| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00361/И |
| Дугаар | 308/ШШ2025/00455 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 308/ШШ2025/00455
| 2025 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 308/ШШ2025/00455 | Дорноговь аймаг |
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, *-** тоотод оршин суух, М овогт Бийн М-Е,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, *-р хэсэг, ***а-** тоотод оршин суух, М овогт Гын ц,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.М-Е,
Хариуцагч: Г.ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М-Е нь Г.цд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.М-Е миний бие 2008 онд Г.цтэй танилцаж үерхэж байгаад улмаар 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Улсын бүртгэлийн хэлтэст 0******* тоот гэрлэлтийн гэрчилгээг баталгаажин хууль ёсны гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бидний том охин Ц.М 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Ц.М нар төрсөн. Манай гэр бүлийн харилцаа 3 жилийн өмнөөс эрс өөрчлөгдөж, үзэл бодол таарахаа байж, ажил төрөл хийж, 3 удаа тусдаа амьдраад буцаад үр хүүхдээ бодоод хамт амьдрах гэсэн бүтээгүй юм. Хүүхдүүд маань аав, ээж дээрээ гээд 2 тусдаа амьдрахаар сэтгэлзүйн хувьд тогтворгүй болж, хичээл сургуульдаа анхаарал суларч байгаа тул цаашид хуулийн дагуу аавтай нь уулзуулж өөрийнхөө бүрэн асрамжид хоёр хүүхдээ өсгөхөөр тохиролцсон.
Мөн Д аймгийн З-Ү сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өргөдөл гаргаж 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өргөдөл гаргагч болон уригдагч тал хоёулаа цаашид эвлэрэх боломжгүй тул эвлэрэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Иймд цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Ц.М, хүү Ц.М нарыг Б.М-Е миний асрамжид үлдээж, Г.цгээс хуульд заасны дагуу тэтгэлэг гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч Г.ц хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М-Еийн нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин охин М хүүхдийн тэтгэлэг олгохыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү Мийг өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Ерөнхийдөө ханинд нь байлгадаг. Хүү аавтайгаа баймаар байна гэхээр нь очиж авдаг. Ирж очоод уулзуулаад байсан. М-Е бол огт хамт байгаагүй нэг жил болж байна. Гэхдээ хамтад нь байлгахыг боддог. Хүү эгчтэйгээ уулзъя гэхээр очиж уулзуулдаг. Охины асуулт хариулт дээр аав архи ууж агсан тавьдаг гэсэн байсан. Би амьдралдаа архи ууж агсан тавьж байгаагүй. Тэр асуудал дээр дотор эвгүй болсон. Эсхүл хүн заагаад өгдөг юм уу. Би багаасаа аав өнгөрөөд хойд аавтай өссөн. Хоёр хүүхдэдээ дутуу зүйл үзүүлэхгүйг бодсон ч даанч болсонгүй харамсалтай байна. Гэхдээ гэрлэлтээ цуцлууллаа гээд хоёр хүүхдээ хаяхгүй, хөндийрөхгүй. Өөрийнхөө чадах зүйлээр дэмжиж тусалж явна гэсэн бодолтой байна гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн эрүүл мэндийн тодорхойлолт, Д аймаг, С сумын 1 дүгээр багийн албан бичиг, Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, Дорноговь аймгийн С сумын 6 дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Д аймгийн З-Ү сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ***/ШЗ2025/00*** дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас хариу тайлбар шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс охин Ц.М, хүү Ц.М нараас хүүхдийн санал асуусан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Хариуцагчтай цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах гэж,
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Б.М-Е, Г.ц нар 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 80 дугаарт бүртгүүлсэн, Тэдний хамтын амьдралын хугацаанд 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бидний том охин Ц.М 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Ц.М нар төрсөн. Хүүхдүүд сургуульд суралцаж, эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
6.Гэрлэгчид зан харилцааны байдлын улмаас таарамжгүй байдал, шүүхээс өмнө шатанд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримталж цуцлах нь зүйтэй байна.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бидний том охин Ц.Мг эх Б.М-Еийн, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Ц.Мийг эцэг Г.цгийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон байх тул эцэг, эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
8.Эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бидний том охин Ц.Мг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эцэг Г.цгээр
2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Ц.Мийг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эх Б.М-Еөөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-Еийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.цгээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-Еөд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М овогт Бийн М-Е, М овогт Гын ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Ц.Мг эх Б.М-Еийн, хүү Ц.Мийг эцэг Г.цгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Ц.Мг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эцэг Г.цгээр,
2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Ц.Мийг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эх Б.М-Еөөр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд бие биедээ саад учруулахгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-Еийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.цгээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-Еөд олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ