Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01383

 

“ЭДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00360 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1609 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “ЭДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Цэвэлмаад холбогдох,

Бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх гэрээний үүрэгт 5 035 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭДТ” ХХК иргэн Н.Цэвэлмаа нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15/26 тоот бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулсан. Худалдагч тал чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч тал бүтээгдэхүүнийг хүлээн авах, үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Гэрээгээр тохиролцсон бетон зуурмагийг худалдагч тал нь хуваарийн дагуу захиалагч талд нийлүүлж дууссан боловч захиалагч гэрээний 2.6-д зааснаар захиалагч нь гэрээ байгуулаад 2 000 000 төгрөг төлнө. Үлдэгдэл 11 160 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулах үүргээ гүйцэтгээгүй буюу бетон зуурмагийн үнийг бүрэн төлөөгүй болно.Талууд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15/26 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Н.Цэвэлмаа нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэхүү гэрээний 2-т заасан хуваарийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлж дуусгах үүрэгтэй боловч төлбөрийг дутуу төлж 4 240 000 төгрөгийн авлага нэхэмжлэгч “ЭДТ” ХХК-д үүссэн байна. Дээрх мөнгийг төлж барагдуулахыг Н.Цэвэлмаагаас шаардахад удахгүй төлнө хэмээн удаа дараа худал хэлж, цаг хугацаа алдагдуулан биднийг хохироосоор байна.Иймд үлдэгдэл төлбөр 4 240 000 төгрөг, алданги 795 000 төгрөг, нийт 5 035 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “ЭДТ” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрээс урьдчилгаа 2 000 000 төгрөг өгч, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 94 куб буюу 11 160 000 төгрөгийн зуурмагийг худалдаж авсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худалдах-худалдан авах ямар ч гэрээ байгуулаагүй. Би 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрөө гуйж байгаад худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Би анхнаасаа ямар ч хүү, алданги төлж чадахгүй гэсэн. Үлдэгдэл мөнгийг нь 2015 оны 11 дүгээр сарын 20-нд багтаан банкнаас зээл аваад өгөх гэсэн боловч бүх банк зээлээ хаасан байсан. Гэсэн ч би бололцоогоороо мөнгийг нь цуглуулж өгч байгаа.11 160 000 төгрөгөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-нд 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр  сарын 09-нд 1 800 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 07-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 03 сард 1 360 000 төгрөг өгөөд, одоо үлдэгдэл 4 000 000 төгрөг үлдсэн байгаа. “ЭДТ” ХХК нь дандаа хүү, алданги төл гэж дарамталж байдаг гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00360 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Цэвэлмаагаас 4 844 200 төгрөг гаргуулан “ЭДТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 190 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 92 457 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1609 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:ЭДТ ХХК-иас би 2015.11.02-нд 94 м.куб зуурмаг буюу 13 160 000 төгрөгийн зуурмаг авсан. Анх 80 м.куб зуурмаг захиалсан боловч хүрэхгүй, 14 м.куб зуурмаг нэмж захиалсан. 13 160 000 төгрөгөөс 11 сарын 02-нд 2 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 06-нд 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 09-нд 1 800 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-нд 2 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 07-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 10-нд 1 360 000 төгрөг өгөөд одоо үлдэгдэл 4 000 000 төгрөг үлдсэн бөгөөд үүнийг би төлнө.Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд би эмчилгээнд гадаад руу яваад 2016 оны 08 дугаар сарын 08-нд ирсэн ба намайг эзгүйд шүүх хурал болсон. Шүүхээр гарсан 844 200 төгрөгийг төлөх ямар ч боломж байхгүй гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:      

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүсэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч “ЭДТ” ХХК нь худалдагчийн хувьд 94 м3 бетон зуурмагийг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч Н.Цэвэлмаа нь худалдан авагчийн хувьд худалдан авсан эд хөрөнгийн үнээс 2 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэх 11 160 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцжээ. Худалдах-худалдан авах гэрээнд талууд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагч төлбөрийн үлдэгдэл 6 360 000 төгрөгийг 3 сарын хугацаанд сар бүр 2 100 000 төгрөг төлөхөөр болжээ.

Дээрх гэрээнд талууд төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацаанд төлөгдөөгүй төлбөрөөс алданги тооцохоор тохиролцсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийжээ.

Хариуцагч Н.Цэвэлмаа алданги төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөөгүй боловч өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар  хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй татгалзал, түүний үндэслэл, тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болно. Ийнхүү өөрийн татгалзлыг нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирэх боломжгүй шалтгаанаа мэдэгдээгүй,  хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй тул шүүх хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00360 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1609 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН