| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00398/И |
| Дугаар | 311/ШШ2025/00415 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 311/ШШ2025/00415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ........тоотод оршин суух хаягтай, *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Д.******* нь 1963 онд төрсөн. 1983 оноос Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинист, 1986-1988 онд хугацаат цэргийн алба хааж, 1988-1990 онд нийтийн аж ахуйн үнэлгээний газарт машинистаар тус тус ажиллаж байгаад энэ жил тэтгэвэр тогтоолгох хугацаа болсон боловч 1988 онд нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд машинистаар орсон тушаал архивт байхгүй байгаа тул 1988 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 04 сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн нийтийн аж ахуйн үнэлгээний газарт орж машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..... миний бие Улаанбаатар хотын 3-р эмнэлэгт Бөөрний архаг дутагдал гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байгаа учир намайг байхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт халаалтын зуухны машинистаар ажиллаж байсан болох нь түүний 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймаг Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 108 дугаартай Ажлаас чөлөөлж, өөр байгууллагад шилжүүлэх тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т Улиастай, Нийтийн аж ахуй үйлчилгээ, машинист, 1988 он гэх хэсэг,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Д.*******ы өгсөн мэдүүлгийн: ...******* бид нар 1984 онд Завхан аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний халаалтын зуухны машинистаар ажиллаж айсан. Тэгээд 1986онд бид хоёр хамт цэрэгт татагдаж, 1988 онд халагдаж ирээд мөн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт машинистаар эргэж орж ажилласан. Тэгээд би 1988 оны хавар ажлаасаа гарч барилга дээр ажилласан. ******* ажиллаад үлдсэн. ... улирлын чанартай боловч зүгээр суудаггүй байсан. ...их цэвэрлэгээ, хашаа хороогоо янзлах, нүүрсээ татах зэрэг ажлууд хажуугаар нь хийдэг байсан. ...тухайн үед НАААҮУГ-ын дарга Чулуунбаатар байсан, зуухны механик Жамбалдорж гэн хүн байсан. ... гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Д.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ........1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт халаалтын зуухны машинистаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ