Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 753

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Энхбаатар

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, бие даан нэр дэвшиж буйг хүндэтгэн үзэж бүртгэхийг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Энхбаатар, нэхэмжлэгчийн хэлмэрч Б.Саранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:  “Монгол улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоны Ерөнхийлөгч А.Энхбаатар миний бие сонсголгүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөөлөл болж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд бие даан нэр дэвших хүсэлт гаргасан ч Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн юм. 

Намайг дэмжиж тус дүүргийн 218 хүн гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн шинэ хуулийн 5.1, 6.1, 30 гэсэн заалтын дагуу хүний эрх, улс төрийн үйл ажиллагаанд оролцох, сонгох, сонгогдох эрхтэй.

Иймд Чингэлтэй дүүргийн бие даан нэр дэвшиж буйг хүндэтгэн үзэж бүртгэхийг даалгах, Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах асуудлыг шийдэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухайд:

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” тухай 05 дугаар тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 158 дугаар зүйлийн 158.1.4 заалтыг баримтлан дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзаж шийдвэрлээд гаргасан тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Үүнд:

• Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн 16 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч А.Энхбаатар нь сонгуулийн эрхгүй  этгээдээр гарын үсэг зуруулж Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 дэх заалтыг зөрчсөн

• Дэмжигч, сонгогчийн гарын үсгийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-д заасан “Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт, бичиг баримтын загварыг батална” гэж заасны дагуу Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ны 264 тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан дэмжигч сонгогчийн бүртгэлийн маягтаар гарын үсэг цуглуулахдаа гарын үсэггүй, регистрийн дугааргүй зэрэг нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д “...гарын үсгийг батлагдсан маягтын дагуу зуруулах, 158 дугаар зүйлийн 158.1.3-д зааснаар нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах ..... бичиг баримт дутуу бол татгалзах үндэслэл болохоор хуульчилсан заалтыг зөрчсөн байх тул нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болсон.

2.  А.Энхбаатар нь нэр дэвшигчээр бүртгэх шаардлагын үндэслэлээ: “Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 218 хүний дэмжсэн гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж буй юм” гэжээ

• Нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.4”д заасан “дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй сонгогчийн гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байхыг хуульчилсан. А.Энхбаатар нь бие даан нэрээ дэвшүүлэхийн тулд Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д заасан шаардлагыг хангаж маягтын зөрчилгүй цуглуулсан сонгогчийн гарын үсгийн тоо 201-с доошгүй байх ёстойгоос 218 хүний гарын үсгийг батлагдсан маягтын дагуу цуглуулаагүй.

• Нэхэмжлэгчийн хувьд сонгогч дэмжигчийн бичиг баримттай холбоотой зөрчил, сонгогчийн гарын үсгийн тоо 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн нийтлэг журам, хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгч А.Энхбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д, 156.2.4, 158.1.3 дахь заалтуудыг зөрчсөн нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тогтоол гарах үндэслэл болсон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дарахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, бие даан нэр дэвшиж буйг хүндэтгэн үзэж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар бүхий “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолоор Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 16 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Ажиршавгааны Энхбаатар нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан, зарим дэмжигч сонгогчдын регистрийн дугаар, гарын үсэггүй зөрчилтэй гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт болох Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг  хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...Намайг дэмжиж буй тус дүүргийн 218 хүний гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан” гэж, хариуцагчаас “баталсан маягтын дагуу 201-ээс доошгүй иргэдийн гарын үсгийг зуруулах ёстой, нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг дутуу...сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан” гэж тус тус тодорхойлон маргав.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлээс үзэхэд бие даан нэр дэвшигч А.Энхбаатарыг дэмжигч сонгогчдын гарын үсгийг зуруулсан бүртгэлд регистрийн дугаар бичээгүй-10, гарын үсэг зураагүй-7, эцэг эхийн нэр бичээгүй-5, сонгуулийн эрхгүй этгээд-2 буюу нийт 24 дэмжигч сонгогчоор гарын үсэг зуруулсан бүртгэл шаардлага хангаагүй зөрчилтэй гэж дурдсан боловч Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 28 тоот албан бичгээр 5 дугаар тогтоолыг нэр дэвшигч А.Энхбаатарт хүргүүлэхдээ  хавсаргасан зөрчлийн тухай мэдээлэлд сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан-2, регистрийн дугаар бичигдээгүй-8, гарын үсэг зуруулаагүй-7 нийт 17 зөрчил гаргасан гэж үзжээ. Иймд А.Энхбаатарын бүрдүүлсэн баримт бичигт нийт 17 зөрчил байгаа гэж үзсэн болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжсэн, энэ талаар маргахгүй байна

Маргаан бүхий актын үндэслэлд А.Энхбаатар нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан, зарим дэмжигч сонгогчдын  регистрийн дугаар, гарын үсэг зуруулаагүй зэрэг зөрчилтэй гэж үзсэн нь Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан бие даан нэр дэвшүүлэгч А.Энхбаатарын дэмжигч сонгогчийн бүртгэлд бүртгүүлсэн 218 сонгогчоос маргаан бүхий актаар зөрчилтэй гэж дүгнэсэн 17 сонгогчийг хасвал Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.4-т заасан 201 сонгогчоор гарын үсэг зуруулсан болох нь тогтоогдож байна.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “энэ хуульд заасан шаардлагыг хангасан иргэн нь орон нутгийн хурлын нэг тойрогт нэрээ дэвшүүлнэ”, 156.2-т “бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна”, 156.2.4-т “дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” гэж тус тус заасны дагуу  Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан, “дүүргийн Сонгуулийн хороо №30” тэмдэг бүхий “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 16 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч А.Энхбаатарын дэмжигч сонгогчийн бүртгэл” маягтаар зөрчилгүй 201 сонгогчийн дэмжиж буй гарын үсгийг зуруулсан нь зөрчилгүй байх тул хуулийн дээрх шаардлагыг хангасан байна гэж шүүх дүгнэв. 

Нэгэнт хуулийн дээрх шаардлагыг хангасан байх тул илүү гарсан 17 дэмжигчийн гарын үсэг зуруулсан бүртгэлийн зөрчлийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй юм. 

  Иймд Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 5 дугаар тогтоол нь А.Энхбаатарыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 16 дугаар тойрогт бие даан нэр дэвших эрхийг хөндсөн  болох нь тогтоогдож байх тул дээрх тогтоолыг хүчингүй болгож, А.Энхбаатарын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах нь зүйтэй байна.  

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, нэхэмжлэгч А.Энхбаатарыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 16 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ДУЛАМСҮРЭН