Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01664

 

 

 

 

 

 

 

 

 

Х.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02294 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.О-ийн хариуцагч Д.Г-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г- нь 2015 онд дүү Г.Ч-оосоо хэвлэлийн тоног төхөөрөмж авахаар надаас 2 600 000 төгрөг зээлсэн. Би төсвийн байгууллагад ажилладаг, цалин хүрэлцээгүй байсан учир мөнгөнөөс болоод хоорондоо муудалцаж харилцаа тасарсан. Хариуцагч нь надаас зээлсэн мөнгөө өгөөгүй тул 2018 онд багтаан төлөхөөр баталгаа бичиж өгснийг нотариатаар гэрчлүүлсэн. Би байшин барихаар болж мөнгөө нэхсэн боловч өгөөгүй. Дараа нь байшингийн гадна пасадны ажилд үнэ хөлс нэхэлгүй хийж тусална, мөнгө зээлдүүлсэн хүүд зүгээр хийж тусална гэсэн боловч эхлүүлсэн ажлаа дутуу хаяж явсан. Тухайн үед хэвлэх компани нь бүтэлгүйтэж тууштай ажиллуулаагүй, орлого байхгүй байгааг нь би мэдэж байсан болохоор хүлээцтэй хандаж байсан. Одоо Д.Г- нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ажиллаж, зээлээ төлөх боломжтой болсон гэж үзэж байгаа. Иймд Д.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 2 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.О- бид 2 өнөөдрийг хүртэл найзалж нэг хэсэг хамтдаа амьдарч байсан. Хамт амьдарч байх үед манай ахын хүүхэд гадагшаа явахаар болсон тул ажиллуулж байсан хэвлэлийн тоног төхөөрөмжийг нь би худалдан авахаар болсон. Энэ тухай Х.О-т хэлж, түүнээс 2 000 000 төгрөг авч хамт очиж өгсөн. Дараа нь нэмж 600 000 төгрөг авсан. Тухайн үед Х.О- байшин барихаар болж, би ахынхаа барилгын бригадыг авч ирж хашаа босгосон. Мөн байшингийн довжоо, шатыг нь хийж өгсөн. Нийт дүн нь 4 447 500 төгрөг болсон. Байшингийн тооцоог хийхдээ хамгийн бага үнээр тооцож гаргасан тул ажлын хөлсийг суутгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Г-аас 2 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 56 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Х.О-ээс зээлсэн 2 600 000 төгрөгийг төлөөлэхээр шийдвэрлэсэн боловч миний хувьд нэхэмжлэгч Х.О-т 5 000 000 гаруй төгрөгийн эд зүйл хийж өгч, тусалж дэмжиж байсан. Гэвч шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүйгээр нэг талыг барьж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Тус шийдвэрт миний бие гомдолтой байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.О- нь хариуцагч Д.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.Г- нь өөрийн дүү Г.Ч-оос хэвлэлийн тоног төхөөрөмж худалдан авахаар надаас 2 600 000 төгрөг зээлсэн боловч буцаан төлөөгүй гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Х.О-ээс 2 600 000 төгрөг авсан боловч тус мөнгөндөө байшингийн довжоо, шат хийж өгсөн, ажлын хөлс нь зээлсэн мөнгөнөөс илүү гарсан гэх үндэслэл заан татгалзсан байна.

Зохигчид 2015 онд зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Х.О- нь 2 600 000 төгрөгийг хариуцагч Д.Г-т хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Улмаар хариуцагч Д.Г- нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 2 600 000 төгрөгийг 2018 онд багтаан төлөхөө илэрхийлж, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баталгаа гэх бичгийн баримт үйлджээ. /хх-ийн 6-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Х.О- нь зээлийн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Д.Г-аас 2 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О-т олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан нийцжээ.

 

Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Х.О-ээс зээлсэн 2 600 000 төгрөгтөө 5 000 000 гаруй төгрөгийн ажил хийж өгсөн гэх боловч энэхүү тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Хариуцагч нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гүйцэтгэсэн ажлын хөлстэй холбоотой шаардлага гаргах эрхийг энэ магадлал хөндөөгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02294 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ