Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 308/ШШ2025/00454

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 308/ШШ2025/00454

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, А сум, * дүгээр баг, Ц гудамж, **-**** тоотод оршин суух, Б овогт Бийн А,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, А гудамж, *** тоотод оршин суух, Х овогт Хгийн М-О,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.А,

Хариуцагч: Х.М-О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь Х.М-Оод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Бид анх 2007 онд танилцаж 2009 оны 08 сарын 11-нд гэрлэлтийн *** тоот баталгаагаар гэрлэлтээ батлуулж хамт амьдрах болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2008 оны 11 сарын 20-нд хүү М.М-О, 2013 оны 05 сарын 01-нд охин М.Э, 2022 оны 05 сарын 07-нд охин М.Э нар төрсөн. Нөхөр Х.М-О архи их уудаг, уусан үедээ өөрийгөө хянаж биеэ удирдах чадваргүй болдог. Согтуудаа намайг үргэлж хал амаар доромжилж элдвээр хэлж, гэр орондоо гудамжинд явж байгаа юм шиг нус цэрээ нийнэ, хий хоосон хардаж байнгын хяналтанд байлгаж дарамталдаг, жоохон ам мурийхаар зоддог болсон. Уусан үедээ гэрт байхын аргагүй байдал үүсгэж хүүхдүүдийн хажууд бэлгийн дарамт учруулж гаж гаж үйлдэл гаргаж намайг тамладаг. Эсэргүүцэх юм бол хэрүүл маргаан үүсэж эцэст нь би өөрөө зодуулаад бие болон сэтгэл санаагаараа хохироод үлддэг. Хүүхдүүддээ тийм зүйл үзүүлэхгүй гэж согтуу хүнээс зугтаж 2 охиноо дагуулаад ажил дээр эсвэл айлд очиж хонодог. Ийм үйлдэл сүүлийн хэдэн жил байнга давтагдаж байгаа. Xүү М.М-Оыг элдвээр хэлээд тайван байлгадаггүй, хүүтэйгээ хүртэл барилцаж авч байсан. Түүнээс нь болоод би хүүгээ хотод сургуульд сургаж байгаа. Өчнөөн хоногоор уугаад бие нь өвдөөд, мөнгө нь дуусахаар л архиа зогсоож ахиж уухгүй зовоохгүй, зодож нүдэхгүй гэж худлаа амлалт өгсөөр өдийг хүрсэн. 2025 оны 04 сарын 07-ны өдөр ажил дээр ирж миний гар утас унтарсны төлөө хий хардаж баруун хөл рүү өшиглөсний улмаас шагайн хавчаар яс хугарч цуурсан. Тэр үйлдэлдээ надаас уучлалт гуйгаагүй бие нь яаж байна гэж нэг ч асуугаагүй. Өмнө нь миний биед хэд хэдэн удаа хунд гэмтэл учруулж байсан. 2019 онд Чт архи уулгасангүй араас ирлээ алчихъя чамайг гээд дагз руу араас том чулуугаар цохисон, үүнээс үүдээд үе үе толгойн зүүн хэсгээр янгинаж өвддөг болсон. 2021 оны 01 сарын 04-ний шөнө хүүхдээ тэврээд унтаж байхад хэнтэй утсаар яриад байгаан гээд хий хардаж галын хайчаар цохиж намайг зодсон. Би 04 цаг өнгөрч байхад гэрээсээ зугтааж дүүгийнх рүүгээ нүцгэн гүйж байгаад очих хоорондоо 2 хөлийнхөө улыг хөлдөөсөн. Тухайн үед нь цагдаад мэдэгдээд өргөдөл өгдөг, за засрах байлгүй гээд л өргөдлөө буцаагаад авчихдаг байсан. Цагдаад болон гэрийнхэндээ хэлж байгаагүй зодуулж байсан тохиолдлууд ч нилээн байгаа. Бидний амьдралд нөхрийн ээж их нөлөөлдөг. Бид 2-ийг маргах бүрд дундуур орж хүүтэйгээ нийлж намайг элдвээр хэлнэ, хүүхдүүдээ аваад сал бид нар тэтгэмжийг нь өгчихөж чадна хүртэл хүүгийнхээ дэргэд 2 охины минь хажууд хэнэггүй хэлээд л сууж байсан. 2023 оны 05 сарын 24-нд хаан банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авахуулж 2025 оны 05 сарын 29-нд банк бусаас 48 сараар 3,4% хүүтэй 19,000,000 төгрөгөөр машин авсан боловч 2025 оны 02 сарын 05-ний шөнө согтуу машин барьж айлын байшин мөргөж машиныг маань засагдах аргагүй болгоод эвдчихсэн. Мөн 5 аппликейшнээс зээлтэй байгаа. Хүү хотод байр хөлсөлж байсан ч сарын түрээсийг нь төлж чадаагүй учраас сургуулиас нь түр чөлөө авчихсан. Надаас салж байгаа нэрийдлээр зээлүүдээ төлөлцөөгүй, нэг ч төгрөгийн туслалцаа үзүүлээгүй ээ. 2025 оны 04 сарын 15-нд эвлэрүүлэн зуучлахад өргөдөл гаргасан бөгөөд 04 сарын 25-нд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа дуусгавар болсон. ... Ээмэг бөгжний тал дээр авч өгч байсан. Эвлэрүүлэн зуучлалаар ороод гарч яваад надад наад ээмэг бөгжөө өгчих ломбарданд тавих гэсэн юм гэхээр нь би өгөхгүй гээд өгөөгүй. Манай охин волейболын тэмцээнд байнга явдаг. Тэгээд би ломбард орж тавиад хүүхдэд зарцуулсан. 04 дүгээр сарын 07-нд миний хөлийг хугалчхаад яваад өгсөн. Түүнээс хойш бид хамт байгаагүйБид цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдүүдийн эцэг Х.М-Ооос гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.М-О хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад гэрлэлт цуцлуулах бодол байхгүй байна. 3 хүүхдээ өнчрүүлээд явахгүй гэсэн бодолтой байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд энэ хүн уухаараа утсаа авахгүй шөнөжин алга болдог. Намайг ажилд явлаа бол алга болдог. Сүүлийн үед ажлаасаа бууж ирээд гэртээ байж байгаад ажлаас дуудаад байна гэж яваад үүрээр согтуу орж ирдэг. Сүүлийн үед 7 хоногийн 4 хоногт нь найдвартай уудаг болсон. Гадуур хонож өнжөөд яваад байдаг болсон. Гадуур хоноод өөр хүнтэй болсон юм уу гэхээр хаагуур юу хийж явах нь чамд ямар хамаатай юм гэдэг болсон. Зодож нүдсэн гэж байна. Өөрөө ажил дээрээ 4 өнгөрч байхад согтуу байсан. Манай охин 5 цагаас тарах байсан. Өөрөө хэлэхдээ хоёулаа хүүхдээ ханиндаа очиж авна шүү гэж хэлсэн. Тэгээд очиход ажлынхаа байран дээр согтуу байж байгаа юм. Би ажил чинь тараагүй байхад ууж идлээ гэсэн чинь та нарт хамаагүй шүү писда нар минь гэж хэлэхээр нь уурлаад гарах гээд явтал хойноос өшиглөөд байсан. Хойноос зуурахаар нь би гараараа түлхсэн. Ойчихдоо хөлөө эвгүй болгосон. Өөрөө ийм үйлдэл гаргачхаад намайг өшиглөж хугалсан гээд байгаа юм. Сүүлийн 2 жил гэр бүлийн маргаантай явж байна. Мөнгө төгрөг олоод бүх мөнгө энэ хүний данс руу ордог. Би 3, 4 хоногийн дараа мөнгө байна уу гэхээр байхгүй гэдэг. Өрөнд өгсөн гэж хэлдэг. Би цалингаасаа 100,000 төгрөг ч гуйж үзээгүй. Амьдралаа авч явахын төлөө явдаг. Сүүлийн нэг сар ажил зогсоод автомашиныхаа төлбөрийг төлж чадаагүй. Тэгээд намайг автомашиныхаа төлбөрийг төлсөнгүй гэж байна. Одоо удахгүй ажил эхэлнэ. Одоо том хүү Сад надтай хамт амьдарч байгаа. Очихоор хөөж туугаад цүнхтэй хувцас хашаанаас гаргаад шидчихдэг сүүлийн үед очихоо байсан. Манай ээж одоо 70 хүрч байгаа хөгшин байгаа. Элдвээр хэлж доромжлоод байдаг. Хууль ямагт эмэгтэй хүний талд байдаг юм шээс минь гэж хэлдэг. Хааяа гэр бүлийн маргаан гарахаар намайг барьсан зүйлээрээ шууд зохидог. Манай хүүхдүүд ч мэдэж байгаа. Урьд нь хоёрын хоёр машин авч өгч байсан. Машиныг өөрөө зараад мөнгийг нь өөрөө үрсэн. Саяхан банк бус байгууллагаас урьдчилгаа мөнгө өгөөд машин авсан би сар болгон төлөөд явж байгаа. Миний хувьд хүүхдүүддээ хойд эцгийн гар харуулахгүй байх бодолтой байна. Би монет ээмэг, бөгж авч өгч байсан. Өөрөө л зарж үрдэг Хэлсэн зүйлийг нь хэлэхээр худлаа гэж байна. Шөнө орой явдаг нь үнэн. Миний утсыг авахгүй шөнөжин алга болно. Маргааш нь ярихаар та нарт хамаагүй гэдэг болсон. Миний ээжийг зодож байсан удаа байгаа. Би хадмынхаа өөдөөс хараалын үг хэлж үзээгүй. Тэгэхэд манай ээжийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Гэр орноосоо юм авахгүй 3 хүүхдэдээ үлдээнэ. Хүүхдийн тэтгэмж тогтоолгох гээд байгаа гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн эрүүл мэндийн тодорхойлолт, Д аймаг, А сумын 4 дүгээр багийн албан бичиг, Д аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн албан бичиг, А сумын цэцэрлэгийн албан бичиг, Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20**/ЗШ/** дугаартай Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, яаралтай тусламжийн хуудас, Б ф ББСБ ХХК-ийн зээлийн гэрээ, банкны зарлагын баримтын хуулбар, үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ, Хаан банкны зээлийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Хариуцагчтай цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэж,

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч Б.А, Х.М-О нар 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн *** дугаарт бүртгүүлсэн, Тэдний хамтын амьдралын хугацаанд 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү М.М-О, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр охин М.Э, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр охин М.Э нар төрсөн. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгт суралцаж, эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, сургууль, цэцэрлэгийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

6.Гэрлэгчид зан харилцааны байдлын улмаас таарамжгүй байдал, шүүхээс өмнө шатанд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримталж цуцлах нь зүйтэй байна.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү М.М-О, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр охин М.Э, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр охин М.Э нарыг эхийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон байх тул эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

8.Эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин М.М-О, М.Э, М.Э нарт Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эцэг Х.М-Ооор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М-Ооос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад, 200,422 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Б овогт Бийн А, Х овогт Хгийн М-О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин М.М-О, М.Э, М.Э нарыг эх Б.Агийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин М.М-О, М.Э, М.Э нарыг 11 нас хүртэл амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Х.М-Ооор тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэрлэгчид нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд бие биедээ саад учруулахгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М-Ооос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад, 200,422 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ