Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/38

 

Б.Эрмүүнд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Уянга

            Шүүгдэгч Б.Эрмүүний өмгөөлөгч Ж.Туяа

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч Б.Эрмүүнд холбогдох 2418000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Орги овогт Батжаргалын Эрмүүн, 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Оюут сүмбэр” ХХК-д гар буулгагч, гагнуурчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Шүүхийн 33 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

 

Шүүгдэгч Б.Эрмүүн нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан Тэди” худалдааны төвийн 3 давхрын 304 тоотод гар утасны худалдаа эрхэлдэг иргэн Х.Мөнх-Эрдэнээс “ipone 14 рго” загварын гар утсыг “худалдаж авна, аав руугаа залгаж утасны төлбөрийг шилжүүлье” хэмээн өөрийн ашигладаг сим картыг уг гар утсанд хийж улмаар авч зугтаан илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Эрмүүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эрмүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

 

-Орги овогт Батжаргалын Эрмүүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрмүүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрмүүнд оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

-Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си-ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрмүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эрмүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх "..Шүүгдэгч Б.Эрмүүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд "учруулсан хохирлыг нөхөн төлсөн" хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.." гэж дүгнэсэн байж, "..хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан боловч' дүгнэлт хийгээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй байхад "торгох ял шийтгэж өгнө үү, торгуулийн ялыг ааваасаа авч төлж барагдуулна" гэсэн өөрийн мэдүүлэгт дүгнэлт хийж, ялтай гэх байдлаар эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Б.Эрмүүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлсөн, хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байгаа байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:Зүйл ангийн талаар маргаагүй. Б.Эрмүүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:Б.Эрмүүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нотлогдож тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Б.Эрмүүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч Б.Эрмүүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт нь тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Ийм учраас анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах боломжгүй гэж үзэж өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад шүүгдэгч Б.Эрмүүний нэрийг И-гээр буруу бичсэн байгаа. Үүнийг зөвтгөх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн гомдлоор шүүгдэгч Б.Эрмүүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх талаар шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг хуулийн дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэсэн.

 

Хуулиар тогтоосон энэхүү бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг хянаснаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, шийдэл гаргах боломжтой болдог.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Б.Эрмүүнийг 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан Тэди” худалдааны төвийн 304 тоотод гар утасны худалдаа эрхэлдэг иргэн Х.Мөнх-Эрдэнээс “iphone 14 pro” загварын гар утсыг “худалдаж авна, аав руугаа залгаж утасны төлбөрийг шилжүүлье” хэмээн өөрийн ашигладаг сим картыг уг гар утсанд хийж, улмаар авч зугтаан илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Дээрэмдэх гэмт хэргийн объектив талын шинжийг хууль тогтоогчоос “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж тодорхойлсон.

 

Өөрөөр хэлбэл: хохирогч нь эд хөрөнгөө өөрөө довтлогч этгээдэд өгөх ямар нэгэн санаа зорилгогүй байхад эд хөрөнгийг нь хохирогчид ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр булаах, эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж айлган сүрдүүлж авсан бол “дээрэмдэх” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Хохирогч өөрөө эд хөрөнгөө бусдад өгсөн хэдий ч тухайн этгээд мөнгийг төлөхгүй гарч явах үед нь эд хөрөнгөө авч үлдэхээр зогсоох үйлдэл хийсэн боловч уг этгээд зугтаасан бол дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилнэ.

 

Хэргийн үйл баримтаас харахад хохирогч анх шүүгдэгчид утсыг өгөхдөө “худалдаж авна” гэсэн үгэнд нь итгэж, өөрөө өгсөн байна.

 

Дээр дурдсанчлан дээрэмдэх гэмт хэргийн үед хохирогч “илээр” эд хөрөнгийг нь авч буйг шууд ухамсарласан байх ёстой атал шүүгдэгчийг гарч явах үед хохирогч араас нь зогсоох ямар нэгэн үйлдэл хийгээгүй, эргэж орж ирээд утасны мөнгийг төлөх байх гэж итгэн хүлээгээд буцаж орж ирэхгүй болохоор нь худал хэлснийг нь мэдээд цагдаагийн байгууллагад хандсан үйл баримт тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Б.Эрмүүний үйлдлийг дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлгүй, харин зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар буюу “ааваасаа мөнгө шилжүүлж аваад гар утасны мөнгийг төлнө” гэж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1.д хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ

 

Шүүгдэгч Б.Эрмүүний үйлдсэн дээрх залилах гэмт хэрэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох:

 

-хохирогч Х.Мөнх-Эрдэнийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн 30 минутын орчим өөрийн түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг “Дархан Тэди” төвийн лангуунд ажлаа хийж байтал 25-27 орчим насны хар, цагаан, саарал өнгө холилдсон алаг эрээн өнгийн куртик өмссөн, бор өнгийн даавуун өвдөгний хажуу талдаа халаастай өмдтэй, хар өнгийн ороолтоор амаа дарсан, хөрслөг бор залуу манай лангуунд орж ирээд “За сайн байна уу ах, утас үз гэсэн юм” гэж хэлээд “iphone 14 pro” загварын гар утас руу заагаад хэсэг үзэж байгаад, “за, за би буцаж ирээд энийг авна аа” гэж хэлээд гараад явсан. Тэгээр нь би гадагшаа гарч тамхи татчихаад лангуундаа ороход тухайн залуу миний араас удаагүй орж ирсэн ба анх сонирхож байсан нил ягаан өнгийн “iphone 14 pro” загварын гар утсыг худалдаж авъя гэхээр нь би утасны дэлгэцийн наалт, арын камерын хамгаалалтын наалтыг нааж, кэйс болон цэнэглэгчийг дагалдуулан өгөөд баталгааны хуудсыг бөглөж байх хугацаанд тухайн залуу “интернэт банк нь болохгүй байна, аав руугаа яриадхая” гэж хэлээд өөрийн эвдэрсэн улаан өнгийн “iphone 8” загварын гар утаснаасаа сим гаргаж ирээд худалдаж авахаар болсон “iphone 14 pro” загварын гар утсанд хийж, эхлээд нэг залуутай “Би Тэди дотор утас авах гэж байна” гэж ярьтал нөгөө хүн нь ямар утас гэсэн чинь “iphone 14 pro” гэж хэлсэн чинь нөгөө хүн нь “хурдан хүрээд ир” гэж ярьж байгаа нь надад сонсогдсон. Тэгээд утас авахаар орж ирсэн залуу утсаар аавтайгаа ярьж байгаа байдалтай үүдний хэсэгт зогсож байгаад баталгааны хуудас бөглөж байх хооронд утасны мөнгийг өгөлгүй аваад гарчихсан. Ингээд буцаж орж ирээд мөнгийг өгөх байх гэж бодоод хэсэг хүлээсэн боловч эргэж ирээгүй. Би уг гар утсыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Солонгос улсаас 2.680.000 төгрөгөөр худалдаж авсан, нил ягаан өнгийн 256 gb багтаамжтай, 92%-ийн зайны багтаамжтай, HG модель загвартай, “Дархан Теди” төвийн лангуунд 3.100.000 төгрөгөөр зарагдаж байсан “iphone 14 pro” загварын гар утас байсан. Би тухайн залууд утас худалдаж авч байгаа юм чинь гээд гар утсанд нь хар өнгийн резинэн утасны гэр, утасны дэлгэцийн наалт, арын камерын хамгаалалтын наалт, адалтер болон цэнэглэгчийг дагалдуулан өгсөн. Алдсан гар утасны имэй код нь 358267716104305” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

-“Капитал  зууч” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний хийсэн “iphone 14 pro” загварын 256gb багтаамжтай гар утас 3,100,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/, “iphone 14 pro” загварын 256gb багтаамжтай гар утсыг Б.Эрмүүнээс хүлээн авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21-22/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-12/, “Дархан Тэди” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-20/, хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийг урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан боловч дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаагүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын аль нэгийг оногдуулж болохоор зааснаас хорих ялыг сонгон 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдаг.

 

 Шүүгдэгч Б.Эрмүүн нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан боловч энэ тэнсэгдсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулснаас хойш нийт 77 хоног цагдан хоригдохдоо үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийсэн гэж дүгнэн, залуу хүнд цаашид сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох, улмаар шүүхээс итгэл хүлээлгэн түүнийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн "..Шүүгдэгч Б.Эрмүүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүйг харгалзан ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Б.Эрмүүний нэрийг ...Б.Ирмүүн...гэж ташаа бичсэнийг залрууллаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг:

 

“3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрмүүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрмүүнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж,

 

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрмүүнд оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрмүүн нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчлөн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрмүүний цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Эрмүүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Шүүгдэгч Б.Эрмүүний өмгөөлөгч Ж.Туяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

 

ШҮҮГЧ                                                           З.ТӨМӨРХҮҮ

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ