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл авч байгаа гэхээр нь явуулсан. Хэргийн 72 дугаар талд байгаа 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагаас А над руу явуулсан мессеж нь ирээгүй байгаа. Гэтэл Г нь үндэслэлгүйгээр гэрээг цуцалж, Ж.Б надад огт мэдэгдээгүй шүүхэд шилжүүлсэн байсан. Зээлийн гэрээ өөрчлөх талаар мэдэгдээгүй. Засгийн газрын шийдвэрийн дагуу би ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчид өгсөн. Энэ хугацаанд би байрны урьдчилгаанд 49 000 000 төгрөг, үндсэн зээл 14 000 000 төгрөг, 69 сарын хүү 41 000 000 төгрөг, нийт 104 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн. Би ийм их мөнгө төлчихөөд байраа алдмааргүй байна. Гны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Г руу олон удаа утасдаж зээл төлөлт хэвийн байгаа учир хойшлуулах хүсэлтэд нь ормоор байна гэж хэлсэн. Гнаас хүсэлтийг минь авсан .Банкнаас миний бизнесийн зээлийг 60 хувь судалж хангуулсан. Би тэр ажлаа одоо хүртэл хийж байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж өгөөч гэсэн хүсэлт өгөхөд таны хүсэлт батлагдлаа гэсэн мессеж надад ирсэн. Та зээлийн төлөлтөө хийнэ үү гэсэн мессеж надад огт ирээгүй. 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр А.А одоо та над руу хүсэлтээ явуулаарай, наад хэрэг тань 6 сар хойшлогдож байна. Иймд таны зээлийг хойшлуулсан гэрээн дээрээ ирж гарын үсэг зурах шаардлагатай гэж тайлбарласан. Банкнаас танай хүсэлтийг манайх руу явуулаагүй гэж Монгол банкнаас хэлсэн, тиймээс миний зээлийн төлөлтийн хугацаа сунгагдаагүй байсан. Монгол банк руу анхны хүсэлтийг минь явуулаагүй байж худлаа хэлсэн, гэрээ бэлдсэн байсан боловч Т.Т ирж зураагүй гэж хэлсэн. Гэрээ чинь бэлэн болсон ирээд гарын үсэг зураарай гэж нэг ч удаа надад банкнаас хэлж байгаагүй. Гэнэт л шүүхээс намайг дуудсан. А.А өөрөө ч мэдээгүй байсан. Энэ байдлыг зөвхөн Т.Тыг олох зорилготой гэж надад тайлбарласан гэжээ.

Хариуцагч Т.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Туул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Гтай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 98 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлж авсан. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, залуус гудамж 10 дугаар байр, 53 тоот 78.93 м.кв талбайтай 3 орон сууцыг барьцаалсан. Ж.Бтэй хамтран амьдрах хугацаанд Т.Т нь дээрх зээлийн гэрээний дагуу үүргийг сар бүр тогтмол төлж байсан. Гэвч Ж.Бтэй таарч тохироогүйн улмаас салж 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж сар бүр 217 900 төгрөгийн хүүхдийн тэтгэмж төлж байна. Шүүхийн шийдвэрийн дараа Ж.Б нь ланд круйзер 200 авто машин болон тухайн 3 өрөө байрыг үндсэн төлбөрийн хамт өөртөө шилжүүлэн авахаар аман тохиролцоо хийсэн. Үүнээс хойш 3 жил болсны дараагаар байрны үлдэгдэл төлбөрийг төлүүлэх гээд байгаа нь үндэслэлгүй, төлөх боломж байхгүй, одоо тэтгэврээс өөр орлого байхгүй. Тэтгэврийн мөнгөнөөс 2 хүүхдийн тэтгэмжийн мөнгийг асуудалгүй төлж байгаа. Т.Т нь илүү орлого байхгүй тул Ж.Б тухайн зээлийг үргэлжлүүлэн төлөөд нэрийг шилжүүлэн авах, үгүй гэвэл миний зүгээс уг барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Т.Т нь төлбөрийн чадваргүй гэдгээ удаа дараагийн шүүх хуралдаан дээр хэлсэн байдаг. Ж.Б өөрөө зээлээ үргэлжлүүлнэ гэвэл татгалзах зүйлгүй. Т.Т нь эд хөрөнгийн маргаан хийхгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Одоо төлбөр төлөх боломгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Т, Ж.Б нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 95 371 607,87 /ерэн таван сая гурван зуун далан нэгэн мянга зургаан зуун долоон төгрөг наян долоон мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 781 307 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Зээлдэгч нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэл өгснөөс хойш мэдэгдлийн хугацааг 2 сар гаруй хугацаагаар хэтрүүлж, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4 000 000 төгрөгийг үлдэх төлбөрийг 11 дүгээр сарын 08-ны өдөр тус тус төлсөн байдаг ба энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Үүнээс хойш зээлдэгч зээлд төлбөр төлөөгүй болно. Ж.Бт хугацаа хойшлуулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээг 12-ны дотор салбарт хийх тухай мэдэгдсэн байдаг. Гэрээ хийх тухай мэдэгдлийг Гны авто мессежээр хүргүүлсэн. Миний болон банкны зүгээс гэрээ хийх тухай мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлсэн байхад хариуцагчийн утсанд ирээгүй байна гэх дүгнэлт хийсэн өрөөсгөл байна. Хугацаа хойшлуулах хүсэлтийг Монгол банканд банкийг хүргүүлээгүй гэсэн нь мөн ойлгомжгүй байна. Зээл хойшлуулах ажиллагаа хэрхэн хийгдэх ёстой байсан албан бичиг заавар журам нь хавтаст хэрэгт байгаа. Үүнд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-117, мөн өдрийн А-116 тоот тушаалууд, Монголын ипотекийн корпораци ОССК ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 20/11-83 дугаартай үйлчилгээ үзүүлэгч банкуудад зээлийн төлбөр хойшлуулах тухай албан бичгүүд багтаж байна. Иймд зээлдэгч 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнөх үүссэн өрийг арилгаж мөн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулан зээлийг хойшлуулах байсан. Зээлдэгч гэтэл эдгээр шаардлагуудыг хангахгүй болсон байсан учраас зээл хойшлоогүй гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаад байхад шүүх үүнд дүгнэлт хийлгүй нэг талын байдлыг харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн утсан дахь мессеж ирээгүй нэхэмжлэгч хүргүүлсэн гэсэн тайлбарыг эргэлзээгүй байлгах үүднээс үүрэн холбооны сүлжээ оператораас уг мэдээлэл хүргэгдсэн эсэх лавлагааг гаргуулах ажиллагааг шүүгч нэмэлтээр хийж болох байтал хийгээгүйн дээр нэг талын гаргасан тайлбараар ийнхүү үнэлж байгаа нь үйл баримтыг зохих ёсоор үнэлээгүй. Хэрэгт авагдсан дансны хуулгаар хариуцагч нь 11 дүгээр сарын 08-ны өдөр сүүлийн төлөлт хийж, түүнээс хойш төлөлт хийгээгүй байгааг дурдаагүй байна. Зээлдэгчийн зөрчил нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш үүссэн гэх тайлбарыг үнэлэлгүй 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын сарын 30-ны өдрийн хооронд төлбөрийн зөрчил үүссэн, энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн байна гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх хариуцагч Т.Тын зээл төлөх боломжгүй цаашид зээлийг төлөхгүй, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж Ж.Бт шилжүүлэхэд татгалзах зүйлгүй байна эсвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай тайлбар гаргасныг огт үнэлэлгүй орхигдуулсан байна. Иймд Гны Т.Т, Ж.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь банканд илтэд хохиролтой хэмээн үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өнгө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Т.Т, Ж.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 95 371 607.87 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч нар 2020 оноос хойш 281 хоногийн хугацаа хэтрэлттэй, Ж.Б, Т.Т нар нь зээлийн эргэн төлөлтийн графикийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байгаа гэж,

хариуцагч Т.Т ...Ж.Б тухайн зээлийг үргэлжлүүлэн төлөөд нэрийг шилжүүлэн авах, үгүй гэвэл миний зүгээс уг барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэж, хариуцагч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Засгийн газрын шийдвэрийн дагуу би ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ явуулсан, надад зээлийн гэрээ өөрчлөх талаар мэдэгдээгүй гэж тус тус тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ж.Б, Т.Т нартай 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/2205047046 тоот Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрөө Ипотекийн гэрээ-г байгуулж 98 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүрэгт Т.Т, Ж.Б нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, Зулаас гудамж 10 байр 53 тоотод байрлах 78,93 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх.6-15/ Зохигчид дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал болон зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 09/2511 тоот мэдэгдлээр зээлдэгч Т.Т, Ж.Б нарт 11 861 231 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсэн байх бөгөөд Ж.Б нь 2019 оны 12 дугаар сард 12 400 000 төгрөг төлж зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлтийг хэвийн болгосон, уг хугацаанаас хойш зээлийн гэрээний дагуу төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогдсон байна. /хх.16/

Нэхэмжлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээгээ цуцалж, үндсэн зээл, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулах, гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч талын үүрэг зөрчсөн хугацаа нь Монгол Улсад коронавирусын өвчлөл цар тахлын хэмжээнд хүрсэн Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 30 дугаар тогтоол гарч хөл хорионы дэглэм тогтоосон хугацаатай давхацжээ.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цах тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт Энэ хуулийн 10.7-д заасан зээлийн гэрээний хугацааг сунгахад зээлдэгчийн саналыг үндэслэн банкны танилцуулсан зээлийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг зээлдэгч хүлээн зөвшөөрснөө энэ хуулийн 10.9-д зааснаар илэрхийлснийг банк хүлээн авснаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд тооцно гэж,

10.9 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэртэй үйлчилгээнд тухайн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээдийн бүртгэлтэй баталгаат цахим шуудан, эсхүл техникийн хэрэгсэл, программ хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан гаргасан саналыг банк, эрх бүхий хуулийн этгээд хүлээн авсан бол Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 196.1-д заасантай адилаар хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан байна.

Анхан шатны шүүх дээрх тогтоол болон журмын заалтуудыг үндэслэн зээлдэгч нар нь коронавируст халдварын тархалтын үед банканд биечлэн очиж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй, цахимаар зээл хойшлуулах хүсэлт явуулсанг банк хүлээн авснаар хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцохоор зохицуулсан байхад нэхэмжлэгч Г ХХК нь зээлдэгч Ж.Бийн орон сууцны зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь зээл төлөлтийн хугацааг нь хэтрэхэд хүргэсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б гар утсанд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаж, шүүх 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШЗ2021/04192 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангасан, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл-ээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн байх гэх боловч уг мессеж нь хариуцагч нарын гар утсанд хүргэгдээгүй болох нь нотлогдсон байна. /хх.176-178/

Мөн анхан шатны шүүх Засгийн газрын тогтоол, Монгол Банкны Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах тухай журмын дагуу зээлдэгч байгууллага нэхэмжлэгчийн гэрээ сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгч тал зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийг буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 225.4.3-т заасантай нийцжээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Т.Т, Ж.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 95 371 607.87 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/02350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 705 008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО