Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/49

 

Б.Маналд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, ерөнхий шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 Э.Хосбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                     Г.Чулуунцэцэг

Өмгөөлөгч                                                                   З.Нямсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           А.Мөнхбат

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Маналд холбогдох эрүүгийн 2221000000270 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Харагчин овогт Батбаатарын Манал, Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, хувиараа барилгын арматурчин ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 10-430 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: ИЮ90122491/

Шүүгдэгч Б.Манал нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 12-05 тоотод 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед хадам ах Д.Ганзоригтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой, нүүрэн тус газарт цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Маналын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Харагчин овогт Батбаатарын Маналыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батбаатарын Маналыг 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маналд оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маналын цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10350.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чулуунцэцэг нь тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Маналд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чулуунцэцэг давж заалдах гомдолдоо: “Миний нөхөр Д.Ганзоригийг Б.Манал толгой, нүүрэн тус газар нь олон удаа цохиж амь насыг нь санаатай хохироосон явдалд хохирогч би болон үр хүүхдүүд нь маш их гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн өгч байгаа ял нь үнэхээр гомдмоор байна. Хүний амь насыг санаатай хохироочихоод байхад мал муулах гэмт хэргээс ч дор ял өгч байгаа нь шүүх байхгүйтэй адил санагдаж байна. Хүний амь нас хохирчихоод байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргаад өгч чадахгүй биднийг дэндүү басамжилж байна гэж бодож байна. Хохирлын хувьд баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэсэн нь буруу байна. Энэ хэргийн улмаас эхнэр нь нөхөргүй, 4 хүүхэд нь эцэггүй үлдэж хэзээ ч нөхөгдөхгүй хохирол учирчихаад байхад маш бага ял өгсөнд гомдолтой. Бид сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй. Хагас өнчин 4 хүүхдийн 2 насанд хүрээгүй хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж 288 000 төгрөг гарсан. Мөн би дансныхаа хуулгыг өгсөн. Энэ баримтаар нотлогдож байхад хохирлыг гаргахгүй байгаа нь буруу гэж үзэж байна. Маш их гомдолтой байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чулуунцэцэг гаргасан тайлбартаа: “Би гомдолтой байна. Миний нөхөр өдийд амьд байх байсан. Согтуу хүн санаатайгаар амь насыг нь хохироосонд гомдолтой байна. Би одоо хүүхдүүдээ яаж авч явахаа ч сайн мэдэхгүй байна. Өшөө ч зардал их хэрэгтэй болно. Би гомдолтой байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбартаа: “Зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар гэм хорыг арилгахаар заасан. Нийгмийн халамжийн газраас хоёр хүүхдэд 288 000 төгрөгийн халамж тогтоосон. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд цалин хөлсний орлогын хэмжээнээс хамаарч тогтооно гэж заасан байдаг. Гэхдээ тухайн үед хохирогч нь ажил хийдэггүй, цалингүй байсан. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй адилтгах хэмжээний мөнгө буюу 420 000 төгрөгний зөрүүг нь шүүгдэгчээс гаргуулж өгөөч гэж хүсч байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн ял хариуцлагатай холбоотой гомдол гаргаагүй гэж үзэж байна. Тухайн хохирогчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан. Тиймээс халамжийн газраас хүүхэд тус бүрт 288 000 төгрөг олгож байгаа юм байна. 420 000 төгрөг гэдэг бол тухайн амь хохирогч иргэний гэр бүлдээ олох ёстой байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ юм. Тиймээс хүүхэд тус бүр дээр зөрүү яригдах боломжгүй юм.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 8 жилийн хорих ял оногдуулсан. Энэ байдал нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс нийт 10 350 000 төгрөгийг хохирогч талд төлж барагдуулсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байгаа боловч нотлох баримт байхгүй байна.  Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч Б.Манал нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 12-05 тоотод хадам ах Д.Ганзоригтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой, нүүрэн тус газарт цохиж амь насыг нь хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Б.Маналын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн үед хадам ах гаднаас архи уусан байдалтай, нэг хүний хамт орж ирээд зурагт нэхээд байсан. Өмнө нь архи уугаад зурагт бариад явж байхаар нь авч үлдээд эхнэрт нь өгчихсөн юм.  Би ахдаа хандаж “та архи ууж болохгүй,  удахгүй ажилдаа явна, биеэ эмнэлэгт үзүүлэхгүй яасан юм бэ, өөрийгөө эмнэлэгт үзүүлэхгүй, аавыг ганц өдөр ч гэсэн харахгүй яасан юм.” гэж хэлсэн. Тэгэхэд ах бухимдаад намайг цохиод авахаар нь би дүрс хийж уурлаад энэ бүх зүйл болсон. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 229/

иргэдийн төлөөлөгч Б.Ганцэцэгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “... Шүүгдэгч нь өөрийн уурыг барьж чадалгүй хүний амь насыг хохироосон байх тул гэм буруутай гэж үзэж байна. ...” гэсэн дүгнэлт, /1хх 218/

шинжээч эмч Б.Батдуламын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан:“... Шинжээчийн 47 тоот дүгнэлтийг комиссын гишүүд санал нэгтэйгээр гаргасан.  Ганц Б.Батдулам миний бие гаргаагүй. Бид хүний сэтгэцийн байдлыг ярилцлагын явцад амьдралын түүх, өвчний түүх, болсон хэргийн талаар яриулж байж тогтоосон. Мөн нэмэлтээр хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг давхар үндэслэн дүгнэлт гаргадаг. Тухайн үед болсон асуудлыг санахгүй байна гэх үндэслэлээр хүнийг сэтгэцийн өвчтэй гэж үзэх боломжгүй. Харин ямар нэгэн сэтгэцийн өвчний улмаас санахгүй байх, ойгүйдэлт болох өвчний шинж байвал заавал давхар нотолгоотой байх ёстой. Гэтэл энэ хүнд ямар нэгэн эмчлэгдэж байсан түүх байгаагүй. Тиймээс өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох боломжтой гэх дүгнэлтийг гаргасан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 232/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж Ардын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн шөнө буюу 2022 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үүрийн 04 цагт миний хэвтэж байсан эмнэлгийн цонхоор миний нэрийг дуудаад бахираад байсан. Тэгээд босоод харахад цонхон доор хадам эгч Мэндбаярын охин Батцэцэг, Мэндбаярын бэр Гансарнай хоёр намайг хувцсаа өмсөөд гараад ирээч гэж байсан. Тэгээд хувцсаа өмсөөд эмнэлгээс гараад уулзахад манай нөхөр Д.Ганзоригийг нас барчихлаа, сэтгэлээ бариарай гэж хэлэхэд нь юу болсон талаар асуухад хүнд зодуулсан гэснээс өөр зүйл хэлээгүй. Тэгээд би нөхөр Д.Ганзоригийг нас барсныг мэдээд байгаа газар болох Хэрлэн сум 11 дүгээр баг, Хивс 12-05 тоот руу очиход цагдаа нар ирсэн байсан тул намайг оруулахгүй байсан. Тэгээд хэргийн газар дээр очоод талийгаач нөхөр Д.Ганзоригийг хүргэн дүү Б.Манал гэх залуутай маргалдсан гэдгийг анх мэдсэн. Манай нөхөр Д.Ганзориг нь хаа нэг архи уухын хувьд уудаг. Гэхдээ өдөр болгон архи уугаад яваад байдаггүй. Архаг хууч өвчин байхгүй. Харин хүүхэд байхаасаа хамраас нь цус гарсан тохиолдолд нэг хэсэг тогтдоггүй байсан. ...Маш их гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны төлбөр гээд бусад хохирлоо нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг, /хх 22-23/

гэрч Д.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Манай нөхөр Б.Манал, Д.Ганзориг ахтай маргалдаад барьцалдаж аваад манай нөхөр Д.Ганзориг ахын нүүр рүү гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. Тэгээд би нөхөр Б.Маналыг салгаж дийлэхгүй байсан. Тухайн үед манай ах Д.Ганзоригийн баруун нүд нь хөхрөөд хавдчихсан, хамраас нь цус гарч, цус нь тогтохгүй нэлээн удсан. Тэгээд арай гэж Д.Ганзориг ахын хамрын цусыг тогтоогоод удаагүй байж байхад манай том эгчийн охин Батцэцэг “хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэсэн юм.” гээд бид нарыг дуудсан. Тэр үед манай нөхөр Б.Манал, хүү Энхүүшийг дагуулаад явж, би Д.Ганзориг ахтай хамт гэрт үлдсэн. Тэгээд Ганзориг ах 20 цагийн үед унтсан. ...би хэсэг унтчихсан байсан. 2022 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн үед сэрэхэд Д.Ганзориг ах хурхираад хамар ам нь дуугараад унтаж байсан. ... тэгээд би 00 цагаас хойш унтаж чадахгүй сэрвэлзээд байж байгаад 02 цаг 30 минутын үед сэрэхэд Д.Ганзориг ах хурхирч байгаа чимээ гарахгүй болохоор нь босоод гэрлээ асаагаад ахыг чагнаж үзэхэд, амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь би нөхөр Б.Маналыг дуудсан. Манай нөхөртэй хамт Батбаяр цуг ирсэн. Тэгээд түргэн дуудаад үзүүлэхэд Д.Ганзориг ахын зүрх нь зогсчихсон, нас барсан байна гэсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. ...” гэсэн мэдүүлэг, /хх 25-26/

гэрч Г.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "... 2022 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цагийн үед манай эгч Болортуяа залгаад “Ганзориг ахыг амьсгал авахгүй эвгүй сонин байна.” гэж хэлээд Манал ах бид хоёрыг “хүрээд ир.” гэж дуудсан. Тэгээд Манал ах бид хоёр Ганзориг ахын гэрт очиход Ганзориг ах газар шалан дээр дээшээ харсан байдалтай хөдлөхгүй хэвтэж байсан. ... намайг гэрт ороод харахад Ганзориг ах “шалан дээр дээш харсан байдалтай баруун нүд нь хөхөрч хавдаад тагларчихсан, хамар амнаас цус гараад хатчихсан байдалтай” байсан. Өөр гэмтэл шарх анзаарч хараагүй. Нүдэнд харагдах гэмтэл нь нүд нь хөхөрсөн, хамраас нь цус гарсан байсан. Манай хүргэн ах Манал бид хоёр талийгаач ах Ганзоригийн гэрт ирээд нас барсан гэдгийг мэдсэний дараа Манал ах “надаас боллоо, би Ганзориг ахтай муудалцаад, цохисны улмаас ийм айхтар зүйл болчихлоо” гээд байсан. Манал ахыг тэгж хэлэхээр нь “Д.Ганзориг ахтай маргалдаж муудалцсан юм байна.” гэдгийг нь мэдсэн. ..." гэсэн мэдүүлэг, /хх 28-29/

гэрч Г.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цагийн үед хүргэн ах Маналын эхнэр Болортуяа эгч залгаад “Ганзориг ахын бие нь муу байна, сонин дуугараад байна.” гээд дуудахад хүргэн ах Манал, дүү Батбаяр нар Хэрлэн сум 11 дүгээр баг, Хивс 12-05 тоот руу шөнө явсан. Би гэртээ унтаад үлдсэн. Удалгүй 03 цагийн үед манай эгч Болортуяа над руу залгасан байсан ба би эргэж залгахад “Ганзориг ахын зүрх нь зогсож нас барчихлаа.” гэж хэлсэн. ...Манай хүргэн ах Б.Манал надад хэлэхдээ “талийгаач Ганзориг ахыг архи уучихсан байхад нь хэдэн үг хэлээд хоорондоо маргалдаж хэд хэдэн удаа алгадсан л гэж хэлсэн.” ...” гэсэн мэдүүлэг, /хх 38-39/

гэрч Б.Хангалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 3-4 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай хамаатны Түмэннаст гэрт ирээд “Ганзориг ахыг гэртээ нас барчихлаа.” гэж байсан. Миний хувьд гэртээ унтаж байсан болохоор хадам дүү Батбаяр, баз хүргэн Манал нарыг хэдэн цагийн үед гэрээс гарч явсан талаар мэдээгүй. Баз хүргэн Маналтай анх уулзахад “талийгаач Ганзориг ахтай муудчихаад ирлээ.” гэж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “Ганзориг ахыг архи уучихсан байхаар нь битгий архи уу, аавын бие тааруу байхад архи уугаад яваад байх юм.” гэж хэлэхэд нь Ганзориг ах Маналд хандаж “чамд миний архи уух огт хамаагүй, миний архи уухыг чи заах болоогүй гээд маргалдсан.” гэсэн. Тэгээд Манал нь уурлаад “Ганзориг ахыг хэдэн удаа цохисон.” л гэж хэлсэн. ..." гэсэн мэдүүлэг, /хх 41-42/

шинжээч эмч Б.Батдуламын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Уурлаж бухимдах үедээ өөрийгөө хянах чадваргүй болдог сэтгэцийн эмгэг байхын хувьд байна. Сэтгэцийн өвчин дотор тархины гэмтэл эсвэл бага насандаа тархины цусан хангамжийн дутагдал, тархины бүрхүүл хальсны үрэвсэл зэрэг өвчнөөр өвчилж байсан. Мөн тархины цус харвалт, унадаг татдаг өвчин гэх мэт өвчнүүдийн улмаас тухайн хүнд сэтгэцийн эмгэг үүсдэг. Б.Маналын хувьд дээрх сэтгэцийн үндсэн эмгэгүүд тогтоогдоогүй. Тухайн эмгэгийг нотлох баримт байхгүй учраас сэтгэцийн хувьд ямар нэг эмгэг байхгүй, эрүүл гэж үзэж дүгнэлт гаргасан. ...” гэсэн мэдүүлэг, /хх 75-76/

шүүгдэгч Б.Маналын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би Д.Ганзориг ахтай хамт явж байсан танихгүй ахыг хөөж явуулаад “Д.Ганзориг ахтай ярих юм байна.” гэж хэлээд хашаан дотор оруулаад байшингийн урд талд цонхны доод талд суулгаад юм ярьсан. Тэгээд би Д.Ганзориг ахад хандаж “та ингэж айлын зурагтыг хэлэлгүй авч болохгүй, наадах чинь хулгайн гэмт хэрэг.” гэж хэлэхэд Д.Ганзориг ах “хулгай хийгээгүй гээд гүрийгээд байсан.” ...Намайг хадам ах Д.Ганзоригтой маргалдаж байхад манай эхнэр Д.Болортуяа дундуур орж салгасан боловч Д.Ганзориг ах над руу “чам шиг муу амьсгаа намайг барахгүй шүү, амжихгүй шүү, чи манайхаас зайл” гээд хараалын үг хэлэхэд нь миний уур бүрэн дарагдаж тайвшраагүй байсан тул  дахин уурлаж “Д.Ганзориг ахын толгой руу үргэлжлүүлээд хэд хэдэн удаа цохисон” ... 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн үед манай эхнэр Д.Болортуяа над руу залгаад “Д.Ганзориг ах амьсгалахгүй байх шиг байна, яаралтай гэрт хүрээд ир.” гэж хэлэхэд нь Батбаяр болон хүү Энхүүшийн хамт Хэрлэн сум 11 дүгээр баг, Хивсний 12-05 тоот руу очиход хадам ах Д.Ганзориг байшин дотор шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тэгээд би Д.Ганзориг ахын хажууд ирээд толгойн доороос нь дэрийг нь авахад нэг, хоёр удаа амьсгалах шиг болсон боловч амьсгалахаа больчихсон. Тэгээд яаралтай түргэн тусламж дуудаарай гэж хэлээд хадам ах Д.Ганзоригийн футболкыг сөхөөд цээжин дээр нь дарахад хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Удалгүй түргэний эмч ирж үзээд “зүрх нь зогсчихсон байна.” гэж хэлээд түргэний эмч цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг, /хх 114-116/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаартай дүгнэлтэд: “1.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, дух, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр тохой, цээжинд зулгаралт, цээж баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна. 4.Шинжилгээгээр талийгаачийн цусанд 1.6 промилли спиртийн зүйл илрэв. Цусанд 1.6 промилли спиртийн зүйл илэрсэн нь дунд зэргийн согтолтод хамаарна. 5.Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 2022.07.23-ны 04:00 минутын хэргийн газрын үзлэгээр нас бараад 1-3 цаг болсон байна. 6.Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт, /хх 50-54/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 489 дугаартай дүгнэлтэд: “1.Б.Маналын биед зүүн бугалгад зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт, /хх 65-66/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтэд: “1.Гэмт хэрэг үйлдэх үед Б.Маналын сэтгэцийн байдал эрүүл байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. 2.Б.Маналын сэтгэцийн байдал одоо эрүүл байна. 3.Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Б.Манал нь хэрэг хариуцах чадвартай байна. 5.Батбаатар овогтой Маналын сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахаар сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг үгүй байна.” гэсэн дүгнэлт, /хх 70-71/  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 4/  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 5-12/  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 12-15/  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 16-18/  гэрч Д.Болорчимэгийн мэдүүлэг /хх 31/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх 121-141/ хохирлын талаарх баримтууд, /хх 145-152/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн 2 хуудас баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн 3 хуудас баримт зэрэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Маналыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маналыг 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маналд оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чулуунцэцэг “ шүүхээс шүүгдэгчид маш бага ял өгсөнд гомдолтой.  ...би дансныхаа хуулгыг өгсөн байхад тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, хохирлыг гаргахгүй байгаа нь буруу ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

7. Шүүгдэгч Б.Манал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 10 350 000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байна.

8. Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын тодорхойлолт, банкны хуулга /банкны нэр, харилцагчийн нэр байхгүй, тамга тэмдэггүй баримт/ зэрэг баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах боломжгүй байх ба анхан шатны шүүхийн “нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй” гэж дүгнэснийг буруутгах үндлэслэлгүй байна.

9. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чулуунцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

10. Шүүдэгч Б.Маналын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чулуунцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маналын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                       З.ЭНХЦЭЦЭГ