| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00241/И |
| Дугаар | 306/ШШ2025/00263 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 306/ШШ2025/00263
| 2025 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 306/ШШ2025/00263 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************* ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******ШШГГ-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 06 дугаар сарын 12-ны өдрийн 2006013*** дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2006013*** дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай, ****** ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай иргэний хэргийг /хэргийг нэгтгэсэн/ 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ю нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******** ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
******** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь манай компанид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа дараах хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргасан. Үүнд:
1.Эсгийний үйлдвэрийн барилга дахин давтан битүүмжилсэн тухай.
Тухайн үл хөдлөх хөрөнгийг (эсгийний үйлдвэрийн барилгыг) өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжилсэн байтал дахин давтан 200601**** дугаартай битүүмжлэх тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийг хураах, шилжүүлэх журам-ын үндсэн зарчим, дарааллыг зөрчиж болзошгүй байна.
Хэрэв өмнөх тогтоол нь хууль болон процессын шаардлагыг зөрчсөн буюу хууль бус байсан бол бид тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан эргэлтийн хөрөнгийн зээл авч, өр төлбөрөө төлж барагдуулах, цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бүрэн боломжтой байлаа.
Энэ талаар манай компанийн зүгээс эсгийний үйлдвэрийн өмнөх тогтоолоос чөлөөлүүлэх хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн боловч уг хүсэлтэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Төрийн албаны удирдлагын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу тохирох хугацаанд албан ёсны бичгээр хариу өгөөгүй нь эрх бүхий байгууллага ил тод, нээлтгэй, шуурхай байх зарчмыг зөрчиж, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.
2.****** ХХК-ийн улсын бүртгэлийн эрх түдгэлзүүлсэн ч мэдэгдэл өгөөгүй
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох талуудад заавал мэдэгдэх, шийдвэрийн хуулбарыг гардуулах үүрэгтэй байтал ******* ХХК-ийн улсын бүртгэлийн эрх түдгэлзүүлсэн тухай бидэнд албан бичиг, мэдэгдэх хуудас огт ирүүлээгүй.
Энэ нь Компанийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан сонирхогч этгээдэд шийдвэрээ танилцуулах, мэдээлэх үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Улсын бүртгэлийн эрх түдгэлзэх нь компанийн үйл ажиллагаа явуулах, гэрээ хийх, санхүүгийн харилцаанд орох боломжийг шууд хязгаарладаг ноцтой үр дагавартай шийдвэр тул хуульд заасан бүрэн бичиг баримт, үндэслэлийг танилцуулах шаардлагатай. Гэвч бидэнд холбогдох шийдвэр огт танилцуулагдаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны, ил тод байх зарчимтай нийцэхгүй байна. Мөн хууль зүйн үндэслэл, гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүй байгаа.
3.Манай эзэмшилд байхгүй 13000 мкв газрыг дахин битүүмжилсэн тухай.
Г-1901000***дугаартай, 130** мкв талбай бүхий газар нь өмнө нь Голомт банкны гүйцэтгэх ажиллагааны үр дүнд тус банкны өмчлөлд шилжсэн байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дахин уг газрыг манай нэр дээр байна хэмээн үзэж, битүүмжлэх тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан Шийдвэр гүйцэтгэхэд хамрагдах эд хөрөнгө нь өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхүйц, харьяалал нь тодорхой, эзэмшигч нь тогтоогдсон байх шаардлагыг зөрчиж байгаа бөгөөд бидний эзэмшилд байхгүй хөрөнгийг үндэслэлгүйгээр битүүмжилж буй хууль бус үйл ажиллагаа юм.
Дээр дурдсан нөхцөл байдал нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвхөн өр төлбөрт дүйцэхүйц хэмжээний эд хөрөнгийг хуульд заасан журмаар битүүмжлэх, дуудлага худалдаагаар борлуулах зэргээр хэрэгжих ёстой гэсэн зарчмыг зөрчиж байна. Тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь сулруулж, үйлдвэрлэлийг боймлох зорилготой арга хэмжээ авагдаж байгаа мэт сөрөг үр дагавар үүсэж байна. Одоогийн арга хэмжээнүүд нь манай үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, өр төлбөр барагдуулах биш харин үйлдвэрлэлээ зогсооход хүргэх, улмаар санхүүгийн хүндрэл улам нэмэгдэх нөхцөл бүрдүүлж байна. Дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1.2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 200601*** дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах;
2.******* ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах;
3.Манай компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах;
4.Дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас манай компанийг хохироосон албан тушаалтануудад хариуцлага тооцуулах.
********* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25/01 дугаар тогтоолоор өмнө гаргасан битүүмжлэх болон хураах тогтоолуудыг хүчингүй болгосон нь тухайн тогтоолууд хууль зөрчсөн болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна. Гэсэн атлаа уг шийдвэрийн дараа дараах шинэ тогтоолуудыг гаргасан нь өмнөх хууль зөрчсөн үйлдлийг нэр өөрчлөн үргэлжлүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй алхам болсныг нотолж байна. Үүнд:
2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136*** дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол;
2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2006013*** дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол;
Эдгээр тогтоолууд нь:
Хамрах эд хөрөнгө, үндэслэл, гүйцэтгэлийн зорилго, бүрдэл бүхий материалын хувьд өмнөхтэй ижил байна;
Өмнөх тогтоолуудыг хүчингүй болгосон шалтгаан (нотлох баримтын дутагдал, хууль зүйн үндэслэлгүй байдал) арилсан талаар ямар ч шинэ нөхцөл үүсээгүй байхад дахин тогтоол гаргасан;
Шинжээчийн томилгооны хүрээнд гаргасан дүгнэлт нь өмнөх буюу 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн үзлэг, хэмжилтийн мэдээллийг ашигласан нь шинээр үзлэг хийгдээгүй, өмнөх хууль зөрчсөн ажиллагааг нотолгооны түвшинд дахин хэрэглэх оролдлого болсон байна.
Эдгээр нөхцөл байдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47, 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагуудыг дахин ноцтой зөрчиж байна.
Манай компаниас дээрх хэрэгт холбогдуулан гаргасан анхны нэхэмжлэлийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл бүрдсэн гэж үзэж, энэхүү хүсэлтийг гаргаж байна. Нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлага:
2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 200601*** дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол;
2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 200601**** дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол;
Дээр дурдсан 2 тогтоолыг шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн хэлэлцэж өгөхийг хүсэж байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь ********н газартай байгуулсан агуулахын түрээсийн гэрээтэй холбоотойгоор үүссэн 35,425,000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 186,000,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн асуудлаар гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Энэ ажиллагааны хүрээнд ****** ХХК-иар нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа барилга байгууламж, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг үл хөдлөх болон эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн:
Барилга байгууламжийг 485,465,674 төгрөгөөр,
Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 16,598,400 төгрөгөөр тус тус үнэлсэн болно.
Гэвч дээрх үнэлгээ дараах шалтгаануудын улмаас үндэслэлгүй, хууль ёсны шаардлага хангаагүй хэмээн бид үзэж, нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. Газрын үнэлгээ зөрүүтэй, бараг тусгагдаагүй:
Барилга доорх газрын зах зээлийн үнэ цэнэ үнэлгээнд бараг тусгагдаагүй. Гэтэл уг газар нь үйлдвэрлэлийн зориулалттай, байршлын хувьд үнэ цэн бүхий газар юм. бүх үзүүлэлтээрээ харьцуулахад дээрх үнэлгээ нь бодит зах зээлийн үнэлгээнээс хэт бага тогтоогдсон байна. Энэ нь эдийн засгийн ноцтой хохирол учруулах нөхцөлтэй.
2. Хууль зүйн үндэслэлгүй болох нь цаг хугацааны зөрүүгээр нотлож байна:
Үнэлгээний тайланд дурдсанаар үнэлгээ хийлгэх шийдвэр буюу тогтоол нь 2025 оны 06-р сарын 13-ны өдөр гарсан гэж тэмдэглэгдсэн байна. Гэтэл үнэлгээний үзлэг, актыг 2025 оны 05-р сарын 21-нд буюу тогтоолоос өмнө хийсэн байх нь тогтоогдож байгаа нь цаг хугацааны хувьд зөрчилтэй, хууль зүйн хувьд үндэслэлгүй болохыг илтгэж байна. Үнэлгээ хийх үндэслэл болох тогтоол гарахаас өмнө, хууль ёсны шийдвэргүйгээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгдсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйл-д заасан хуульд нийцээгүй үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгох нөхцөлд хамаарна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1.2, 118 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57, 60 дугаар зүйлүүдэд үндэслэн дараах шаардлагыг шүүхээс гаргахыг хүсэж байна:
1. ******* ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асууддыг үнэн зөвөөр шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн өмч хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах.
Эдгээр хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас хууль бусаар манай компанинд эдийн засгийн хохирол учрах тул үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Энэхүү ажиллагаатай холбоотой хууль бус үйлдлүүд дур зоргоороо ажиллах байдал хэтэрсэн гэж үзсэн учраас энэ нэхэмжлэлүүдийг гаргасан. Нийгмийн даатгалын өр төлбөр болоод шүүхийн шийдвэртэй өр төлбөрт манай компани бол боломжийн хэрээрээ төлөлт хийгээд явж байсан. Тэгээд энэ өр төлбөрөө богино хугацаанд төлөх боломж байна гэдэг хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хариу өгдөггүй байсан. Бидний хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах байдлыг таслан зогсоох арга хэмжээг 2020 оноос хойш авч байгаа. Жишээлбэл эсгийний үйлдвэрийн барилгыг 2020 онд битүүмжлээд тэрнээс хойш бид барьцаалах, эргэлтийн хөрөнгөөр босгох үйл ажиллагаандаа захиран зарцуулах эрхгүйгээр өдийг хүртэл явсан байгаа. Мөн Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн эрхийг түдгэлзүүлсэн. Энэ нь бас хууль бус гэж бодож байгаа. Жишээлбэл нийгмийн даатгалын өр төлбөр, компани, хуулийн этгээдийн өр төлбөр,****** ХХК нь 4-5 н хувьцаа эзэмшигчтэй, давхар хувь хүний эрх ашиг яригдаж байгаа зүйл дээр огт мэдэгдэлгүй хууль бус, хууль зүйн үндэслэл болоод мэдэх эрхээр хязгаарласан, огт мэдээгүй байхад иймэрхүү хууль бус үйлдлүүдэд манай компани өртөж хохирсон байгаа. Үүнээс гадна хавраас хойш хэд хэдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ нь болохоор 2020 онд битүүмжилсэн үл хөдлөхийг дахин битүүмжлэх, дээрээс нь хураах, үнэлэх нь процессын дагуу явах ёстой үйл явдлуудыг эмх замбараагүй, бид нарын эрх ашиг, гомдол гаргах хугацаа зэрэг хуулиар олгогдсон эрхийг хангуулахгүй. Энэ гаргасан тогтоол, шийдвэр нь дандаа алдаатай, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Жишээлбэл нийгмийн даатгалын эхний өр төлбөр дээр 88,000,000 орчим төгрөгийн өр төлбөр үлдсэн байгаа. Энэ өр төлбөрт үл хөдлөх, газар гээд 700,000,000-800,000,000 төгрөгийн үл хөдлөх, газрыг битүүмжилж болдог юм болов уу, гэх зэргээр олон хууль бус үйл ажиллагааг цуцалж өгнө үү л гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. Дээрээс нь үл хөдлөх, газрыг ямар нэгэн тогтоол, шийдвэрийн дагуу үндэслэж үнэлэх ёстой. Гэтэл хүчин төгөлдөр шийдвэр байхгүйгээр манай компанийн хөрөнгийг үнэлсэн байгаа. Энэ үнэлгээ бодитой зах зээлийн зарчмаар үнэлэгдсэн гэдэг нь эргэлзээтэй байна гэж үзэж байгаа гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ю шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ****** нээлттэй хорих ангийн ********дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Ю би тус газарт хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00** дүгээр захирамжаар *******ХХК-аас 146.220.674 төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.
Төлбөр төлөгч "********" ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлззгүй, төлбөрийг телж барагдуулаагүй тул "********* ХХК"-ны өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-19010**** дугаартай Г******* м.кв талбайтай (эсгийний үйлдвэр)-ийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2006013*** дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн.Уг хөрөнгийг битүүмжлэхээс өмнө 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20060136/*** дугаартай битүүмжилсэн хураасан хөрөнгө чөлөөлөх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор чөлөөлсөн тул 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20060136/*** дугаартай хөрөнгийн эрх битүүмжлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагаа нь хууль журмын дагуу явагдсан.
Төлбөр төлөгч *" ХХК-ны өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-19010001*** дугаартай Г******** байрлах 340,6 м.кв талбайтай (эсгийний үйлдвэр)-ийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны едрийн 200601***** дугаартай битүүмжпэх тогтоолоор битүүмжилж тогтоолын 1 хувийг баталгаат шуудангаар явуулсан.
Төлбөр төлөгч ******* ХХК-ны 25 хувийн хувьцаа эзэмшигч Л.О-ийн газрьн түүхчилсзн лавлагаагаар кадастрын зураг, мөн газрын хэмжээ өөрчлөгдсөн тул Шүүхи йн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2 дахь заалтыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20060136*** дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20060136//// дүгээр тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн өдрийн 20060136/*** дугаар "Шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгийг хүчингүй болгох тухай 25/01 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ажиллагааг хүчингүй болгож зөвтгөсөн.
Төлбөр төлөгч "**********" ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байна гэв.
4.Нэхэмжлэгчээс: Нолтох баримтаар нэхэмжлэл /хх-н 1-3 хуудас/,******** ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 4 дүгээр хуудас/, Ч******* ХХК-ийн дүрэм /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/20*** дугаартай Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 10 дугаар хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20060136/10 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ын хуулбар /хх-ийн 11-12 хуудас/, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20060136/12 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ын хуулбар /хх-н 13-14 хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20060136/14 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол-ын хуулбар /хх-н 15-р хуудас/, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай шаардлага /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136/17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /хх-н 56-57 хуудас/, эд хөрөнгө хураах тухай 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136/19 дугаартай тогтоол-ын хуулбар /хх-н 58-59 хуудас/, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Т/2516 дугаартай ***** ХХК-ийн Шинжээчийн дүгнэлт /хх-н 76-84 хуудас/, ****** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн тодорхойлолт /хх-н 85-86 хуудас/ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
- 4.Хариуцагч ********* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ****** дугаар нээлттэй хорих ангиас шүүхэд хариу тайлбар ирүүлсэн ба нотлох баримтаар 2020 оны Үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн лавлагаа, хариу, Улсын бүртгэлийн өмчлөх эрх шилжүүлэх, хөрөнгийн эрх сэргээх тухай, Хөрөнгийн эрх сэргээх тогтоол, Дууссан тогтоол, Битүүмжилсэн хураасан хөрөнгө чөлөөлөх тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчингүй болгох тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Лавлагаа, Хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хөрөнгө хураах тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Мэдэгдэл, Шинжээч томилох тогтоол, Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Шинжээчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шинжээч томилох тоггоол, Шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, Шинжээчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үнэлгээний тайлан, Мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол зэргийг тус тус нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн болно.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, ******** ХХК-ний улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагаан улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-1** дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-*** дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай, *** ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж нэхэмжилжээ.
Хариуцагч нь ...Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/0***** дүгээр захирамжаар ****** ХХК-аас 146.220.674 төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.
Төлбөр төлөгч "*********" ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байна гэсэн агуулга бүхий үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргажээ.
2. Талуудын маргааны зүйл нь:
2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-*** дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, ***** ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагаан улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 06 дугаар сарын 12-ны өдрийн 2006013***** дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2006013*** дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай, ***** ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь маргааны зүйл болж байна.
3. Нотлох баримтыг судлахад 2020 оны Үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн лавлагаа, хариу, Улсын бүртгэлийн өмчлөх эрх шилжүүлэх, хөрөнгийн эрх сэргээх тухай, Хөрөнгийн эрх сэргээх тогтоол, Дууссан тогтоол, Битүүмжилсэн хураасан хөрөнгө чөлөөлөх тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчингүй болгох тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Лавлагаа, Хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хөрөнгө хураах тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Мэдэгдэл, Шинжээч томилох тогтоол, Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Шинжээчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шинжээч томилох тоггоол, Шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, Шинжээчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үнэлгээний тайлан, Мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол зэрэг баримтаар маргаан бүхий үйл баримт буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байдал тогтоогдож байна.
4. Талуудын хоорондох маргаан бүхий харилцаа нь хууль зүйн хувьд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх дэд салбар эрх зүйн харилцаа буюу иргэний шүүхийн шийдвэрийг үндэслэн явагдах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үүссэн харилцаа байна. Энэхүү харилцаа нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зэргээр зохицуулагдана.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна.
9.3 Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ. гэж зааснаас үзэхэд шүүх иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон журмыг баримтлан хэрэгжүүлнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллгаааны харилцаанд уг ажиллагаа нь талуудын эрхийг хангасан эсэх, хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх буюу хуульд заасан процессыг хэрэгжүүлсэн байдлыг шийдвэрлэх юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44, 55, 63, 122 дугаар зүйлүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах журмыг хуульчилсан байна.
5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг хууль зүйн хувьд тодорхойлж тоймловол үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураах, улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлэх зэрэг тогтоолууд болон шинжээчийн тогтоосон үнэлгээг тус тус хүчингүй болгуулах агуулгатай байна.
Нэхэмжлэлд дурдсан шаардлагуудаас ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх шаардлагын тухайд нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад агуулга ижил хүсэлтийг гаргаж шүүх хүсэлтийг хангасан, ...компаний эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд уг тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгосон тул шаардахгүй гэсэн тул хууль зүйн дүгнэлт хийх, мөн хууль бус үйл ажиллагааны улмаас манай компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах гэсэн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэлд хамаарахгүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Бусад буюу 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах,******* ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, 06 дугаар сарын 12-ны өдрийн 200601*** дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2006013*** дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай шаардлагын тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх тухай тухайн ажиллагаанд гомдол гаргах журмыг хуульчилсан ба тодруулбал хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.,
44.4 Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасан байгаа нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хуулиар тогтоосон байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсэг нь дээрх заалтад хамаарч, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг баримтлахаар байх ба энэ журмыг баримталсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч нотлоогүй, энэ журмыг баримтлах боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин эд хөрөнгийн үнэлгээний хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө.
55.7 Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж гомдол гаргах хугацаа, журмыг заасан байна. Энэ нь шүүх шууд хүлээн авч шийдвэрлэх тусгай байдлаар тогтоосон харъалал юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд мөн шүүхэд шууд гаргах гомдлыг тодорхойлсон бөгөөд энэ хэргийн нэхэмжлэлийн хувьд 122 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байна.
Хууль хэрэглээний хувьд 122 дугаар зүйлийн 122.4-т энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй. гэсэн нь дээрх зүйлүүдэд заасан журмыг баримтлан гаргасан гомдлыг шүүх хянан хэлэлцэх хүрээг тодорхойлсон.
122.5 Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана. гэсэн нь гомдлыг хянан хэлэлцэх шүүхийн харъяаллыг тогтоосон зохицуулалт юм.
Шүүх иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэхдээ хуульд заасан журам, аргаар хэрэгжүүлэх тул нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэхдээ дээрх байдлаар хуульд заасан журмыг баримтлах ба энэ нь холбогдох хуулиудын үзэл баримтлал, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимтай холбоотой тул хэн нэгэнд нь хуулийн давуу байдал олгох боломжгүй юм.
Нэхэмжлэгч дээрх шаардлагуудыг нэхэмжлэлүүддээ хамтадган гаргасан байх ба шүүх процессын хувьд зарим хэсгийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй тул нэхэмжлэлд нийтэд нь иргэний хэрэг үүсгэсэн болно.
6.Эд хөрөнгийг үнэлсэн Болор үнэлгээ ХХК-ний шинжээчийн дүгнэлт 2025 оны 06 сарын 19-ний өдөр гарсаныг Чойр хайрхан ХХК-ний захирал Л.Одбаясгаланд 2025 оны 06 сарын 20-ны өдөр мэдэгдсэн болох нь шинжээчийн дүгнэлт /хх148-158/, 01/1068 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх159/ зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө. гэснийг шийдвэр гүйцэтгэх байгууллага хугацаанд нь хэрэгжүүлсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч няцаасан, үгүйсгэсэн нотолгоог хэрэгжүүлээгүй байна.
Шинжээчийн үнэлгээний дүгнэлтийг гарснаас хойш ажлын 3 хоногийн сүүлийн хугацаа 2025 оны 6 сарын 25-ны өдөр дуусахаар байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэснийг баримтлан тооцоход шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацаа 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дууссан байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гаргасан болох нь нэхэмжлэлд дарсан дардас тэмдэглэгээгээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, ******** ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагаан улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 06 дугаар сарын 12-ны өдрийн 200***6-17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2006013***9 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай, **** ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
7. Харин урьдчилан шийдвэрлүүлэх журмыг баримтлан гомдол гаргах шаардлагуудын тухайд журмыг баримтлан шийдвэрлүүлж, дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хуулийн этгээдийн нэршлийг хариуцагч ********* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэж тодорхойлж бичсэн байх ба хариуцагч шүүхэд ирүүлсэн албан бичиг, тайлбартаа ***********дугаар нээлттэй хорих анги гэснийг шүүх хуралдаанд тодруулахад оролцогчдын тайлбарласнаар угтаа нэг хуулийн этгээд байх тул шийдвэрт хариуцагчийг албан ёсны нэршлээр нь бичсэн болно.
9. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 306/ШЗ2025/00**** дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар, хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдав.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.3, 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, ******** ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагаан улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060*** дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2006013**** дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай, ******* ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Урьдчилан шийдвэрлэх журмыг баримтлан шүүхэд дахин нэхэмжлэл гаргах шаардлагын тухайд энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.
4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 306/ШЗ2025/00**** дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар, хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН