| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2310024071923 |
| Дугаар | 2024/ДШМ/579 |
| Огноо | 2024-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/579
2024 05 16 2024/ДШМ/579
Б.А-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Бат-Орших,
хохирогч М.Н-, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,
цагаатгагдсан этгээд Б.А-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Бат-Оршихын бичсэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцэл, хохирогч М.Н-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-од холбогдох 2310024071923 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А-,
Б.А- нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр **** Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Н-ийг “хүнтэй утсаараа яриулах гэлээ” гэж хамар луу нь гар утас шидэж хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч М.Н-оос нэхэмжилсэн 935.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Б.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор С.Бат-Оршин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.А- нь хүний эрүүл мэндэд санаатай халдаж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогч М.Н-ийн зүй бус үйлдэл буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд орж цагдаагийн алба хаагч зогсоож шалгахад хохирогчийн зүгээс хүнтэй утсаар яриулах оролдлого хийж гар утсаа өгөхөд Б.А- нь хохирогчийн гар утсыг нүүрэн тус газарт нь санаатай шидэж хөнгөн гэмтэл учруулсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Тухайлбал: Хохирогч М.Н-ийн “би ах Э- руу залгаад спикер дээр нь тавиад өгсөн чинь миний гар утсыг аваад байна уу, байна уу гэж хэлэхэд дуудлагыг салгаад эргэж хараад гар утсыг зүүн гараараа миний нүүр лүү шидсэн. Миний хамраас их хэмжээний цус гарахад “п**** минь машин цус болгочхов оо” гээд машиныхаа шар өнгийн алчуурыг надад өгсөн” /хх 87-89/,
гэрч В.Э-ын “...Н- дахин залгаад танай найз над руу залгахаар нь би болсон процессоо хэлсэн. “Цаад цагдаадаа утсаа өгч байгаач яриадахъя” гэж хэлэхээр нь утсаа цагдаа руу өгсөн, утсыг аваад миний нүүр лүү чулуудаад “хамар гэмтээчихлээ би цагдаад гомдол гаргалаа” гэж хэлэхээр нь “өөрөө мэдэхгүй юу” гэж хэлсэн, ...Намайг дарамтлаад байна гээд ярьж байх үед цаана нь хэн нэгэн хүнээс п.... минь гэж хэлж байгаа зүйл сонсогдож байсан.” гэх мэдүүлэг /хх 159/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7796 дугаар “...М.Н-ийн биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх 108-109 /,
хохирогч М.Н-ийн хамар луу гар утсыг нь шидсэнээс болж цус гарч гэмтэл учирсан болохыг нотолсон гэрч Л.Д-ээс гаргаж өгсөн фото зураг /хх 74-78/ авагдсан байна. Шүүгдэгч Б.А- нь хохирогч утсаар яриулах зорилгоор гар утсаа өгөхөд уурлаж, хохирогчийн гар утсыг буюу хатуу биетийг шидэж түүний нүүрэн тус газарт онож, гэмтээсэн үйлдэл нь тус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж, зориуд хүсэж, үйлдэж байгаа гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд гэм буруугийн зарчмыг тодорхойлсон бөгөөд 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.А-ын үйлдлийг хуулийн уг зохицуулалтад хамааруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй шийдвэр бөгөөд, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь уг цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлийг бий болгосон байна. Шүүх хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэн талаар бодитой үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн шүүгдэгчийн албан үүргээ гүйцэтгэж байхад нь утсаар яриулах гэсэн хохирогчийн буруутай үйлдэл байна, гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч М.Н-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан журам, арга хэрэгслээр цугларсан эсэх талаас нь үнэлэлт өгдөг. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан хянасны үндсэн дээр үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ байдлыг бүрэн, бодитой тогтоож хууль зүйн дүгнэлт гаргадаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч М.Н-ийн мэдүүлэгт “...цагдаагийн машины баруун урд хаалгыг онгойлгон орж суухад ахмад А- нь “чи ямар том п.... вэ, чамайг эрүүлжүүлэхэд хийж чадна, чи намайг өдөөд байгаа юм уу, би хувцсаа тайлаад цагдаа биш болоод машинаас буугаад зодолдъё” гэхээр нь” ахаа хоёулаа учир зүйгээ ярилцаад ойлголцъё, би танд ямар ч муухай ааш гаргаагүй биз дээ” гэж хэлэхэд миний өөдөөс дайраад том п... вэ гэхээр нь та манай ахтай ярьчихаач гэхэд жолооч талын суудалд сууж байснаа утас авах гэж байгаа бололтой баруун гараа хойшоо нь сарвайхаар нь ах руу залгаад утсаа өгөхөд дуудлагыг салгаад гар утсыг над руу хүчтэй шидэхэд миний хэвлий хэсгийг онохоор нь би та хүний эд хөрөнгийг ингэж болохгүй шүү дээ гэхэд, чи замын цагдаад таньдаг хүн байдаг юм уу?, хэн бэ гэхээр нь Түмээ гэсэн байхаа нэг ах байгаа гэж хэлэхэд наад п.. чинь надаас бага цолтой ш дээ, намайг яаж ч чадахгүй гэхээр нь би дахиад өмнөх ярьсан зүйлүүдээ хэлж ярихад А- чи залгаад өг гээд баруун гараа дахиж сарвайхаар нь би ах Э- руу залгаад спикер дээр нь тавиад өгсөн чинь миний утсыг аваад байна уу, байна уу гэж хэлэхэд дуудлагыг салгаад гар утсыг зүүн гараараа миний нүүр лүү шидсэн. Миний хамраас их хэмжээний цус гарахад п... минь машин цус болгочихов гээд машиныхаа шар өнгийн алчуурыг надад өгөхөөр нь миний хамар хугарчихлаа, би маргааш хүүхдийн үсний найртай юм аа, хоёулаа хамт эмнэлэг орж үзүүлье, янзлуулъя гэхэд би чамд хүрээгүй, утсыг чинь л чамд өгсөн. Чи өнгөрсөн шөнө архи ууж яваад хамраа хугалсан юм уу, би мэдэхгүй шүү дээ гэж хэлсэн” /хх 87-89/,
гэрч В.Э-ын “...Н- дахин залгаад танай найз над руу залгахаар нь би болсон процессоо хэлсэн, цаад цагдаадаа утсаа өгч байгаа ч ярья гэж хэлэхээр нь утсаа цагдаа руу өгсөн утсыг аваад миний нүүр лүү чулуудаад хамар гэмтээчихлээ, би цагдаад гомдол гаргалаа гэж хэлэхээр нь өөрөө мэдэхгүй юу л гэж хэлсэн” /хх 159/,
шинжээч С.Чулуунсүхийн: М.Н-ийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 2023 оны 06 дугаар сарын 14-ний үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоож дүгнэлт гаргасан. Гар утсаар цохих, цохигдох үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх 113-114/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 7796 дугаар дүгнэлт, гэрч Л.Д-ээс гаргаж өгсөн фото зургуудын ерөнхий байдал /хх 74-78/ зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийн хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хоорондын шалтгаант холбоог тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. Харин шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хоорондын шалтгаант холбоотойг нотолж буй бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүх талаас нь бүрэн гүйцэд шалгаж, үнэлэн дүгнээгүй бөгөөд дээрх нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгэн няцаагаагүй атлаа цагаатгах тогтоолдоо Б.А- нь хохирогчийн биед гэмтэл учруулах зорилгоор утсыг хамар луу шидэж хор уршигт зориудаар хүргэсэн гэх нөхцөл хангалттай тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл Б.А-ыг гэм буруугүйгээр М.Н-ийн биед хохирол, хор уршиг учруулсан байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал нийцээгүй, зөвхөн хийсвэрлэх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Шүүхээс Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 болон 3 дахь хэсгийг үндэслэж хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж шийдвэрлэсэн нь материаллаг болон процессын хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай. “in dubio pro reo” зарчмыг хэрэглэх үндэслэл нь гагцхүү хэрэгт цугларч, шинжлэгдсэн бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст үгүйсгэн няцаах боломжгүй бөгөөд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгохоос гадна тухайн үндэслэл бүхий эргэлзээ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн буруутай эсэхтэй шууд хамааралтай байх ёстой. Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно. Ийнхүү тухайн хэрэгт хамааралтай бүх л нотлох баримтыг шалгаад үнэлсний дараа ч тухайн хэргийн нөхцөл байдлын талаар эргэлзээ байсаар байвал шүүх шүүгдэгчид хамгийн ашигтай байх хэргийн нөхцөл байдлын хувилбарт үндэслэж шийдвэрээ гаргана. Гэтэл анхан шатны шүүхээс Б.А- нь хохирогчийн нүүр лүү утас шийдэхдээ үүний улмаас ямар хор уршиг учрах боломжтой, ямар нөхцөл байдлыг улмаас мэдэх боломжгүй байсан, мэдэх ёсгүй байсан талаар тодорхойлохгүйгээр гэм буруугүйд тооцох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгч оюун дүгнэлт хийх замаар зөв тодорхойлж, тогтоох ёстой нөхцөл байдлуудыг хийсвэр байдлаар дүгнэх буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хоорондоо зөрчилтэй тохиолдолд шүүх аль нэгийг авч бусдыг нь үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа эргэлзээ үүссэн гэж үзэх ёсгүй.
Цагдаагийн албан хаагч Б.А- нь хохирогч М.Н- руу чиглэж хүч хэрэглэх, албадлага хэрэглэх ямар нөхцөл байдал үүссэн талаар баримт авагдаагүй байхад түүний үйлдлийг хэрхэн зөвтгөж шийдвэрлэж байгаа нь нотолгооны стандартыг зөрчсөн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1990 онд баталсан “Хууль сахиулах байгууллагын ажилчид галт зэвсэг болон хүч хэрэглэхэд баримтлах суурь зарчмууд” гэсэн баримт бичигт зааснаар хууль сахиулах байгууллагын алба хаагчид галт зэвсэг болон бусад хүч хэрэглэх аргуудыг хэрэглэхдээ “the proportionality” буюу пропорциональ зарчим болон “princle of necessity” буюу тухайн ажиллагаа нь хууль ёсны зорилгодоо нийцсэн байх зарчмыг баримтална. “Princle of necessity” буюу зохистой байдлын зарчмын агуулга нь хүч хэрэглэхээс аль болох зайлсхийх, зөвхөн хууль ёсны зорилгын төлөө хүч хэрэглэх аргыг ашиглах, хамгийн бага хэмжээнд хүч хэрэглэх аргыг сонгох гэсэн гурван хэсгээс бүрддэг. Хууль ёсны зорилгын төлөө галт зэвсэг болон бусад хүч хэрэглэх аргуудыг ашиглах нь тухайн нөхцөл байдал болоод гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон эсэхийг тогтооход пропорциональ байдлын зарчим (зайлшгүй шаардлагатай нөхцөлд хэрэгжүүлж буй, хүний эрхэд хүч хэрэглэн халдах аливаа ажиллагаанд хязгаарлалт тогтоох зорилготой хэрэглэнэ, өөрөөр хэлбэл тус зарчмын агуулга нь аливаа хэлбэрээр төрөөс хүний эрхэд халдахдаа хэтрүүлж болохгүй гэсэн утгыг илэрхийлдэг)-ын хэмжүүр болно. Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг шууд хэрэглэхээр хуульд зааснаас бусад тохиолдолд урьдчилан сануулж, хууль ёсны шаардлагыг биелүүлэх хангалттай хугацааг олгоно” гэж заасныг дурдах нь зүйтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл цагдаагийн алба хаагч Б.А- нь иргэн М.Н-ийн нүүр лүү гар утас хүчтэй шидсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч М.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн өдөр цагдаа Б.А- машинд орж сууснаас эхлээд харааж, хүнд харилцаатай эхэлсэн. Тухайн үед би маш их айсан, цагдаагийн албан хаагчийн машинд байсан, машин дотроосоо онгойх боломжгүй байсан. Би ямар нэгэн байдлаар тухайн хүний уурыг хүргэх юм хийгээгүй. Тэр хүн согтуу над руу дайраад байсан учир арга ядаад “би таныг ахтайгаа яриулъя” гээд утсаа өгөхөд утас аваад эргүүлж над руу хүчтэй шидсэн. “Та утас эвдлээ” гэхэд “чи дахиад залга” гэхээр нь би утсаа өгсөн чинь эргэж хараад зүүн гараараа шидээд миний хамрыг хугалсан. Б.А- “чи юу ч олж долоохгүй, би чамайг яагаа ч үгүй, чи өөрөө согтуудаа ингэсэн байлгүй” гэж хэлсэн. Дараа нь би өөрөө буруутан болж магадгүй гээд бичлэг хийж авсан боловч энэ хүн ямар ч ял шийтгэл аваагүй. Тэгэхэд би энэ хугацаанд эмнэлгийн зардлаа гаргаж эрүүл мэндээрээ хохирч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд торгуулсан. Харин Б.А- ямар ч шийтгэл хүлээгээгүй зүгээр байгаад гомдолтой байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би тухайн хүний утсанд гар хүрээгүй. “Манай ах ахлах хийдэг юм аа, та энэ хүнтэй ярьчих” гээд чихэн дээр утсаа авчраад байхаар нь гарыг нь цааш нь түлхсэн. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.А-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгчийг буруутгасан баримтууд нь зөвхөн хохирогчийн мэдүүлэгт суурилсан. Үнэхээр утсанд нь гар хүрээд ингэсэн бол мөрдөн шалгах ажиллагаа явуулан хурууны хээг илрүүлж болно. Айлгах хэмжээний үйл баримтын талаар ямар ч нотлох баримт байхгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлэг л байдаг. Хохирогч зүй ёсны шаардлага тавихад биелүүлээгүй. Хохирогчтой муудах санаа зорилго байхгүй, баруун, зүүн гар гээд хохирогчийн мэдүүлэг л байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагтаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.А-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогч М.Н-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Б.А-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Прокуророос Б.А- нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Н-ийг “хүнтэй утсаараа яриулах гэлээ” гэж хамар луу нь гар утас шидэж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хор уршигт зориуд хүргэхийг мэдсэн, хүссэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б.А-ын утсыг буцаан шидсэн /чулуудсан/ үйлдлийн улмаас М.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт байх боловч Б.А- нь түүний биед гэмтэл учруулах зорилгоор утсыг хамар луу шидэж дээрх хор уршигт зориудаар хүргэсэн гэх нөхцөл хангалттай тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл Б.А-ыг гэм буруугүйгээр М.Н-ийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулсан нөхцөл байдал байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч -д ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлийг бий болгож байна. ...” гэх үндэслэлээр Б.А-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Ийнхүү анхан шатны шүүх “...Б.А-ын утсыг буцаан шидсэн /чулуудсан/ үйлдлийн улмаас М.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт байх боловч Б.А- нь гэмтэл учруулах зорилгоор утсыг хамар луу шидэж дээрх хор уршигт зориудаар хүргэсэн гэх нөхцөл хангалттай тогтоогдохгүй байна.. ...” гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан Б.А-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ хохирогч М.Н-ийн “...намайг зогсоож шалган тандагч багажаар үлээлгэхэд тандагч багаж нь улаан гэрэл асаж тасралгүй дуугараад байсан чинь намайг зогсоосон замын цагдаагийн алба хаагч болох Буянхишиг баталгаажуулаад драйгер багаж үлээлгэе гэж хэлсэн. Тэр хооронд би ахтайгаа утсаар яриад байж байсан учраас цагдаагийн алаг машин ирснийг мэдээгүй, тэр хооронд намайг 3 удаа дуудсан гэж цагдаагийн алаг машинтай ирсэн ахмад А- гэх цагдаа надад хэлсэн бөгөөд намайг “даварсан п. .. вэ, дуудаад байхад ирэхгүй, машинд суу” гэхээр нь би цагдаагийн машины баруун урд талын хаалгыг онгойлгоход машинаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба намайг хойшоо суу гэхээр нь баруун хойд хаалгыг онгойлгон орж суухад ахмад А- “чи ямар том п.... вэ, хүн дуудаад байхад чинь ирэхгүй, чамайг эрүүлжүүлэхэд хийж чадна шүү, яаж л бол яаж чадна” гээд орилж хашхираад байхаар нь би “хол зайтай байсан учраас дуудсаныг чинь сонссонгүй, уучлаарай” гээд нөхцөл байдлыг тайлбарлаж хэлэхэд “ чи намайг өдөөд байгаа юм уу, би хувцсаа тайлаад цагдаа биш болоод машинаас буугаад зодолдъё” гэхээр нь “ах аа хоёулаа учир зүйгээ ярилцаад ойлголцъё, би танд ямар ч муухай ааш гаргаагүй биз дээ” гэхэд миний өөдөөс дайраад “ямар том п.... вэ” гэхээр нь “та манай ахтай ярьчихаач” гэхэд жолооч талын суудалд сууж байснаа утас авах гэж байгаа бололтой баруун гар аа хойш нь сарвайхаар нь ах руугаа залгаад гар утсаа өгөхөд дуудлагыг салгаад гар утсыг над руу хүчтэй шидэхэд миний хэвлий хэсгийг оносон. Би та хүний эд хөрөнгийг ингэж болохгүй ш дээ, эвдэж гэмтээчихвэл яах юм бэ, би таныг яагаа ч гүй биз дээ, яагаад ингээд байгаа юм бэ, хоёулаа учраа олж болохгүй юм уу гэхэд чи замын цагдаад таньдаг хүн байдаг юм уу?, хэн бэ гэхээр нь Түмээ гэсэн байхаа нэг ах байгаа гэж хэлэхэд наад “п ... чинь надаас бага цолтой ш дээ, намайг яаж ч чадахгүй” гэхээр нь би дахиад өмнөх ярьсан зүйлүүдээ хэлж ярихад “ чи залгаад өг” гээд баруун гараа сарвайхаар нь би ах Э- руу залгаад спикер нь тавиад өгсөн чинь гар утсыг аваад байна уу, байна уу гэж хэлэхэд дуудлагыг салгаад гар утсыг зүүн гараараа миний нүүр лүү шидсэн. ...” /хх 87-89/,
гэрч Д.Т-ын “...манай найз Э- над руу залгаад манай дүү М.Н- намайг ирж аваад хамт дэлгүүр орох байсан чинь ирдэггүй утсаар ярьсан чинь замын цагдаа зогсоочихсон байна, юу болсон талаар мэдээд өгөөч гэж хэлсэн. Н- нь эгчдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар хэлээгүй байх шиг байсан. Тэгэхээр нь Э-д дүүгээ над руу яриулчих гэж хэлсэн. Удалгүй Э-ын дүү Н- над руу залгахаар нь “хаана зогсоочихсон байгаа юм бэ” гэж асуухад “Хан-Уул дүүргийн тэмээтэй хөшөөний уулзвар дээр” гэхээр нь “чи ямар зөрчил гаргасан юм бэ” гэхэд “би ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй байна, хамгаалах бүсээ зүүгээгүй явж байсан” гэхээр нь “тэгээд чамайг ямар учраас зогсоогоод байлгаад байгаа юм бэ, ямар цагдаа байна, надтай яриулаач” гэхэд “ахмад А- гэж хүн байна, тантай ярихгүй гэж байна” гээд утасны цаана Б.А-, Н-той хэрэлдээд байгаа бололтой чанга дуугараад байхаар нь би утсаа салгасан. Тухайн үед би станцаар ахмад Б.А-ыг паролиор нь буюу Зэгэс-12 гэж дуудсан боловч хариу өгөөгүй, утсаа нэвтрүүлээч гэхэд мөн хариу өгөөгүй, хэсэг хугацааны дараа буюу 1 цаг орчмын дараа ахмад А- 959хх141 дугаараас залгахаар нь би “Н- ямар зөрчил гаргасан юм бэ гэж асуухад согтууруулах ундааны зүйл үнэртээд байна, өчигдрийн уусан юм нь гараагүй юм шиг байна гэхээр нь за за ойлголоо, шийддэг журмаар нь шийдээрэй” гэж хэлээд утсаа салгасан. ... Хэсэг хугацааны дараа манай найз Э- залгаад танай цагдаа чинь манай дүүгийн хамрыг цохиод гэмтээчихсэн байна гэхээр нь би “арай үгүй байлгүй дээ” гэж хэлээд өнгөрсөн. ...” /хх 101-102/,
гэрч В.Э-ын “...“намайг цагдаа зогсоочихлоо, урд шөнө найзуудтайгаа уулзаад нэг шил пиво уугаад унтсан юм аа, өглөө гайгүй байх гэж бодоод явсан” гэж хэлсэн. “үлээсэн чинь илэрчихлээ, яах уу ахаа” гэхээр нь “яах ч арга байхгүй шүү дээ” гэж хэлсэн. ....дараа нь дахиад над руу залгаад “энэ цагдаа намайг дарамталж элдвээр хэлээд байна. Би ууснаа хүлээн зөвшөөрсөн шүү дээ, яагаад ингээд байгаа юм. Ийм нэртэй цагдаа гэж тухайн үед хэлж” байсан, одоо би нэрийг нь санаж хэлж мэдэхгүй байна, энэ хүнтэй би хэл амаа ололцож чадахгүй байна, та цагдаатай яриач” гэж гэхээр нь “ах нь яриад ч яахав дээ” гэж хэлэхэд тасарчихсан. Ингээд би Замын цагдаад ажилладаг найз Түмэнбаяр луу залгаад манай дүү асуудалд орчихлоо, тийм нэртэй цагдаа тухайн үед хэлж байсан чи нэг энэ цагдаа руу залгаад өгөөч, маргааш хүүхдийнх нь үсний найр нь болох гээд байгаа юм, гэж хэлэхэд Түмэнбаяр “за би тодруулъя, уг нь машиныг нь журамлаад явуулчихдаг шүү дээ. Би тэр цагдааг танихгүй юм байна дүүгийнхээ утасны дугаарыг өгчихөөч, дүүтэй чинь ярья” гэж хэлээд тасалсан. Тэгээд жаахан байж байгаад Н- дахин залгаад “танай найз над руу залгахаар нь би болсон процессоо хэлсэн, цаад цагдаадаа утсаа өгч байгаа ч ярья гэхээр нь утсаа цагдаа руу өгсөн утас аваад миний нүүр лүү чулуудаад хамар гэмтээчихлээ, би цагдаад гомдол гаргалаа” гэж хэлэхээр нь “өөрөө мэдэхгүй юу л” гэж хэлсэн. ...” /хх 159/,
шинжээч С.Чулуунсүхийн “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор М.Н-ийн биед үзлэг хийхэд хамар өвдөнө гэсэн зовуурьтай, бодит үзлэгт хамрын баруун хажуу хэсэгт цөмөрсөн тэмтрэгдэж байсан. Хамарт зулгаралттай байсан, хажуу хэсэг хавдсан байсан. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн толгойн КТГ шинжилгээнд хамар ясанд цөмөрсөн хугаралтай, таславч мурийсан баруун хацрын зөөлөн эдэд хаван хавдар тодорхойлогдсон. Дээрх байдлыг үндэслэн М.Н-ийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэг тогтоож дүгнэлт гаргасан. Гар утсаар цохих, цохигдох үед үүсэх боломжтой. ...” /хх 113-114/ гэсэн мэдүүлгүүд,
“...М.Н-ийн биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7796 дугаар дүгнэлт /хх 108-109/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтууд хавтас хэрэгт цугларсан нь шүүгдэгчийн гэм бурууд эргэлзэх үндэслэлийг бий болгох боловч энэхүү нөхцөл байдал нь шүүхээс тэдгээр нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай болон хууль ёсны байдлын шаардлага, нотломжийн түвшин, бодит байдлыг илэрхийлж буй ач холбогдол зэргийг үнэлж, дүгнэхгүйгээр шууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх зарчим нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзэх үндэслэл бий болохыг ойлгохоос бус хангалттай нотлох баримтыг цуглуулж чадаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэл хамаарахгүй болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар үүссэн эргэлзээтэй байдлыг арилгах үүднээс мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгүүлэх, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход шаардагдах нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангуулах, эсхүл шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжтой гэж үзвэл шүүх энэ талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэн талуудын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангах үүрэгтэй.
Түүнчлэн анхан шатны шүүх “...Б.А-ын утсыг буцаан шидсэн /чулуудсан/ үйлдлийн улмаас М.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт байх боловч түүний биед гэмтэл учруулах зорилгоор утсыг хамар луу шидэж дээрх хор уршигт зориудаар хүргэсэн гэх нөхцөл хангалттай тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл Б.А-ыг гэм буруугүйгээр М.Н-ийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулсан.” гэх дүгнэлт нь хэргийн үйл баримтыг тогтоосон агуулгатай зөрчилтэй дүгнэлт хийжээ.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор С.Бат-Оршихын бичсэн эсэргүүцэл болон хохирогч М.Н-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Б.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН