| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0071/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Н.Нямболд (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Иеншөөбү овогт Нэргүйн Нямболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707003230036 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 03 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Магнай Трэйд” ХХК-т түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 охины хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 19 дүгээр гудамжны 11А тоотод оршин суух,
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулсан,
2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
регистрийн ЖИ82022215 дугаартай, Иеншөөбү овогт Нэргүйн Нямболд нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 19 дүгээр гудамжны 11А тоотод өөрийн дагавар охин 14 настай Э.Энхзулыг “асуусан асуултанд хариулсангүй” гэх шалтгаанаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж түүний хацар луу нь алгадах, галын дэгээ төмрөөр цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Нямболд нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 19 дүгээр гудамжны 11А тоот гэртээ өөрийн дагавар охин 14 настай Э.Энхзулыг “асуусан асуултанд хариулсангүй” гэх шалтгаанаар түүнийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хацар луу нь 2-3 удаа алгадаж, галын дэгээ төмрөөр цохиж эрүү, хамрын нуруу, баруун дал, зүүн мөр, зүүн бугалга, зүүн өгзөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нямболдын өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр том охин Энхзул үдээс хойш тэмцээнтэй гээд явсан. Гэртээ ирэхгүй байхаар нь 20 цагийн үед утасдахад “нэг тоглолт дуусгаад очлоо” гэж хэлсэн. Эхнэрийн том ах нэг шил архи авч ирэхээр нь би “уухгүй” гэхэд “хань болоод уучих” гэхээр нь архинаас 3 удаа уусан. Энхзул гэртээ ирэхдээ ууртай байхаар “юу болсон” талаар асуухад “тэмцээнд хожигдсондоо уур хүрээд байна” гэж хариулсан. Энэ асуудлаас өмнө охиныхоо фэйсбүүкийг шалгахад 14 настай охин байж 20 гаруй насны залуучуудтай янз бүрийн чат бичсэн байсан. Мөн том хүний порно бичлэг ирсэн байсан. Тэр бодол давхар бодож уур хүрч охин Энхзулыг цохьсон. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Энхзулын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “... Миний бие төрсөн эх Энхтуул, хойд эцэг Нямболд, дүү Эмүүжин нарын хамтаар амьдардаг. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай сургууль дээр гар бөмбөгийн тэмцээн болоод тэмцээн дуусангуут орой миний хойд эцэг Нямболд дүү бид хоёрыг аваад гэртээ харьсан. Тэгээд гэртээ байж байхад хойд эцэг маань надад хандаж “яагаад надтай юм ярьдаггүй юм бэ” гэж хэлэхээр нь би асуултанд нь хариулаагүй юм. Тэгтэл намайг “чи юм ярихгүй байх юм, дуугараач” гэж хэлээд зүүн гарын булчин хэсэг рүү гараараа 2 удаа, баруун талын хацар хэсэг рүү 2-3 удаа алгадсан, галын дэгээ төмөр аваад зүүн гарын булчин, шуу, тохой, зүүн гар, зүүн гуя, өвдөг, шилбэ хэсэг рүү маш олон цохиж зодсон. Тэгээд хойд эцэг Нямболд гэрээс гарч яваад тухайн үед орой болчихсон байсан учир би цагдаад мэдэгдэлгүй унтаад өгсөн. ... Ээж, дүү, бид нарыг гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг, байнга зодож цохьдог, айлган сүрдүүлдэг, дарамталдаг зүйл байхгүй. Тухайн үед л юм асуугаад байхад нь би хариулаагүйгээс болж анх удаа уурлаж надад гар хүрсэн. Тухайн үед миний буруутай зүйл байгаа. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхтуулын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр намайг Дорнод аймгийн Халхгол суманд явж байхад манай бага охин Эмүүжин над руу залгаад “аав өчигдөр эгч Энхзулыг зодсон” гэж хэлэхээр нь би охин Энхзул руу залгаад асуухад “өчигдөр орой хойд эцэг Нямболд намайг зодсон. Би одоо эмээтэй хамт эмнэлгээр үзүүлээд явж байна” гэсэн. Тэгэхээр нь нөхөр лүүгээ залгаад юу болсон талаар асуухад “харин тийм ээ, өчигдөр орой юм асуухад дуугарахгүй утсаа ухаад байхаар нь охиндоо гар хүрсэн асуудал гаргасан, миний буруу” гэж байсан. Тэгээд би маргааш нь гэртээ ирэхэд охин үнэхээр аавдаа зодуулсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/554 тоот:
1. Э.Энхзулын биед эрүү, хамрын нуруу, баруун дал, зүүн мөр, зүүн бугалга, зүүн өгзөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Н.Нямболдын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр хөдөө ажлаар явсан хойгуур манай хадам ах Отгонбаатар гэрт нэг шил архитай орж ирсэн. Хадам ах тэр архийг “хувааж ууя” гэхээр нь би маргааш өглөө ажилтай гээд уг архинаас гурван хундага хийж өгснийг уусан. Тэгээд бага охиноо цэцэрлэгээс нь аваад байж байхад том охин Энхзул гэртээ ирэхгүй удаад байхаар нь сургууль дээр нь очиход тэмцээнтэй байсан. Тэгээд тэмцээнийг нь тартал бага охинтойгоо сургууль дээр нь хүлээж байгаад тэмцээн нь тарангуут том охиноо аваад гэртээ харьсан. Энхзул гэртээ хариад тэмцээндээ ялагдсан гээд уурлаад байсан ба юм асуухад хариулахгүй уурлаад “та яах гээд байгаа юм бэ” гэхээр “чи ер нь янз янзийн хүмүүстэй фэйсбүүкээр харьцаад байх юм үүнийгээ болиорой” гээд хацар луу нь алгадаад ор луу түлхсэн, тэгээд цааш эргэхэд пийшингийн дэргэд галын дэгээ төмөр байхаар нь уг төмрөөр охиноо айлгах гэхэд тэр хөнжлөө нөмрөхөөр нь хөнжлийн гадна талаас бие рүү нь хэд хэдэн удаа цохьсон асуудал гаргасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,
Н.Нямболдын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/,
Н.Нямболдын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 31-33, 37, 40-53, 71-72 дугаар тал/,
Н.Нямболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/,
“Эрсдлийн түвшин бага” гэсэн Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 55 дугаар тал/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын “Үйлчлүүлэгчид аюул учруулах эрсдэл бага” гэсэн үнэлгээний маягт /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Нямболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Н.Нямболд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нартай эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,
улмаар “МТ СЕКЬЮРИТИ” ХХК-д түгээгч, харуул хамгаалалтын алба хаагчаар сарын 510.000 төгрөгийн үндсэн цалинтай ажилладаг болох нь “МТ СЕКЬЮРИТИ” ХХК-ийн тодорхойлолт /хх-44/, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч Э.Энхзул, түүний хууль ёсны төлөөлөгч А.Энхтуул нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж,
түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3-д “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-д “Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан ба насанд хүрээгүй хохирогч Э.Энхзул, түүний хууль ёсны төлөөлөгч А.Энхтуул нар шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, мөн шүүгдэгчтэй эвлэрч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд биеэр суух шаардлагагүй” гэсэн байх тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иеншөөбү овогт Нэргүйн Нямболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Нэргүйн Нямболдод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Нямболдод оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Нямболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Нямболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч Э.Энхзул, түүний хууль ёсны төлөөлөгч А.Энхтуул нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Нямболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ