Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2025/0737

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Э******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.Э*******,

Хариуцагч: С******* дүүргийн Засаг дарга,

Маргааны төрөл: Нийслэлийн С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/54 дүгээр захирамж хуульд нийцсэн эсэх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э*******, түүний өмгөөлөгч Ө.Э*******-О*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баатарзориг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С.Э*******ээс С******* дүүргийн Засаг даргад холбогдуулан “С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “С.Э*******ийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар С.Э*******ийг урьд эрхэлж байсан С******* дүүргийн 8-р хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөж олгож, түүнд тохирох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж шаардлагаа нэмэгдүүлсэн.

2.С******* дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.Э*******ийг С******* дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргад нэр дэвшиж олонхын санал авсан тул тус хорооны Засаг даргаар томилуулахаар дүүргийн Засаг даргад уламжилсан байна.

3.Улмаар С******* дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/51 дүгээр захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас 8 дугаар хорооны Засаг даргад нэр дэвшиж, олонхын санал авсан С.Э*******ийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 8 дугаар хорооны Засаг даргаар томилжээ.

4.Харин С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар  нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.16, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.3, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.1, 6.3.3, 6.3.4, 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасныг тус тус үндэслэн тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулсан байна.

5.Нэхэмжлэгчээс  2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан “...дүүргийн Засаг даргын Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах...”-аар гомдол гаргасан.

6.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/4489 дүгээр албан бичгээр ...С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/54 дүгээр захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.

8.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

...С******* дүүргийн Засаг даргын 2025.06.17-ны өдрийн “С.Э*******ийг хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай”  Б/54 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар “Дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Сандагийн Э*******ийг 2025 оны эхний хагас жилийн албан хаагчдын ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын 31 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, 130 минут хоцорсон, 62 минутын өмнө явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангаагүй ажиллаж хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй нь холбогдох баримтаар нотлогдож байх тул 2025 оны 06 сарын 17-ны өдрөөс хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулсугай” гэжээ.

Захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1, 64.2.5, 65.1.3, Төрийн албаны тухай хуулийн 37.1.6, 37.1.16, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дах заалт, Байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.3, 6.1, 6.3.1, 6.3.3, 6.3.4 10.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.5-д зааснаар огцруулах шийдвэр гаргажээ. Тус заалт мөн хуулийн 65.1.3-д “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэх үндэслэлийг нэрлэн заасан. Гэтэл С******* дүүргийн Засаг даргын захирамжид миний биеийг ямар хууль тогтоомж, Засгийн газрын аль шийдвэрийг Ерөнхий сайд болон дээд шатны засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн талаар бодит үндэслэлийг нэрлэн заагаагүй.

Намайг 2025 оны эхний хагас жилийн албан хаагчдын ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын 31 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, 130 минут хоцорсон, 62 минутын өмнө явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй" гэсэн нь огт үндэслэлгүй юм. Миний бие тухайн цаг хугацаанд ажил тасалсан зүйлгүй бөгөөд хорооны засаг даргын ажлын онцлогийн хувьд хорооны иргэдтэй уулзалт хийх, судалгаа авах, тийнхүү үйл ажиллагаанд хэсгийн ахлагч, хорооны ажилчин албан хаагчдыг зохион байгуулж төрийн үйлчилгээг анхан шатанд шуурхай хүргэхэд чиглэгдэн ажилладаг.

Ажлын цаг бүртгэлийн талаар асуудал нь зөвхөн байгууллагын дотоод журмын зөрчил бөгөөд тухайн цагийн бүртгэл хийгдсэн ажил тасалсан, хоцорсон эсэх асуудал нь зөвхөн дотоод журам зөрчсөн зөрчил бөгөөд түүнд заасан журмын дагуу хэлэлцэж, шийдвэрлэгдэх асуудал юм.

Миний бие хууль тогтоомж зөрчсөн, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй байхад С******* дүүргийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасныг зөрчиж доод шатны засаг даргыг улс төрийн зорилгоор огцруулсан нь Монгол Улсын үндсэн хуулийн 1.2-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т “4.2. Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1. хуульд үндэслэх; 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэж заасан захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" мөн зүйлийн 24.2-д "Энэ хуулийн 24.1-0 заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", мөн хуулийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан.

Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагт ажлын цаг дууссаны дараа ирүүлсэн "Сонсох ажиллагааны мэдэгдэл"-ээр 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт буюу дараа өдрийн ажлын цаг эхлэхэд тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн байсан нь оролцогчийг сонсож тайлбар авах зорилготой бус харин "сонсох ажиллагаа явуулсан" мэт хэлбэр үзүүлсэн болох нь тодорхой байна.

Мөн миний бие өмнө дурдсанчлан 2025.07.17-ны өглөөний 07.00 цагт ажлын цаг эхэлмэгц С******* дүүргийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн очиж тайлбар гаргах гэсэн боловч миний тайлбарыг хүлээн авах ямар ч хүн байхгүй байсан болно.

Дээрх байдлаар бодит нөхцөлийг тогтоогоогүй, оролцогчийн тайлбар авалгүйгээр Захиргааны ерөнхий хуульд заасан процессыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гаж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.

С******* дүүргийн  хэмжээнд бүх хороодод төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн удирдлагын ERP систем ашигладаг. Тус системээр цаг бүртгэл хийгдсэнээс гадна давхар хорооны байранд нүүр уншиж цаг бүртгэх систем бий. Хэрэв хариуцагч админ эрхээр дээрх бүртгэлийн системд санаатайгаар өөрчлөлт оруулаагүй л бол цагийн бүртгэл тухайн системүүдээр таслалтгүй байх ёстой бөгөөд хоорондоо ижил байх ёстой. Мөн гадуур явах ажлын тэмдэглэлийг хорооны хэсгийн ахлагчид тухай бүр цаасаар тэмдэглүүлж байдаг болно. Мөн гадуур ажлыг иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл, протокол гаргаж өгсөн албан бичиг тодорхойлолтууд нотлох болно.

Түүнчлэн юуны түрүүнд хариуцагч өөрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй гэж миний бие бодож байна.

...Нэхэмжлэл гаргасан шалтгаан бол миний бие ажлаа таслаагүй. Намайг акттай байх үед Засаг дарга өөрөө ээлжийн амралтаа авсан. 06 дугаар сарын 17-ны өдөр ээлжийн амралт авсан байсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны актын хувьд Засаг даргыг албан тушаалаас нь огцруулахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.16, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, Байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2-т заасан заалтуудыг хууль зүйн үндэслэлээ болгосон. С******* дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын хувьд С******* дүүргийн 8 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшиж сонгогдож, улмаар Засаг даргаар батлагдаж сонгогддог улс төрийн албан тушаалтан юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “хууль тогтоомж, засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл дээд шатны Засаг дарга, ерөнхий сайд хариуцлага тооцно” гэж заасан. Энэ нь  хариуцлага тооцох заалт. Мөн хуулийн 65.3-т “ ...Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэж тухайн хурлын санал эсвэл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийг оногдуулна”... гэж заасан. Тус хуульд үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар хасах сахилгын шийтгэлийн ногдуулахаар заасан. Харин хуулийн 65.2-т “Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан. Засаг даргын гаргаж байгаа шийдвэр нь 65.1.3-ыг үндэслэж байгаа. Тэгэхээр 65.1.3-т огт Засаг даргыг огцруулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй. Тэгэхээр Засаг даргын шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:” 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж зохицуулсан бөгөөд бодит үндэслэлийг Засаг даргын захирамжид “Засаг дарга С.Э******* нь ажлын 31 хоногийн цагийн бүртгэлтийг бүртгүүлээгүй, 130 минут хоцорсон, 62 минутын өмнө явсан. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаа удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, ажил тасалсан ажлын ч цаг хангалтгүй, хууль тогтоомж, журмыг биелүүлээгүй гэж” байгаа тусгасан. Тэгэхээр энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.1.3-т заасантай нийцэхгүй. Дүүргийн Засаг даргын өгсөн ямар даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны   Засаг    дарга    үзэж    байгаа   гэдэг  нь  ойлгомжгүй.  Өгсөн   үүрэг  даалгаврыг  нь

биелүүлээгүй асуудал байхгүй. Актад дурдагдаагүй у******* энэ талаар тайлбарлах нь илүүц байх. Бичгээр гарах захиргааны актад тавигдах үндсэн шаардлагыг хангаагүй. Хэрэглэж байгаа хууль нь бодит үйл баримттай нийцээгүй. Үйл баримтын хувьд 31 хоногийн цагийн бүртгэл хийгээгүй гэж тайлбарлаад байгаа. Цаг хугацааг нь бүгдээрэнг хяналтын хуудастай тулгаж шүүж үзэхэд дүүргийн Засаг дарга нь улс төрийн албан хаагч, дүүргийнхээ иргэдийн өдөр тутмын ажил, амьдрал, үйл ажиллагааны талаар судалгаа хийх, уулзалт хийх, иргэдтэйгээ тулж харьцдаг албан тушаалтан юм. Үндсэндээ тасалсан гээд байгаа цагийн бүртгэлтэй цаг хугацаанд нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Ахмадын уулзалт” арга хэмжээнд оролцож байсан. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “хог цэвэрлэгээ хийж байсан”. Ахлагч нарт үүрэг даалгавар өгч хороодоор явж хог цэвэрлэгээний байдлыг хянаж байсан. 02 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд дүүргийн цагаан сарын бэлтгэл ажлыг хангах, ахмадуудад бэлэг тараах ийм үйл ажиллагааг хийж байсан. Үүнтэй холбоотой баримтуудыг, гэрэл зургуудын хамт шүүхэд гаргаж өгсөн. 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн золголт хийгдэж байсан. 2025 оны 03 дугаар сарын 14, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд огт ажил хийгээгүй, тасалсан гэж тайлбарлаад байгаа. Явсан албан бичгүүдээс үзвэл нэхэмжлэгч С.Э******* нь албан бичиг үйлдэж, ажлаа хийж байсан нь нотлогддог. 2025 оны 04 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ажил тасалсан гэдэг. Уг өдрүүдэд тог тасарсан. Төлөвлөгөөт тог тасралт, бусад тог тасралт болдог. Үүнийгээ шийдвэрлэж өгөх талаар албан бичиг илгээж байсан. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөн ахмадын хорооны тоглолт ч байсан. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр С******* дүүргийн Засаг дарга, 8 дугаар хорооны Засаг даргад хандаж ажил тасалсан талаар албан бичиг хүргүүлж байсан. Тухайн өдөр “цэрэг татлага” болж түүн дээр нь нэхэмжлэгч байсан үйл баримтууд бий. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөр ажил тасалсан. Мөн дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд Улаан загалмайн байгууллагатай хамтран ажиллаж уулзалт хийсэн. Хэлэлцүүлэгт суусан үйл баримтууд, тодорхойлолтууд, гэрэл зургуудыг хавсаргасан байгаа. 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр улс төрийн албан тушаалтны хувьд Ардчилсан намын дүрмийн хэлэлцүүлэгт сууж санал өгч байсан үйл баримтууд байгаа бөгөөд холбогдох дүрэм нь бий. Мөн Прокурорын байгууллага руу, Цахилгааны төв сүлжээ рүү иргэнд холбогдох тодорхойлолт, лавлагаануудыг нь гаргаж өгч байсан гэх зэрэг ажлаа хийж байсныг нотлох үйл баримтууд бий. Дүгнэж хэлэхэд, дүүргийн Засаг дарга нь хорооны Засаг даргын үйл ажиллагаанд цагийн бүртгэлийг бүртгэх гэдэг асуудал байхгүй. Цагийн бүртгэлийн систем нь өөрөө алдаатай. Захим үед тог тасардаг. Кабелийн гэмтэлтэй гэж системийн алдаа гарч цаг бүртгэл дээр алдаа гардаг. 31 хоног ажил тасалсан гэдэг бүртгэл хийх үндэслэл байхгүй. Дүүргийн Засаг дарга хорооны Засаг даргыг ажил тасалсан, ажлаас хоцорсон цагийн бүртгэл гэх зэрэг хөдөлмөрийн гэрээтэй албан хаагч, ажилтны жишгээр ажлаас огцруулах сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл огт байхгүй. С******* дүүргийн Засаг дарга 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б/54 тоот захирамжийг гаргсан. Гэтэл 06 дугаар сарын 17-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан. 2. С.Э******* 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн эмнэлгээр хэвтэн эмчлүүлж байсан. Өвчтэй байсан хугацаанд ажлаас халсан. Тэгэхээр дүүргийн Засаг даргын шийдвэрийг хэн үйлдэж, хэзээ нь гаргасан юм. Ээлжийн амралттай байгаа хүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргах бодит боломж бий юу. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны шийдвэрийг биелүүлэх үндэслэл байхгүй. Хэвтэн эмчлүүлж байна, акттай байна гээд актаа “и-мэйл” цахим хуудсаар явуулаад байхад түүнийг үл тоож, ажлын байранд очиж хүчээр хаалга үүд нь эвдэж орсон байдаг. Энэ бол төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой зөрчил. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа.

Мөн шийдвэр гаргах процессын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, шинжлэн судлах, тайлбар авах, холбогдох баримтуудаа нэгтгэх, сонгох боломжийг хэрэгжүүлэх ажиллагаа огт хийгдээгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн процессыг болон хууль ёсны байх шаардлагуудыг хангаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Иргэн С.Э******* нь 2025 оны эхний хагас жилд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” хэсгийг ноцтой зөрчсөн нь ERP цаг бүртгэлийн цахим системээр тогтоогдсон болно.

С.Э******* нь тус хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 17 ажилдаа хүрэлцэн ирээгүй, 144 минутын ажлаас хоцролт, 64 минут ажлын цаг дуусахаас өмнө эрт гарсан бүртгэл бүртгэгдсэн.

Энэ нь Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;” заалтыг мөн зөрчсөн болох нь баримтаар нотлогдсон.

С.Э*******т тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа хорооныхоо Хэсгийн ахлагч, Хэв журмын урамшуулалт эргүүлийн ажилтан, Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нарын цаг ашиглалт, үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шалгалт, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/4944 дүгээр албан бичиг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06/920 дугаар албан бичгийн дагуу сонсох ажиллагаа хийгдсэний үндсэн дээр дүүргийн Засгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/21, мөн  2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Мөн нэмэгдүүлсэн шаардлагын С******* дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргааг эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацаа цалин, хөлс нөхөн олгох, түүнд тохирох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх асуудал С******* дүүргийн Засаг даргад холбогдох тус иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дүргийн Засаг даргын С.Э*******ийг ажлаас чөлөөлсөн захиргааны актыг хүчингүйд тооцсон тохиолдолд хийгдэх ажиллагаа тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2 удаагийн шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгсөн байна. Үүнийг дэмжиж байна. Өмгөөлөгчийн зүгээс тайлбар гаргахад 1.Хариуцагч байгууллагыг нотлох баримт цуглуулах, бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх эрх, хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. 2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа дурдсанаар зөвхөн захиргааны актын хууль зүйн үндэслэл яригдахгүй. Захиргааны акт гаргах процессын асуудал дээр яригдана. Тэгэхээр процессын хувьд тушаалын төслийг нь боловсруулсан. Үүний дараа сонсох ажиллагааны мэдэгдэлүүд хүргүүлсэн.

Сонсох бол ажиллагаа хийж боломжоор хангаагүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэтэл эдгээр үйл баримтууд боломжтой байсан юм уу? “И” системд чатаар хүргүүлсэн гээд байгаа сонсох ажиллагааны мэдэгдэлд буцаагаад хариу тайлбар явуулах боломж байдаг юм уу? н.А*******нь магадгүй биечлээд очиход байхгүй байсан юм байна. Тэгвэл цахимаар ч юм уу? тайлбар, татгалзлын үндэслэлээ гаргах боломж байсан эсэх үйл баримтуудыг тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээс л тодруулах шаардлагатай шүү дээ. 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/54 тоот захирамжийг гаргасан. Тухайн ажил дээрээ байсан юм бол цаг бүртгэлээ зохих ёсоор бүртгүүлээгүй юм бэ? Байгууллагын дотоод журам гэдэг хороодын Засаг дарга, салбарын байгууллагууд дээр хэрэгжиж байгаа.  Тухайн журмын 6.1-т “албан хаагч ажилдаа ирэх, ажлын цагаар гадагш явах, буцаж ирэх, ажил тарах болгонд нэгдсэн удирдлагын системд бүртгүүлэх бөгөөд харьяалал, нэгжийн дарга, нэгжийн дарга байгууллагын удирдлагад тус тус мэдэгдэнэ” гэж зохицуулалсан байгаа. Тэгэхээр систем маань заавал ажил олгогч дээр очоод гадагшаа явах гэж байгаа тул зөвшөөрөл авна гэхээсээ илүүтэй цахимаар хүсэлтээ илгээх боломжтой байсан. Системд “гадаад ажилтай” гэсэн бүртгэлийн төлөв харагддаг юм байна. Хэрвээ гадуур ажилтай байсан бол энэ бүртгэлээ яагаад хийж болоогүй юм бэ?

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр “Ажил амралтын цагийн зохицуулалтын тухай” тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Монгол үндэсний уламжлалт баяр цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн,  шинийн 2, 3-ны өдөр бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 03, 04, 05-ны өдрийн даваа, мягмар, лхагва гарагт ажилтан албан хаагчдыг амрааж 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийхэд Засгийн газрын гишүүд бүх шатын Засаг дарга, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгасугай”  гэх  агуулгатайгаар  гарсан.  Тухайн  хорооноос  архив, албан бичиг хэргээс ажил, амралтын цагийг нөхөн ажиллуулсан бүртгэл, тушаал, шийдвэр, мэдэгдэл гарсан эсэхийг шалгахад гараагүй байсан. Мөн ирц бүртгэдэг системийн тайланг харвал амралтын өдөр нөхөж ажилласан, ажилдаа ирсэн, явсан ямар ч бүртгэл харагдахгүй байна. Албан бичгийн төлөвлөлтөд хэдэн цагийг зарцуулах вэ? Түүнийг баталгаажуулж, системээр илгээхэд хэдэн цагийг зарцуулах вэ? Тухайн ажлын 8 цагийн турш тухайн ажлын байран дээр байсан гэдгийг юу нотлох юм бэ? Үүнийг чинь төрийн байгууллагаас шийдвэрлэж өгч системээр нотолно. Ирц бүртгэхийг хөтөлнө гэдэг зохицуулалт нь журмаараа батлагдаад байна. Тэгэхээр  албан бичиг нь яг тухайн өдөр бүрэн ажилласан гэдгийг тогтоохгүй байгаа. 2. 130 минут хоцорсон гэдэг үйл баримт байгаа. Хоцорсонтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Дотоод журамд зааснаар тухайн ажлын 2 болон түүнээс дээш хоног хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол, ажлын цагаас хоцорсон бол “ноцтой зөрчил” гэж үзнэ гэх хууль, журмын заалтууд бий. Мөн эдгээр үйл баримтууд нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж байна. Захиргааны актад дурдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:” ...байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахина. Улсын болон байгууллагын нэр хүндэд харшилтай аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлнэ” гэдэг төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм журмыг зөрчсөн гэж үзсэн.

Засаг даргын захирамжийг хуульд нийцүүлэн гаргасан. Захирамжийг гаргахаас өмнө нэхэмжлэгчид “И” системийн чатаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлын цаг дууссан үед гэж байгаа боловч 3 цаг 50 минутад цаг бүртгэлээ хийсэн байдаг. Үүнтэйгээ холбоотой  хариу тайлбар, холбогдох баримтыг систем илгээсэн мэдэгдлийг илгээсэн хүн рүүгээ буцаагаад цахимаар явуулах боломж, бололцоо нээлттэй байсан гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байгаа нь эмнэлгийн магадалгаатай байсан учраас, эмнэлэгт хэвтсэн учраас намайг халсан гэж тайлбарлаад байна. Гэвч хавтаст хэрэгт эмнэлгийн магадалгаа, өвчтэй байсан, эмнэлэгт хэвтсэн, хөдөлмөрийн чадвараа түр алдсан талаарх нотлох баримт авагдаагүй байгаа. Цагийн бүртгэлийн тухайд: Хэргийнхээ талаар төлөөлөгчтэй зөвлөлдөж байх үед 31 хоног гэдэг асуудлын тухайд 17 хоног нь огт ирцээ бүртгүүлээгүй. Ажилдаа ирэх цагаа бүртгүүлсэн боловч, явах цагаа бүртгүүлээгүй. Энэ системд дутуу мэдээлэлтэй гэж бүртгэдэг. Тэгэхээр дутуу мэдээлэлтэй гэдэг хэзээ ажлаас гарч явсан нь бүрэн харагдахгүй. 31 хоног гэдгийг 17 болон 14 хоног гэдгээр нэмж захиргааны актаа гаргасан. Захирамж гарсны дараа мэдэгдэх ажиллагаа ямар нэгэн зөрчилгүй явагдсан. Үүнтэй нэхэмжлэгч маргаагүй байсан. 2025 оны эхний хагас жилийн байдлаар С******* дүүргийн Засаг даргатай 8 дугаар хорооны Засаг дарга С.Э*******тэй байгуулсан хамтран ажиллах гэрээний үр дүнг илтгэх хуудсыг баталсан. 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн илтгэх хуудас, тайланд нийт 83 оноо авсан. Үүнээс ирцийн 5 оноог хасаж нийт 78 оноогоор үр дүнг үнэлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч гарын үсгээ зурж баталгаажуулж байсан. Иймд 7 хоногийн дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн маргаан бүхий захирамжийг бичгээр гаргасан байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлага баримтаар бүрэн нотлогдохгүй байгаа у******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ удаагийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л*******аас Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоолын бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн харьяа хэлтэс, албадаар гадуур ажиллаж байгаа гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, хавсралтаар Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолыг ирүүлсэн боловч энэ нь түүнийг ажлаас чөлөө авсан, гадуур ажилтай байгаа гэдгийг нотлохгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчаас удаа дараа шүүх хурал хойшлуулж байсан нөхцөл   байдлыг    дурдаж    шүүх    хуралдааныг    үргэлжлүүлэх    хүсэлт    гаргасан,  мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдаан 4 удаа хойшилсон зэргийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дүгээр зүйлийн 96.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

1.Нийслэлийн С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/54 дүгээр  захирамжаар нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.16, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.3, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.1, 6.3.3, 6.3.4, 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасныг тус тус үндэслэн тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө” гээд 7.1.8-д “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх” гэж, Мөн тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар баталсан дотоод журмын 6.1-д “Албан хаагч ажилд ирэх, ажлын цагаар гадагш явах, буцаж ирэх, ажил тарах болгонд нэгдсэн удирдлагын системд бүртгүүлэх бөгөөд харьяалах нэгжийн даргад, нэгжийн дарга байгууллагын удирдлагад тус тус мэдэгдэнэ. Албан хаагчийн ажлын цагийн бүртгэлийг хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч сар бүр нэгтгэн байгууллагын удирдлагад танилцуулах бөгөөд ажилтныг таньж баталгаажуулах үйлдлийг хялбарчлах зорилгоор ажилтны зөвшөөрлөөр биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ээс бусад биометрик мэдээллийг ашиглаж болно”, 6.3-д “дараах тохиолдолд ажил тасалсанд тооцно” гээд 6.3.1-д “Хэрэв албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд журмын 6.2 дахь хэсэгт зааснаар чөлөө аваагүй”, 6.3.3-д “ажлын байрыг ажлын цагаар орхин явахдаа эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй, нэгдсэн удирдлагын систем болон гадуур ажлын дэвтэрт бүртгүүлээгүй 2-оос дээш цагаар ажлын байрыг орхисон бол тухайн өдрийн ажлыг”, 6.3.4-д “албан хаагчид байгууллагаас болон холбогдох бусад байгууллагаас зохион байгуулсан мэдээллийн цаг, сургалт, зөвлөгөөн бусад арга хэмжээнд бүрэн хамрагдах бөгөөд хоцорсон, тасалсан цаг минутыг ажлын цаг тасалсанд тооцно”, 10.1-д “сахилгын зөрчилд дараах зөрчлийг хамруулна” гээд 10.1.4-д “хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ажлын 2 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан” гэжээ.

2.Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг “2025 оны хагас жилийн албан хаагчдын ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын 31 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, 130 минут хоцорсон, 62 минутын өмнө явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажиллаж хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй” гэжээ.

3.Гэтэл нэхэмжлэгчийн ирцийн бүртгэлд /2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл/ түүнийг байхгүй хоног 17, хоцорсон минут 144, эрт явсан минут 64 гэж зөрүүтэй бүртгэжээ.

4.Үүнээс цагийн бүртгэлд огт бүртгэгдээгүй, тасалсан гэх 2025 оны 03 дугаарын 31-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажлын 7 хоногийн чөлөөг дүүргийн Засаг дарга М.А*******олгосон, мөн 2025 оны 04 дүгээр сарын 10-11 өдрүүдэд тус хорооны ахмадын зөвлөлийн сургалт, өдөрлөгийг зохион байгуулсан болох нь С******* дүүргийн ахмадын хорооны 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул дээрх өдрүүдэд тасалсан гэх зөрчил үгүйсгэгдэж байна.

5.Харин хоцорсон, эрт явсан гэх зарим өдрүүдэд нэхэмжлэгчээс цагаан сарын бэлэг ахмадуудад гардуулсан, жижиг дунд үйлдвэрлэгч нартай уулзсан, дүүргийн Улаан загалмайн хороонд ажилласан зэрэг гадуур ажилласан нь фото зургаар тогтоогдож байна.

6.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн ажил тасалсан болон хоцорсон, эрт явсан гэх зөрчлийг нарийвчлан тогтоогоогүй байна.

7.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд түүнд бусад сахилгын    шийтгэлийг   ногдуулах    боломжтой   болохоос  бус  шууд  огцруулах  үндэслэл болохгүй.

8.У******* нь хорооны Засаг даргыг иргэдийн Нийтийн Хуралаас нэр дэвшүүлж, дүүргийн Засаг дарга томилдог болохын хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т огцруулах үндэслэлийг нарийвчлан зохицуулсан.

9.Маргаан бүхий захиргааны актад дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр”, 65 дугаар зүйлийн 65.1.3-д “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэх заалт нь нэхэмжлэгчийн дээрх зөрчилд хамааралгүй.

10.Өөрөөр хэлбэл хорооны Засаг даргыг гагцхүү хуульд тухайлан заасан үндэслэлээр огцруулах боломжтой бөгөөд түүний гаргасан гэх ажил тасалсан, хоцорсон, эрт явсан гэх зөрчлүүд нь дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх зөрчилд хамаарахгүй.

11.Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр тухайлан маргаагүй бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

12.Харин нэхэмжлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний 2025 оны эхний хагас жилийн биелэлтийг 83 хувьтай дүгнэсэн бөгөөд ирцтэй холбоотойгоор 5 оноо хасч, нийт 78 хувьтай үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

13.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчид ирцтэй холбоотойгоор нэгэнт хариуцлага тооцсон байх бөгөөд гэрээний биелэлт 78 хувьтай дүгнэгдсэн нь дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д заасныг тус тус баримтлан С.Э*******ийн нэхэмжлэлтэй С******* дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/54 дугаар захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж,  ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгон мөн дүнгээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ