| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0067/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/086 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийг тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д холбогдох эрүүгийн 1814001100058 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Жааханбуу овогт Б.Д
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 12-1 тоотод эхнэр Д.Сг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би эхнэр Д.Стайгаа манай ах Лувсанчүлтэм манайхаас 400000 төгрөгийн эд зүйл зээлж авсан байсан бөгөөд мөнгөө өгөхгүй удаад байсан учраас эхнэр уурлан “ ах чинь мөнгө өгөхгүй байна “ гээд бид хэрэлдсэн. Ингээд орой болсон хойно эхнэр бид 2 манай ахын гэрт очиж мөнгөө нэхэхээр болоод гэрээсээ гарцгаасан. Ахынх руу явсан ч юмгүй байрны гадаа жаахан хэрэлдэж байгаад би түрүүлээд гэртээ орсон, эхнэр араас орж ирээд дахин хэрүүл гуйж эхэлсэн. Намайг барьж аваад хувцаснаас зулгаагаад байхаар нь би Д.Сг хойш нь түлхчихээд тавган дээр байсан ханборгоцойг авч шидсэн, дараа нь Д.Сг барьж аваад газар унагааж доороо дарсан. Эхнэр надтай ноцолдож байгаад боссон. Удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Түүний зүүн талын шанаа нь бага зэрэг хөхөрсөн байсан, би түүнийг заамдаж авсан тэр үед хөхөрсөн байх гэж бодож байна.... гэх мэдүүлэг / хх-ийн 48-51 /
Хохирогч Д.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б.Дийн ах Лувсанчүлтэм нь манайхаас мөнгө зээлээд түүнийгээ өгөхгүй гэдэг шалтгаанаас болоод Б.Дтой хэрэлдсэн. Мөн өмнө өдөр нь манай хадам ээж манайд ирээд надад “ Сараагийн дугаарыг асууж над руу эрэгтэй хүн ярьсан, дугаарыг нь өгөхгүй бол ална шүү “ гээд байна гэснээс болоод бидний хэрүүл эхэлсэн. Ингэхдээ Б.Д намайг зодож цохиогүй. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б.Д хэрэлдэж байхдаа над руу ханборгоцой авч шидсэн, мөн төмөр материалаар хийсэн тавагтай чихэр авч шидсэн, ширээн дээр байсан архи авч далайгаад байсан. Гэхдээ тэдний аль нь намайг оноогүй бөгөөд тавагтай чихэр нь хана оноод обойг нь цөмөлсөн байсан. Ингээд дараа нь намайг барьж аваад багалзуур шахаж, дээрээс өвдөглөн дарсан. Би түүнтэй ноцолдож байгаад босож ирсэн. Тухайн үед тэр согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан бөгөөд цагдаа нар түүнийг авч явсан. Маргааш нь цагдаагийн газраас ирчихээд “ цагдаагаас чамайг дуудсан, мэдүүлэг өг “ гэсэн гэхээр нь би явж чадахгүй, чи ээжийгээ эхэлж цагдаад байцаалт өг гэж хэлсэн чинь уурлан хувцас хунараа аваад явлаа, чиний юм гэж байхгүй” гэж хэлэхэд тэр гал тогооны шүүгээнээс заазуур аваад “ чамайг алчихаад өөрийгөө ална “ гээд над руу заазуур далайсан, хүүхдүүд ч айгаад уйлалдсан. Хүүхдуүд уйлаад байхаар нь би түүнийг өөр өрөөнд оруулж тайвшруулсан. Бид хэрүүл маргаантай байсан ч гэсэн зодолдож байгаагүй.... гэх мэдүүлэг / хх-ийн 23-28 /
Гэрч Н.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эгч Д.С нь нөхрийнхөө хамт хүүхдүүдээ эргэж тойрно гээд аймгийн төв руү явсан. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр болоход эгч ирэхгүй байхаар нь би утсаар ярихад Б.Д бид 2 муудалцаж хэрэлдээд тэр намайг зодсон. Хадам ээж ирээд явсан би Дийг цагдаад өгчихсөн гэсэн. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа эгч хүүхдийнхээ хамт Галуутад ирсэн. Харин Д ирээгүй. Би нөхөр чинь яасан гэхэд тэр “ маяглаад байхаар нь уур хүрээд орхичихоод ирсэн” гэж байсан. Түүний биед ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх шалбархай байсан эсэхийг анзаараагүй. Б.Дийнх манайх 2 хөдөө айл саахалт нутагладаг. Тэрээр манай эгчийг байнга зоддог гэдгийг нь би мэдэхгүй. Ер нь бол тэд хоорондоо жаахан таарамжгүй харьцаатай байдаг. Ийм тийм юмнаас болоод хэрэлдэж маргалдлаа гэж л байдаг юм...гэх мэдүүлэг / хх-ийн 29-31/
Гэрч С.Билэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2017 оны 12 дугаар сарын 31 ны өдөр Дагва ахын ээж манайд ирсэн. Тэр манай ээж болон Дагва ах 2-т над руу нууцалсан дугаараас залгаад Сараагийн дугаарыг өг, өгөхгүй бол ална шүү “ гээд байх юм” гэж ярьсан. Ээж түүнд “ намайг асууж тань руу тэгж ярих хүн байхгүй шалгуулъя “ гэж байсан. Энэ байдлаас болоод Дагва ах ээж 2 тэр өдөр маргалдаад байсан. Маргааш орой нь Д ахын төрсөн ах нь манайхаас зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэдэг шалтгаанаар ээж Дагваа ах 2 муудалцсан. Тэгэхдээ Дагва ах архи уугаагүй байсан эхлээд ээж рүү ханборгоцой авч шидсэн, дараа нь тавагтай чихэр авч шидсэн, шидсэн таваг нь хана онож обой цөмөлсөн, дараа нь ээжийг барьж аваад боож унагаад газар мөргүүлэн, дээрээс нь өвдөглөн дарсан. Ээж туүнтэй ноцолдож байгаад босож ирсэн. Ингээд тэд Дагваа ахын ахтай уулзана гээд гадагшаа гарсан. Удалгүй Д ах ороод ирсэн. Ээж гадаа үлдсэн, хэсэг хугацааны дараа ээж орж ирсэн. Ээжийг орж ирэхэд дахиад л хэрүүл эхэлсэн бөгөөд би өөр өрөөнд орж байгаад цагдаад дуудлага өгсөн. Харин ээж гадаа байхдаа цагдаад дуудлага өгсөн байсан юм билээ. Удалгүй цагдаа нар ирээд Дагваа ахыг авч явсан, цагдаагийн газар хонуулсан байсан. Маргааш өглөө нь 10-11 цагийн орчим гэрт ирчихээд “ чамайг ирж байцаалт өг гэж байна “ гэхэд нь ээж “ чадахгүй, чи ээжээрээ байцаалтаа өгүүл” гэж хэлснээс болоод Дагваа ах гал тогооны шүүгээнээс заазуур аваад чамайг алчихаад өөрийгөө алчихъя л даа гээд гартаа барьчихаад далайгаад байсан. Ээж өөр өрөө рүү түүнийг авч ороод тайвшруулсан байсан. Би айгаад хориглож чадаагүй, дүү нар маань ч уйлаад байсан. ... 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дагваа ах ээжийг зодсоны дараа ээжийн хоолой улайсан, зүүн шанаанд нь хөхөрсөн байсан. Ээж өвчин намдаах эм уугаад байсан… гэх мэдүүлэг / хх-ийн 32-35 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №54 дугаар
1.Д.Сгийн биед тархи доргилт, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 40-41/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/,эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 16-20/, шүүгдэгч Б.Дийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018.01.18-ны өдрийн 29 тоот, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018.01.11-ний өдрийн 179 тоот тодорхойлолт / хх-ийн 52-53/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 62-73/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 90/, шүүгдэгч Б.Дийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 12-1 тоотод эхнэр Д.Сг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Б.Дийн ...Намайг барьж аваад хувцаснаас зулгаагаад байхаар нь Д.Сг хойш нь түлхчихээд тавган дээр байсан ханборгоцойг авч шидсэн, дараа нь Д.Сг барьж аваад газар унагааж доороо дарсан, түүний зүүн талын шанаа нь бага зэрэг хөхөрсөн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 48-51 /
хохирогч Д.Сгийн... намайг барьж аваад багалзуур шахаж, дээрээс өвдөглөн дарсан. Би түүнтэй ноцолдож байгаад босож ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 23-28 /
гэрч С.Билэгмаагийн... Дагва ах эхлээд ээж рүү ханборгоцой, дараа нь тавагтай чихэр авч шидсэн, шидсэн таваг нь хана онож обой цөмөлсөн, дараа нь ээжийг барьж аваад боож унагаад газар мөргүүлэн, дээрээс нь өвдөглөн дарсан ээжийн хоолой улайсан, зүүн шанаанд нь хөхөрсөн байсан.… гэх мэдүүлэг / хх-ийн 32-35 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №54 дугаар “...Д.Сгийн биед тархи доргилт, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, .. эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож банай.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Дийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Дид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Дид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө / хх-ийн 78/ болон хувиараар бизнес эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан, түүнд шүүхээс оногдуулсан торгуулын ял биелэгдэх боломжтой гэж үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн “... IPhone 6 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч Б.Дид буцаан олгож шийдвэрлэж, уг хэргийн улмаас шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч Д.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Доос нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жааханбуу овогт Б.Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Дийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Дид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн “... IPhone 6 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч Б.Дид буцаан олгосугай
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА