Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 311/ШШ2025/00388

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Завхан аймгийн *******аагийн газрын хүсэлттэй,

........ийг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Алтан гадас одонт *******аагийн газраас А.*******г архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: А.*******гийн төрсөн эгч нь *******аагийн байгууллагад 2-3 удаа биеэр ирж уулзан, манай дүү ээжтэй хамт байдаг байсан, ээж нь өнгөрсөн ганцаараа болчихлоо. Ганцаараа архи дарс уугаад байна, өвөл энэ тэнд хөлдөөд үхэх эрсдэлтэй, тийм учраас энэ хүнийг архинаас гаргамаар байна гэсэн хүсэлтийн дагуу *******аагийн байгууллага хүсэлтийг хүлээн авч холбогдох материалыг бүрдүүлсэн. Мөн миний тухайд Улиастай сумын Жинст багийг хариуцсан хэсгийн байцаагч бөгөөд ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хүмүүсийг доромжлох, хэрүүл хийх зэрэг дуудлага байнга ирдэг. Тиймээс миний зүгээс мөн А.*******г албадан эмчилгээнд явуулж, архи согтууруулах ундаанаас гаргая. Энэ хүнийг нэгт архи, согтууруулах ундаанаас гаргаснаар цаашид өөрийн амь насаа эрсдэхээс урьдчилан сэргийлэх, хоёрт өргөдөл гаргаад байгаа эгчтэй нь ярилцаж албадан эмчилгээнд явуулах гэсэн дүгнэлтэд хүрч, холбогдох материалыг бүрдүүлсэн гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архи байнга хэрэглээд байдаггүй, хаяа хэрэглэдэг нь үнэн. Гэхдээ би агсам согтуу тавиад байдаггүй, миний эгч худлаа хэлэх хүн биш, намайг албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаагүй, би эгчийгээ энэ хуралдаанд оролцуулж байж хурлыг хийх хүсэлтэй байна. Би эмчилгээнд явах шаардлагагүй, эмчилгээ хийлгэмээргүй байна гэв.

Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Завхан аймгийн *******аагийн газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 41г/2125 албан бичгээр И.*******т олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******аагийн байгууллагын цахим сангийн мэдээлэл, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийг ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн *******аагийн газраас гаргасан А.*******г архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: А.******* нь согтуурах, мансуурах донтой болох нь эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Согтуурсан үедээ бусдад аюул учруулах эрсдэлтэй тул архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.******* нь шүүх хуралдаанд албадан эмчилгээ хийлгэхээс татгалзсан тайлбар гаргасан.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргах журмыг тодорхойлсон бөгөөд хүсэлтийг өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч, сум, хорооны нийгмийн ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн тус тус нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад гаргахаар зохицуулсан.

А.*******г албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг *******аагийн байгууллагад түүний төрсан эгч болох А.******* гаргасан байх ба Завхан аймгийн *******аагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч И.******* холбогдох ажиллагааг явуулсан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

А.******* нь архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг нь алдагдуулдаг, согтуурсан мансуурсны улмаас бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь Завхан аймгийн *******аагийн газрын хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, *******аагийн байгууллагын цахим сангийн мэдээллээр тогтоогдож байна.

Түүнчлэн А.******* нь согтуурах, мансуурах донтой, эрүүл мэндийн хувьд албадан эмчилгээнд хамрагдах боломжтой болох нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр нотлогдож байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.******* нь архинд донтох эмгэгтэй болох нь согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд согтуурсан үедээ бусдад аюул учруулах эрсдэлтэй, архинаас гарах эмчилгээг сайн дураараа хийлгэж байгаагүй, сайн дураар эмчилгээнд хамрагдах тухай хүсэлтийг *******аагийн байгууллагад гаргасан баримтгүй байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах тухай Завхан аймгийн *******аагийн газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг баримтлан .... архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлээх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар ....... албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

3. Албадан эмчлүүлэх шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд А.*******г *******аагийн байгууллага саатуулж болохыг дурдсугай.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

6. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ........... архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын Нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг *******аагийн байгууллагад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч болон гуравдагч этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ