Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 69

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Энхмэнд,

иргэний нэхэмжлэгч Б.Батмөнх,

шүүгдэгч Д.Энхболд (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Даваадоржийн Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707001120033 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 39 минутад хүлээн авч хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум, 5-р баг, Өндөрхаан, Сариг 2 дугаар гудамжны 07 тоотод оршин суух,

Хэнтий аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар магадлалаар 5 жил 1 сарын хорих ялыг 5 жил 10 хоногийн хорих ял болгож өөрчилсөн,

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 20 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

регистрийн СТ91042419 дугаартай, Боржигон овогт Даваадоржийн Энхболд нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд 36-88 ХЭҮ улсын дугаартай, Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”,

мөн дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно” гэснийг зөрчсөний улмаас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дайран өнгөрөх асфальтан засмал зам дээр Улаанбаатар хот руу явах чиглэлд Б.Батмөнхийн жолоодон явсан 26-80 УНК улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас портер маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Г.Хатанхүүгийн биед баруун шаант ясны далд хугарал, баруун тавхайн 5-р хурууны шивнүүрийн далд хугарал гэмтэл учруулан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Энхболд нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг орон нутгийн засмал зам дээр 2017 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд 36-88 ХЭҮ улсын дугаартай, “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад түүнийг 26-80 УНК улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэн буцаж урсгалдаа ороод урд нь зам тээврийн ослын улмаас дугуй тавьсан байхыг хараад өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрөөхөөр зогсож байтал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”,

мөн дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно” гэж заасныг тус тус зөрчин араас нь мөргөсний улмаас “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Г.Хатанхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Энхболдын өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар чиглэлд портер маркийн машинтай хадам ээж Гансүх, хадам дүү нарын хамт Налайхын пост өнгөрөөд явж байсан. Пост уруудаад явж байхад хажуугаар Lанд круйзер-200 маркийн машин гүйцэж түрүүлэх гэж байтал урдаас жижиг цагаан машин гэрлээ анивчуулахад миний урдуур дараад орсон. Тэгээд урд ороод огцом тоормос гишгэснээс болж би араас нь мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад хажуу талд осол гарсан байсан газар очиж утсаар залгаж эхлээд эмнэлэг дуудаж, дараа нь цагдаа дуудсан. Буцаад машин дээрээ ирэхэд Ланд круйзер-200 маркийн машин хөдлөөд явсан байсан. Шөнийн 02 цаг өнгөрч байхад цагдаа нар ирсэн. Мөргөлдсөн нь үнэн, хүлээн зөвшөөрч байгаа, харин иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас Улаанбаатар хот руу 6 ажилтантайгаа хамт явж байсан. Портер машиныг Налайхын пост дээр гүйцэж түрүүлсэн. Сүүлд гүйцэж түрүүлээгүй. Машинд сууж явсан хүмүүсийн зарим нь унтсан, зарим нь сэрүүн байсан. Урд аваар гараад дугуй тавьсан байсан. Өөдөөс машинууд ирж байсан болохоор дугуйны тэнд ирээд зогссон. Тэгэхэд хойноос портер машин ирж мөргөсөн. Портор машин гурваас их хүн суулгасан, их хурдтай явж байсан. Хэргийн газар дээр өглөө 05 цаг хүртэл байсан. Бүх хэмжилтүүд хийгдээд цагдаа надаас мэдүүлэг авахаар хөдлөхийг зөвшөөрсөн байгаа. Тэрнээс биш хэргийн газрыг орхиж яваагүй. Үнэлгээгээр 7.508.000 төгрөг гарсан, би яг машиндаа хийсэн материалын үнэлгээг гаргуулна. 7.237.000 төгрөгийг нэхэмжилж байгаа ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Хатанхүүгийн өгсөн: “... шөнийн 02 цагийн үед Налайхын пост руу орж ирсэн. Би тухайн үед цонхон талд сууж утсаараа оролдоод явж байсан, ээж харин голд нь сууж явсан юм. Пост руу орсоны дараа зөв талаар Ланд-200 гүйцэж түрүүлж орж ирсэн юм. Тэр гүйцэж түрүүлж орж ирсэн машин гэнэт тоормоз гишгэсэн. Манай машин ч гэсэн тоормоз гишгээд гулсаад араас нь ороод мөргөсөн юм. Машин ээж Гансүхийн нэр дээр бүртгэлтэй боловч Энхболдын машин байгаа юм. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-23 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн өгсөн: “... Налайх дүүрэг рүү орж ирээд мөнгө хураадаг пост өнгөрөөд явж байхад зам дээр зам тээврийн осол болоод миний зорчин явсан хэсэг дээр дугуй, ослын гурвалжин тавьсан байхаар нь эсрэг урсгалын машиныг өнгөрөөгөөд зорчих хэсэг дээр тавьсан зүйлийг тойрч гарах гээд зогсоод таван секунт болох үед миний машины хойд тал руу машин мөргөсөн. Машин мөргөсний дараа тоормоз дээр байсан хөлөө авангуут машин урагшлаад явангуут нь дахин тоормоз дээр гишгэж машинаа зогсоосон. ... Манай автомашинд явсан хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тийм учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 28 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Гансүхийн өгсөн: “... Налайх руу ордог пост руу орж явтал зүүн гар талаар Ланд маркийн машин гүйцэж түрүүлээд өмнө нь гэнэт тоормоз гишгэхэд манай хүргэн араас нь очоод мөргөчихсөн юм. Машинд сууж явсан хүү Хатанхүүгийн баруун хөл шилбээрээ хугарсан гэмтэл учирсан. Хүргэн бид 2 ямар нэгэн байдлаар гэмтээгүй. ... Урд талын машин тоормоз гишгээд улаан гэрэл нь асахад тоормоз гишгэсэн боловч гулгаж очоод араас нь орчихсон юм. Машин нь манай хүргэний машин байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Батмөнхийн өгсөн: “... хөшөөтэй цэргийн ангийн урдуур гараад явж байтал зам дээр гурвалжин тэмдэг, дугуй босгоод тавьчихсан байсан бөгөөд замын хажуу руу нэг тэрэг онхолдсон байсан, бид нар тухайн үед “машин онхолдсон байна” гээд ярьж байгаад дугуйн дээр ирээд зогссон өөдөөс 2-3 машин зөрсөн бөгөөд эгнээ рүүгээ орох гэтэл араас портер маркийн машины тоормозны муухай чихрах чимээ дуулдаад л хүрч ирээд бид нарын сууж явсан машиныг араас нь мөргөсөн. Машинаас буугаад хартал портер машины хамраараа мөргөсөн харагдсан. Мөргөсөн машинаас нэг залуу бууж ирээд “хөл бэртлээ” гээд алхаж чадахгүй байсан, би жолоочийн ард талд сууж явсан, миний хажууд Анхбаяр, Гэлэгжамц байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ганхуягийн өгсөн: “... захирал Батмөнх дугуйнд ойртоод зогссон. Зогсонгуутаа эсрэг урсгалд өөдөөс ирж яваа машиныг өнгөрөөгөөд урд байгаа дугуйг тойроод явах гээд байж байхад гэнэт хойноос машин ирээд мөргөсөн. Гэнэт гүйцэж түрүүлээд огцом урд нь гарч гэнэт зогссон зүйл байхгүй. ... Ланд круйзер-200 маркийн автомашин дотор сууж явсан хүмүүсээс бэртэл гэмтэл учирсан хүн бол байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Анхбаярын өгсөн: “... гэнэт тоормозлосон зүйл байхгүй, мөнгө авдаг постоор мөнгөө өгөөд ар араасаа цуварч гараад 100 метр яваагүй байхад гүйцэж түрүүлээд өмнө нь гараад явсан юм. Шахаж гүйцэж түрүүлсэн асуудал огт байхгүй. Портер машин араас чихарч ирээд мөргөсөн, машинаас буугаад харахад тоормоз нь өрөөлдөж барьсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Гэлэгжамцын өгсөн: “... машинд унтаад явж байтал араас мөргөөд доргиход нь сэрсэн, машинаас буухад портер дотор хүмүүс гэмтсэн, миний харахад Хатанхүү гэх залуу машинаас үсэрч буугаад газар суугаад хөлөө бариад байсан, харин портерийн жолооч зүв зүгээр буугаад ирсэн, манай автомашины урд талд зам дээр осол гараад дугуй тавьчихсан байсныг тойроод гарах гэтэл манай машиныг хойд талаас уг портер мөргөсөн байсан. Надад учирсан гэмтэл огт байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ганболдын өгсөн: “... араас машин мөргөхөд нь сэрсэн, тэгээд буугаад хартал Хэнтий аймгийн дугаартай портер машин манай машины араас мөргөсөн байсан, манай машины урд осол гарчихсан зам дээр дугуй тавьчихсан байсан. ... Надад учирсан гэмтэл огт байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Үүрцайхын өгсөн: “... унтаад явж байсан ба машины араас машин мөргөхөөр нь сэрээд харсан. Тэгээд машинаас буугаад харахад портер маркийн автомашин мөргөсөн байсан. ... манай машины урд талд зам дээр замын хажуу талд осол гараад зам дээр ослын гурвалжин байхгүй тул дугуй оронд нь орлуулж тавьсан байгаа харагдсан, нөгөө машины хүмүүс буучихсан нэг нь гэмтчихсэн байсан юм. Манай машиныг захирал Батмөнх жолоодож явсан. Манай машинд явсан хүмүүсээс гэмтсэн хүн байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Ванчигмаагийн өгсөн: “... 2017 оны 06 дугаар сард өөрийн найз Баяраагийн Батмөнхөд 168.000.000 төгрөгөөр зарж байсан, анх би уг машиныг 168.000.000 төгрөгөөр авч байсан энэ үнээрээ зарж байсан юм. Одоо надад уг машин огт хамаарал байхгүй, би Батмөнхөөс төлсөн урьдчилгаа мөнгөө бүрэн авчихсан, харин Батмөнх миний өмнөөс Хаан банкинд зээлийг цаг хугацаанд нь төлөөд явж байгаа, уг машин нь бүрэн Батмөнхийн эзэмшлийнх байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Эмнэлгийн бичгээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/418 тоот:

1. Г.Хатанхүүгийн биед баруун шаант ясны далд хугарал, баруун тавхайн 5-р хурууны шивнүүрийн далд хугарал гэмтэл

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 57 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “... Г....” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээч Б.Цогбаярын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №7714 тоот:

2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Энхболд” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №4338, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1718 тоот:

“Шинжилгээнд ирүүлсэн 36-88 ХЭҮ улсын дугаартай “Хьюндэй портер” маркийн бага оврын ачааны автомашины хойд тоормозны эд анги дутуу, битүүмжлэл алдсан, колодка, накладка, барбан зэрэг эд ангиуд тос, ороо мэт зүйлээр бохирлогдсон, хойд тэлэгчүүд ажиллахгүй, урд хойд тэнхлэгийн дугуйн хээ өөр зэрэг шалтгаан нөхцлөөр тоормозны мөр даялж, харилцан адилгүй, хэмжээтэй уртассан нөлөө үзүүлсэн байх үндэслэлтэй” гэх дүгнэлт /хх-ийн 85-88, 111-112 дугаар тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 89-107 дугаар тал/,

Техникийн шинжээч, цагдаагийн ахмад Э.Хишигтогтохын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № 07 тоот:

1. 36-88 ХЭҮ улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Энхболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчснөөс зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна. 26-80 УНК улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Батмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.

5. 26-80 УНК улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-200” маркийн автомашин нь ямар нэг тоормозны мөр байхгүй, 36-88 ХЭҮ улсын дугаартай автомашины жолооч нь урдаа байгаа тээврийн хэрэгслийг зогсоход мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож яваагүйгээс осол гарах шалтгаан болсон байна. гэх дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар тал/,

№ 07 тоот дүгнэлтийн нэмэлтээр:

“Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн №1718 дугаартай дүгнэлтээр 36-88 ХЭҮ улсын дугаартай “Хьюндай портер” маркийн бага оврын ачааны автомашины хойд тоормозны эд анги дутуу, битүүмжлэл алдсан, колодка, накладка, барбан зэрэг эд ангиуд тос, ороо мэт зүйлээр бохирлогдсон, хойд тэлэгчүүд ажиллахгүй, урд хойд тэнхлэгийн дугуйн хээ өөр зэрэг шалтгаан нөхцлөөр тоормозны мөр даялж, харилцан адилгүй хэмжээтэй, уртассан нь нөлөө үзүүлсэн байх үндэслэлтэй байх бөгөөд энэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормозны систем жолооны механизм ажиллахгүй болсон чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсан бусад гэмтэл /Энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Урьд гаргасан шинжээчийн дүгнэлтэд жолооч Д.Энхболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтаас гадна жолооч Д.Энхболд нь мөн дүрмийн 2.3.а заалтыг зөрчсөн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 122-123 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад шинжээч Э.Хишигтогтохын өгсөн: “... ...” гэх мэдүүлэг /хх-ийн 126 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Д.Энхболдын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “... урд тоормозлоход нь би тоормоз гишгэсэн боловч очоод араас нь мөргөчихсөн, Ланд круйзер машины урд талд нь тухайн осол гараад зам дээр дугуй тавьчихсан байсан юм. Ээж Гансүхийн нэр дээр бүртгэлтэй боловч миний машин байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 16 дугаар тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангийн “36-88 ХЭҮ улсын дугаартай, “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.898.000” гэсэн хавсралт /хх-ийн 70 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71 дүгээр тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангийн “26-80 УНК улсын дугаартай, “Тоёота Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 7.508.000” гэсэн хавсралт /хх-ийн 77 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-80 дугаар тал/,

Д.Энхболдын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 138, 141, 143-146, 169,    дугаар тал/,

Д.Энхболдын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 170 дугаар тал/,

Д.Энхболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн гаргаж өгсөн нэхэмжлэлийн баримтууд /хх-ийн 164-166 дугаар тал/,

Тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний лавлагаа /хх-ийн 174-175, 178 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Д.Энхболд нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, хохирогч Г.Хатанхүүтэй эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Хатанхүү “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3-д “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.”,  мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-д “Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан ба хохирогч Г.Хатанхүү шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, мөн шүүгдэгчтэй эвлэрч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд биеэр суух шаардлагагүй” гэсэн байх тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн 26-80 УНК улсын дугаартай, “Тоёота Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээ /хх-77/-ээр 7.508.000 төгрөг гэж тогтоогдсон боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “яг машиндаа хийсэн материалын бодит хохирол болох 7.237.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 7.237.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Даваадоржийн Энхболдыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Даваадоржийн Энхболдод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Энхболд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхболдоос 7.237.000 (долоон сая хоёр зуун гучин долоон мянга) төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгосугай.

5. Шүүгдэгч Д.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Хатанхүү “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Энхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ