Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2016/ДШМ003

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.

Ялтан *******

Ялтны өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******д холбогдох эрүүгийн 201405000412 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ... эрхэлсэн тодорхой ажилгүй, 2006 оны 3 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2007 оны 2 дугаар сарын 15-нд эдлээгүй үлдсэн 6 сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /*******/

******* нь согтуурлын байдалд байхдаа 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд 3 дугаар багийн нутаг “Баянтолгойн тал” гэх газарт иргэн *******гийн баруун талын цээжин тус газарт өшиглөх, дэвсэх зэргээр зодож бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсаны улмаас ******* нь 2014 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө нас барсан, тэрээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар *******г арван жил арав хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 492 /дөрвөн зуун ерэн хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, *******г цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 10-нд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн нутагт иргэн *******г өшиглөж дэвссэн гэх худал мэдүүлгээр одоог хүртэл хоригдож ял тулгуулж байгаад гомдолтой байна. Би дээрх гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд надад тулгаж өгсөн зүйл анги, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянговь суманд дүү н.Өлзийсүрэнг айл болгочихоод Шинэжинст сум руу эргэж ирсэн. Явах замд зодолдсон зүйл байхгүй. Би тэр үед машин барьж явсан болохоор архи уугаагүй эрүүл явсан, талийгаач ах, *******, ******* нар 1,5 литр нэрмэл архи уусан. Мөн *******, ******* хоёр суудлын ард байсан 0,5 литр цагаан архийг уугаад нилээн согтсон байсан. ******* Галуут нүүх тухай ярихад талийгаач явуулахгүй гээд тэр хоёр маргалдаад байсан. Нилээд явж байгаад Ар гүний эхэнд талийгаач бууж, бие засъя, тамхи татъя гэхээр нь зогсоход талийгаач ах эхэлж буугаад , Гантулга нар буугаад машины ар талд гараад зогсоцгоож байсан. Би аккумлятор муудаад байсан болохоор хэд хаазалж байгаад унтраая гэж бодоод хаазлахад ухардаг араан дээр тавьсан байснаа мэдэлгүй, консон дээрээс хөлөө авахад машин хойшоо ухрахад эгч машины хойд суудал дээр сууж байснаа хүн дайрчих шахлаа гэж байсан. Тэгээд би машинаа унтраагаад бууж ирэхэд ******* эд нар намайг дандаа дээрэлхэж байдаг гээд өмнөөс ирсэн, бид хоёр машинаас баруун тийш яваад ******* бие засчихаад суусан, би бие засчихаад хажууд нь зогсоод ярьж байтал машин асаагаад тойрох гэж байгаад талийгаач ахыг шүргэсэн. Бид хоёр машин дээр очиход урдаас алхаад ирсэн, талийгаачийг асуухад урагшаа явчихлаа гэж хэлсэн. Тэгээд араас нь очоод ийг суулгаадах гээд буулгасан чинь суухгүй байна гээд ороод ирэхээр нь би буугаад суулгах гэхэд наад новшнуудтай чинь явахгүй, зарим нь дайрч алах гэж байна гээд уурлаад сууж байсан. Тэгээд би юу болов яав гэсэн чинь зүгээрээ зүгээр гэж хэлээд хуучин хоёр хавирга гэмтсэн байсан сэдэрчих шиг боллоо гэж ярьж байсан. Цааш явж байгаад Модотын эхэнд гэдэг айлаас шар сав сурна гэж буугаад орж хойморт нь сандал дээр суугаад тамхи татаад цай уугаад явсан. Тэгээд гүний хөндий уруудаж яваад би хэд хоног нойр муутай явсан болохоор жаахан дуг хийгээд явах уу гэхэд тэг тэг гээд би замаас гарч, жаахан дуг хийгээд цааш яваад ээжийнд очсон.

Талийгаач ах бид хоёр ээжийнд хоол, цай идэж уугаад ээжийнхээс аяга, таваг бас нэг шил архи өвөртлөөд гэр лүүгээ явсан ба би түүнээс хойш би талийгаачтай уулзаагүй. Ээжийнхээс *******, бид гурав Үзүүр гэх газар д хоночихоод маргааш өдөр нь ээжийнд нь ирээд байж байхад мотоцикльтой ирэхээр нь та нар юу болов Жаран ах зүгээр үү гэж асуухад зүгээрээ хоёр хавирга гэмтсэн байна, Оюун бариачаар бариуллаа одоо зүгээр гэсэн. Би тэгэхээр нь машин барьж чадахгүй байж яах гэж машин барьж тойрсон юм гэхэд дуугүй байж байгаад эндээс явахдаа мотоциклиосоо унасан гэж байна гэсэн. Тухайн үед аймагт шүүх дээр асуудалтай байсан болохоор худлаа цуу тарааж намайг өшиглөсөн болгож ярьсан. Би ч тэр үед хүний машин хураалгачихаж магадгүй гэж бодоод хэлээгүй нуусан. Түүнээс би цохиж өшиглөсөн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.

машинаар шүргэсэн гэдэг нь нотлох баримттай би 2014 оны 10 сарын 19-нд Баянговь сумын бага эмч т даралтаа үзүүлж байхдаа машинаар шүргэсэн тэрнээс болсон юм байхдаа гэж ярьж байсан. Бас нь 2014 оны 12 сард аймаг дээр манай эхнэр тай таараад машинаар шүргэсэн тухай хэлнэ гэхэд Шинэжинст сум руу зугтаагаад явчихсан байсан. Тэгээд эхнэр эргэлтээр орж ирээд үнэн учрын нь хэлье гэхэд нь би өшиглөж цохиогүй болохоор битгий гээд хэлүүлээгүй юм. Дараагийн эргэлтийн өдөр ийн ээж эгч орж ирээд манай хүүхэд зодсон өшиглөсөн гэж хэлээгүй гэсэн гээд байсан. Би үнэн цагаанаараа явсан нь дээр юм байна гэж хэлэхэд гарч яваад манай хүүхэд шоронд явах нь гээд уйлаад байсан гэдгийг манай эхнэр , , нар мэдэж байгаа. Энэ талаар мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд шалгагдаагүй байгааг шалгаж өгнө үү, мөн унаж явсан машинд одоо болтол үзлэг хийлгээгүй байж мөрдөн байцаалтын шатанд хийсэн гэж бичсэн байдаг. 2014 оны 10 дугаар сарын 17-18-нд талийгаачийг нас барах мөчид согтуу жолоочтой пургон машин гэрийг нь дайрсан энэ цаг мөчид үзэхээр ирсэн эмч нь болон тэнд байсан бүх хүмүүс согтуу хоорондоо хэрэлдэж зодолдож байсныг тэнд байсан хүмүүс мэдэж байгаа. Талийгаач 2014 оны 10 дугаар сарын 10-ны шөнө гэр лүүгээ явсан байтал гэрч , нарын мэдүүлэг дээр 10 дугаар сарын 11-ний шөнө ирсэн гэж мэдүүлсэн байгааг үзэхэд хэдийд гэртээ очсон нь тодорхой биш байна. машины асуудлыг нуун дарах гэж ийм мэдүүлэг өгсөн тул үнэн зөвөөр нь шалгуулмаар байна. Намайг согтуу байгаагүй гэдгийг гэрч нар мэдүүлж байхад прокурорын яллах дүгнэлтэнд согтуу байх үедээ гэж бичээд байгааг ойлгохгүй байна.

Мөн мөрдөн байцаалтыг мөрдөн байцаагч , нар нь шөнө, оройн цагаар айлган сүрдүүлж, хууль бусаар мэдүүлэг авсан. Ийм асуудал байсан болохоор үнэн зөвөөр нь шалгаж өгнө үү гэж прокурор д хүсэлт гаргахад шалгаж өгөөгүй. Мөн прокурорын дарга д явуулсан хүсэлтийн хариуг прокурор өгсөн. Мөн Уранцэцэг прокурорт явуулсан хүсэлтийн хариу ирээгүй. Энэ өшиглөсөн дэвссэн гэдэг нь худал үндэслэлгүй болох гээд ирэхээр нь прокурор эсэргүүцээд мөрдөн байцаалт руу буцаахгүй байна. Бас прокурор сольж шалгуулмаар байна. Би одоо бүх мэдүүлгийг үнэн зөвөөр нь өгч хэргээ шийдүүлмээр байна. Одоогоор миний бие 2014 оны 10 дугаар сарын 20-ноос хойш нийт 506 хоног хоригдож байна. Хоригдож байх хугацаанд агаар муутай чийгтэй орчинд байгаагаас болж даралт ихсэж, цөсний нугаралт, цөс чулуужиж, элэг томорсон байнга эмчийн хяналтанд байгаа. Мөн ар гэрийн байдал маш хүнд байгаа. Эхнэр, 5 хүүхдийг маань надаас өөр харж хандах хүн байхгүй. Иймд хийгээгүй хэргийг үнэн зөвөөр шийдэн өгч оногдуулсан хорих ялыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Ялтан *******гийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолд авагдсан гэрчийн мэдүүлгүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар нотлох чадвараа алдсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа бөгөөд тухайн үйл явдал болсон гэх 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *******г Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баянтолгойн тал гэх газарт талийгаач *******г зодож, тухайн гэмтлийн улмаас талийгаач нас барсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа хуульд заасан журмыг ноцтой зөрчжээ.

Гэрч Х., ******* нарыг шөнийн цагаар, машин дотор айлган сүрдүүлж, Х.г чамайг Шинэжинстийн шиг гавлаад аваад явна, чи үнэнээ хэлэхгүй бол чамайг хорино гэх мэтээр дарамталж, байцаалт дууссаны дараа уншуулахгүйгээр гарын үсэг зуруулсан гэх

Гэрч Х. нь бичиг үсэг мэдэхгүй байхад мөн шөнийн цагаар байцааж, байцаалтанд юу бичигдсэн талаар уншиж өгөөгүй болох нь 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тус тус авагдсан байдаг.

Гэтэл мөрдөн байцаагчийн хууль зөрчсөн дээрхи ажиллагаанууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.6 “...байцаалт дуусмагц байцаагдсан этгээдээр уншуулах буюу өөрөө зөвшөөрвөл уншиж өгөх ба тухайн этгээд нэмэлт засвар оруулахыг шаардвал түүнийг мөрдөн байцаалтын тэмдэглэлд заавал тусгана...”, 144.6 дахь хэсэгт заасан “...байцаагдаж байгаа этгээдийг хөтөлж, тулгаж асуухыг хориглоно...”, 146.4 дэх хэсэг “...байцаагдсан этгээд өөрөө уншсан эсхүл түүнд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уншиж өгсөн болохыг тэмдэглэлд заавал тусгана...” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.

Шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэрчүүдийн мэдүүлгүүд болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад шүүхийн шийтгэх тогтоолд нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл аль нотлох баримтыг ямар үндэслэлээр үнэн зөв гэж үзсэн үндэслэлээ заасангүй.

Гэрчүүд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн мөрдөн байцаагчийн үйл ажиллагааны талаар гомдол гаргасаар байхад мөрдөн байцаагчийн хууль зөрчсөн ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүйгээс гадна тухайн эх сурвалжаар яллаж хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй.

Гэрчүүдийн мэдүүлэгт авагдсанаар талийгаач нь үйл явдал болсон гэх хугацаанаас хойш ямар нэгэн зовиургүйгээр айлд орж цай уусан, айл хэсэхээр хэнийх хаана нутаглаж байгаа талаар асууж байсан, орой өөрийн ээжийнхээс мотоциклио унаад ямар нэгэн зовиургүй явсан, гэртээ очихдоо хохирогч н.т мотоцикльтойгоо унаад гэмтчихлээ гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан ч энэ талаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой нотлох баримтыг анхаарсангүй гэх зэрэг болно.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг харгалзан үзэж, талийгаачийн үхлийн шалтгаан болон гэрчүүдийн мэдүүлэг нотлох чадвараа алдсан эсэх талаар шалган хэргийг тал бүрээс нь бодитой хянан үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *******гийн үйлдсэн хэрэг нь тогтоогдсон байдаг ба анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон гэж үздэг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

******* нь согтуурлын байдалд байхдаа буюу 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд III багийн нутаг “Баянтолгойн тал” гэх газарт өөрийн төрсөн ах *******гийн баруун талын цээжин тус газарт өшиглөх, дэвсэх зэргээр зодож бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас ******* нь 2014 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө нас барж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч М. “...талийгаач аавыг нас барахын урд өдөр нь манай дүү Ж.Пунцагдаш ирж хэлэхдээ аавыг жижиг маам буюу ******* ах зодсон юм байна гэж хэлсэн..., ...би аавыг нас бараагүй байхад эгчээс дараах зүйлийг сонссон, Х. гэртээ очоод эхнэр яанаа ахыг жижиг маам буюу ******* зодсон одоо яаж байгаа бол гэж ярьсаныг дуулсан гэсэн, Х.ийн эхнэр Гомбоо эгчид хэлсэн байна лээ...”, “...Ж.т аавын бие нэг л муу байх шиг байна гэж хэлэхэд Ж. аавыг жижиг маам буюу ******* зодсон гэж байна гэхээр нь би чамд хэн тэгж байна гэсэн чинь Х. тэгж хэлсэн, аавыг зодоод хаясан гэж байна лээ гэж хэлсэн, аавыг өшиглөсөн гэж байна лээ гэж хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас 17-21, 22-23-р тал/

гэрч С.Эрдэнэчулуун “...шөнийн 00 цаг 30 минутын орчим нас барсан юм, тухайн үед энэ хүн найдваргүй болсон байна ах дүү, төрөл садангийн хүнээ дууд гэж хэлсэн, тэгтэл дагавар охин М. нь та манай аавыг найран дээр ах дүүсээрээ нийлж зодоо биз дээ, дэвссэн биз дээ гээд орилоод уйлсан, *******гийн баньд нь наад хүмүүс чинь хамаагүй шдээ гэж байсан, тэгсэн М. нь та нар унагааж байгаад дээрээс нь дэвссэн биз дээ жижиг маам зодсон биз дээ гэсэн, тэнд байсан хүмүүс мөн тиймэрхүү зүйл ярьсан. Тэгээд яасан гэнээ зодоон цохион хийсэн түүнээс болж гэмтэл авсан юм уу эртхэн дуудлага өгч үзүүлэхгүй яасан юм гэхэд талийгаач эмнэлэгт битгий дуудлага өгөөрэй гээд байсан гэж М. хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас 25-26-р тал/,

“...талийгаачийн хүүхэд М.т Х.ийн эхнэр Гомбоо надад ярихдаа ******* ах жижиг маам хочит ******* хоёр зодолдоод ахыг жижиг маам зодсон байна гэж сонссон тухай хэлсэн нь үнэн...” /хх-ийн 1-р хавтас 27-28-р тал/,

Ж. “...өчигдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим нас барсан..., ...аавыг жижиг маам зодсон талаар сонссоноо би эгч М.т хэлсэн үнэн, Х. ах зодсон тухай яриагүй, маргалдсан тухай Х. ах хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас 29-30-р тал/,

Х. “...******* ах талийгаачийг зогсож байхад нь баруун хөлөөрөө баруун талынх нь цээжний хажууд нэг ёсондоо суганых нь доор өшиглөсөн, нэг удаа өшиглөхөд талийгаач баруун талаараа газар унаад босч ирээд явган суугаад баруун гараараа цээжний баруун талаа дараад суухад нь очоод гараараа түлхээд унагасан арагш гэдрэг унахад нь ******* ах баруун хөлөөрөө дэвссэн 1 удаа үйл явдал богино хугацаанд өрнөөд дууссан, намайг очихийн хооронд үйл явдал дууссан байсан, тэгээд би талийгаач дээр очтол ёо ёо элэг бяцарч вуу эсхүл хавирга хугарав уу амьсгал сонин болчихлоо цээжээ дүүртэл амьсгаа авч ханиалгаж болохоо байлаа гээд баруун талын цээжний орчмоо дараад байсан, *******г Х.Эрдэнэ эгч холдуулсан..., ...машинд явж байхдаа донсолгоонд ёолоод байсан...” /хх-ийн 1-р хавтас 33-38-р тал/,

Х.Эрдэнэ “...тэгээд нэг харахад ******* ах хажуугаараа хэвтэж байсан, тэгээд *******, ******* хоёр холдоод яриад сууж байхад ******* машины хажууд ёолоод суугаад байсан..., ...******* замдаа цээж өвдөөд чанга ярьж болохгүй байна Өлзиймаа бариачийнхаар ороод бариулчихаад явъя гэж хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас 42-43-р тал/,

“...түүний биеийг үзэхэд баруун талын нилээд хэдэн хавирга цөмрөөд хугарчихсан байсан би түүнд хавирганууд чинь цөм цөм хугарсан байна яасан гэсэн чинь ******* би мотоциклоос унасан гэж хэлсэн, тэгээд би хүүхдэд нь мотоциклоос унахад ингэж гэмтэхгүй та нар эмнэлэгт үзүүл хүнд зодуулчихсан юм биш үү гэж хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас 44-р тал/,

******* “...******* машины хажууд уурлаад байж байхаар нь би яасан юм бэ гэсэн чинь тэр эд нар уур хүргээд байна гэж хэлсэн..., ...тэр хоёр зодоон хийсэн байж магадгүй, би архи уугаад согтсон тул мэдэхгүй байна, тэгээд *******г машинд суулгаад явж байх замдаа ******* Өлзиймаа бариачийнх хаана байгаа бол би бариулмаар байна гэж ярьж байсан...” /хх-ийн 1-р хавтас 47-р тал/,

Т.Гомбожав “...би Х.оос за яасан юу болов хүргээд өгсөн үү гэхэд тэглээ хүргэж өгчөөд ирлээ ирэх замдаа Модотын эхэнд хоорондоо маргалдацгаагаад гэж хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас 48-49-р тал/,

“...2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой нар жаргасан хойно гэрийн гадна машин дээрээ юм хийгээд байж байтал Х. ганцаараа тэмээтэй ирсэн, ирээд ойр зуурын юм ярилцаж байгаад бид нар Баянговь сумаас найрнаасаа буцаж явах замдаа *******, ******* талийгаач ах ******* нарыг зодолдоод гэх шиг болсон тэр үед би юм хийж байгаад яадаг золигнууд вэ гэж хэлчээд цааш нь тодруулж асуугаагүй, хэн нь хэнтэйгээ маргалдаж зодолдсоныг хэлээгүй...” /хх-ийн 1-р хавтас 50-51-р тал/,

Ж.Пунцагдаш “...урьд өмнө нь миний мэдэхийн хоёр толь нь хагарсан цуурсан, карло нь хагарч түүнийг сольсон /урд/ өвдгөвний хамгаалалт эвдэрсэн байсныг засварлаж янзалсан, дээрх эвдрэл гэмтлүүд карло 2013 оны хавар 4 дүгээр сард, 2013 онд баруун толийг Алтанхүү унаж явж байгаад онхолдож хугалсан /сууриар нь/ би 2014 оны хавар зөв талын буюу зүүн талын толийг хугалсан юм одоогийн байдлаар талийгаач аавын мотоцикльд эвдрэл гэх шинж тэмдэг үүсээгүй харагдаж байна..., эгч Х.ийн эхнэр Т.Гомбожавтай ярихад Х. найрнаас ирэхдээ тэд нар зодолдоод явдаггүй хөлдөж үхэх дөхлөө гэж хэлсний нь дамжуулж хэлсэн байсан, мөн д найрны тухайд Х.Эрдэнэ эгч хэлэхдээ архи уугаагүй ёстой сайхан яваад иргээ гэж хэлснийг надад урд шөнө хэлсэн юм, Х. нь Ганболд ахад очоод ахыг аягүй их зодлоо тэсдэг болов уу гэж хэлсэн гэдэг...” ...” /хх-ийн 1-р хавтас 52-53-р тал/,

Ж. “...би бариачийг авчирхаас өмнө Х.ийнд очиход Х. эхнэрийнхээ хамт байсан, бид нар Баянговь сум орж хүүхнээ хүргэж өгчихөөд буцаж явахдаа ******* манай аав хоёр хоорондоо нилээн маргалдсан, ганц нэг цохилцсон гэж хэлсэн, тэгээд та нар зодолдсон юм уу гэсэн чинь Х. ганц нэг цохилцоод байх шиг байсан гэж хэлсэн, *******тай аав минь зодолдсон гэж хэлсэн, яг яаж зодсон талаар тодорхой хэлээгүй...” /хх-ийн 1-р хавтас 54-р тал/,

“...талийгаачийг барьж үзэхэд баруун талынх нь хавирга нь нилээн гэмтэлтэй байсан% тэгэхээр нь пластар наалт нааж өгсөн, тэгээд эмнэлэгт үзүүлээрэй, эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн, тэгээд би хавирга нь нилээн гэмтэлтэй байхаар нь сайн үзээгүй линт нааж өгөөд явуулсан..., ...гадна талаас нь тэмтэрч үзэхэд 4-5 орчим хавирга нь хугарчихсан юм шиг байсан...” /хх-ийн 1-р хавтас 125-126-р тал/ нарын мэдүүлэг,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №74 тоот “...талийгаач *******гийн биед цээжний баруун хавирга яснуудын /5-10-р хавирга яснуудын/ далд хугарлууд, баруун уушгины дунд дэлбэнгийн урагдал, цоорол, баруун уушгины дунд дэлбэнгийн чалчийлт гэмтлүүд үүссэн байна, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр амьд ахуй үед нэгэн зэрэг үүссэн байх боломжтой байна, талийгаач ******* нь цээжний далд гэмтэл буюу баруун талын 5-10-р хавирга яснуудын гүйцэт хугарлын улмаас, хугарлын үзүүр хэсэг баруун уушгины дунд дэлбэнг урж цоолсоноос дотуур цус алдалт, хавирга яснууд хугарсанаас гэмтлийн гаралтай шок үүсэж улмаар хавсарсан шокын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна, талийгаачийн биед архаг хууч өвчний шинж тэмдэг тодорхойлогдсонгүй, талийгаачийн биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй, талийгаачид эмнэлгийн анхны яаралтай тусламжийг хурдан хугацаанд, цаг алдалгүй үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан байна, талийгаач гэмтэл аваад гэртээ ойролцоогоор 7 хоног эмнэлгийн тусламж авалгүй байсан байна, талийгаачийн дээлний өврийн урд болон хажуу хэсэгт байх 24 см голчтой 4 см гүнтэй металл таваг мэт зүйл нь талийгаач мотоцикльтой онхолдох үед талийгаачийн хавирга яснуудыг хугалах хүчний шууд үйлчлэл үзүүлэх даралт бага, тодорхой сул зайнд металл тавагнууд байгаа тул хавирга яснуудад шууд үйлчлэл үзүүлэхгүй дам үйлчлэл үзүүлнэ, энэ үйлчлэл хавирга яснуудыг хугалж гэмтээх боломжгүй юм, талийгаачийн биед мотоциклоос унасан гэх гэмтлийн шинж тэмдэг биеийн ил хэсэгт тодорхойлогдоогүй болно, талийгаачийн биед үүссэн баруун талын хавирга яснуудын хугарлууд нь хатуу мохоо хүчтэй үйлчлэл буюу талийгаачийг олон удаа буюу 2 удаа өшиглөж, хөлөөр тийрэх /хөлийн ул, эсгий, өлмий нийлсэн/ үед илүүтэй үүсэх боломжтой ба үйлчлэлийн хүч хавирга яснуудад шууд үйлчилж байгаатай холбоотойгоор тайлбарлагдана...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 62-63-р тал/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07 тоот нэмэлтээр гаргасан “...талийгаач *******гийн биед баруун хөхний товчноос доош 4 см, аймхай мөгөөрсөнөөс баруун тийш 7см-т 3.0х2.3 см улаан хүрэн дарагдлын хүрэн улаан цус хуралт, толгойн оройн гавлын гадна хальсанд 3.0х1.0см хүрэн улаандуу цус хуралт гэмтлүүд үүссэн байсан ба уг гэмтлүүд нь хатуу мохоо хязгаарлагдмал гадаргуутай хүчин зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байсан байна, талийгаачийн биед үүссэн баруун талын 5,6-р хавирга яснууд баруун талын суганы урд шугамаар гүйцэт ташуудуу хугарсан, баруун талын 7,8,9,10-р хавирга яснууд баруун талын суганы дунд шугамаар ташуу гүйцэт хугарсан, баруун талын 6 дугаар хавирга яс, хугарлын хэсгээр гурвалжин хэлбэрийн өнцөг гарсан байдалтай хугарсан, хавирга яснуудын хугарлын орчимд зөөлөн эд булчинд хар хүрэн цус хурсан гэмтлүүд нь хатуу мохоо хатуу гадаргуутай хязгаарлагдмал талбайтай зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн хүчтэй хүрэлцэх үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна, талийгаач *******гийн биед мотоцикльтой явж байгаад унаж гэмтсэн гэх гэмтлийн өвөрмөц шинж тэмдэгүүд тодорхойлогдоогүй болно, талийгаач тухай үед өвөртөлж явсан гэх эд зүйлс нь мотоцикльтой явж байгаад унах үед хавирга яснуудыг дарж шахаж хугалсан гэх дугуй хэлбэрийн болон хагас дугуй хэлбэрийн дарагдлын ором арьсан дээр болон зөөлөн эдэд тогтоогдоогүй, тайлбарыг урьд гаргасан шинжээчийн 74 тоот дүгнэлтийн 7,8 дугаарт бичигдсэн болно, талийгаачийн биед баруун талын 5,6-р хавирга яснууд баруун талын суганы урд шугамаар гүйцэт ташуудуу хугарсан, баруун талын 7,8,9,10-р хавирга яснууд баруун талын суганы дунд шугамаар ташуу гүйцэт хугарсан, баруун талын 6-р хавирга яс, хугарлын хэсгээр гурвалжин хэлбэрийн өнцөг гаргасан байдалтай хугарсан гэмтлүүдийн хоорондын зай нь ойролцоогоор 4.0см зайтай байсан, харин баруун талын 6-р хавирга яс баруун талын суганы урд шугамаар гурвалжин хэлбэрийн өнцөг үүсгэж хугарсан нь гарсан өнцгийн урт нь ойролцоогоор 0.8-1.0 см байсан болно, талийгаачийн баруун талын хавирга яснуудын хугарлууд нь хавирга яснуудын хугарлын доод хэсэг буюу нурууны нугаламтай бэхлэгдэх хэсгээр дотогш налсан байдалтай бага зэргийн зөрөөтэй ойролцоогоор 0.1-0.3 см зөрөөтэй хугарсан байсан байна, талийгаачийн биед баруун уушгины дунд дэлбэнгийн чалчийлт, баруун уушгины дунд хэлбэрийн хажуу гадаргууд 0.8 см гүнтэй зах ирмэг тэгш бус шарх үүссэн байсан ба уг шархны дээд гадна ирмэг хэсэг нь ойролцоогоор хагас зуйвандуу хэлбэрийн 0.4-0.6см орчим диаметртэй байсан ба уг шархаар цээжний баруун хөндийд ойролцоогоор 800мл хар хүрэн шингэн цус алдсан байсан нь уушгины өөрийн үйл ажиллагаа, шархны нүхний том жижиг зэргээс мөн уушгины агааржилттай холбоотойгоор /амьсгал авах, гаргах үед шархны диаметр багасаж, хавчигдах, тэлэгдэх гэх мэт/ уушгинаас гарах цус бага бага хэмжээгээр алдсан байх боломжтой байна, хавирга яснууд хугарч уушгийг гэмтээсэн, уушиг чалчийсан зэрэг нь талийгаач амьд ахуй үед амьсгаа давчидах, амьсгал өнгөц хурдан болон, зүрх дэлсэх, мөн ясны хугаралтай холбоотой, хавирга яснуудын мэдрэлжүүлэлт цочирсонтой холбоотойгоор цээжний баруун талаар өвдөлт үүсэж мэдрэгдэх, цээжээр хөндүүрлэх болон арьс салст цайх, хуурайших, хумсны толио цайх, хөхрөх зэрэг шинж тэмдэгүүд үүсэж болно, хэрэг зэрэг удаан амьд байх боломжтойг тогтоох боломжгүй ба гэмтлийн хэлбэр, аль эрхтэн гэмтсэн биеийн онцлог шинж өвчин эсэргүүцэх чадвар, биеийн дархлаа, архаг хууч өвчинтэй эсэх, нас, хүйс, хөгшин залуу зэргээс хамаарч болдог, тухайн тохиолдолд ямар ч эмнэлгийн тусламж аваагүй, эмчилгээ огт хийгдээгүй зөвхөн бариачид хугарсан хавирга ясаа бариулсан гэдгээр эмчилгээ хийгдээгүй гэртээ /хөдөө хээрийн нөхцөлд/ 7 хоносон байсан болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 134-135-р тал/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын “...******* нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй, тэрээр өөрийн үйлдлийг удирдан ухамсарлаж ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” магадлагаа /хх-ийн 1-р хавтас 132-р тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, талийгаач *******гийн цогцсонд үзлэг хийсэн болон шинжээч эмч С.Батбаярыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 4, 9-16, 64-65, 66-67-р тал/ зэрэг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан үндэслэл журмын дагуу авагдан бэхжигдэн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял ялтны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ******* болон түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгох буюу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   Т.ДАВААСҮРЭН