| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 168/2022/0343/Э |
| Дугаар | 2022/ДШМ/51 |
| Огноо | 2022-12-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ДШМ/51
Э.Сувдаад холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, ерөнхий шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч Э.Сувдаа
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/344 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дорнод аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Э.Сувдаад холбогдох эрүүгийн 2221003510347 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Юншээбуу овогт Эрдэнэтуяагийн Сувдаа, Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нярав мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр баг, Нуурын 8-07 тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: *********/ Урьд:
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.
Шүүгдэгч Э.Сувдаа нь Ажиндар ХХК-ний харьяа Толгойт хиамны үйлдвэрт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 70 удаагийн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо болох 8,891,520 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж хувьдаа завшиж иргэн Д.Уранхайчид 8,891,520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Сувдаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Юншээбуу овогт Эрдэнэтуяагийн Сувдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэтуяагийн Сувдааг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сувдаад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Сувдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сувдааг 1 жил 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Сувдаад мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Сувдаагаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 8,891,520 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөр болох 500,000 төгрөгийг нэмж нийт 9,319,520 /есөн сая гурван зуун ерэн нэгэн мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ажиндар ХХК /Д.Уранхайч/-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сувдаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Доржсүрэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Шүүгдэгч Э.Сувдаа нь урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн бөгөөд тэнссэн хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байна.
Шүүгдэгч Э.Сувдаа нь тэнссэн хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан бөгөөд шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар анхаарч үзэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, шүүгдэгч Э.Сувдаа тэнсэн хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байхад ялыг нэмж нэгтгэн дүгнэлт хийж шийдвэрлэхээр байхад хийлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчид ял завшуулсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Сувдаа гаргасан тайлбартаа: “Би хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлснээс болж, өрөө төлөх гэж ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. ... Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго гаргасан тайлбартаа: “Би шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хугацааг андуурч ойлгосноос тайлбараа буруу бичсэн тул энэ тайлбараасаа татгалзаж байна. Прокурорын бичсэн эсэргүүцэлтэй санал нэг байна.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дзгнэлтдээ: “Аймгийн ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ.
2. Шүүгдэгч Э.Сувдаа нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаарт багт үйл ажиллагаа явуулж буй Ажиндар ХХК-ний Толгойт хиамны үйлдвэрт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалт хийсэн бүтээгдэхүүний үнэ болох нийт 8 891 520 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
4. Прокурор эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан бөгөөд шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар анхаарч үзэлгүй, ...шүүгдэгч Э.Сувдаа тэнсэн хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байхад ялыг нэмж нэгтгэхгүйгээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчид ял завшуулсан гэж үзэхээр байна.” гэжээ.
5. Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Сувдаа нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, тэнссэн хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусах байжээ. /хх 79-83/
Шүүгдэгч Э.Сувдаа нь тэнссэн хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаарт багт үйл ажиллагаа явуулдаг Ажиндар ХХК-ний Толгойт хиамны үйлдвэрт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалт хийсэн бүтээгдэхүүний үнэ болох нийт 8 891 520 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан ба шүүгдэгч Э.Сувдаа нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан дээрх зохицуулалтыг хэрэглэлгүй, хууль хэрэглээний алдаа гаргажээ. Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж тус шүүхээс үзэв.
8. Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээгүй болсон хэдий ч тус хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/344 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
З.ЭНХЦЭЦЭГ