| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00049/И |
| Дугаар | 144/ШШ2025/00070 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 144/ШШ2025/00070
2025 03 18 144/ШШ2025/00070
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: ***************** тоот хаягт оршин суух, Б****** овогт Ж*******ийн Э******* /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** тоот хаягт оршин суух, Б******* овогт Б********ийн Б********* /РД:***********/-д холбогдох,
2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ж.Э********** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чимэддорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ж******** овогтой Э******* миний бие ************ тоотод Сав баглаа боодлын үйл ажиллагаа худалдаа эрхэлдэг. Ж.Э******** надаас Б.Б********** нь 2021, 2022, 2023 онуудад нийт 3,032,000 төгрөгийг үнэ бүхий хүнсний уут зээлээр худалдаж авсан болно. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ж.Э********* болон Б.Б******** бид хоёр тооцоо нийлсэн акт үйлдэж 3,032,000 төгрөгийн үлдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулна гэхээр нь 2,700,000 төгрөг болгож тооцоо нийлсэн акт үйлдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Б.Б********* нь худалдаж авсан уутныхаа тооцоог хийгээгүй болно. Иймд Б.Б*********оос 2,700,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Б.Б********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б********* овогтой Б******** миний бие нь Ж.Э*******аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2,700,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 сараас 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл манай компани үйл ажиллагаагаа зогсоосон болно. Иймээс 2025 оны 06 сараас компанийн үйл ажиллагаа хэвийн болно. Тиймээс 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны хооронд төлбөл зохих төлбөр болох 2,700,000 төгрөгийг төлөх бүрэн чадвартай болно” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Э*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн акт, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э******** нь хариуцагч Б.Б*********т холбогдуулан 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Ж.Э******* нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.Б******* нь 2021, 2022, 2023 онуудад нийт 3,032,000 төгрөгийг үнэ бүхий хүнсний уут худалдаж авсан. 2024 оны 11 сарын 14-ний өдөр тооцоо нийлж акт үйлдэн 2,700,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч Б.Б******** нь төлж барагдуулаагүй тул 2,700,000 төгрөгийг Б.Б********оос гаргуулахаар шаардаж байна гэв.
2. Хариуцагч Б.Б********* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Б********* овогтой Б******* миний бие нь Ж.Э********аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2,700,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Э******ын хүсэлтээр хариуцагч Б.Б************ийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан бөгөөд хариуцагчийн гаргасан тайлбар, бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
4. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” хэмээн заасан бөгөөд нэхэмжлэгч Ж.Э**********, хариуцагч Б.Б********* нар нь хүнсний уут худалдах, худалдан авах талаар амаар хэлэлцэж, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсоны дагуу Ж.Э**********ын зүгээс зохих эд зүйл буюу хүнсний уутыг шилжүүлж хэлцлээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байх тул тэдний хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох үндэслэлтэй юм.
5. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “…Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар зээлээр худалдах худалдан авах үүргээ худалдан авагч биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд худалдагч нь учирсан хохирол, зардлаа шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Б*********оос 2,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э*********д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Э********аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Б*********оос улсын тэмдэгтийн хураамжид 58,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э*********д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б**********оос 2,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э*********д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б**********оос 58,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА