Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 116/ШШ2025/0042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Гомдол гаргагч: “Бичигт смарт терминал” ХХК, /РД: 7024129[1]/

Хариуцагч: Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Баярмаад холбогдуулан гаргасан,

Гомдлын шаардлага: “Улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №0048903 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, хариуцагч Г.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Гомдол гаргагч нь “Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Баярмаагийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0048903 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан.

1.2. Хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №0048903 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар[2] “... “Улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан” гэж үзэж, “Бичигт смарт терминал” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.2-т заасны дагуу 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулж, хохирол нөхөн төлбөрт 48,444,970,177 /дөчин найман тэрбум, дөрвөн зуун дөчин дөрвөн сая, есөн зуун далан мянга, нэг зуун далан долоо/ төгрөг, шинжилгээний зардалд 5,000,000 төгрөгийг тус тус зөрчил үйлдэгчээс гаргуулж, зөрчил үйлдэж олсон эд зүйл 2279 тонн өвсийг улсын орлого болгохоор” тус тус шийдвэрлэсэн байна.

Хоёр. Процессын түүх:

2.1. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор “...“Бичигт смарт терминал” ХХК-ийн “Улсын тусгай хэрэгцээний газар буюу Дорнод аймгийн Матад сумын хил орчмын нутаг дэвсгэр, Дорнод Монголын Дархан цаазат газарт 22 гэр барьж, хадлан бэлтгэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгалийн хадлан бэлтгэсэн үйлдэл /эс үйлдэхүй/”-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.2-т зааснаар зөрчлийн хэрэг нээж[3], холбогдогчоос мэдүүлэгч авч[4], холбогдох баримтуудыг цуглуулан[5], үзлэг хийх[6], шинжээч томилж, дүгнэлт гаргуулах[7] зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэн, Зөрчилд шийтгэл ногдуулах тухай “Шийтгэлийн хуудас”-ыг үйлдсэн байна.

Гурав. Гомдлын үндэслэл:

3.1. Гомдол гаргагч “Бичигт смарт терминал” ХХК-аас шүүхэд ирүүлсэн гомдолдоо “...Манай компани Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Дорнод хамгаалалтын захиргаа болон Хил хамгаалах газрын Хилийн цэргийн 0146 дугаар ангитай хамтран Дорнод Монголын Дархан цаазат газар, хилийн бүсэд түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай 01 тоот гэрээг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан. Уг гэрээ нь Монгол Улсын болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн дэглэмийн тухай гэрээний дагуу хилийн зурвас газарт хил дамнасан тал хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд байгуулагдсан. Манай компани гэрээний дагуу ажлаа эхлүүлэн ажиллаж байх явцад Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Баярмаа гомдлын дагуу хяналт шалгалт хийж 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр улсын тусгай хэрэгцээний газар ашигласан, дур мэдэн үйл ажиллагаа явуулж гэх үндэслэлээр “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийг шинжээчээр томилон ажиллуулж, улмаар 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дэх зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэлийн хуудас бичсэн. Улсын ахлах байцаагч нь хяналт шалгалтыг зохион байгуулахдаа манай компанийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Дорнод хамгаалалтын захиргаа болон Хил хамгаалах газрын Хилийн цэргийн 0146 дугаар ангитай хамтран байгуулсан захиргааны гэрээний талаар ямар нэгэн эрх зүйн үнэлэлт өгөлгүйгээр зөвшөөрөлгүй газар ашиглаж хадлан бэлтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юмаа.

Иймээс Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Баярмаагийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0048903 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамираас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Бичигт смарт терминал” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Дорнод хамгаалалтын захиргаа болон Хил хамгаалах газрын Хилийн цэргийн 0146 дугаар ангитай хамтран Дорнод Монголын Дархан цаазат газар, хилийн бүсэд түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай 01 тоот гэрээг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан. Уг гэрээний зорилго нь Монгол, Хятад улсын хил орчмын нутаг дэвсгэрт хил дамнасан ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аюулаас хамгаалах зурвас байгуулах зорилготойгоор байгуулсан. Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1730 дугаартай улсын хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгосны дагуу түймрээс сэргийлэх зорилготой хадлан хадсан. Дорнод аймгийн Засаг дарга 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Ажлын хэсгийн удирдамж” баталсан байх бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг төлөөлөл багтсан байдаг. Үүний дагуу Дорнод аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Энххэрлэн 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр хяналт шалгалт “тогтоосон цэгээс бусад газар хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан” гэх үндэслэлээр 01-022-01/724-/25/ дугаартай Зөрчлийн хэрэг нээн шалгаад хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Баярмаа нь “Нуман Алтай” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0048903 тоот шийтгэлийн хуудсыг “Бичигт смарт терминал” ХХК-д холбогдуулан гаргасан. Манай компанийг хадлан хадах зориулалтын газрыг зөвшөөрөлгүй, дур мэдэн ашигласан гэх үндэслэлээр орчны хохирлын нөхөн төлбөрт 48,444,970,177 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. Гэвч уг газрыг нэхэмжлэгч тал дур мэдэн ашиглаагүй бөгөөд гэрээ болон зөвшөөрлийн үндсэн дээр эхэлсэн ажил юм. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Баярмаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Байгаль орчинд учруулсан хохиролд байгаль орчны хяналтын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэсэн заалтыг зөрчиж нөхөн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй юм. Мөн “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюуш нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг шинжээчдийн баг хийнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Тус компани нь Төрийн захиргааны байгууллагатай гэрээ хийж хадлан хадах зөвшөөрөл авсан. Газар дээр нь ажилласан ажилчдын цалин хөлсийг төлсөн, техник төхөөрөмж гээд компанид нэлээд үлэмж хэмжээний хохирол учирсан нөхцөл байдал хүнд байгаа. Мөн 48 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлөх боломжгүй байгаад байна. Тус компани 2279 тонн өвсийг хадаад хилээр авч гараагүй тухайн газарт нь үлдээсэн байдаг. Түүнчлэн тухайн компани нь төлбөрийг төлөхөөс гадна эдийн засгийн хувьд ажиллах хүчин оруулж ирсэн, хадлан хадах зөвшөөрөл авсан, тоног төхөөрөмж оруулсан, ажилчдыг хэсэг хугацаанд ажиллуулсан энэ хэмжээний санхүүгийн хохирол давхар учирсан байгааг хэлэх нь зүйтэй гэв.

Дөрөв. Хариуцагчийн тайлбар:

4.1. Хариуцагч Г.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1 дүгээр зүйлд заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалтгалтыг Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр баталсан удирдамжаар Матад сумын хил орчмын нутаг дэвсгэр, Дорнод Монголын Дархан цаазат газарт хадлан хадаж байгаа үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай, Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан норм, норматив, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан ажлын хэсэг, Матад сумын ажлын хэсэг, иргэдийн хамт хамтарсан хяналт шалгалтыг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрүүдэд газар дээр нь хяналт шалгалтыг хийсэн.

Шалгалтаар дараах зөвшөөрөл болон хүчингүй болгосон мэдэгдлүүд байсан. Үүнд: 1. Дорнод Монголын Дархан цаазат газар, хилийн бүсэд түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэрээг,  .... Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга Х.Дашдорж, Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Батзолбоо, “Бичигт смарт терминал” ХХК-ийн захирал Б.Одхүү нар харилцан тохиролцож 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №01 дугаартай Мал, аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд цаг агаарын болзошгүй хүндрэлтэй нөхцөлд ашиглах, цагаан зээрэнд биотехникийн арга хэмжээ авах шаардлагатай өвсний нөөц бүрдүүлэх зорилгоор Дорнод Монголын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 10000 га талбайг 2025 оны 08 дугаар сарын 29-өөс эхлүүлэн 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгаж, хутга зогсоож, талбайг цэвэрлэнэ гэсэн гэрээг байгуулсан байна. 2. Хил хамгаалах ерөнхий газар 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр №1730 дугаартай “Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл”-ийг Монгол Улсын Хилийн тухай хуулийн 25, 26, 30 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.4, 10.5 дахь хэсэг, Дорнод Монголын дархан цаазат газартай байгуулсан 2025 оны гэрээг үндэслэн олгосон. Тус зөвшөөрөлд 07 дугаар сарын 18-аас 11 дүгээр сарын 15-ыг хүртэлх 116 хоногийн хугацаанд хадлан бэлтгэх зорилгоор улсын хилийн зурвас, бүсэд зөвхөн хилийн цэргийн 0146 дугаар ангиас тогтоон өгөх хэсэгт түр нэвтрэхийг бүртгэж, Хавсралтаар ажилчдын жагсаалтаар 11 ажилтан /Монгол 3, Хятад 8/, 15 тээврийн хэрэгсэл, 38 трактор, хадлан бэлтгэх тоног төхөөрөмжийн жагсаалтыг хавсаргасан байна. 3.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар анги нь Хил хамгаалах ерөнхий газар 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр №1730 дугаартай “Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл”, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 25, 26, 30 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.4, 10.5 дахь хэсэг, Дорнод Монголын дархан цаазат газартай байгуулсан 2025 оны гэрээг тус тус үндэслэн Монгол Улсын 73, БНХАУ-ын 8 нийт 81 хүн, 74 тээврийн хэрэгсэлтэйгээр Дорнод аймгийн Матад сумын нутагт 2025 оны 07 дугаар сарын 18-аас 10 дугаар сарын 15-ыг хүртэлх 90 хоног хадлан бэлтгүүлэхээр 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 98 дугаартай “Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл” олгосон байна. 4. Хил хамгаалах Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2/1411 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “Бичигт смарт терминал” ХХК Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-ийг зөрчиж хадлан бэлтгэсэн тул 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс улсын хилийн зурвас, бүсэд түр нэвтрэх зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. 5. Дорнод аймаг Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 84 тоот албан бичгээр 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №01 дугаартай гэрээг Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд цаг агаарын болзошгүй хүндрэлтэй нөхцөлд ашиглах, цагаан зээрэнд биотехникийн арга хэмжээ авах шаардлагатай өвсний нөөц бүрдүүлэх зорилгоор Дорнод Монголын ДЦГ-ын хязгаарлалтын бүсэд 10000 га талбайг 2025 оны 08 дугаар сарын 29-өөс эхлүүлэн 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгохоор заасан. Гэвч хадлан бэлтгэх хугацаа эхлэх болоогүй, эргэлтийн цэг, координатыг тогтоож тэмдэгжүүлэх, хадлангийн талбайн зураглалыг гаргаж өгөөгүй байхад хадлангийн ажлыг эхлүүлж гэрээг зөрчсөн тул тус гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн байна. Холбогдох гэрээ, байгуулсан эрх бүхий хуулийн этгээдийн зөвшөөрөл, мэдэгдлээс үзэхэд хяналт шалгалт хийхээс өмнө газар ашиглах гэрээ хүчингүй болсон байсан.

Шалгалтаар дараахь нөхцөл байдал тогтоогдсон болно. Үүнд:

Шалгалтын хэмжилтээр “Бичигт Смарт терминал” ХХК нь Матад сумын хил орчмын нутаг дэвсгэр, Дорнод Монголын Дархан цаазат газарт 22 гэр барьж, 2426 га /хамгаалалтын бүсэд 1110.08 га, хягаарлалтын бүсэд 1316.16 га/ газарт хадлан бэлтгэх хугацаа болоогүй байхад байгалийн хадлан бэлтгэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.12, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1.1, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим”-ын 13.в-д /улсын хилийн дагуу орших дархан цаазат газарт хил залгаа гадаад улсаас мал отроор оруулах, гадаадын аж ахйн нэгж, байгууллага, иргэнээр өвс хадлан, давс хужир бэлтгүүлэх, ан амьтанд зохиомолоор мараа бэлтгэх, байшин барилга барих:/ хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн зөрчлийг илрүүлсэн.

“Бичигт смарт терминал” ХХК-ийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчлийг арилгуулах тухай Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 35-22-01/027/37 дугаартай албан шаардлагыг гарган Матад сумын Засаг даргад хүргүүлж, Матад сумын Засаг даргын 2025 оны А/96, А/97 дугаартай газрыг албадан чөлөөлөх тухай захирамжийг гаргуулсан. Засаг даргын шийдвэрийн дагуу 22 гэрийг буулгаж ачуулан, хэвийн ажиллагаатай байгаа 74 тракторыг Матад сум руу цуваагаар хөдөлгөж 130 км туулах замд 20 тээврийн хэрэгсэл замд эвдэрч, 54 тракторыг Матад сумын Цэцэрлэгт хүрээлэнгийн хашаатай талбайд оруулан битүүмжлэх үйл ажиллагааг хийсэн.

Мөн зөвшөөрөлгүй газар ашиглаж 2426 га талбайд байгалийн хадлан бэлтгэх зорилгоор өвс хадаж унагаасан өвсийг баглаж боогоогүй, преслээгүйгээс хэмжээг тогтоох боломжгүй байсан тул газар дээр нь тогтоох шаардлага үүссэн тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Байгаль орчинд учруулсан хохирол болох ургамалд учруулсан хохирол, газар учруулсан хохирлыг ... байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3-т “Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно” гэж заасныг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны тогтоол ЗХБ-49 “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай”-ыг үйлдэн байгаль орчны үнэлгээ хийх зөвшөөрөлтэй “Нуман-Алтай” ХХК-ийг шинжээчээр томилон дараах асуултуудыг тодруулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК 13/074 дугаартай Шинжээчийн дүгнэлт манай байгууллагад 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталгаажиж ирсэн. Тус дүгнэлтээр Улсын тусгай хамгаалалттай газар, улсын хилийн зурвас газар, дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон хамгаалалтын бүсэд дур мэдэн үйл ажиллагаа явуулсан байна.

Хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2025 оны А/31, А/37 дугаартай тушаалаар батлагдсан аргачлал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг үндэслэн хохирлыг 3 дахин нэмэгдүүлж тооцоход газрын хохирлын нөхөн төлбөр нь 9,428,710,527 төгрөг, 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг 5 дахин нэмэгдүүлж тооцоход ургамлын хохирлын нөхөн төлбөр 39,016,259,650 төгрөг болж байна. Тус талбайн эдэлбэр газарт 3,142,903,509 төгрөг, ургамлын нөмрөгт 10,946,155,439 төгрөгийн хохирол учирсан байна. Хадагдсан өвсний хэмжээ нь 22788 центр буюу 2279 тн гэж тогтоогдсон.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг “Бичигт смарт терминал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Галцацрахад 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэж, хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийн дагуу цахим хэлбэрээр буюу [email protected] хаяг болон 88113388 дугаартай viber чатаар тус тус хүргүүлсэн. Шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл хуулийн хугацаанд хүсэлт гаргах эрхтэйг мөн танилцсан. Гэвч тус хуулийн хугацаанд ямар нэгэн санал хүсэлтийг манай байгууллагад гаргаагүй болно.

“Бичигт смарт терминал” ХХК 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/19 тоот албан бичгээр хууль ёсны төлөөлөгчийг солих хүсэлтийг манай байгууллагад гаргасан. Уг албан хүсэлтэд тус компанийн захирал эрүүл мэндийн асуудлаас улбаатай хагалгаанд орж эмнэлгийн хяналтад байгаа тул хууль ёсны төлөөлөгчийг солих талаар хүсэлт ирүүлсэн. Манай байгууллагаас 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЗХБ-42 “Хүсэлтийг хангахаас татгалзах” тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолыг гаргаж хүргүүлсэн. “Бичигт смарт терминал” ХХК 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 019 тоот албан бичгээр хууль ёсны төлөөлөгчийг солих хүсэлтийг Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан. Уг албан хүсэлтийг бүрэн хангах тухай Дорнод аймгийн Прокурорын газар, Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 64 дугаартай тогтоолыг гаргаж, “Бичигт смарт терминал” ХХК-ийн “...хууль ёсны төлөөлөгч С.Галцацрахыг өөрчилж, Цэндэм овогтой Батхүүг томилж өгнө үү...” гэсэн хүсэлтийг бүрэн хангасан болно. Тус тогтоолыг үндэслэн Цэндэм овогтой Батхүүг хууль ёсны төлөөлөгчөөр томилон холбогдогчийн мэдүүлэг авч, зөрчлийн хэргийн материалыг танилцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хуульд заасан хугацаанд дахин шинжилгээ хийлгэх боломжтой байсан боловч хуулийн хугацаанд хүсэлтийг гаргаагүйгээс дахин шинжилгээг хийх боломжгүйг тайлбарлан, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хохирол, нөхөн төлбөр оногдуулж байгааг тайлбарлаж өгсөн.

Иймд шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүхээс гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Гомдлын үндэслэлт байдал:      

2.1. Гомдол гаргагчаас, Дорнод Монголын дархан цаазат газар, хилийн бүсэд “дур мэдэн” нэвтрээгүй, Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Дорнод хамгаалалтын захиргаа болон Хилийн цэргийн 0146 дугаар ангитай байгуулсан гэрээний дагуу, эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр нэвтэрч үйл ажиллагаа явуулсан тул зөрчлийн шинжгүй, шинжээч зөрчлийг тогтоосон нь үндэслэлгүй, газар, геодези зураг зүйн улсын байцаагчид байгаль орчны хохирлын нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй зэргээр гомдлын шаардлагын үндэслэлээ тодорхойлдог.

2.2. Хариуцагчаас, Зөрчил үйлдсэнийг тогтоосон бөгөөд газар, геодези зураг зүйн улсын байцаагчид хуулиар эрх хэмжээ олгогдсон, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шинжээч томилж хохирлын үнэлгээг тогтоолгосон, гомдол гаргагчаас гэрээ байгуулсан хэдий ч уг гэрээнд зааснаар “хадлан бэлтгэх хугацаа нь 2025 оны 08 дугаар сарын 29-нөөс эхлүүлж, 11 дүгээр сарын 15-ны дуусгаж, хутга зогсоож, талбайг цэвэрлэх” заалтыг зөрчсөн гэж татгалзлаа тайлбарладаг.

2.3. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.2-т “Хуульд заасныг зөрчиж улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Дээрх хэм хэмжээний хувьд, хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн байх, улсын тусгай хэрэгцээний газарт үйл ажиллагаа явуулсан байх, дээрх үйл ажиллагааг “дур мэдэн” явуулсан байх урьдчилсан нөхцлийг агуулж байна.

2.4. Газрын тухай хуулийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна: 16.1.1. улсын тусгай хамгаалалттай газар” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна: 1/дархан цаазат газар гэж тус тус заасан.

Гомдол гаргагч нь, “Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг, хил орчмын нутаг дэвсгэр, Дорнод Монголын Дархан цаазат газар”-т нэвтрэн орж, хадлан бэлтгэсэн нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогддог, энэхүү үйл ажиллагаа явуулсан нутаг дэвсгэрийн хувьд “улсын тусгай хэрэгцээний газар”-т хамаарч байгаа, энэ талаар талууд маргадаггүй.

2.5. Харин гомдол гаргагчаас, “Дур мэдэн” үйл ажиллагаа явуулаагүй, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, гэрээгээр нэвтрэн үйл ажиллагаа явуулсан гэж маргаж байгаа тул шүүхээс “хуульд заасныг зөрчиж, дур мэдэн” үйл ажиллагаа явуулсан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөхөөр байна.

2.5.1. Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга Х.Дашдорж, Хил хамгаалах ерөнхий газар Хилийн цэргийн 0146 дугаар ангийн захирагч Ж.Батзолбоо, “Бичигт смарт терминал” ХХК-ийн захирал Б.Одхүү нар харилцан тохиролцож, “Дорнод Монголын Дархан цаазат газар, хилийн бүсэд түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэрээ”-г 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээний 7.1-д “Хадланг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгаж, хутга зогсоож, талбайг цэвэрлэнэ” гэж заасан байна.

Гомдол гаргагчаас дээрх гэрээний дагуу нэвтэрч, үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчаас дээрх гэрээний хугацааг зөрчсөн тул зөрчил үйлдсэн гэж маргасан.

2.5.2. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д “Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасан бөгөөд энэхүү зохицуулалт нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухайд хамаарахгүй тул нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг баримтлах нь зүйтэй.

2.5.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 291 дүгээр зүйлд “Сум, дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 2/ байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон үед дархан цаазат, байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц болон дурсгалт газар, тэдгээрийн орчны бүсэд хамгаалалтын дэглэм, горим, бэлчээрийн нөөц, даацад нийцүүлэн мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх ажлыг гэрээний үндсэн дээр харьяалах хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулах” гэж зааснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх ажлыг сум, дүүргийн Засаг дарга зохион байгуулах, энэ нь байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон үед хэрэгжүүлэхээр тусгайлан зохицуулжээ.

Энэ тохиолдолд, тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу, байгаль цаг уурын хүндрэл тохиолдсон үйл баримт тогтоогдоогүй бөгөөд дээрх үндэслэлээр хадлан бэлтгэх гэрээг сумын Засаг даргатай байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.5.4. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах үндэслэл, журмын тухайд: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.12-т  “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох” гэж заасан.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно” гээд, 1.18-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг “тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” олгохоор, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “…8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох”-оор зохицуулсан.

Дээрх 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Дорнод Монголын Дархан цаазат газар, хилийн бүсэд түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэрээ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар сонгон шалгаруулалтын журмаар газар ашиглах эрх олгох зохицуулалтад нийцээгүй бөгөөд газар ашиглах, хадлан бэлтгэх эрхийг хуулийн дагуу үүсгээгүй байна.

Иймд, гомдол гаргагчийн тайлбарлаж буй “гэрээ байгуулсан”, “нэвтрэх зөвшөөрөл олгосон” үйл баримтаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, хадлан бэлтгэсэн үйл ажиллагааг зөвтгөхгүй бөгөөд нарийвчлан зохицуулсан дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзнэ.

2.6. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, “байгаль орчинд учруулсан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулах ёстой” гэж тайлбарлан маргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяаллыг хуульчилсан бөгөөд 1.8 дугаар зүйлийн 6-д Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ, 6.40-д “газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйл, 7.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 8.1, 8.2, 10.14, 10.25, 10.27. 10.29, 11.2, 12.2, 12.3, 12.7 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил” гэж заасны дотор Зөрчлийн тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасан зөрчил хамаарч байгаа тул харъяаллын хувьд газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч дээрх зөрчлийг шалган шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

2.7. Гомдол гаргагч талаас, “Байгаль орчны үнэлгээ хийсэн шинжээч зөрчлийг тогтоосон”, “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Хүрээлэн байгаа орын хохирлын үнэлгээг шинжээчдийн баг хийнэ” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарладаг.

2.7.1. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай” тогтоолоор[8] Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлд заасны дагуу “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийг шинжээчээр томилж, “Нуман-Алтай” ХХК-аас “Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах 6 дугаар багийн улсын хил орчмын нутаг, Дорнод Монголын дархан цаазат газарт эвдэж орхисон 1899 га талбайн хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээ”-г гаргаж ирүүлсэн бөгөөд[9], үнэлгээний нэгдсэн дүгнэлтээр “Хохирлын нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг үндэслэн хохирлыг 3 дахин нэмэгдүүлж тооцоход газрын хохирлын нөхөн төлбөр нь 9,428,710,527 төгрөг, 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн хохирлыг 5 дахин нэмэгдүүлж тооцоход ургамлын хохирлын нөхөн төлбөр нь 39,016,259,650 төгрөг болж байна”[10] гэж ирүүлсэн байна.

2.7.2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар, эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна” гэж заасанд нийцсэн бөгөөд “Нуман Алтай” ХХК-ийн “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх” эрхийн гэрчилгээ, сунгалтын хамт[11] хэрэгт авагдсан байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3-т “Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно” гэж заасанд нийцсэн бөгөөд үнэлгээгээр хохирлын дүнг тогтоож, түүнийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулсан байх тул шинжээч зөрчлийг тогтоосон байна гэж дүгнэх боломжгүй.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5-д “Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно”, 4.11 дүгээр зүйлийн 6-д “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

3. Дээрх үндэслэлүүдээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.2-т заасныг баримтлан, “Бичигт смарт терминал” ХХК-ийн Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №0048903 тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, гомдол гаргагч “Бичигт смарт терминал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        В.ДАВААНЯМ

 

[1] Хэргийн 4 дүгээр хуудас

[2] Хэргийн 9, 106 дугаар хуудас

[3] Хэргийн 40 дүгээр хуудас

[4] Хэргийн 102-103 дугаар хуудас

[5] Хэргийн 40-44, 54-79, 91-101, 105, 109-119 дүгээр хуудас

[6] Хэргийн 45-53 хуудас

[7] Хэргийн 79-90 дүгээр хуудас

[8] Хэргийн 79 дүгээр хуудас

[9] Хэргийн 81-86 дугаар хуудас

[10] Хэргийн 86 дугаар хуудас

[11] Хэргийн 87-88 дугаар хуудас