Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2017/0467

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2017/0467

Улаанбаатар хот

Ц О ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Эрдэнэцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н, гуравдагч этгээд О.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Г нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ц О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.3, 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,

Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамж, 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн 2 дугаар заалт болох Н овогтой Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захирамжийг хэвээр үлдээж, уг захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Ховд аймгийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай 309 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, 40.1.3-т Шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.5-т Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг үндэслэл болгон Ц О ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг нягталж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон атлаа, энэ хууль бус захирамжийн үндсэн дээр Ц О ХХК-ийн газрыг О В ХХК-д бүхлээр нь эзэмшүүлсэн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны А/257 дугаар захирамжийг хэвээр үлдээж байгаа нь дүр үзүүлсэн шийдэл болж байна.

Газар бол үл хөдөлдөг тул манай газрын эрх сэргэсэн бол түүн дээр эрх олгосон бүх шийдвэр хүчингүй болох ёстой. Гэтэл шүүх оролцогчдын хууль бус үйлдлээрээ тодорхой зорилгод хүрч бусдын эрх ашгийг хохироож бүлэглэн завшсан үйлдлийн үндсийг нягтлан шалгалгүйгээр, илэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

Зорилготойгоор хийсэн нь Д В ББ-ын 2007 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 06, Ховд аймгийн Газрын албаны 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 28, Ховд аймгийн Газрын албаны 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар тогтоолуудаас тодорхой харагдана.

Ц О ХХК 309 дүгээр захирамж гарах үед өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөө хэн нэгэнд худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгээгүй, эзэмшил газраа бусдад шилжүүлэхээр ямар нэгэн хүсэлт гаргаж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж байгаагүй.

Дээрх үндэслэлгүй захирамжийг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаснаар улсын бүртгэлээс захиргааны хэргийн шүүхэд ирсэн материал дотор манай объектыг О.Д дураараа шилжүүлэн авсан хүсэлт түүнийгээ халхавчлах хуурамч худалдах, худалдан авах гэрээ зэрэг бидний мэдэхгүй О.Д-ийн хууль бус үйлдлүүд илэрсэн учраас захиргааны хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж иргэний шүүхээр хуурамч гэрээний нотариатын үйлдэл, түүний хохирол болон гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн.

Манай компани цагдаа болон иргэний шүүхээр ямар асуудал шийдвэрлүүлснийг Монгол Улсын Дээд шүүхийн 757 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 110 дугаар магадлал, прокурорын 10 дугаар тогтоол, Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хуралдааны 06 дугаар тогтоол гэрчилнэ.

Манайх дээрх байгууллагуудад хандаж шийдвэрлүүлсэн асуудал бол нотариатч П.Х хууль бус ноториатын үйлдэл хийж манай компанийн өмчлөх эрхийг бусдад хууль бусаар шилжих нөхцөл бүрдүүлсэн асуудал юм.

Гэтэл Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэрч Б.Ганболдын ...анх Ц О ХХК-ийн захирал Д.Э нь О.Д-д үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан байдаг. Үл хөдлөх хөрөнгөө дагаад газар нь дагалддаг байсан Д.Э, О.Д нарын байгуулсан 2005 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ, тэдгээрийн хооронд өгөлцөж, авалцсан төлбөрийн баримт зэргийг үндэслэн О В ХХК-д олгосон..., гэрч Д.Ө-ын ...Ц О ХХК нь өөрийн эзэмшил газраа О.Д гэх хүнд шилжүүлсэн байдаг 2005 оноос хойш тус газрын төлбөрийг О.Д төлсөн байдаг. 2005-2006 онуудын Төрийн сангийн дансны хуулгыг шүүж үзэхэд Ц О ХХК-ийн нэрээр тус газрын төлбөр төлөөгүй байдаг юм.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Татварын хэлтсийн дарга Г.Х-ийн ...Ц О ХХК нь эзэмшил газрын төлбөрөө төлөөгүй. 2004 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөс хасуулсан болохыг тодорхойлов гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж дүгнэн Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай А/257 дугаар захирамжийн О В ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь дээрх нотлох баримт, албан бичиг, гэрчийн мэдүүлгийн уг үндсийг нягталж шалгалгүйгээр шийдвэрлэсэн төдийгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг илт зөрчиж 309 дугаар захирамжийн биелэлтийг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн.

2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаар захирамж өөрийнх нь гаргасан захирамж хүчин төгөлдөр байсаар атал шүүх анхаарч үзээгүй нь илэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Гэрч Б.Г одоо Тамгын газрын дарга урд нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн байхдаа Ц О ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрийг зохион байгуулж гаргуулсан нь үндэслэлгүй болох нь тогтоогдож хүчингүй болж байна.

Гэтэл 2012 он хүртэл бидний үзээгүй мэдээгүй Газрын албанд байхгүй улсын бүртгэлийн газарт ганцхан хувь байдаг шүүхийн шатанд гарч ирсэн шүүхэд маргаантай байгаа хуурамч гэрээ одоо хаана ч байхгүй төлбөр тооцоо, акт баримт, хүсэлтийг үндэслэн О В ХХК-д 22135,17 м.кв газрыг Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамжаар олгосон гэх Б.Ганболдын мэдүүлгийг нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх худал мэдүүлэгт үндэслэж хуульд нийцэхгүй шийдвэр гаргалаа.

Гэрч Д.Ө-ын мэдүүлгийн тухайд ...Ц О ХХК нь өөрийн эзэмшил газраа О.Даваадорж гэх хүнд шилжүүлсэн байдаг 2005 оноос хойш тус газрын төлбөрийг О.Даваадорж төлсөн. 2005-2006 онуудын Төрийн сангийн дансны хуулгыг шүүж үзэхэд Ц О ХХК-ийн нэрээр тус газрын төлбөр төлөөгүй... гэх мэдүүлэг.

Ц О ХХК-ийн өөрийн газар эзэмших эрхээ хэн нэгэнд шилжүүлэх хүсэлт гаргаж гэрээ хэлцэл хийсэн асуудал өнөөдрийг хүртэл байхгүй. Ийм баримт хавтаст хэрэгт ч байхгүй. Харин Ц О ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг ХААН банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн манай компанийн 16 дугаар албан бичиг, Ц О ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ О В ХХК-ийн зээлийн барьцаанд 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байсныг нотлох ХААН банкны тамгатай гэрчилгээний хуулбар, газрын асуудлыг хэрхэн шилжүүлэх тухай О.Д-той хийсэн хэлцэл зэрэг дараах нотлох баримтаас Д.Ө-ын мэдүүлэг худлаа болохыг харж болно. /2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн О.Д-той хийсэн хэлцэл, ХААН банканд О.Д-ийн зээлийн барьцаанд байсан Ц О ХХК-ийн газрын гэрчилгээ, Зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн Ц О ХХК-ийн 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаар тогтоол/

Ховд аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэгч Г.Хандцэцэгийн ...Ц О ХХК нь эзэмшил газрын төлбөрөө төлөөгүй, 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөс хасуулсан болохыг тодорхойлов гэсэн албан бичгийн тухайд Ц О ХХК-ийн татвар төлөгчөөс хасуулах ямар ч хүсэлт татварын албанд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тийм албан бичиг, нотлох баримт хавтаст хэрэгт ч байхгүй.

Гагцхүү хувийн хэвшлийн сургууль байгуулсан учраас Боловсролын тухай хуулийн дагуу үл хөдлөх болон газрын төлбөрөөс 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс чөлөөлүүлэхээр дараах албан бичиг, захирамжийг татварын албанд хүргүүлснийг /Ховд аймгийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 177 дугаар захирамж, Ц О ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол/ хавтаст хэрэгт өгсөн байгааг үзэж болно.

Ц О ХХК Боловсролын тухай хуулийн дагуу үл хөдлөх, болон газрын татвараас чөлөөлөгдсөн байсан. О.Д объектыг эзэмшиж байх үедээ үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн учраас үл хөдлөх болон газрын төлбөр төлөх нөхцөл байдал үүссэн, ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа учраас О.Д л энэ төлбөрийг төлөх үүрэгтэй, түүгээр ч зогсохгүй шүүхийн шийдвэртэй газрыг чөлөөлүүлэх үүрэг хүлээж байсан түүнийгээ хөсөрдүүлсэн. Ц О ХХК-ийн газар объектын бичиг баримтыг одоо ч хуулийн дагуу О.Д-д шилжүүлээгүй байгаа тиймээс Ц О ХХК-ийн нэрээр төлбөрийг төлөх ёстой үүнийг хянаж ажлаа хийгээгүй төрийн институт буруу үйлдлээрээ бусдын хөрөнгийг дээрэмдэх арга хэрэгсэл болгож буй нь хуульд нийцэхгүй.

Хэний хөрөнгийг хэн ч эзэмшиж байж болно. Хэн нэгний эзэмшлийн болон өмчлөлийн газар дээр бусдын хөрөнгө байж болно. Гагцхүү төлбөр түрээсээ л тохиролцох ёстой. Үүний нэг жишээ Монголын газар дээр Орос улсын болон өөр улсын хөрөнгө ч байгаа, ингэснээрээ Монголын газар нутаг Оросынх болохгүй, яг үүнтэй адил бидний хууль ёсны эзэмшил газар дээр бусдын өмч байснаар бидний эзэмшил газар тэдэнд хууль бусаар очих ёсгүй, анхан шатны шүүх яг ийм шийдвэр гаргасан. Би тооцоо нийлж үл хөдлөх хөрөнгө болон газраа хуулийн дагуу шилжүүлж өгөхөөр Ховд аймагт 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр очиход манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан учраас хуулийн дагуу шилжүүлж өгч чадаагүй гэтэл үүнийг О.Д өөрөө зохион байгуулсан нь шүүхэд хандах үед тодорхой болсон.

Манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ хянаж үзэхийг 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Засаг дарга асан Г.Н-д тавьж байсан мөн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тодорхой санал бүхий хүсэлтийг одоогийн Засаг дарга Д.Г-т ч тавьж байсан. Хэн нь ч үндэслэлгүй шийдвэрээ хамгаалсаар өнөөдрийг хүрлээ.

Гэтэл Ц О ХХК-ийн 21280 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшиж байсан 201700122 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болох нь шүүхээр тогтоогдож хүчингүй болчихлоо.

Үндэслэлгүй захиргааны актаар Ц О ХХК-ийн хууль ёсны эзэмшил газрын эрхийг хүчингүй болгосон гэж залруулахаар 2011 оноос прокурор шүүхээр 5 жил явж байгааг Газрын алба мэдэж байсан атлаа маргаантай газрыг шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад Захиргааны актын биелэлтийг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байхад 2012 онд О.Д-ийн О В ХХК-д шилжүүлсэн нь л Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн тодорхой зорилготой Ц О ХХК-ийн бетон хашаа бүхий эзэмшил газрын тал болох 10.000 м.кв газрыг завшихын тулд хийсэн хууль бус ажиллагаа юм.

Манай газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон үйлдэл нь тодорхой болмогц Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн асан Б.Г, мэргэжилтэн Д.Ө, аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэгч Г.Х нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө нотлох баримтгүй, худал мэдүүлэг өгч шүүх гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг нягтлалгүй шийдвэр гаргах үндэслэлээ болгосон нь харамсалтай байна.

Хэн нэгэн нөгөөтэйгээ наймаа худалдаа хийж байхад гурав дахь хүн дундуур нь орж ирээд нэг сөрөг үг, өгүүлбэр хэлэхэд л тэр наймаа наймаа биш болдог биз дээ. Бидний наймаан дундуур төрийн үйлчилгээ үзүүлж, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн инстуци болох аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дээрх нэр бүхий мэргэжилтнүүд, татварын албаныхан бидний яриа тохиролцоон дундуур орж ирж эрх мэдэл, албан тушаалаараа О.Даваадорж болон өөрсөддөө давуу байдлыг үүсгэж Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс биднийг шүүхээр явах эхлэлийг тавьсан төдийгүй, шүүхийн шатанд ч нотлох баримтгүй үндэслэлгүй буруу ташаа мэдүүлэг шүүхэд өгснөөр манай эрх ашгийг хохироосон буруу шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүллээ.

Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Ц О ХХК-ийн газрын хувийн хэрэг байхгүй гэсэн нь бас л хувилдаан. Өмнө нь Ховд аймгийн Сум дундын шүүхээр шийдэгдэж Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдсэн 2005 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль бус болох талаар болон гэрээний хүчинтэй байдлын талаарх иргэний хэрэгт О В ХХК газрын хувийн хэргийн материалыг нотлох баримтаар өгч байсан байтал одоо алга болох үндэслэлгүй. Нөгөө талаар хуулийн этгээдийн газрын хувийн хэргийг хөтлөх, архивлах нь хуулиар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үүрэг юм.

Мөн Н.Б-т холбогдох 1200 м.кв газраас 300 м.кв газар нь Монгол Улсын дээд шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор манай эрхийг сэргээгээд нэгэнт шийдсэн газар болохыг дурдаж байна. Манай компанийн хувьд газар эзэмших эрхээ сэргээлгэсний дараа бусдын эрх ашгийг хохироохгүйгээр өөрийн алдагдсан эрхийн тодорхой хэсгийг ч болов зөвшилцлийн үндсэн хангах боломжтой болно гэж үзэж байгаа энэ саналыг ч Засаг дарга Д.Г-т тавьсан нь хавтаст хэрэгт байгаа.

Дээрх байдлуудыг дахин сайтар хянан үзэж Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

            Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх газар эзэмшигчийн үүргийг тусгасан.

            Газрын төлбөр төлөгч нь эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасан.

Газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заажээ.

Хэрэгт авагдсан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/159 дүгээр албан бичиг, Ховд аймгийн Татварын хэлтсийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар албан бичиг, гэрчээр байцаагдсан тухайн үедд Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан Б.Г-ын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Ц О ХХК нь төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь хөдөлбөргүй тогтоогддог.

Ийм байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг нь нотлогдохгүй гэсэн буруу дүгнэлт хийж, Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянахад мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдож байна.

Ц О ХХК-аас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 тоот, 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 160 тоот захирамжуудыг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Засаг даргын 2012 оны А/257 тоот захирамжийн О В ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 тоот захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа буюу 2008 оны 05 дугаар сарын 26-нд Засаг дарга нь 160 тоот захирамж гарган иргэн Н.Б-т манай эзэмшил газар дээр дахин 1200 мкв газрыг олгосон. Засаг даргын 2007 оны 309, 2008 оны 160 тоот захирамжууд нь Ховд аймгийн Захиргааны хэргийн 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02 тоот газар чөлөөлүүлэхээр гарсан шийдвэрийг биелүүлэхэд санаатайгаар саад болсон, иргэн миний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн. А/257 дугаар захирамж нь Авто засварын байрны орчмын 21280 мкв газрын эзэмших, өмчлөх, ашиглах эрхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад О В ХХК-д эзэмшүүлсэн. Уг газар нь иргэн Н.Б-т олгосон газартай давхцаж байгаа. Харин Ц О ХХК нь иргэн Н.Б-тэй газрын маргаантай байгаа гэж тайлбарласан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... 2007 онд Ц О ХХК-д газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгосон гол үндэслэл бол тухайн газрын төлбөрийг төлөөгүйтэй холбоотой. Нэхэмжлэлд дурдагдсан газрыг 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын А/257 дугаар захирамжаар О.Д захиралтай О В ХХК-д хууль ёсны дагуу эзэмшүүлсэн. Иймд уг асуудал дээр Ц О ХХК-ийн хууль ёсны эрх зөрчигдөөгүй... Мөн Ц О ХХК-ийн эзэмшиж байсан одоо О В ХХК эзэмшиж байгаа газар бол Н.Б-т эзэмшүүлсэн газартай давхцалгүй ... хэмээн тайлбарлан маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай 309 дүгээр захирамжаар Баатархайрхан багийн нутагт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшихээр гэрээ хийж, 201700122 дугаартай эрхийн гэрчилгээ авсан Ц О ХХК-ийн 2,128 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, мөн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай А/257 дугаар захирамжаар Баатархайрхан багийн нутагт байрлах Их буян захын нийт 22135,17 мкв газрыг О В ХХК-д худалдаа, үйлчилгээний зориулалтаар олгожээ.

Мөн аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай 161 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар гуравдагч этгээд Н.Б-т Их буян захын баруун талд 1200 м.кв газар эзэмших эрх олгосон байна.

Анхан шатны шүүх ... Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай гэсэн атлаа ... Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамж, 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр захирамжийн 2 дугаар заалт болох Н.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захирамжийг хэвээр үлдээж, уг захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа өмнөх заалтаа үгүйсгэсэн, агуулгын хувьд зөрүүтэй, ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх, шүүхийн шийдвэр ойлгомжтой, биелэгдэх боломжтой байх шаардлагуудтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц О ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосон атлаа мөн аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Н.Бигэрт газар олгосон 161 дүгээр захирамж болон Баатархайрхан багийн нутагт байрлах Их буян захын нийт 22135,17 мкв газрыг О В ХХК-д олгосон Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай А/257 дугаар захирамжийн 2 дахь заалтуудыг хэвээр үлдээсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй, нэхэмжлэгчийн эрх сэргэсэн эсэх нь ойлгомжгүй гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан байшингийн доорх газраас бусад нь манай эзэмшлийн газарт үлдэх ёстой, Н.Б-т олгосон газар нь О В ХХК-д олгосон газартай давхцалтай гэх, гуравдагч этгээдээс Н.Б-т олгосон газар нь манай компанийн эзэмшил газраас тусдаа өөр байршилд байгаа гэх, Н.Б-т эзэмшүүлсэн гэх 1200 м.кв газар нь кадастрын зургийн зөрүүгээс 1002 м.кв болж өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр ...кадастрын зураг байхгүй тул Н.Б-ийн эзэмшиж буй Их буян захын баруун талд 1200 м.кв газартай давхацсаныг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий маргааны үйл баримтад шууд хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.ШҮ

 

ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ