Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 221/ШШ2025/0029

 

 

 

 

 

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Б. Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г. Мөнхтулга

Нэхэмжлэгч: С.О

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гуравдагч этгээд: Б.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/07 дугаартай өмгөөлөгч С.О-т холбогдох маргааныг шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Гуравдагч этгээд Б.Т,

Иргэдийн төлөөлөгч Н.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 221/2025/0032/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.О нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/07 дугаартай өмгөөлөгч С.О-т холбогдох маргааныг шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Өмгөөлөгч С.О-т холбогдох маргааны тухай” МТ/2025/07 дугаартай тогтоолоор Өмгөөлөгч С.О нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.6, 14.1.7 дахь заалт, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч С.О-т “сануулах” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч С.О-аас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/07 дугаартай тогтоолоор “... өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэл зоригт нь хууль зүйн үйлчилгээ үзүүлээгүй, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргах шийдвэрт хүндэтгэлтэй хандаагүй, уг хүсэлтийг хууль зүйн үндэслэл бүхий байдлаар бичээгүй зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.6, 14.1.7 дахь заалтуудыг зөрчсөн гэж мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар сануулах хариуцлага хүлээлгэсэн.

Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2-т “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах”, 14.1.3-т “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах”, 14.1.6-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх”, 14.1.7-д “өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод хүрэх арга хэлбэрийн талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх” гэж тус тус заасан.

Өмгөөлөгч би гомдол гаргагч Б.Т-ын нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлчлүүлэгч нь шүүр хуралдаан зарлагдахгүй удаад байна, хүсэлт гомдол гаргая гэхэд нь шүүгчид нөлөөлж болохгүй, шүүх хурлаа хэзээ зарлах нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал, шүүгчид хурдан хурал хийлгэх талаар шаардах нь хууль бус бөгөөд нөлөөллийн мэдүүлэг бөглөж гарын үсэг зурсан тул болохгүй гэж хэлсэн.

Мөн Б.Т нь нэхэмжлэлийн тооцоогоо өмгөөлөгчөөр бодуулна гэхэд нь энэ асуудал нь тухайн хувь хүний өөрөө бодож гаргах тоо болохоос өмгөөлөгч бодохгүй, өмгөөлөгч хууль зүйн асуудал, өмгөөллийн үйл ажиллагааны мэдээлэл өгөх, хууль зүйн үр дагаврын талаар л тайлбарлах үүрэгтэй. Шүүх хуралдаан дээр ч шүүгч нэхэмжлэгчээс өөрөөс нь асуудаг гэж тайлбарласан.

Өмгөөлөгч би Б.Т-ын нэхэмжлэлийн талаар хууль зүйн зөвлөгөөг өгч нэхэмжлэлийг ямар хэлбэрээр гаргах, хэнийг хариуцагчаар татах нь оновчтой талаар зөвлөлдөж бичсэний үндсэн дээр шүүгч нэхэмжлэлд иргэний хэрэr үүсгэсэн. Гэтэл Б.Т нь шүүх хуралдаан хойшлох болгонд тэр хугацаагаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж тооцоо бодож ирэхээр нь би үндсэн нэхэмжлэлээ шийдвэрлүүлсэн нь дээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх болгонд гардуулах, тайлбар авах ажиллагаа хийж хурал хойшлоно гэж тайлбарлаад ойлгоогүй, хариуцагч тал чинь үйл ажиллагаагаа зогсоож дампуурлаа зарлах гээд хөөцөлдөж байхад ингэх шаардлага байгаа юм уу хэргээ хурдан шийдвэрлүүлсэн нь дээр гэж хэлсэн. Энэ зөвлөгөө өөрт нь ашигтай байхад намайг зөвлөгөө өгөөгүй мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Мөн Б.Т нь шүүх хуралдааны явцад мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэгдэх асуудлыг урьдчилан хүсэлт хэлбэрээр шийдвэрлүүлэхээр хууль бус шаардлага гаргаж байсан тул би өмгөөлөхөөс татгалзсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Х-ыг Б.Т нь чи ажлаа хийхгүй байна гэж өөрөө уурлан загнахдаа намайг бас хамтруулсан байсныг туслах надад хэлэхээр нь би Б.Т-д ажлаа хийж байгаа хүнийг загнаж болохгүй гэж хэлсэн.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлд зааснаар хариуцагч Ц.Бгийн дансны зарлагыг зогсоох, "Вүүвүү технологи" ХХК-ны улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах хүсэлт гаргасан бөгөөд "Вүүвүү технологи" ХХК нь дампуурах гэж байгаа, Ц.Б нь нэхэмжлэлийг өөрөөсөө зайлуулах тактик баримталж тайлбарлаж байсан тул хариуцагчийн хэн алинд нь 69-ийн арга хэмжээ авах нь оновчтой гэж тооцоолж Б.Т-тай зөвлөлдөж бичсэн. Гэтэл хариуцагч 69-ийн арга хэмжээ авсан захирамжид гомдол гаргаж, гомдлыг хэлэлцэх хурал дээр өмгөөлөгч би хууль зүйн үндэслэлийг хэлсэн хурлын тэмдэглэл байгаа, харин хуралдаан даргалагч хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах талаар асуухад хариуцагч Ц.Б, "Вүүвүү технологи" ХХК-ны хэн аль нь нэхэмжлэлийг хариуцах нь мэтгэлцээнээр шийдвэрлэгдэх, урьдчилан тодорхойлсон тохиолдолд үндсэн шүүх хуралдаан дээр бие бие рүүгээ чихэх эрсдэлтэй байсан учраас юм хэлээгүй. Тэгээд ч энэ асуудал бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах урьдчилсан арга хэмжээ болохоос хэргийг шийдвэрлэж байгаа асуудал биш, ямар арга хэмжээ авахыг шүүгч шийдвэрлэдэг болохоос өмгөөлөгчийн хүссэнээр болдоггүй болно.

Мөн Б.Т нь гомдолдоо хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд сөрөг нэхэмжлэл гаргасан байхад түүнийг өмгөөлөгч мэдээгүй гэж дурьдсан, энэ асуудал бол өмгөөлөгч, үйлчлүүлэгч нарын хэн эхэлж мэдсэн нь нөгөө талдаа хэлээд хэрхэх талаар зөвлөлдөх болохоос эхэлж мэдээгүй үндэслэлээр өмгөөлөгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Б.Т-ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хангаагүйгээс бухимдаж өмгөөлөгчийг буруутай мэтээр гомдол гаргасан гэж ойлгож байгаа, энэ талаар өмгөөлөгч өөрт нь ашигтай байдлаар зөвлөгөө өгөөд ойлгоогүйгээс ийм байдалд хүрсэн.

Б.Т-ын нэхэмжлэлийн дагуу шүүх хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн гэж би туслахаас сонссон, энэ байдал нь өмгөөлөгч миний зөвлөгөө бодитой байсан, нэхэмжлэлийн шаардлагa нэмэгдүүлснийг шүүх хангаагүй гэж би ойлгосон.

Ийм учраас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04-р сарын 22-ны өдрийн МТ\2025107 дугаартай, өмгөөлөгч С.О надад холбогдох маргааныг шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгож, Б. Т-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Тын нэхэмжлэлийн шаардлага нь нилээд их байсан бөгөөд өмгөөллийн хөлсийг 50 хувь бууруулж тохиролцсон, урьдчилгааг 2 хувааж авах зэргээр үйлчлүүлэгчид хөнгөлөлт үзүүлж байсан, гомдол гаргасны дараа урьдчилгаа 1 сая төгрөгөөс өөрийн хийсэн ажлын зардлын 200.000 төгрөг суутгаж, 800.000 төгрөгийг буцааж өгсөн, Б.Т-д ямар нэгэн хохирол учруулаагүй болно. Өмнө нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ХБ\2024149 дугаартай захирамжаар маргааныг хэрэгсэхгүй болгосон.

Тогтоолыг 2025 оны 05-р сарын 14-ний өдөр шуудангаар гардаж авсан бөгөөд Өмгөөллийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1-д заасан хугацаанд гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нотлохын тулд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 24-ны өдрийн 02309-p шийдвэр, мөн шүүхийн 2024 оны 03-р сарын 21-ны өдрийн гомдол хянан хэлэлцсэн тогтоолуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар тус шүүхээс гаргуулна” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Мэргэжлийн хариуцлагын хороонд иргэн Б.Т-аас “...1-т ...2023 оны 10 сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах нэхэмжлэлийг бичиж өгсөн би завгүй байна чи өөрөө аваачаад өгчих гэж хэлсэн тул би өөрийн биеэр нэхэмжлэлээ аваачиж өгсөн. Нэхэмжлэлийг тооцоо нийлсэн актыг үндэслэж бичсэн, бичихээс өмнө та өмгөөлөгчийн хувьд алданги тооцоод бодолтыг нь яаж бодохыг заагаад өгөөрэй гэхэд чи өөрөө бодчих би тоондоо муу дараа нь яаж бодохыг заагаад өгөхөд болно гэж хэлсэн. 2-т 2024 оны 01 сарын 31-ний өдөр шүүх хурал зарлагдсан шүүх хурал болохоос өмнө нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхгүй юм уу гэхэд шаардлага байгаа юм уу чи өөрөө хүсэж байгаа бол болно гэж хэлсэн. Та хуулийн үг хэллэгээр бичээд өг гэж хэлэхэд өөрөө бичвэл зүгээр байдаг гээд би өөрөө бичиж аваачиж өгсөн. 3-т Би өөрөө хариуцагчийн данс болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх хүсэлт өгч болдог талаар мэдээд өмгөөлөгчдөө хэлсэн. Өмгөөлөгчдөө хэлэхэд чи өөрөө бичээд өгч болно гэж хэлсэн хуулийн үг хэллэг ашиглаад бичээд өгөөч гэж гуйж бичүүлээд өөрөө шүүх дээр аваачиж өгсөн. 4-т 2024 оны 03 сарын 21-ний өдөр гомдлын шүүх хурал дээр шүүгч нэхэмжлэл дээр чинь нэхэмжилж буй мөнгөө хэнээр нь хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байна хэнээр нь хэдэн төгрөг гаргуулах вэ гэхэд өмгөөлөгч хариулаагүй. 5-т өмгөөлөгчийн бичиж өгсөн нэхэмжлэл нь тодорхойгүй, дахин бичиж засаж өгөөгүй, хүсэлт гомдол зэргийг би өөрөө шаардаж гуйж байж бичүүлсэн. Хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд сөрөг нэхэмжлэл гаргасан байхад түүнийг мэдээгүй хэргийн материалын талаар мэдэхгүй анхааралтай судлаагүй байсан. Мөн өмгөөлөгч өөрөө надаас татгалзсан гомдолтой байна гэх агуулга бүхий гомдлыг гаргасан.

4.2. Дээрх гомдлыг Маргаан хянан шийдвэрлэх журамд заасны дагуу маргаан үүсгэн хянан шалгасан.

4.3. Өмгөөлөгч С.О нь иргэн Б.Т-тай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмгөөлөл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, гэрээгээр үйлчлүүлэгчийн Хөдөлмөрийн маргааны төлбөр гаргуулах талаар хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэр харилцан тохиролцсон боловч гэрээнд заасан үүргээ өмгөөлөгч биелүүлээгүй бөгөөд үйлчлүүлэгч Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргах шийдвэрт хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, энэ талаар хуулийн аль ч заалтаар хүсэлт гаргасан ч болно, алийг ч авахыг шүүх шийдвэрлэнэ гэх байдлаар зөвлөгөө өгч, улмаар шүүх нэхэмжлэгчийн хүсэлт тодорхойгүй гэх үндэслэлээр түүний хүсэлтээр авсан шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үр дагаварт өмгөөлөгчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, өмгөөллийн тухай хууль болон мэргэжлийн ёс зүйн дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн нь маргааны материалд авагдсан баримтуудаар нотлогддог.

4.4. Өмгөөлөгч С.О нь гомдол гаргагч Б.Т-д өмгөөллийн хөлсөнд авсан хөлсөө буцаан өгсөн нь хариуцагч өмгөөлөгчийг ёс зүйн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

4.5. Өмгөөлөгч С.О нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үлй ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2-д “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах”, 14.1.3-д “үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах”, 14.1.5-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 14.1.6-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх”, 14.1.7-д “өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод хүрэх арга хэлбэрийн талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх” гэж, Өмгөөллийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дэх хэсгийн “хууль зүйн үйлчилгээний зорилгод хүрэх арга замын талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх”, 16.1.3 дахь хэсгийн “үйлчилгээний явцын талаар тухай бүрд нь үйлчлүүлэгчид мэдээлэх” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн тул ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүний тогтоол үндэслэлтэй.

Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/7 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч С.О-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхино уу гэжээ.

5. Гуравдагч этгээд Б.Таас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

5.1. Миний бие уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож, өмгөөлөгч С.О-ийн хууль бус, ёс зүйгүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн хохирол, эрх ашгийнхаа зөрчлийг хамгаалах, хууль ёсны эрх ашигаа хамгаалах зорилгоор энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Өмгөөлөгч 2024.05.03-ны өдөр утсаар ярьж байхдаа гэнэт гэрээгээ цуцлахаа хэлсэн. Өмгөөллийн хөлсөнд өгсөн мөнгөө буцаагаад өгчихнө гэж байсан хүн 2024.05.06-ны өдөр өмгөөллийн хөлсөнд өгсөн мөнгөнөөс 200.000 төгрөг буцааж өгсөн. Үйлчлүүлэгчийн зүгээс өмгөөллийн гэрээнд заасан нөхцөлөөр ажил үүргээ гүйцэтгэхийг хүссэн. Миний бие 2024.05.08-ны өдөр буюу шүүхээс анхан шатны хурал зарлагдаагүй товлогдоогүй байхад шүүхэд хүсэлт бичиж өгсний дараа 2025.05.24-ны өдөр хурлын тов зарлагдсан. Өмгөөлөгчөөр шүүхэд өгөх, хариу тайлбар хүсэлт бичүүлэх, шүүх хурлын үеэр ярих хариу тайлбар, хэргийн явцыг асууж лавлах, гэрээнд заасан ажил үүргээ хийхийг шаардах нь өөрөө гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэснийг олж мэдээд энэ өдрөө Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд өмгөөлөгч С.О-ийн хариуцлагагүй байдал, ёс зүйн зөрчилд гомдол гаргасан.

5.2. Өмгөөлөгч С.О нь 2024.05.13-ны өдөр гомдолд хариу тайлбар гаргаж өгсөн байсан. Хариу тайлбартай нь танилцаж байхдаа өмгөөлөгч өөрөө гэрээгээ цуцалсны дараа шүүх хурал болоогүй хэрэг хянан шийдвэрлэх явцад үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр миний хэргийн материалтай очиж танилцсан байсныг мэдээд хууль зөрчсөн энэхүү үйлдэлд нь дахин гомдол гаргасан.

Мөн 2024.07.01-ны өдөр миний хэргийн явц мэдээллийг хөндлөнгийн 2 этгээдэд тарааж мэдээллэж, хороонд гаргасан гомдлоо татаж авахыг шаардаж байсан тул дахин гомдол гаргасан. Гомдолдоо өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлага алдсан үйлдэл болон ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан бүхий л үйлдэл баримтыг дурдсан. Ингэхдээ өөрт байх нотлох баримттай хэсгийн нотлох баримтыг гарган өгсөн. Өөрт байхгүй нотлох баримтыг шүүхийн хэргийн материалаас гаргуулж авах хүсэлт өгч гаргуулан авсан. Зайлшгүй тайлбар, мэдүүлэг авах хэсгийг өмгөөлөгчөөс тайлбар авах, гэрчээс тайлбар мэдүүлэг авсанаар нотлогдсон байдаг.

5.3. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2025 оны 4 сарын 25-ны өдрийн МТ/2025/07 дугаартай тогтоолоор өмгөөлөгч С.О-ийн мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт тавьж үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ болон Өмгөөллийн тухай хууль, мэргэжлийн ёс зүйн дүрмээр хүлээсэн өмгөөлөгчийн үүрэг, хариуцлагыг биелүүлээгүй, үйлчлүүлэгчид өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга /маргаанд хамааралтай/ хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах, үйлчилгээний явцын талаар тухай бүрд үйлчлүүлэгчид мэдээлэх зэрэг хууль болон мэргэжлийн дүрмээр хүлээсэн үүрэг хариуцлагыг зөрчсөн болох нь маргааны материалд авагдсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон.

5.4. Өмгөөлөгч С.О нь хууль ёсны үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчид буруу хууль зүйн мэдээлэл өгсөн, үндэслэлгүй хууль зүйн зөвлөгөө өгсөн зэрэг үйлдлүүд нь Өмгөөллийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.6, 14.1.7 дахь заалт, Өмгөөллийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь үндэслэлтэйгээр тогтоогдсон.

5.5. Захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох нь зөвхөн хууль зөрчсөн, үндэслэлгүй тохиолдолд боломжтой бөгөөд уг тогтоол нь нотлох баримтууд /миний өөрийн гаргаж өгсөн баримтууд, шүүхээс авсан баримтууд, өөрийнх нь бичиж өгсөн хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг/-ыг хянаж, шалгаж тогтоосон тул хууль зүйн үндэслэлтэй тогтоол юм.

5.6. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өмгөөлөгч С.О-т “Сануулах” арга хэмжээ авсан. Хуулийн дагуу уг тогтоол нь хүчин төгөлдөр бөгөөд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. /Гомдолд дурдсан тайлбарууд нь нотлох баримтгүй илтэд гүтгэсэн гүтгэлгийн шинж чанар агуулсан байна./

5.7. Иймд гуравдагч этгээд миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэх нь:

5.7.1. Шүүх хурлын үеэр зөрчил үйлдсэн бүхий л нотлох баримтуудыг сайтар шинжлэн судлуулах.

5.7.2. Уг тогтоол нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хурлын тогтоол. Тус байгуулага нь мэргэжлийн байгууллага бөгөөд холбогдох хууль, дүрэм, журам, хуралдааны дэгийг зөрчөөгүй бөгөөд хэрэг маргаан хянан шийдвэрлэх салбарын мэргэшсэн 9 гишүүн "Өмгөөлөлийн тухай хууль", "Монголын өмгөөлөгчдийн холбооны дүрэм", "Өмгөөллийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн дагуу хуралдсан. Гаргасан зөрчлүүдийг Мэргэжлийн хариуцлагын хорооны хэрэг маргаан хянан шийдвэрлэх 9 гишүүний бүрэлдэхүүн хэрэгт авагдсан /маргаанд хамааралтай/ нотлох баримтуудыг шинжлэн судалж, хянагдаж тогтоосноор тогтоол хүчин төгөлдөр болсон. Иймд зөрчил үйлдсэн өмгөөлөгч С.Оийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.7.3. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2025 оны 4 сарын 25-ны өдрийн МТ/2025/07 дугаартай "Сануулах" арга хэмжээ авсан тогтоол нь хамгийн хөнгөн, сэрэмжлүүлэх шинжтэй бөгөөд өмгөөлөгчийн эрх, үйл ажиллагааг үндсээр нь хязгаарлахгүй. Иймд уг тогтоолийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү.

5.7.4. Өмгөөлөгч С.О нь гомдолдоо Б.Т-д ямар нэгэн хохирол учраагүй болно гэжээ. Өмгөөлөгчийн хариуцлагагүй байдлаас болж надад учруулсан бодит хохирлыг шүүхийн тогтоол, магадлал, шийдвэрүүдээс харж болно. Гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж дахин хохирол учруулахгүй байх үүднээс эрх ашгийг маань хамгаалж уг тогтоолийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү.

5.7.5. "Сануулах" арга хэмжээ нь цаашид иргэдийн эрх ашгийг хамгаалах, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хяналтыг сайжруулах өмгөөллийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилготой бөгөөд Мэргэжлийн хариуцлагагүй, ёс зүйгүй энэхүү үйлдэл нь дараагийн удаа давтагдаж олон олон иргэн хохирсон дээрээ нэмж хохирохоос урьдчилан сэргийлэх тул уг тогтоолийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Иргэдийн төлөөлөгч Н.Ч шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

6.1. “Нэхэмжлэгч талаас шаардлага хангаагүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ2025/07 дугаар тогтоолоор өмгөөлөгч С.О-ийг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.6, 14.1.7 дахь заалт, Өмгөөллийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, өмгөөлөгч С.О-т “сануулах” хариуцлага хүлээлгэжээ.

2.2. Иргэн Б.Т-аас өмгөөлөгч С.О-т холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “ажлаа хийгээгүй, татгалзаагүй байхад өөрөө санаачилж татгалзсан тул шалгах арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдол гаргасны дагуу маргаан шийдвэрлэх ажиллагааг үүсгэжээ.

2.3. Тус маргааныг хянан шалгагчаас гаргасан зөрчлийн дүгнэлтийн хүрээнд дурдагдсан үйлчлүүлэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ бичгээр байгуулаагүй, өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчид үзүүлсэн өмгөөллийн үйл ажиллагааны зардлын тооцоог үйлчлүүлэгчид танилцуулах зэрэг зөрчлүүдийг өмгөөлөгч С.О гаргаагүй гэж үзэн бусад зөрчил болох үйлчлүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэл зоригийн талаарх асуудалд хууль зүйн үйлчилгээ үзүүлээгүй, энэ талаар үйлчлүүлэгчид хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, үйлчлүүлэгчийн хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох болон хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргах шийдвэрт хүндэтгэлтэй хандаагүй, уг хүсэлтийг хууль зүйн үндэслэл бүхий байдлаар бичих зэрэг үйчлүүлэгчтэй байгуулсан гэрээ болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөллийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж “сануулах” хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэжээ.

2.4. Ийнхүү хариуцлага тооцох болсон үндэслэлдээ “...өмгөөлөгч С.О нь үйлчлүүлэгч Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргах шийдвэрт хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, энэ талаар хуулийн аль ч заалтаар хүсэлт гаргасан ч болно, алийг нь авахыг шүүх шийдвэрлэнэ гэх байдлаар зөвлөгөө өгч, улмаар шүүх нэхэмжлэгчийн хүсэлт тодорхойгүй гэх үндэслэлээр түүний хүсэлтээр авсан шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үр дагаварт өмгөөлөгчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаа нөлөөлсөн...” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэл муутай болжээ.  

2.5. Хэрэгт авагдсан баримтууд болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны Б.Т-ын гомдолтой, С.О-т холбогдох маргааны материал зэргээс үзэхэд С.О нь Б.Т-д хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, тухайн иргэний хэрэгтэй хамааралтай гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар тухай бүрт мэдэгдэж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байх ба 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хууль зүйн үйлчилгээ үзүүлснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

2.6. Мөн түүнчлэн маргаан бүхий тогтоолын үндэслэл болсон С.О-аас Б.Тд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-69.5-т заасан аль ч заалтаар арга хэмжээ авхуулахаар хүсэлт бичиж болно” гэж хэлсэн нь Б.Т-ын тус хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжийг шүүхийн тогтоолоор хүчингүй болгохдоо “шүүх аль хариуцагчаас хэдэн төгрөг нэхэмжилж байгааг тодруулахгүйгээр шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь үндэслэлгүй” гэх дүгнэлт хийснийг С.О-ийн буруутай үйлдэл гэж шууд дүгнэх боломжгүй.

2.6. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “хянан шалгагч, бүрэлдэхүүн нь тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж тус тус заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан болон холбогдсон өмгөөлөгчийн тайлбар, үндэслэл, түүнд хамаарах баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс судалж, үнэлэлт өгөх байдлаар нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.

2.7. Гэтэл хариуцагчаас Б.Т-ын гаргасан гомдол үндэслэлтэй эсэх, уг гомдолтой холбоотойгоор цугларсан нотлох баримтуудыг харьцуулан гомдолд бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “...шүүх нэхэмжлэгчийн хүсэлт тодорхойгүй гэх үндэслэлээр түүний хүсэлтээр авсан шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үр дагаварт өмгөөлөгчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаа нөлөөлсөн” гэж үзэхдээ гомдолтой холбоотойгоор маргаж буй үйл баримтын талаар нэмж баримт цуглуулах шаардлагатай эсэх, С.О нь бодитоор зөрчил гаргасан эсэхийг тогтоогоогүй байна. Энэ нь “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны  маргаан шийдвэрлэх журам”-ын 89.3.4-д заасан “хуралдаанаар тогтоогдсон зөрчлийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт” хийж тусгахаар заасантай нийцээгүй байна.

2.8. Тодруулбал, дээрх агуулгаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасантай нийцсэн гэж үзэхээргүй байна.

2.9. Дээр дурдсан үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хороо нь өмгөөлөгч С.О-ийг Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчилд хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч С.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “Нэхэмжлэгч талаас шаардлага хангаагүй байна” гэснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.5, 113.6, 113.6.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөлөгч С.О-аас Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 04 дүгээр дугаар сарын 22-ны өдрийн “Өмгөөлөгч С.О-т холбогдох маргааны тухай” МТ/2025/07 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН 

 

                              ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА

 

                              ШҮҮГЧ                                  Г.МӨНХТУЛГА