| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 2415000000006 |
| Дугаар | 2024/ДШМ/17 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ДШМ/17
Н.Доржид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Гантулга,
Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэлийн даргалж хийсэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/87 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Н.Доржид холбогдох эрүүгийн 2415000000006 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн Намжимийн Дорж.
Н.Дорж нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хорооллын дундах засмал замд 10-13 БУН улсын дугаартай Ниссан Адван /Nissan Advan-V12/ загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтыг зөрчиж жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоогоогүйн улмаас явган зорчигч Л.Эрдэнэчимэгийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч Л.Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намжимын Доржид холбогдох эрүүгийн 2415000000006 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Булган аймгийн прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Доржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,
Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор М.Сайнзаяагийн шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга тайлбартаа: Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа нь Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/87 дугаартай шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч дараах эсэргүүцлийн гаргаж байна.
Н.Дорж нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хорооллын дундах засмал замд 10-13 БУН улсын дугаартай Ниссан Адван /Nissan Advan-V12/ загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтыг зөрчиж жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоогүйн улмаас явган зорчигч Л.Эрдэнэчимэгийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч Л.Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Аймгийн Прокурорын газраас эрүүгийн 2415000000006 дугаартай хэрэгт Н.Доржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 07 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нотолбол зохих мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгүүлэх зэрэг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зарчимд нийцээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэн шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлд “Явган зорчигчийн үүрэг” гэж нийтлэг үүргийг зохицуулсан.
Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаар явган зорчигч Л.Эрдэнэчимэг нь мөн дүрмийн 5.12 дугаар зүйлд “Явган зорчигчид хориглосон” заалтуудыг зөрчсөн болох нь нотлогдоогүй байхад шалгаж тогтоо гэж буцаасан нь үндэслэлгүй.
Учир нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хохирогч Л.Эрдэнэчимэгийн “Би дээрээс доошоо уруудаад асфальтан замын баруун зах орчмоор явж байсан. Тухайн замын хажуугаар явган хүний зам гээд байх юм байдаггүй тул асфальтан замаа захлаад алхаж явсан. Би урагшаа хараад уруудаад явж байхад миний ард талаас ирээд шууд мөргөчихсөн.” гэх /хх-н 7-9/
гэрч Д.Батболдын “Тухайн зам нь баруун талаараа замын хөвөө хэсэг нь маш нарийхан тул өвлийн цагт цастай, хажуу талаараа жалга хэсэгтэй тул явган зорчигч явах боломж хомс байдаг. Тийм учир хүмүүс ихэнхдээ замын зүүн талаар буюу явган зорчигчийн замтай хэсгээр явдаг. Эсвэл баруун талаар нь явахаар бол асфальтан зам дээгүүр явахаас өөр аргагүй байдаг.” гэх мэдүүлэг зэргээр хохирогч Л.Эрдэнэчимэг нь хөдөлгөөнд санаатай саад хийх үйлдэл гаргаагүй, араас машин ирж байгааг мэдээгүй явж байхад жолооч Н.Дорж өөрийн болгоомжгүй байдлаас ЗДХ-ийн 18.3 дахь заалтыг зөрчиж хохирогчийн араас мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.
Уг зам тээврийн осол болсон газар нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хорооллын дундах засмал зам дээр үйлдэгдсэн ба Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1 дүгээр зүйлд “Хорооллын доторх хөдөлгөөн”-ийг зохицуулахдаа 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэж заасан нь илүү нарийвчилсан зохицуулалт бөгөөд явган зорчигч Л.Эрдэнэчимэг нь тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийсэн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж хохирогч Л.Эрдэнэчимэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 гэх үүргийг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.11-д "давуу эрх" гэдгийг бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг гэж тодорхойлсон бөгөөд хорооллын доторх замын хөдөлгөөнд оролцох явган зорчигчийн хувьд зам хөндлөн гарах бол урьтаж хөдөлгөөнийг хийх, эсхүл замын зорчих хэсгийг чөлөөлж тээврийн хэрэгслийг хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрч зам тавьж өгөх зэргээр хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг томьёолон зохицуулсан ойлголт юм.
Өөрөөр хэлбэл явган зорчигч Л.Эрдэнэчимэг нь осол болсон гэх замд явганаар зорчихдоо хөдөлгөөнөө тээврийн хэрэгсэл ирэхээс өмнө урьтаж хийж замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийж давуу эрхтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байсан гэж үзэхээр байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зам тээврийн ослын шалтгааныг тогтоох зорилгоор жолооч Н.Доржоос 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр авсан мэдүүлгийн тэмдэглэлд “Би 2023 оны 12 дугаар сарын 12-ний өдөр 18 цаг 20 минутын үед өөрийн ач охин болох М.Шижиртуяа гэх хүүхдийг авахаар Эрдмийн өргөө цогцолбор сургууль явж байсан тэгээд хуучин 3-а хэсэг, 6-в хэсгийн голын замаар буюу Миний голомт хүнсний дэлгүүрээс дээш өгсдөг зам гэсэн үг түүний 6 дугаар гудмын багцаа доош уруудаад явж байхад урдаас хоёр, гурав авто машин гэрэл шилжүүлээгүй ирсэн би гэрлээрээ дохиод л байсан боловч гэрэл шилжүүлээгүй гялбаад байсан юм. Тэгээд тухайн тээврийн хэрэгслүүдийг өнгөрөхөд яг зам дээр хүүхэд хөтөлсөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж таараад шууд л тоормос гишгээд л голд нь явсан эмэгтэй хүнийг мөргөөд эмэгтэй газар унасан хажуу талд нь явж байсан эрэгтэй нь гараа саваад машины салхины шил хагалсан хүүхэд зүгээр байсан тэгээд би буугаад яав юу болов зүгээр үү? гэж асуугаад тэгсэн тэр эрэгтэй хүн нь зүгээр зүгээр гэрт хүргээд өгчих гээд байсан тэгсэн тэр эмэгтэй хүн нь хөл өвдөөд байна гээд байхаар нь би шууд өөрөө эмнэлэг дуудаад дараа нь цагдаад мэдэгдсэн юм. Би багцаа 30-40 км цагийн хурдтай л байсан. Тэгээд тээврийн хэрэгсэл хөрсөн байсан тэгээд нармаалаар л аажуухан явсан тэглээч халтиргаа гулгаа их ийм үед тэгж хурдтай явж болохгүй зөрсөн авто тээврийн хэрэгслүүд гэрэл шилжүүлэхгүй л ийм зүйл болчихлоо, Хүн мөргөдөг миний буруу болсон тэр хүн л гайгүй бол яах вэ надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-н 17-18/
Яллагдагч Н.Доржийн “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан тул одоо нэмж ярих зүйл байхгүй. Би урд явж байсан гурван хүнийг хараад шууд тоормоз гишгээд зогсоход эмэгтэй хүнийг нь мөргөчихсөн. Тэгтэл тэр эмэгтэй хүн нь өнхрөөд газар унасан. Харин эрэгтэй хүний ард талд яг тулж очиж зогссон. Тэгтэл тухайн эрэгтэй хүн хөл алдаад хойшоогоо савж унах шахаад миний тээврийн хэрэгслийн урд талын салхины шилний зүүн талыг тохойгоороо цохиод газарт гараараа тулаад босоод ирсэн... хөл алдаад хойшоо савахдаа салхины шилийг тохойгоороо цохиж хагалсан... би тухайн хүнээс салхины шилээ нэхэмжлэхгүй. Тийм учир тухайн салхины шилийг үнэлүүлэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг, /хх-н 63-64/ зэрэг цугларсан байна.
Дээрх Н.Доржийн “тээврийн хэрэгсэл жолоодож явахад урдаас 2-3 машин зөрсөн, гэрэл шилжүүлэхгүй гялбаад байсан” гэх мэдүүлгийн эх сурвалжаас дүгнэхэд жолооч Н.Доржийн нүд гялбан зорчих баримжаа алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон боловч Н.Дорж нь тухайн зөрсөн гэх тээврийн хэрэгслийн талаар тодорхой заагаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй. /камерын бичлэг байхгүй/
Иймд жолоочийн нүд ямар шалтгааны улмаас гялбан зорчих баримжаа алдагдсан, түүний энэ үйлдэлд өөр хэн нэгэн бусад этгээдийн буруутай үйлдэл эс үйлдэхүй байгааг тогтоох боломжгүй юм.
Мөн хэрэгт цугларсан осол гарсан замын байдлыг тодорхойлсон тэмдэглэл, /хх-н 26/
Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн 2024.01.23-ны 05 дугаартай албан бичигт “замын гэрэлтүүлэг 2023.12.10-2023.12.20-ны хооронд оройн 17 цаг 20 минутад асаж шөнийн 03 цаг 30 минутад унтарч байсан” гэх, /хх-н 74/
Гэрч Д.Батболдын “Зам тээврийн осол болох үеэр 18 цаг өнгөрч байсан тул ажил тарсан байсан ба мөн сургууль, цэцэрлэг тарж байсан тул хөдөлгөөний эрчим нэмэгдсэн байсан. Зам хөдөлгөөн ихтэй байсан. Тухайн зам нь баруун талаараа замын хөвөө хэсэг нь маш нарийхан тул өвлийн цагт цастай, хажуу талаараа жалга хэсэгтэй тул явган зорчигч явах боломж хомс байдаг. Тийм учир хүмүүс ихэнхдээ замын зүүн талаар буюу явган зорчигчийн замтай хэсгээр явдаг. Эсвэл баруун талаар нь явахаар бол асфальтан зам дээгүүр явахаас өөр аргагүй байдаг. Тухайн үед нар эрт жаргаж, эрт харанхуй болж байсан тул 17 цаг өнгөрөөд л замын гэрэлтүүлэг асч байсан байх. Харин яг хэрэг болсон гэх газрын ойролцоох замын гэрэлтүүлгүүд асахгүй байсан ба яг тухайн газар орчмын зам харанхуй байсан.” гэх мэдүүлэг, /хх-н 77-78/
Гэрч Д.Батмөнхийн “тухайн осол болсон газраас хааш хаашаагаа хоёр гудам газар замын гэрэлтүүлэггүй байсан байх” гэх мэдүүлэг, /хх-н 81-82/ зэрэг бусад нотлох баримтуудаар цаг агаарын онцгой нөхцөл, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан замын байдлын тэмдэглэл /хх-н 25- 30/ талд тоормосны мөр илэрсэн талаар тусгасан баримт байхгүй тул зогсоох арга хэмжээ авсан гэж дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл жолооч Н.Дорж тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй, цаашид нөхөн гүйцэтгэх боломжгүй.
Хэрэгт цугларсан Н.Доржийн мэдүүлгээр болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр жолооч Н.Дорж нь осол гарах цаг хугацаанд зорчих хэсгийн эгнээ байраа өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүхээс “эгнээ байраа өөрчилсөн эсэх нь тогтоогдохгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Яллагдагч Н.Дорж нь тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан гэх боловч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, болон Зам тээврийн осол дээр тогтоосон актад тоормосны мөр илэрсэн талаар дурдаагүй бөгөөд Н.Дорж нь тээврийн хэрэгслийг зогсоохдоо, явган зорчигч Л.Эрдэнэчимэгийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан болно.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно" гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн магадалгаа нь шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил нотлох баримтаар тооцогддог болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчид мөрдөгчийн 45 дугаартай магадалгааг танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаагүй, гэмтэл яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар өмгөөлөгч хүсэлт гаргасан байдлыг шүүх анхаарч үзээгүй.
Хэрэв шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мөрдөгчийн магадалгаанд дүгнээгүй орхигдуулсан байна, мөн уг магадалгааг үнэлэх боломжгүй гэж үзвэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн баримтын хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно" гэж, мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл” шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэнэ” гэж хуульчилсан тул шүүх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой, мөн шаардлагатай гэж үзвэл уг магадалгаа гаргасан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Лхагвадоржийг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулж, шүүхээс асуудлыг тодруулах зэргээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Гэтэл яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээгүй байтал шүүхээс зарим хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэж урьдчилан дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.
Мөн хэргийг прокурорт буцаахгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлсний эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хоногоор хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгаж” шийдвэрлэх зэргээр гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
4. Н.Доржийн эзэмшлийн 10-13 БУН улсын дугаартай тээрийн хэрэгслийн урд салхины шилний зүүн хэсэгт хагарсан байх боловч хэрэгт цугларсан баримтуудаар Н.Дорж нь зам тээврийн осол гаргаж Л.Эрдэнэчимэгийг дайрч, улмаар урд нь алхаж явсан Н.Чимэдмядагийн биед тулж тээврийн хэрэгслээ зогсоох явцад түүнийг шүргэх үед Н.Чимэдмядаг нь хойшоо савж халтирч унах явцдаа гараа савж тохойгоороо шил рүү цохиж хагалсан байна. Энэ нь Н.Чимэдмядагийн гэм буруугийн санаатай үйлдэл тогтоогдохгүй, харин Н.Доржийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч өөрөө учирсан хохирлоо хариуцах үүрэгтэй. Иргэний хариуцагчаар хэн нэгнийг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй болно.
Иймд шүүгчийн захирамжид тээврийн хэрэгслийн салхины шил ослын улмаас эсхүл хэн нэгэн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хагарсан эсэхийг нягталж, шалгаж тогтоо гэж мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй.
5. Хохирогч Л.Эрдэнэчимэгээс 2 удаа мэдүүлэг авсан тэмдэглэлд өмгөөлөгч П.Ган-Очирыг мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулсан нь эргэлзээтэй гэж үзвэл гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгчийг оролцуулж дээрх нөхцөл байдлыг тодруулах, мөн хохирогчоос осол гарах үед ямар хувцастай явж байсан болон бусад шаардлагатай асуудлын талаар тодруулж дэлгэрэнгүй мэдүүлэг авч, бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан.
Мөн хохирогч нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэсэн байх боловч мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч П.Ган-Очирыг оролцуулсан байгаа нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх боломжгүй бөгөөд мөрдөгч нотлох баримтыг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн үнэлэх боломжгүй гэж хийсвэр байдлаар урьдчилан дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/87 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллагдагч Н.Доржид холбогдох эрүүгийн хэрэгт 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хүсэлт гаргаж, шүүх хүлээж авч, 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргасан. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжийг хууль ёсны, үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд хохирогчийн буруутай үйлдэл байгаагүй, магадлал хууль ёсны үндэслэл бүхий болсон. ... Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.2 дахь заалтаар үндэслэлтэй, хангалттай тайлбарлаж өгсөн байдаг. Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч давуу эрхийг эдэлнэ. Явган зорчигч зам хөндлөн гарахыг замын хөдөлгөөнд хууль ёсны дагуу оролцох тухай яригдаж байна. Замын хөдөлгөөний дүрэм буюу хэм хэмжээ тогтоосон актыг хууль зүйн үндэслэлгүй тайлбарлаж, эсэргүүцэл бичиж байгаа нь үндэслэлгүй байна. Харин Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн замын хөдөлгөөний дүрэм болон холбогдох хуулийг хууль зүйн үндэслэлтэй тайлбарласан гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрэм буюу хэм хэмжээ тогтоосон актаар нарийвчилж зохицуулсан зохицуулалт байгаа учраас магадлалыг хүчингүй болгох, эсвэл шинжээчээр дахин магадлал тогтоолгох үндэслэлгүй байна гэж үзэн эсэргүүцэл бичиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дахин шинжээч томилох боломжтой байгаа боловч нөхөж гүйцэтгэх ажиллагаанууд байгаа. Уг магадлагаанд явган зорчигчийн буруутай үйлдлийн талаар огт дурдаагүй байдаг. Явган зорчигч давуу эрхтэй оролцож байгаа учраас жолоочийн буруутай үйлдэл гэж дүгнэсэн. Магадлагаанд давуу эрх гэдгийг хэрхэн тайлбарлаж, ойлгож, тусгаж байгаа талаар тодорхойлоогүй байдаг. Уг нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. Хохирогч мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй оролцъё гэж хүсэлт гаргасаар байтал П.Ган-Очир өмгөөлөгчийг оролцуулан нөхөж тэмдэглэл үйлдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн хохирогчийн мэдүүлгийг үнэлэх боломжтой эсэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өгсөн мэдүүлэг хууль ёсны байх зарчим алдагдаж байгаа учраас хуульд нийцүүлж хохирогчоос мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Салхины шил хагарсан, эсхүл тухайн зам дээр Л.Эрдэнэчимэг давуу эрхтэй оролцож байсан эсэх, мөн Чимэдмядаг 8 настай хүүгийн хамт зорчих хэсгээр явж байсан эсэх, хорооллын замд явган хүн давуу эрхтэй оролцож байгаа талаар дүгнэлт хийгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол үндсэн зарчим нь шүүхэд хэргийг ирүүлэхдээ нотолбол зохих зүйлийг бүрэн гүйцэд тогтоосон байхыг шаардаж байдаг. Тухайн гэм буруугийн үйлдэл нь хохирогчийн буруутай үйлдлээс бий болж байгаа эсэхийг тодорхой шалгах ёстой байдаг. Прокурорын эсэргүүцэлд Н.Доржийн машины шилийг Чимэдмядаг гараараа савж хагалсан нь эрсдэлийг Н.Дорж хүлээх ёстой гэж маргаж байгаа боловч Чимэдмядагийн хувьд тогтоосон дүрэм журмыг зөрчиж байсан нь тогтоогдож байгаа юм. Хохирогч болон гэрч Чимэдмядаг нар согтууруулах ундааны зүйл хэрэглээд зам даган уруудаж, замын голоор алхаад явж байсныг гэрч нарын мэдүүлгээр тодорхой илэрхийлсэн байдаг. Тухайн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд, тал бүрээс нь шинжлэн судалж, хэргийг прокурорт буцаах тухай шүүгч захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байгаа учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
1. Давж заалдах шатны шүүх яллагдагч Н.Доржид холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт“... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.
Яллагдагч Н.Доржид холбогдох хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад заасан “... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” зэрэг нотолбол зохих байдлуудыг нэг мөр, зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байна.
3. Яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт”-ийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.
Тодруулбал хохирогч Л.Эрдэнэчимэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна” гэх, 5.2-д заасан “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. ...” гэх явган зорчигчийн үүргийг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Мөн явган зорчигч Л.Эрдэнэчимэг ямар байдлаар давуу эрх эдлэх нь тодорхойгүй, жолоочийн нүд ямар шалтгааны улмаас гялбан зорчих баримжаа алдагдсан, түүний энэ үйлдэлд өөр хэн нэгэн бусад этгээдийн буруутай үйлдэл эс үйлдэхүй, мөн цаг агаарын онцгой нөхцөл, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан эсэх, жолооч тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авсан эсэх, эсхүл нүд гялбаж, баримжаа алдагдсан гэх цаг хугацаанд эгнээ байраа өөрчилсөн эсэх нь тогтоогдохгүй, тээврийн хэрэгслийн хурдыг ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байгаа талаар тус тус мөрдөгч дүгнэлт хийгээгүй тул хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагааг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/87 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Н.Доржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Л.АРИУНЦЭЦЭГ