| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0065/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/085 |
| Огноо | 2018-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Улсын яллагч: Д.Цогжавхлан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийг тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1814000750061 тоот хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 34а-15 тоотод иргэн *******ы толгойн тус газар нь аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 16 цагийн үед эхнэрийнхээ хамт зах дээр цагаан сарын эд зүйлс цуглуулж байхад хадам ах ******* утсаар залгаад өчигдөр юм уусан шар тайлаад өг гэсэн. Тэгэхээр нь за тэгвэл зах дээр хүрээд ир гэхэд ******* ганцаараа ирж эхнэр бид 3 хамт ******* тоотод байх манайд очиж 0,5 литрийн Ерөөл архийг хувааж ууссан. Тэгээд *******ы гэрт очиж 1 шил 0,5 литрийн Ерөел архи уусан, миний согтолт гайгүй байсан, Харин ******* нилээн согтсон нэг юмаа 2-3 удаа давтаж яриад байсан. Тэгээд намайг хүүхэд дуудаж хэрэгт хийлээ гээд танай манай гээд хэрэлдэж эхэлсэн. Тэгэхээр нь би ямар дуудсан биш надад хамаагүй гээд уур хүрээд архи ууж байсан аяга шийдэж толгойн орой хэсэгт нь онож аяга хагарсан. Тэр аяга хундаганаас арай том байсан. Би бусдын бие хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/
Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зах дээр явж байгаад хүргэн *******тай таарсан.Тэгээд 5 дугаар багт байх тэднийд очоод хоёулаа 1 шил архи хувааж ууссан. Тэгээд тэндээсээ гараад манайд ирээд дахин 1 шил архи хувааж уусан. Манайд ирэхэд миний эхнэр Б болон хүүхдүүд байсан. Манайд бид хоёр 1 шил архи хувааж уугаад нилээн согтсон байсан. *******ы гэрт очиж архи уухад маргаан болоогүй, харин манайд ирж архи ууж байснаа мэдэж байгаа. Би тасарсан байсан ба сэрэхэд эмнэлэгт байсан бөгөөд миний толгойг ороосон, толгойгоо хагалуулсан байсан. *******ыг харин цагдаа аваад явсан. ******* ******* чам руу аяга аваад шидсэн гэж байсан. Би юунаас болсон талаараа асуухад сүртэй зүйл болж зодоон болоогүй гэсэн. Миний толгой гайгүй болсон, надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шамтанд өгсөн
... тэр өдөр манай нөхөр ******* 12 цагийн үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд гараад явсан. Орой нь 17 цагийн үед согтуу хүүхдээ аваад *******тай 1 шил архи барьсан орж ирсэн. Тэгээд тэр 2 архиа манайд хувааж уугаад ******* их согтсон байсан. Юм ярьж сууж байснаа хоорондоо хэрэлдээд ******* цай ууж байсан аягаа ******* руу шидэж толгойг нь хагалсан их цус гарсан. Тэгээд би цагдаа дуудсан. Толгойд нь 4 оёо тавьсан,2.5 см хагарсан байна гэсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаар
1. *******ы биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үусгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Иргэн ******* биед 2018.02.08-ны өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг үгүй байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 46-47/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 53-53/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлзургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 13-18/, шүүгдэгч *******ы хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018.03.16-ны өдрийн 468 тоот тодорхойлолт /хх-ийн 69/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63/, шүүгдэгч *******ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 34а-15 тоотод иргэн *******ы толгойн тус газар нь аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******ы ... архи ууж байсан аяга шийдэж толгойн орой хэсэгт нь онож аяга хагарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/
хохирогч *******ы ... би тасарсан байсан ба сэрэхэд эмнэлэгт байсан бөгөөд миний толгойг ороосон, толгойгоо хагалуулсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/
гэрч *******гийн ... ******* их согтсон юм ярьж сууж байснаа хоорондоо хэрэлдээд ******* цай ууж байсан аягаа ******* руу шидэж толгойг нь хагалсан их цус гарсан, толгойд 4 оёо тавьсан, 2.5 см хагарсан байна гэсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаар: “...*******ы биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо, ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 46-47/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “ гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “ Эрүүгийн харицлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн авах боломжгүй байна. Шүүхээс үззгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж, Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийын 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө / шүүхийн хэлэлцүүлэгт... 100 гаруй бог малтай гэж мэдүүлсэн боловч өөрийн нэр дээр бүртүүлсэн талаар холбогдох баримт, А данс хэрэгт авагдаагүй/ , мөн хууль ёсны гэх аливаа эрхүүд бүртгэгдээгүй бөгөөд түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжгүй гэж үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, түүний эзэмшлийн хөлдөөгчийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д..Э нь хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн1.8-д зааснаар шүүгдэгч *******ы эзэмшлийн... хөлдөөгч...ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийн хэрэгцээний дагуу эд зүйлийг эзэмшигч *******д буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА