Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 229

 

“С и” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:           Л.Атарцэцэг,

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “С и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0108 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0263 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулж,

Хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0108 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С и” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “С и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын ХҮ-013677 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0263 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр Улаанбаатар хотын Налайх дүүргийн Зуун мод нэртэй 24,55 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-013677 тоот тусгай зөвшөөрлийг “Ф” ХХК-аас “С и” ХХК-д шилжүүлсэн байна.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “С и’’ ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын Х\/-013677 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 9 дэх жилийн төлбөрөө 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/3242 тоотоор хүргүүлсэн болох нь явуулсан албан тоот болон тус газрын 2017 оны “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ийн хуулбараар баталгаажиж байна.

6. Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан.

7. “С и” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...” үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын Х\/-013677 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Тодруулбал, дээрх хуулийн заалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус газраас тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй байхаар хуулиар зохицуулжээ.

8. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх үед нэхэмжлэгчээс “...ашигт малтмалын нөөцийг тогтоон, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах бэлтгэл ажиллагааг хийж байсан...” гэж огт дурдаагүй болно.

9. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг “С и” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-013677 тоот тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хуульд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй тусгай зөвшөөрлийг цуцалсан буруутай гэж дүгнэсэн нь Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

10.  Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11.  Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

12.  Нэхэмжлэгч “С и” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “Сайхандэлгэр инвест” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах шаардлага гаргасан байна. Маргаан бүхий шийдвэрээр “...хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгчээс “...цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдээгүй атлаа цуцалсан шийдвэрийг мэдэгдсэн, эрүүл мэндийн шалтгааны улмаас төлбөрөө хугацаанд төлөх боломжгүй байсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

13.  Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй байжээ. Гэвч нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй, иймээс тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны шийдвэр хууль зөрчөөгүй байна.

14.  Нэхэмжлэгчийн “цуцлах үндэслэл бүрдсэн шийдвэрийг албан ёсны бүртгэлтэй утсаар мэдэгдээгүй атлаа цуцалсан шийдвэрийг бүртгэлтэй утсаар мэдэгдэж, санаатайгаар далд үйлдэл явагдсан байдаг” гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хаяг нь “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, 62-20 тоот” болох нь Улсын бүртгэлийн ерөнхий  газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 11/4816 тоот лавлагаагаар тогтоогдсон байна. Гэвч хариуцагчаас “62-60” гэсэн хаягаар цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан тухай мэдээллийг хүргүүлсэн, харин нэхэмжлэгч хуулийн этгээдээс “цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг хүлээн аваагүй” гэж,  хариуцагчаас “захиргааны байгуулагад бүртгүүлсэн 99030088 утсаар мэдэгдсэн” гэж тус тус маргажээ.

15.  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийн албан ёсны бүртгэлтэй хаяг нь “...62-60” гэж, 99030088, 99111694, 99110725 дугаартай утас бүртгэгдсэн, захиргааны байгууллагаас цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлэхдээ өөр, өөр утасны дугаар тэмдэглэсэн буруутай байгаа боловч энэ нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн эрхийг сэргээх хуулийн үндэслэл биш байна.

16.  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасан байна. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулга нь хэрэв цуцлах үндэслэлийг зөвшөөрөхгүй, үүнийг үгүйсгэсэн холбогдох баримт байгаа бол захиргааны байгууллагад гаргаж өгөх боломжоор нэхэмжлэгчийг хангах зохицуулалттай бөгөөд харин цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл хүлээн авснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх эрх, боломжийг нэхэмжлэгчид олгоогүй юм.

17.  Тухайн тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь захиргааны байгууллагын цуцалсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй маргаагүй буюу цуцалсан шийдвэрийг гардан авсан даруйдаа холбогдох баримтыг захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй, харин гаргасан шийдвэрийг хүргүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

18.  Тодруулбал, нэхэмжлэгчийн хүндэтгэх шалтгаантай, захирал “өвчтэй байсан” гэдэг нь баримтаар тогтоогдоогүй тул захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “гүйцэтгэх захирал эмчилгээтэй байсан, ийм баримт байхгүй” гэж тайлбарлаж байжээ. Иймээс хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримт нэгэнт байхгүй буюу дахин цуглуулах нотлох баримт байхгүй тул давж заалдах шатны шүүхийн “нотлох баримт цуглуулах” тухай дүгнэлт үндэслэлгүй байна.

19.  Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчиж, нэхэмжлэлийн үндэслэл болон маргаан бүхий захиргааны актын үндэслэлд тусгагдаагүй “нөөц тогтоон, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байгаа” гэх асуудлаар нотлох баримт цуглуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

20.  Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0263 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ

     ШҮҮГЧ                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ